| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/631 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Цэвэлмаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших,
хохирогч М.*******, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В, Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2310024071923 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн ******** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, авто инженер мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овогт *******ийн ******* /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.*******ийг “утсаараа хүнтэй яриулах гэлээ” гэж хамар руу гар утас шидэж биед нь халдаж “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэзээ ч амандаа драгер багаж хийж байгаад үлээлгэхгүй. Хэрэв тэгсэн бол үлээхгүй байх эрх нь энэ хүнд байгаа. ******* гэх хүн мэдүүлэг өгсөн байгаа. ******* энэ хүнтэй ярьчих, манай ах ахлах хийдэг гэсэн. Би чамаас том цолтой гэж яриагүй. Тэр хүн хошууч цолтой хүн байдаг, би танина. Зүүн гараараа аваад утас шидсэн гэхээр алаг тэрэг зүүн үрүүлтэй машин учраас зүүн гараараа шидэх боломжгүй. Би хүнтэй ярихгүй ээ, та утсаа авчих гээд гарыг нь цааш түлхсэн. Шидсэн зүйл байхгүй гэв.
Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 6 дугаар сарын 11-ний өглөө Тэмээтэй хөшөөн дээр явж байхад намайг хоёр цагдаа зогсоож драгер багажаар үлээлгэхэд гацаад байсан учраас “түр хүлээж бай, дахин шалгаад баталгаажуулъя” гэсэн. Маргааш нь хүүхдийн үсний найртай байсан учраас ахтай утсаар ярьж байгаад цагдаа намайг үлээлгээд гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байхад намайг гурван удаа дуудсан гэсэн. Тухайн үед би сонсоогүй. Очоод уулзахад ******* цагдаа уурлаад пизда гэх зэргээр харааж эхэлсэн. Машин архины нэвширсэн үнэртэй байсан. Намайг машиныхаа ард суулгаад над руу дайраад байсан. Би маргалдаж “үлээхгүй” гэж хэлээгүй. Тэгснээ “хоёулаа зодолдож болно” гэх зэргээр зогсолтгүй дайрсан. Би яах ёстойгоо мэдэхгүй, арга ядаад “би тантай учраа олохгүй байна. Та манай ахтай ярьчих” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд утсаараа залгаад өгөхөд эргэж хараад утас авч салгаад над руу шидсэн. Эхлээд цээжинд оноход “та яагаад байгаа юм бэ, хүний хөрөнгө шдээ, эвдвэл яах вэ, зүгээр ярьж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Дахиад залгаад өгөөдөх гэхээр нь залгаад өгөхөд аваад салгаад эргэж хараад хамар руу шидсэн. Тэгээд хамраа хугалуулсан. Би “ахаа хамраа хугалуулчихлаа, хоёулаа гялс эмнэлэг орчихъё, би маргааш үсний найртай” гээд учир байдлаа хэлсэн. Чи өөрөө согтуу явж байгаад бэртсэн байна. Миний машинд камер байхгүй гэж хэлэхээр нь намайг өөрөө унаад ийм болгосон гэхийн байна гэж бодоод утас нь дээрээ зураг авч үлдсэн. Анхнаасаа үлээхгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Тандагч багаж руу үлээхэд ногоон гарсан. Тэгэхэд “дахиад үлээх үү” гэхээр нь “үлээе” гэсэн. Тэгэхэд нүдэн дээр амандаа хүлхэж байсан хошуугаа хийгээд үлээ гэсэн. Би энэ хүнд алуулах юм байна гэж бодсон. Машины хаалга дотроосоо онгойдоггүй, хоёр цагдаа хол явсан байсан, ямар ч хүнтэй холбогдож болохгүй хэцүү байдалд орсон байсан. Би айсан болохоор үлээсэн. Үлээхэд 0,40 гарахад бичлэг хийсэн. Тэгээд би гарч яваад ёс зүйн хороонд очиж гомдол гаргасан. Тэгээд Замын цагдаагийн газар дээр очиж мэдүүлэг өгөхөд надад ийм зураг байгаа гээд вайберээр явуулсан. Машин цусгүй болоод ирсэн байсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2310024071923 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч М.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материалын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 13-69 дэх тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 71-72 дахь тал/,
Хэрэг учрал болсон үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 74-78 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 156-157 дахь тал/,
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 87-89 дэх тал/,
Хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 79-83 дахь тал/,
Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 95-96 дахь тал/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дэх тал/,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 101-102 дахь тал/,
Гэрч В.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 159 дэх тал/,
Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 104 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дэх тал/,
Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 113-114 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 147, 154-155 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд албан тушаалд томилсон шийдвэрийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 117-119/, боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 120-125 дахь тал/, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 126-128 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 130-131 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 134 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 135 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 136 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, гэрч Л.*******, Б.******* нар нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хороо, *** мянгатын уулзвар дээр албан үүрэг гүйцэтгэж байхдаа “Тоёота Сай” маркийн ******* УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.*******ийг тандагч багажаар согтуурсан эсэхийг шалгахад улаан гэрэл ассан ба Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад Б.*******ыг дуудсан байна.
Шүүгдэгч болох цагдаагийн ахмад Б.******* нь “Хюньдай Дастер” маркийн УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч М.*******ийн согтуурлыг шалгах үед тэрээр ах В.******* болон түүний танил Замын цагдаагийн газарт ажилладаг Д.******* нартай утсаар холбогдож, улмаар цагдаагийн албан хаагч Б.*******ыг дээрх хүмүүстэй яриулахыг оролдох үед Б.******* нь хохирогчийн гар утсаар бусадтай харьцахаас татгалзан гар утасыг хохирогчид өгөхдөө “хүч хэрэглэсэн” үйлдлийн улмаас хохирогчийн биед “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материалын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 13-69 дэх тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 71-72 дахь тал/,
Хэрэг учрал болсон үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 74-78 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 156-157 дахь тал/,
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутын орчим гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ***** цогцолбор **** тоотоос гарч эхнэрийнхээ эзэмшлийн Тоёота Сай маркийн ******* УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Тэмээтэй хөшөөний уулзвар дээр замын цагдаагийн алба хаагч нар тээврийн хэрэгслийн жолооч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган машиныг зогсоож тандагч багажаар үлээлгэн шалгаж байсан. Намайг зогсоож шалган тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж тасралгүй дуугараад байсан чинь намайг зогсоосон замын цагдаагийн алба хаагч болох ******* нь тандагч багажаа унтрааж асаасан боловч тандагч багаж нь улаан гэрэл асаж өмнөх шиг ээ тасралтгүй дуугараад байсан чинь ******* гэх цагдаа нь хамт байсан цагдаагийн алба хаагчдаа “энэ заримдаа ингээд байгаа юм, баталгаажуулаад драгер багаж үлээлгэе” гэж хэлсэн. Тэр хооронд би ахтайгаа утсаар яриад байж байтал цагдаагийн алаг машин ирснийг мэдээгүй. Тэгтэл тэр хооронд намайг 3 удаа дуудсан гэж цагдаагийн алаг машинтай ирсэн ахмад ******* гэх цагдаа надад хэлсэн. Тэрээр намайг “даварсан п... вэ, дуудаад байхад ирэхгүй, машинд суу” гэхээр нь би цагдаагийн машины баруун урд талын хаалгыг онгойлгоход машинаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд намайг “хойшоо суу даварсан п... вэ” гэхээр нь би хаалгыг нь хаагаад баруун хойд хаалгыг онгойлгон орж суухад ахмад ******* нь “чи ямар том п.... вэ, чамайг хүн дуудаад байхад чинь ирэхгүй, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна шүү, яаж л бол яаж чадна” гээд орилж хашхираад байхаар нь би “хол зайтай байсан учраас дуудсаныг чинь сонссонгүй уучлаарай” гээд нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд ахмад ******* “чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё” гэхээр нь “ах аа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ” гэж хэлэхэд миний өөдөөс дайраад “ямар том п.... вэ” гэхээр нь “та манай ахтай ярьчхаач” гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гараа хойш нь сарвайхаар нь ах руугаа залгаад гар утсаа өгөхөд ах руу залгасан дуудлагыг салгаад миний гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг онохоор нь би “та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй ш дээ, эвдэж гэмтээчихвэл яах юм бэ, би таныг яагаа ч гүй биз дээ, яагаад ингээд байгаа юм бэ, хоёулаа учраа олж болохгүй юм уу” гэхэд “чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу? хэн бэ” гэхээр нь “Түмээ гэсэн байхаа, нэг ах байгаа” гэж хэлэхэд “наад п.... чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй” гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад ахмад ******* “чи залгаад өг” гээд баруун гараа дахиж сарвайхаар нь би ах ******* руу залгаад спикер дээр нь тавиад өгсөн чинь миний гар утсыг авахад “байна уу, байна уу” гэж хэлэхэд дуудлагыг салгаад миний гар утсыг зүүн гараараа миний нүүр рүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад “п.... минь машин цус болгочхов” гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь “миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя” гэхэд “би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн. Чи өнгөрсөн шөнө архи ууж яваад хамраа хугалсан юм уу, би мэдэхгүй шүү дээ” гэхээр нь “би зохих хариуцлага шийтгэлийг нь үүрээд одоо явчихъя, маргааш хүүхдийн үсний найртай” гэдгээ дахин хэлж тайлбарлахад ахмад ******* намайг загнаж зандарч байгаад “чи үлээх юм уу” гэхээр нь “үлээе” гэхэд өөр тандагч багаж гаргаж ирээд намайг үлээлгэхэд тандагч багаж нь ногоон гэрэл ассан. Тэгэхэд ахмад ******* намайг “драгер багаж үлээх үү” гэхээр нь “үлээе” гэхэд хажуудаа байсан драгер багаж дээрээ залгаатай байсан шинэ хошууг салгаж авчхаад өөрийнхөө аманд хийсэн байсан хошуугаа драгер багаж дээрээ залгаад намайг үлээлгэсэн бөгөөд тэр үед гар утсаараа бичлэг хийсэн. Драгер багаж 0,40 хувийн согтолттой гэж гарсан. Би бодохдоо ахмад ******* намайг зодож цохиж алчихаж ч магадгүй юм байна гэж айсандаа өөрийнхөө амандаа хийсэн байсан драгер багажийн хошуутай драгерийг үлээсэн учраас 0,40 хувь гэж бодож байна. Ахмад ******* гаргаж ирсэн тандагчийг үлээхэд ногоон гэрэл асаж байсан. Тэгээд би машинаас нь буугаад ёс журам руу залгаад очиж мэдүүлэг тайлбар өгчхөөд драгер багаж үлээхэд 0,00 гарсан. Ахмад ******* намайг зодоогүй, гар утсыг чинь өгсөн гээд байхаар нь би машин дотор сууж байхдаа ахмад *******ын зургийг араас нь авсан, хамрынхаа зураг, мөн гарынхаа цустай зургийг гар утсаараа авсан. Анх намайг машинд ороод суухад ахмад ******* нь машин дотор талдаа камертай, энгэрийн камер бичлэг хийж байгаа гэхээр нь би итгээд дүрэм, журмын дагуу явж байгаа юм байна гэж бодсон боловч миний гар утсыг шидэж хамар гэмтээчхээд, чамайг би зодоогүй гээд байхаар нь машины дотор камер байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Цагдаагийн алба хаагч миний гар утсыг шидэж хамар хугалахаар нь би машинаас бууя гэж бодоод баруун хойд хаалгыг нь дотроос нь онгойлгох гэсэн боловч дотроосоо түгжээтэй байсан. Мөн цонх нь ч гэсэн дотроосоо түгжээтэй байсан. Цагдаагийн алба хаагчийн хэлснээр аятайхан байж байгаад салахгүй бол алуулах юм байна гэсэн бодол төрсөн. Мөн тэр үед би ахмад *******ыг согтуу гэж огт бодоогүй байсан. Одоо бодоход ахмад ******* нь их хэмжээний согтолттой надад агсан согтуу тавьж байсан юм байна гэж бодсон. Ахмад ******* өөрөө тандагч багаж гаргаж ирж намайг үлээлгэсний дараа миний хамрыг хугалж цус их хэмжээгээр гарчихсан байхад намайг анх зогсоосон ******* гэх цагдаа ирж ахмад *******ын сууж байсан талын машины цонхны жижиг завсраар намайг харснаа царай нь сонин болоод цаашаа яваад өгсөн. …Одоогоос 7-8 орчим жилийн өмнө төрөлхийн хамрын таславчийн мурийлттай байна гээд хагалгаанд орж байсан. Тэрнээс өөр хамартаа ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй. Анх удаа л хугалж байна. Дээрх явдлаас болж эмнэлгийн байгууллагаар гарсан зардлыг нөхөн төлүүлнэ. Мөн ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ. Асуудлыг хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 87-89 дэх тал/,
Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулах болон зөрчилтэй хэрэгслийн жолооч нарыг олж тогтоохоор өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан. Тэмээтэй хөшөөний уулзварын зүүн хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчим санагдаж байна цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарахаар нь драгер багаж үлээлгэж шалган гээд бичиг баримтыг нь түр хураан авч жолооч нь машиндаа суугаад үлдсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан д/а *******өд драгер багаж байхгүй байсан учраас Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *******ыг станц болон гар утсаар ярьж дуудахад 5-10 орчим минутын дараа а/х ******* албаны УАТ улсын дугаартай Хюньдай Дастер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирээд “драгер багаж үлээлгэх жолоочоо албаны машинд суулгаарай” гэж хэлэхдээ тээврийн хэрэгслийнхээ хаалганы цонхыг бага хэмжээгээр онгойлгосон байдалтай тэр завсраараа хэлэхээр нь тухайн жолоочийг дуудсан боловч машинаасаа гарч ирэхгүй байгаа харагдсан. Удалгүй а/х ******* албаны машины чанга яригчаар нөгөө жолоочийг яасан бэ гэж ярихаар нь Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн ойролцоо очиход “жолооч машинаасаа буугаад албаны машин руу орж драгер багажаа үлээгээрэй” гэж дахин хэлэхэд нөгөө жолооч машинаасаа буугаад албаны тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар нь сууж байгаа харагдсан. Машин дотор юу болсон талаар мэдээгүй. д/а ******* бид хоёр хяналт шалгалт хийж байхад хэсэг хугацааны дараа а/х ******* машиныхаа цонхоороо “тандагч багаж аваад ир” гэж хэлэхээр нь д/а *******ийн ашиглаж байсан тандагч багажийг а/х *******од аваачиж өгсөн. Тухайн үед а/х ******* албаны машины зүүн урд хаалганы цонхыг 3-4 хуруу орчим зайтай онгойлгосон байдалтай байсан. Надаас тандагч багаж аваад нөгөө жолоочийг дахиж үлээлгэхэд тандагч багажийн сигнал дуугарсан. Тандагч багажийг буцааж өгөөд “явж бай” гэж хэлсэн. Тухайн үед би нөгөө жолоочийн нүүр царайг хараагүй. Удалгүй нөгөө жолооч албаны машинаас бууж ирснээ надаас 10-15 орчим метр зайнаас а/х *******ын нэрийг асуухаар нь а/х ******* гэж хэлэхэд цаашаагаа утсаар яриад машинаа үлдээгээд яваад өгсөн. Тухайн жолооч албаны машинаас бууж ирэхдээ доошоо харсан байдалтай утсаар яриад байсан учраас нүүр царайг ямар байсныг анзаарч хараагүй, …а/х ******* анх албаны машинтай ирэхдээ цонхоо бага хэмжээгээр онгойлгосон байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг анзаарч мэдээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 95-96 дахь тал/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч *******ийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулах, хяналт хийхээр өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн сийрэг байсан учраас Тэмээтэй хөшөөний уулзварын хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчимд а/а ******* цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарч байсан. Миний хэрэглэж байсан тандагч багажаар үлээлгэхэд мөн улаан гэрэл асаж сигнал дуугарч байсан. а/а ******* Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *******ыг станц болон гар утсаар ярьж дуудсан. Удалгүй а/х ******* албаны УАТ улсын дугаартай Хюньдай Дастер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирж байгаа харагдсан. Намайг уулзварын голд байхад Мичид-5 буюу х/ч ******* нь станцаар яриад утасныхаа дугаарыг хэлж “утсаар залгаад ороод ир” гэж хэлсэн. Би тухайн үед утасных нь дугаарыг цээжилж аваагүй, мөн уулзварын голд байсан учраас утсаар залгаж яриагүй. Тэгээд удалгүй уулзварын голоос гарч Зэгэст-12 албаны машины хажууд очиход нөгөө жолооч залуу албаны машин дотор суучихсан харагдаж байсан. Тэгээд би дахиад хяналт шалгалтаа хийж байтал ойролцоогоор 10 гаруй минутын дараа албаны машинаас гараад ирчихсэн өөрийнхөө машины хажууд утсаар яриад зогсож байсан ба “******* хошууч яръя” гэж байна гээд гар утсаа барьчихсан зогсож байсан. Тухайн үед Тоёота Сай машины тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр царай нь зүгээр л хэвийн харагдаж байсан. Яг тулж хараагүй зайнаас хараад өнгөрсөн. Ахмад ******* Зэгэст-12 албаны машинтайгаа явахдаа “наад машинаа ачигч ирэхээр ачуулаарай” гээд яваад өгсөн. Албаны машин дотор юу болсныг мэдэхгүй. Албаны тээврийн хэрэгсэл дотор талдаа камер байхгүй, ...а/х *******той ойртож уулзаагүй учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дэх тал/,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай найз *******ын дүү нь М.******* байгаа юм. Б.******* нь нэг салбарт буюу Тээврийн цагдаагийн албанд хамт ажилладаг байсан. Тийм учраас дээрх 2 хүнийг хоёуланг нь таньж мэддэг. ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутаас хойш байх манай найз ******* над руу залгаад “манай дүү М.******* намайг ирж аваад хамт дэлгүүр орох байсан чинь ирдэггүй. Утсаар ярьсан чинь замын цагдаа зогсоочихсон байна. Юу болсон талаар мэдээд өгөөч” гэж хэлсэн. ******* нь эгчдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар хэлээгүй байх шиг байсан. Тэгэхээр нь *******д “дүүгээ над руу яриулчих” гэж хэлсэн. Удалгүй *******ын дүү ******* над руу залгахаар нь “хаана зогсоочихсон байгаа юм бэ” гэж асуухад Хан-Уул дүүргийн Тэмээтэй хөшөөний уулзвар дээр гэхээр нь “чи ямар зөрчил гаргасан юм бэ” гэж асуухад “би ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна. Хамгаалах бүсээ зүүгээгүй явж байсан” гэхээр нь “тэгээд чамайг ямар учраас зогсоогоод байлгаад байгаа юм бэ, ямар цагдаа байна надтай яриулаач” гэхэд “ахмад ******* гэж хүн байна, тантай ярихгүй гэж байна” гээд утасны цаана Б.*******, *******той хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь би утсаа салгасан. Тухайн үед би станцаар ахмад Б.*******ыг пролоор нь буюу Зэгэс-12 гэж дуудсан боловч хариу өгөөгүй, утсаа нэвтрүүлээч гэхэд мөн хариу өгөөгүй, хэсэг хугацааны дараа буюу 1 цаг орчмын дараа ахмад ******* 959хх141 дугаараас залгахаар нь би “******* ямар зөрчил гаргасан юм бэ” гэж асуухад “архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байна, өчигдрийн уусан юм нь гараагүй юм шиг байна” гэж хэлэхээр нь “за за ойлголоо, шийддэг журмаар нь шийдээрэй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй ахмад ******* над руу байн байн залгаад байсан. Тухайн үед би 1 дүгээр чиглэлийн хамгаалалттай явж байсан учраас утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа манай найз ******* залгаад “танай цагдаа чинь манай дүүгийн хамрыг цохиод гэмтээчихсэн байна” гэхээр нь би “арай үгүй байлгүй дээ” гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед би ахмад *******той ярих гэсэн боловч ярьж чадаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 101-102 дахь тал/,
Гэрч В.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: М.******* над руу залгаад “өглөө цагдаа намайг зогсоочихлоо. Урд шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил пиво уугаад унтсан юм аа, өглөө гайгүй байх гэж бодоод явсан юм. Тэгээд үлээсэн чинь илэрчихлээ. яах уу ахаа” гэхээр нь “яах ч арга байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн утсаа тасалчхаад жаахан байж байгаад дахин над руу залгахаар нь авсан. “Цагдаа ачилтын машин дуудчихлаа. одоо яах вэ” гэж хэлсэн. Би *******ид хандаж “машиныг чинь аччихдаг юм аа. Тэгээд чамайг дүүрэг дээр тэдэн цагт ир гэх байхаа” гэж хэлээд тасалсан. ...Тэгээд дараа нь дахиад над руу залгаад “энэ цагдаа намайг дарамталж элдвээр хэлээд байна. Би ууснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ, яагаад ингээд байгаа юм. Ийм нэртэй цагдаа” гэж тухайн үед хэлж байсан. Одоо би нэрийг нь санаж хэлж мэдэхгүй байна. Би “энэ хүнтэй би хэл амаа ололцож чадахгүй байна. Та цагдаатай яриач” гэж хэлэхээр нь “ах нь яриад ч яахав дээ” гэж хэлэхэд тасарчихсан. Ингээд би Замын цагдаад ажилладаг найз ******* руу залгаад “манай дүү асуудалд орчихлоо, тийм нэртэй цагдаа тухайн үед хэлж байсан. Чи энэ цагдаа руу залгаад өгөөч. Маргааш хүүхдийнх нь үсний найр нь болох гээд байгаа юм. Цагдаа явуулахгүй байна гэнэ, залгаад өгөөч” гэж хэлэхэд ******* “за би тодруулъя, уг нь машиныг журамлаад явуулчихдаг шүү дээ. Би тэр цагдааг танихгүй юм байна. Дүүгийнхээ утасны дугаарыг өгчхөөч. Дүүтэй чинь ярья” гэж хэлээд тасалсан. Тэгээд жаахан байж байхад ******* дахин залгаад “танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн. Цаад цагдаадаа утсаа өгчөөч, ярья гэж хэлэхээр нь утсаа цагдаад өгсөн. Гэтэл утсыг аваад миний нүүр рүү чулуудаад хамар гэмтээчихлээ. Би цагдаад гомдол гаргалаа” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” л гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 159 дэх тал/,
Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 6 дугаар сарын 14-ний өглөө намайг ажил дээр байж байхад хэлтсийн дарга дуудаад “иргэн М.******* гэх хүнээс алба хаагчид холбогдуулан гомдол гаргаж байна. Үүнийг шалга” гээд цохолт хийж өгсөн. ...******* ажлын гадаа машинтайгаа ирчихсэн байна гэхээр хошууч Мөнхсодномын хамт бид хоёр гарч яваад хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Борхүү даргын өрөө рүү дагуулж орж шинжээч дуудаж драгер багаж үлээлгэсэн. ...1.02 хувьтай гарч байсан. ...*******ийн нүүрний хэсэгт нь хөхөрсөн, зулгарсан гэхээр зүйл харагдаагүй, хамар нь бага зэрэг мурийлттай харагдаж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 104 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дүгнэлтэд: М.*******ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023.06.14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дэх тал/,
Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор М.*******ийн биед үзлэг хийхэд хамар өвдөнө гэсэн зовуурьтай, бодит үзлэгт хамрын баруун хажуу хэсэгт цөмөрсөн тэмтрэгдэж байсан. Хамарт зулгаралттай байсан, хажуу хэсэг хавдсан байсан. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд хамар ясанд цөмөрсөн хугаралтай таславч мурийсан баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдар тодорхойлогдсон. Дээрх байдлыг үндэслэн М.*******ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 113-114 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 1 дүгээр ээлжээр гарч байсан, 210 дугаар пост дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлагч ******* “согтуу жолооч зогсоочихлоо. Та ирээд драгер үлээлгээд өгөөч” гэж дуудсан. Тэгээд би 210 дугаар пост буюу Хөдөө аж ахуйн сургуулийн хажуугийн постоос *******ийн үүрэг гүйцэтгэж байгаа пост дээр очсон *******т хандаж “чи нөгөө согтуу жолоочоо машинд суулгачих” гэж хэлэхэд нөгөө согтуу жолооч нь машинд суухгүй өөрийн машины хажууд утсаар яриад зогсоод байсан. 10 орчим минут болсон байх ******* нөгөө залууг дагуулж ирээд миний машины хойд талын суудал дээр суулгасан. Тэр залуу машинд сууснаасаа хойш утсаараа залгаад “та хүнтэй яриадхаач, цагдаад ажилладаг, манай нэг ах байдаг юм” гэж хэлээд өөрөө залгаад утсаа чихэн дээр 2-3 удаа наагаад “та энэ хүнтэй ярьчих, дараа нь би наад драгерыг чинь үлээе” гэж хэлсэн. Тэгээд ярихгүй гээд нэлээн юм болоод би яриагүй. Тэгээд чихэн дээр утсаа наагаад байхаар нь би “утсаа цааш ав” гээд гарыг нь цааш холдуулсан чинь “та миний хамрыг цохичихлоо” гэж хамраа барьж сууж байгаад драгер багаж үлээсэн 0.40 хувь гарсан. Тэгээд баримтжуулаад өөрөөр нь гарын үсэг зуруулж, драгер үлээлгэх явцаа бичлэгээр баримтжуулаад машинаас буулгасан. Тэр залуу утсаар ярьж байгаад буцаж над дээр ирээд “та миний хамрыг цохичихлоо. Би таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ажилгүй болгоно. Хоолноос чинь салгана” гэх мэтээр баахан орилж хашхирч байгаад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 147, 154-155 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* нь “Б.******* нь гар утсыг зүүн гараараа миний нүүр рүү шидсэн” гэж, шүүгдэгч Б.******* “ М.******* миний чихэн дээр утсаа наагаад байхаар нь би “утсаа цааш ав” гээд гарыг нь цааш холдуулсан чинь “та миний хамрыг цохичихлоо” гэж хамраа барьж сууж байгаад драгер багаж үлээхэд 0.40 хувь гарсан” гэж хэргийн үйл баримтын талаар маргаж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг “Б.******* нь хохирогч М.*******ийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулаагүй. Харин болгоомжгүйгээр хохирол учруулсан тул гэмт хэрэгт тооцохгүй. Иймд Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно гэж нэр томьёог тайлбарлан хуульчилсан.
Шүүгдэгч Б.******* нь цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан нөхцөлд албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхтэй боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2. нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, 48.1.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх нийтлэг шаардлагыг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Үндэслэл нь: шинжээч эмч С.Чулуунсүх “М.*******ийн биед учирсан хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж гаргасан дүгнэлтээ тайлбарлажээ.
Шүүгдэгч Б.******* нь цагдаагийн албан хаагчийн хувьд бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэл эзэмшсэн этгээд бөгөөд албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд тохируулан хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: хохирогч М.******* нь цагдаагийн албан хаагч Б.*******од халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гар утсаар бусадтай харьцахыг санал болгож, гар утсаа өгөхөд хохирогчийн хамар руу гар утсаар цохиж “биеийн хүч хэрэглэсэн” үйлдлийн улмаас “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан тул Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хамар руу гар утсаар цохиж “биеийн хүч хэрэглэсэн” үйлдлийн улмаас хохирогчийн хамарт хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. .
Хохирогч М.******* нь цагдаагийн албан хаагчийг хуульд заасан албан үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1 дүгээр хавтас 136 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Хохирогч М.*******, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг: Б.*******ыг гэм буруугүй гэж маргасан тул эрүүгийн хариуцлагын хуралдаанд санал гаргахаас татгалзсан.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийг чанд баримтлах үүргээ зөрчсөн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ийн биед “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч М.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болон ажилгүй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор, нийт 2.485.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.
Хохирогч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Blue jewel” ХХК-нд хамрын хугарал засах, таславч тэгшлэх ажилбарт 800.000 төгрөг, “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын үзлэг хийлгэсэн 45.000 төгрөг, “Med trauma” эмнэлэгт толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношлогооны 140.000 төгрөг, нийт 985.000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 985.000 төгрөг гаргуулж, хохирогч М.*******ид олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “хохирол нөхөн төлөх талаар санал” гаргаж, түүний өмгөөлөгч дэмжиж хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан. Гэтэл шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.******* нь хохирол төлөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.******* нь гэм буруугүй тул завсарлуулсан хугацаанд хохирол төлөх шаардлагагүй гэж үзсэн” гэсэн тайлбар гаргасан болно.
Хохирогч М.******* нь “*** **” ХХК-ний Хүний хөгжлийн хэлтсийн захирлаар ажилладаг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл, өвчний улмаас эмнэлгийн чөлөөтэй байсан гэх баримтаа ирүүлээгүй тул хангах үндэслэлгүй байна.
Иймд хохирогч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зуутраг овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 985,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.*******ид олгосугай.
5. Хохирогч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР