Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2021/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц овогт Э-ийн Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б сумын сургуульд холбогдох, 

 

Булган сумын Нэгдүгээр сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай 132/2021/00436/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагчийн төлөөлөгч Л.Г, гэрч О.М , Р.Б , Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х миний бие тус сургуульд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш аж ахуйн няраваар ажиллаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сард шинээр томилогдсон захирал Л.Г 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/43 тоот тушаал гаргаж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тус тушаалд нярав Э.Х нь ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн туслах аж ахуйн мал болох 140 хонь дутаасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Дутсан гэх 140 хонийг 2020 онд илрүүлж, захирал нягтлан бодогч нар малчин Л.Э тай хариуцлагын гэрээ хийж, дутсан малыг 2021 оны 07, 08 сард барагдуулахаар тохиролцсон бөгөөд хохирлыг төлж барагдуулж байсан. Захирал Л.Г нь бусдын гаргасан алдаа дутагдлыг нярав Э.Х надад халдааж, үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Булган сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/43 тушаалыг хүчингүй болгож, Э.Х намайг няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин 1,348,877 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл шийдэгдээгүй байгаа тул  11 дүгээр сарын цалинг нэмж нийт 1,997,490 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт Э.Х гэсэн тодорхойлолт байгаа. Уг тодорхойлолтыг яагаад хавсаргасан бэ гэхээр сүүлийн 1,348,877 төгрөгийг нэхэмжлэхэд хэрвээ ажил дээрээ байсан бол ажил таслах байсан. Хоол, унааны мөнгө авахгүй байсан. Иймд цалинтай дүйцэх нөхөн олговрыг гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч Булган сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 захирамжийн дагуу би Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хүлээж авсан. Энэ үед нягтлан, нярав гэх зэрэг нийт 10 гаруй хүн миний ажлыг хүлээлцсэн. Ажил хүлээлцэх үед нягтлан О.М , нярав Э.Х нарыг байж байхад н.Зоосүрэн захирал манай сургууль туслах аж ахуйдаа140 хоньтой. Манай малчин Уул-Алтайд өвөлждөг учир өвөл мал тоолно гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр зуны дэлгэр цагт малчинтайгаа уулзаж малаа тоолж хүлээж аваарай гэж нярав, нягтлангийн нүдэн дээр хэлсэн. Миний хувьд олон жил сургуулийн захирал хийж байгаа хүний үгэнд яах аргагүй үнэмшсэн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр малчин Л.Э  гэдэг хүний хүү ирж уулзаад манай аав энэ сургуулийн малыг 21 жил малласан. Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа учир та энэ сургуульд 21 жил малчин хийсэн нь үнэн гэсэн тодорхойлолт хийж өгнө үү гэсэн. Л.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2020 оны 11 дүгээр сард дуусаад хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан юм байна лээ. Өмнөх захирлаасаа тодорхойлолтоо авахгүй яасан юм бэ, миний хувьд ажлаа хүлээж авснаас хойш мал ахуйгаа тоолж нүдээрээ хүлээн авч чадаагүй байгаа. н.Зоосүрэн захирал 140 хоньтой гэж хүлээлгэж өгсөн. Тэр Э.Ганзориг гэх залуу над дээр хоёр ч удаа ирээд тодорхойлолт авъя гэсэн. Тэгээд би тодорхойлолт өгөх боломжгүй байна. Малаа тоолж хүлээж авсныхаа дараа тодорхойлолт өгнө гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын эхээр малчин Л.Э  гэдэг хүн өөрийн биеэр ирсэн. Би тэр үед Л.Э  гэдэг малчинг анх удаа л харсан. Л.Э  өөрөө энэ сургуулийн малыг би 21 жил малласан гэхээр нь мал ахуй маань сайн биз дээ. Та 21 жил мал маллаж байгаа юм чинь манай мал бараг 1000 хүрч байгаа байлгүй дээ гээд би инээгээд асуухад 140 хонь байхгүй багшаа. 40 хонь байгаа л гэж надад хэлсэн. Надад н.Зоосүрэн захирал 140 хоньтой гэж хүлээлгэж өгсөн. Тэгтэл та яагаад 40 хоньтой гэж хэлж байна вэ ингэж болохгүй гэсэн. Тэгээд нярав Э.Х болон нягтлан О.М  нартай үл ойлголцол үүсч итгэлцэл байхгүй болсон.

 ...Нягтлан О.М  болон нярав Э.Х нарт хандаж хонио төлүүлэхгүй бол байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцална гэж хэлсэн. ...8 дугаар сарын эхээр манай сургуулийн нягтлан над руу залгаад хоёулаа малчин дээрээ очъё гэж хэлсэн. Малчных Бөөрөлжүүт гэдэг газар байсан. Тухайн үед малчин гэр бүлийн хүнтэйгээ байсан. Мал ахуйгаа үзэхээр хүрч ирлээ гэсэн чинь ямар ч мал байхгүй, өнгөрсөн намар мал дуусчихсан гэсэн. Тэгэхээр нь би та надад 40 хонь байгаа гэж хэлсэн шүү дээ гэхэд 40 хонь аргалаад олчихно гэж бодоод 40 хонь байгаа гэж хэлсэн гэсэн. Би 40 хоньтой гээд нярав, нягтлан хоёртой яриад л байсан. Аль өнгөрсөн оны намар байхгүй болсон гэдгийг бүгд л мэдэж байсан.

... Л.Э ыг та мал төлөөрэй. 21 жил сургуулийн мал маллачихаад тэтгэвэрт гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхэд 5 шүдлэн үхэр өгнө гэж малчин хэлсэн. Тэгэхдээ би танай сургуулийн хонийг нэгийг нь 45,000 төгрөгөөр үнэлж тооцож төлнө гэж надад хэлсэн. Би 45,000 төгрөгийн хонь гэж байхгүй талаар хэлсэн. Тэгээд Э.Хаш-Эрдэнийг 5 шүдлэн үхрээ авчих гэж хэлсэн. Тэгээд Э.Х, селесарьтай хамт малчингийн гэр рүү яваад 5 шүдлэн үхэр авч ирсэн.

...Би Э.Хаш-Эрдэнийг өөрөө ажлаас гарах өргөдлөө өгчих юм бол жижүүр болгоё гэж хэлээгүй. Чи залуу хүн байна даа. Яаж ажил төрөлгүй байхав дээ. Ядаж жижүүр хийгээд байж бай гэсэн чинь угаасаа багшаа би ажлаа өгье гэж бодож байна гээд өөрөө хэлсэн. Тэгээд Э.Х ээлжийн амралтаа аваад амарчихаад орж ирсэн. Сургуулийн мал хэзээ ч өсч байгаагүй. Төл авч байгаагүй юм байна лээ. Э.Х сургуулийн малыг хагас жил тутам очиж тоолж байх ёстой. Мал байхгүй гэдгийг нярав мэдсээр байж малчинтай хуйвалдсан, хариуцлагагүй, итгэл алдсан гэдэг байдлаар ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар Л.Хаш-Эрдэнийг ажлаас хална гэхээр хүндрэлтэй байсан. Тийм учраас эд хөрөнгө алдсан гэдгээр нь үндэслэл болгож ажлаас халсан. ...

Хөдөлмөрийн гэрээ учир дутагдалтай байсан. Нэгэнт байгуулчихсан байсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх эрх надад байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гэрч О.М  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ... Би 2020 оны  02 дугаар сарын 22-ны өдөр нярав, Ганчимэг, эмч, захирал нарын хамтаар  малчны гэрт очсон. Тэр үед малчинтай уулзчихаад л ирсэн. Мал нь бэлччихсэн.  Бүрэн бүтэн байгаа гэж хэлсэн. Тухайн үед малыг тоолоогүй. Данс бүртгэл дээр 192 толгой мал гэсэн байсан ба малчин бүрэн бүтэн талаар хэлсэн. Бид 2020 оны 9 дүгээр сард очиж мал тоолсон ба эм тэмдэгээр нь бүртгэж тоолоход 64 хонь тоологдсон. ... Малчинтай гэрээ хийсэн учир малчин хариуцна. Хэдэн тушаагдсан гэдгийг нярав, нягтлан хоёр хариуцна. Түүнээс хонь дутаасан асуудалд малчин гэрээ байгуулсан учир малчинтай л тооцоо хийнэ. ... Малаа тоолохоор очиход мал байхгүй гэж малчин хэлсэн. Би эхний ээлжинд 5 үхэр өгнө. Сургуулиа хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэгээд тэр үхрийг нь аваад гал тогоонд өгчихсөн. ... гэв.

 

Гэрч Л.Э  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ... Би 2001 оноос 2019 оныг дуустал нийт 19 жил уг сургуулийн малыг малласан. Би 140 гаруй мал маллаж байсан. 100 хонь нь үхсэн ба тухайн үед баримтжуулж чадаагүй. Одоо 40 хонь нь байхгүй. Би зохих хэмжээгээр өр төлбөрөө барагдуулж байгаа. Тухайн малыг үхэж үрэгдсэн талаар сургуулийн удирдлагад мэдэгдээгүй. ... Мөн зугаалга гээд  өөрсдөө цувуулж аваад дууссан. ... Надаас тушаалгүйгээр хонь авч байгаагүй гэв.

Гэрч Р.Б  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ... Би Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1991 оноос тооллогын комиссын гишүүнээр ажиллаж байгаад 2013 оноос тооллогын комиссын ахлахаар ажилласан. Нийт энэ сургуульд 31 жил тооллогын комиссоор ажиллаж байгаа. Одоо тооллогын комисст явж байгаа. Гэхдээ би өнгөрсөн жил буюу 2020 оны 12 дугаар сарын тооллогын комисст ороогүй. Яагаад ороогүй вэ гэхээр би өөрөө бодит байдлыг үнэнээр нь хэлдэг учир нягтлан маань намайг хэл амтай, хэл ам хийгээд тооллогын комиссоос хассан байсан. Мал тоолоогүй. Гэхдээ би *******эс малаа тоолдоггүй юм уу? гэж асууж байсан. ******* тэгтэл улсын хэмжээний мал тооллого болдог учир мал тоолохгүй гэж хэлж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хаш-Эрдэнийн ажил хүлээлцэх комиссын ахлагчаар томилогдсон байсан. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө захирал Ганчимэг ажил хүлээлцэх комиссын ахлахаа 8 дугаар сарын 31-ний байдлаар сургууль малтай гэсэн бичиг байна. Та энэ бичгийн дагуу малчины гэрт очоод мал тоолох гээд гараад явж байтал нягтлан мал байхгүй гээд байхад юуг нь тоолох гээд байгаа юм гэж хэлсэн. Би мал байгаа байхгүй талаар мэдэхгүй. Энд цаасан дээр малтай гээд биччихсэн байгаа учраас би очиж малыг тоолохоос өөр аргагүй байдалд орж байгаа юм. Тэгээд би *******эс асуусан. Малтай гээд биччихсэн байх юм гэтэл малгүй гэхээр нь 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээлцэх комиссын гишүүн Ариунаа, тогооч Гантуяатай хамт малчны гэрт очсон. Тухайн үед тоолуулах мал байхгүй байсан. ...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х нь Б сумын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч  Б сумын сургуулийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/43 тоот тушаалаар цуцлажээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ. Хариуцагч Булган сумын Нэгдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/43 тоот тушаал нь Хөдөлөмрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг баримтласан ба ажлаас халсан үндэслэл нь “ажил олгогчийн итгэлийг алдаж, сургуулийн туслах аж ахуйн 140 толгой хонь дутаасан” гэжээ.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нярав нь сургуулийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, гадаад, дотоод ариун цэвэр, тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээг хийж, сургалт хүмүүжлийн ажил хэвийн явах нөхцлийг хангаж ажиллана гэж ажлын нөхцлийг тохирчээ.

Хариуцагч Булган сумын Ерөнхий боловсролын ******* туслах аж ахуйн малаа малчин Л.Э тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж маллуулдаг болох нь зохигчийн тайлбөр, гэрч Л.Э , О.М  нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Үүнээс үзвэл сургуулийн туслах аж ахуйн малын бүрэн бүтэн байдлыг малчин Л.Э  хариуцах үүрэгтэй байна.

Сургуулийн туслах аж ахуйн малыг хариуцах нь няравын ажлын үндсэн чиг үүрэг биш байхад түүнийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь Э.Хаш-Эрдэнийг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул түүнийг няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Э.Хаш-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны ажлын 64 өдрийн /2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1,994,936 : 3 сар = 664,978 төгрөг, 664,978 төгрөг : 21.5 ажлын өдөр= 30,292 төгрөг, 30,929 төгрөг х 64 өдөр = 1,979,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зохистой байна.

Иймд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц овогт Э-ийн Х/рд:ГЮ93011317/-ийг Б сумын сургуулийн няравын албан тушаалд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1,979,456 /нэг сая есөн зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг Б сумын сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Э.Хд  олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Э.Х-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Б сумын сургуульд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,621 /дөчин зургаан мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ