Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2021/00529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г овогт Б-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган сумын Улсын тэргүүний *******т холбогдох;

2021 оны 08 дугаар сарын 16-ны Б/24 дугаартай Б.Ц ыг “ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 363,594 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, Булган сумын Улсын тэргүүний *******ийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот “сануулах арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай 133/2021/00440/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Т.М /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч М.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц  миний бие анх 2012 оны 11 дүгээр сард Булган аймгийн *******т “Гал тогооны бэлтгэгч” албан тушаалд ажилтнаар анх орж тогтвор суурьшилтай ажилласнаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн №Б/05 тоот тушаалаар “туслах багш” албан тушаалд цалингийн ТҮБД-1-2 шатлалтай 419,532 төгрөгийн цалинтайгаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны Б/25 тушаалаар “Дунд Б” бүлгийн туслах багшаас “ Дунд В” бүлгийн туслах багшаар ажиллаж байгаа билээ. Туслах багш хийх хугацаандаа 4 жил дараалан чадваржих сургалтад сууж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хариуцлагатай хийж цалин болон улирлын үр дүнгийн урамшууллаа тогтмол авч байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилга, шийтгэлгүй ажиллаж байна. Намайг ажиллах хугацаанд манай хамт олон зорилго нэгтэй ажилласнаар манай цэцэрлэг 2019 онд Улсын тэргүүний цэцэрлэгээр өргөмжлөгдсөн.

Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг “Түр орлон гүйцэтгэгч” Д.Д  нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар надад мэдэгдэж санал авалгүйгээр “туслах багш”-ийн албан тушаалаас “Гал тогтооны бэлтгэгч” албан тушаалд шилжүүлэн томилохоор тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль зүйн актуудыг ноцтойгоор зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь туслах багш албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №472 тогтоолоор ТҮБД-1-2 шатлалын цалин хөлсийг 591,812 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Булган аймгийн *******ийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай Б.Ц ыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаалд заасан гал тогооны бэлтгэгчийн албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №472 тогтоолоор ТҮ-1-2 шатлалаар цалин хөлсийг 491,079 төгрөгөөр тогтоосон байдаг нь миний цалин хөлсийг 121,198 төгрөгөөр буурч байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д зааснаар “туслах багш”-д олгох тэтгэмжийг авах эрхээ эдлэх үүднээс миний бие туслах багшийн албан тушаалд тасралтгүй хөдөлмөрлөх хүсэлтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33,1 “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно” гэж зохицуулсан.

Булган аймгийн ******* нь сул зогсолт хийгээгүй, дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байхад ажилтны зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилж цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт заасан  үүргээ зөрчсөн үйлдэл юм.

Мөн Булган аймгийн *******ийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот Б.Ц д сануулах арга хэмжээ авах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан.

Учир тус тушаалд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 3.1.4б-д заасан ёс зүйн зөрчлийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133.1.1-д зааснаар хөдөлмөрийн сануулах шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаар тушаалын дагуу Гал тогооны бэлтгэгч албан тушаалд ажиллах явцад цалин хөлс буурсны улмаас 2021 оны 08 дугаар сард 121,198 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 121,198 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 121,198 төгрөг дутуу авч хохирсон.

Иймд миний бие Булган аймгийн *******ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “Б.Ц ыг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Булган аймгийн *******ийн туслах багш албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Цэцэрлэгийн туслах багш албан тушаалаас гал тогооны бэлтгэгч албан тушаалын зөрүү цалин хөлсөнд 363,594 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, Булган аймгийн *******ийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот “Б.Ц д сануулах арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 12 дугаар сард *******ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдсон хугацаанаасаа хойш байгууллагын хүний нөөц болон албан тушаалыг судалж үзсэн. Мөн ажлын байрны онцлогтой танилцаж ажиллаж байтал хичээлийн шинэ жил дууссан. 2021 танхимаар хичээл ороогүй. Ихэнхдээ багш нараас гэрээс нь цахимаар ажиллах боломжоор хангаж ажилласан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай танхимаар хичээл орсон. Энэ хугацаанд би багш, ажилтнуудтайгаа ойр, бичиг баримтуудаа судалж ажилласан. Манай байгууллага 34 ажилтантай ба үүнээс 30 нь эмэгтэй. Ихэвчлэн миний насны хүмүүс ажилладаг. Тийм болохоор ажилчид төрөх, жирэмсэн, амаржсаны чөлөө авах тохиолдол их тул нэг нь нөгөөгөө нөхөж ажилладаг. Одоогоор манай байгууллагад 2 ажлын байранд 3 хүн ажиллаж байна. Гал тогооны бэлтгэгч Лхагважаргал жирэмсэн, амаржсаны чөлөө авна. Энэ хүн түр орон тоонд ажиллаж байгаа. Үндсэн орон тооны ажилтан нь ******* юм. Харин ******* Энхтуяа гэдэг туслах багшийн оронд ажиллаж байгаа. Би урьд нь *******д хэлж байсан. Гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн томилно гэхэд надад юм хэлээгүй. Хажууд нь бүлгийн багш нар байсан. Гэтэл удалгүй 2-3 хоногийн дараа хуучин эрхлэгч над руу ярьсан. Туслах багш нар 2021 оны  07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амраасан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр багш, ажилчидтайгаа  хальт уулзаж чиглэл өгсөн. ...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цуглахдаа Лхагважаргал жирэмсний амралтаа авсан тул нэхэмжлэгчийг гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн ажиллана гэж хэлсэн. Ингээд *******ыг гал тогооны бэлтгэгчийн үндсэн ажилд нь томилсноос болж асуудал үүссэн. ******* 3 өдөр ажил хийгээгүй. Гал тогоонд ажиллахгүй гэсэн. Тухайн үед миний ээлжийн амралт дуусаагүй байсан тул хөдөө явсан байсан. Гэтэл надаас тушаалаа нэхээд байсан. Архив, бичиг хэргийг арга зүйч давхар хариуцан ажилладаг. Надад тушаал нь байхгүй байсан. Тэгээд манай ажилчид бөөнөөрөө цуглаж ажиллаад ковидын халдвар авсан. Эхлээд 5 хүн авсан. Ойрын хавтал гээд бусад ажилчид 14 хоног гэрийн хорионд байсан. ...Ийм учраас тушаалыг нь гаргаж өгөөгүй. ******* 09 дүгээр  сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд над руу ах, эгч нараа яриулсан. Тэд нар нь намайг ямар нэг байдлаар хохирооно гэж дарамталсан. Жишээ нь эгч нь аудитад ажилладаг ******* гэдэг хүн ярьсан. Ингэхдээ нэхэмжлэгчийг туслах багшаар нь ажиллуул гэсэн. Бид хоёр ярилцаад ойлголцоод салсан. Гэтэл ах нь надтай уулзахаар ирсэн гэж утсаар ярьсан. Би *******д 2 жоохон хүүхэдтэйгээ байгаа тул гэрээсээ гарч чадахгүй байна гэж хэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээллийн газрын ажилтан гээд хүн ярьсан. ******* энэ хүмүүст түр орон тоон дээр ажиллаж байсан гэдгээ хэлээгүй байсан. Би ажилчдаа ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаагүй. Надад тийм ухамсар ч байхгүй. Гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлэн томилсон нь ажлын байрны маргааныг шийдвэрлэх зорилготой байсан. Би санхүүгийн асуудалд орохгүйн тулд байгууллагаа төлбөрт унагаахгүйн тулд ингэж шийдсэн. Би *******д он гараад 1 багш өндөр насны тэтгэвэрт гарах тул буцаагаад туслах багшаар нь томилно гэж маш тодорхой хэлсэн. Гэтэл ийм асуудал ярьж байна. Ёс зүйн зөвлөлийн хуралд би өөрөө орсон нь миний алдаа болсон байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хуулийн үндэслэлгүй хандсан байх. Сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Харин *******ын гаргаж байгаа хувь хүний үйлдэл цаашлаад туслах багшаар ажиллах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Манай өрөөнд Улаанбаатар хот явж сургуульд бүртгүүлнэ гээд 5 хоногийн чөлөө хүссэн өргөдөл бариад орж ирсэн. Би бүртгэл нь хаана байна гэхэд очиж байгаад авна гэсэн. Тэгээд байгууллагын дотоод журмаараа 3 хоногийн чөлөө олгоно гэхэд 2 хоногийн цалингүй чөлөө авъя гээд явчихсан. ... Би энэ хүнийг амьдрал ахуйгаар нь дарамталж, доромжилсон зүйл байхгүй. Би өмнө нь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах чиглэлээр 10 жил ажилласан хүн. Сахилгын зөрчил оногдуулсан тушаалыг шүүх үндэслэлгүй болгох шаардлагатай гэж үзвэл надад татгалзах зүйл байхгүй. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь ажилд шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 08 дугаар сарын 16-ны Б/24 дугаартай “Б.Ц ыг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 363,594 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот “Б.Ц д сануулах арга хэмжээ авах тухай₮ тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Булган сумын Хоёрдугаар цэцэрлэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Б цэцэрлэгийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээгээр Б.Ц  нь бүлгийн туслах багшаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 өдрийн тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Дунд” Б бүлгийн туслах багшийн ажлаас чөлөөлж, дунд В бүлгийн туслах багшийн ажилд томилж, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24-ний тоот тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гал тогооны  бэлтгэгчийн ажилд томилсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иймд өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Ажил олгогч нь ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогч ажилтныг өөр ажилд шилжүүлсэн байгаагаа шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн өөр ажилд шилжүүлсэн үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

 

Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/24-ний тоот тушаал нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтыг үндэслэжээ.

 

Б.Ц , хариуцагч Б цэцэрлэгийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байхад нэхэмжлэгчийг бүлгийн туслах багшийн ажлаас чөлөөлж, гал тогооны бэлтгэгчийн ажилд шилжүүлж буй үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34, 107 дугаар зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Б.Ц д авсан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд энэхүү сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой байдаг.

Хариуцагч нь Б.Ц д сануулах арга хэмжээ авсан үндэслэлээ “...над руу хүнээр 3 удаа утсаар яриулж дарамталсан” гэж тайлбарлан, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгчийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэлийг ирүүлжээ. Үүгээр Б.Ц ын гаргасан гэх сахилгын зөрчил нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь ёс зүйн хороо ямар ажил, албан тушаалын хүмүүсээс бүрддэг, бүрэлдэхүүн томилсон ямар нэг шийдвэр зэрэг баримтыг ирүүлээгүй зэргээс үндэслэн дээрх шийдвэрийг бодит үнэнд нийцсэн, эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот, 2021 оны 08 дугаар сарын 16-ны Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Ц ыг бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдсон бол түүнд бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

Нэхэмжлэгч нь бүлгийн туслах багшийн ажлын байранд үндсэн цалин 591,812 төгрөг авч байсан бөгөөд гал тогооны бэлтгэгчээр ажиллах болсноор үндсэн цалин 491,079 төгрөг болж буурсан тул өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 363,594 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа гэж өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорын хэмжээг шүүх хуралдаанд тодруулсан бөгөөд хариуцагч уг хугацаа болон тооцоололд маргаагүй  тул ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 363,594 төгрөгийг хариуцагч Б цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Ц д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц ын өөр ажилд буруу шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Булган сумын Хоёрдугаар цэцэрлэгт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган сумын Улсын тэргүүний *******ийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 тоот, 2021 оны 08 дугаар сарын 16-ны Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц ыг бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б цэцэрлэгээс цалингийн зөрүү 363,594 /гурван зуун жаран гурван мянга таван зуун ерөн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц д  олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Булган сумын Хоёрдугаар цэцэрлэгт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 11,557 /арван нэгэн мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ