Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/378

 

 

2024     09          06                                           2024/ШЦТ/378

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03-04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт буудлын гадна хохирогч Л.О-г “яахаараа машин цохьдог юм” гэж хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хутгаар нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хэлэлцүүлэгт шүүгдэгч “тэр үед найз охин ирээд аваадахаач гэж дуудахаар нь очсон юм. Гэтэл залуучуудтай согтууруулах ундаа уусан байсан. Би жаахан хардсан, тэгээд гаргаж өгсөн залуу нь машин цохиод авахаар нь яагаад машин цохиж байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж муудалцсан. Удалгүй цаанаас 3 залуу гарч ирж байсан болохоор нь би биеээ хамгаалаад ийм үйлдэл хийчихсэн, хийсэн  үйлдэлдээ гэмшиж байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн.

 

Хавтаст хэргээс:

- Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

- Хохирогч Л.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөө би найзуудын хамт Төв аймгийн Заамар сумаас Орхон аймагт хувцас болон үсээ янзлуулахаар ирсэн. Тэгээд тухайн өдөр гадуур явж байгаад “Хуримт” гэх зочид буудлын 201 тоот өрөөнд орж найзуудын хамт пиво уусан. Тэгээд гарч шоудахаар болоод “Sugar” бааранд ороод хүний 3 лааз пиво уучихаад баар хаахад гарч байтал ОТ, Д нартай тааралдаж сайн, муу болж байж байгаад бидний буудаллаж байгаа буудал руу явахаар болсон. Д өөр залуучуудтай та нарын араас очьё гэж хэлээд яваад өгсөн. Харин ОТ бид нарыг дагаад “Хуримт” буудалд ороод пиво уугаад 30 гаруй минут болж байтал Д хоёр охины хамт ирсэн. Тэгээд нийлээд пиво ууж байтал Д нь “найз залуу ирчихлээ” гэж хэлээд буудлаас гараад явахаар нь араас нь гаргаж өгөх гээд би өөрий дүү Одгийн хамт гарч Дыг “баяртай, сайн яваарай” гэж хэлээд Дын найз залуугийнх нь машинд хүрэхэд нэг шивээстэй залуу  машинаас бууж ирээд “чи муу яахаараа машин цохидог юм” гээд надтай хэрэлдсэн. Тэгээд өмнөөс нь хэрэлдээд барьцалдаж аваад харилцан нэг нэгнийхээ нүүр рүү цохилцоод байж байтал манай дүү Од буудал руу орж найз Учралыг дуудаж гаргаж ирсэн. Тэгтэл надтай барьцалдаад байж байсан шивээстэй залуу “хутгаллаа шүү” гэж орилж байгаад баруун талын бөөрний дээд хэсэг рүү хутгалах шиг болсон. Тэгээд гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Намайг хутгалсан шивээстэй залуу машиндаа суугаад зугтчихсан. Манай найз Учрал цагдаа болон эмнэлэг дуудсан... Би архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэчихсэн байсан. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол буюу уршиг учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би эмчилгээний зардалд 200,000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас Орхон аймагт найзууд болох Л.О, Жамбаа, дүү Одгийн хамт ирчихээд гадуур дэлгүүр хэсч үсээ засуулаад хоол унд идэж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах “Хуримт” зочид буудалд орсон. Тэгээд бид нар буудалдаа 2 литрийн пиво хувааж уучихаад орой 22 цагийн үед буудлаас гарч “Sugar” нэртэй бааранд орсон. Тэгээд тэнд Д гэх эмэгтэй найзтайгаа таарсан. Бид нар буудал руугаа Д-ын нэг эмэгтэй найзыг аваад явсан. Буудалдаа орж уугаад байж байтал Д нь хоёр эмэгтэй найзын хамт манай өрөөнд орж ирсэн. Бүгдээрээ нийлж ууж байтал Дын найз залуу нь буудлын гадаа ирчихлээ гэхээр нь Л.О нь дүүтэйгээ хамт гаргаж өгсөн. Удалгүй Л.О-гийн дүү нь орж ирээд “ах хүмүүстэй муудалцаад байна” гэхээр нь би ганцаараа буудлын гадна гарахад нэг өндөр залуу гартаа хутга бариад, ална гээд орилж байсан. Уг залуу нь Л.Отай барьцалдаж байгаад ар нуруу руу нь хутгалчихсан байсан. Тухайн үед тэр үл таних залууг Л.О-г хутгалчихна гэж бодоогүй. Тэгээд тэр залуу Л.Ог хутгалчихаад зугтаачихсан. Бид нар түргэн тусламж болон цагдаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- Гэрч Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “… 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ОТ гэх найзтайгаа утсаар ярьж “хаана байгаа юм” гэж асуухад “Хуримт зочид буудалд байна хүрээд ир” гэж хэлэхээр нь очсон. Тэнд үл таних 4-5 залуу байсан. Хэсэг хугацаанд юм яриад сууж байгаад ОТ болон Дын найз залуучууд ирээд явах гэтэл дээрх залуучууд гарч ирээд хэрүүл маргаан болсон. Юу болсныг харж амжаагүй байтал өндөр нуруутай туранхай, юүдэнтэй цамцтай залуу “манай найз хутгалуулчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эргэж харахад манай найз охин ОТийн нүүр хэсэг нь цус болж, шүд нь хөдөлчихсөн байдалтай байсан. Тэгээд би “Хуримт” зочид буудлын 2 давхар руу гарахад шатан дээр Л.О гэх залуу нуруу хэсэг нь цус болсон байдалтай сууж байсан. Тэгээд яаралтайгаар эмнэлэг орсон…” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- Гэрч С.ОТ-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д, Лхагвасайхан, Оюука гэх найз нартайгаа Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sugar бааранд орж бүжиглэж байгаад 02:00 цагийн үед гараа би Л.О, Учрал болон хамт явж байсан 2 үл таних залуутай Хуримт зочид буудал руу орж пиво уугаад байж байтад гаднаас Д, Лхагвасайхан, Оюука нар орж ирсэн. Тэгээд хэсэг хугацаанд пиво ууж сууж байгаад Д бид хоёрын найз залуу ирээд Д, Лхагвасайхан, Оюука бид дөрөв гарсан. Би найз муудчихсан байсан болохоор Данистагийн урдаас таксинд суух гээд явж байтал Хуримт зочид буудлын урд хэрүүл маргаан болоод байхаар нь буцаад очтол Л.О, Дын найз залуу болох Бааскаг цохичихсон зогсож байсан. Тэгээд би салгах гээд очиход хар подволктой залуу миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд юу болсныг анзаараагүй байж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 22-ны шөнө 02:00 цагийн орчимд өөрийн найз болох Н.Бтой таксинд явж байгаад ОТ рүү фэйсбүүк чатаар би очоод авах уу, гарах болж байгаа юм уу гэхэд дүү нартайгаа явж байна, жоохон байж байгаад ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Н.Б бид хоёр үргэлжлүүлж таксинд явж байгаад шөнийн 03:00-04:00 цагийн үед Хуримт зочид буудлын гадна очиход дээрх хүмүүс дээр нэмэгдээд нэг  танихгүй эмэгтэй хамт гарч ирсэн. Би ОТтэй маргалдсан байсан болохоор ОТ уурлаад баруун талын зам руу яваад өгсөн. Дээрх эмэгтэйчүүдийг суулгаад ОТийн араас явах гэтэл машины араас хүн өшиглөсөн. Бууж ирээд  хартал цагаан цамцтай, 170 гаруй см өндөртэй туранхай залуу яасан гээд зогсож байсан. Тэгээд Н.Б бид хоёр яагаад машин тэрэг өшиглөөд байгаа юм гэж асуугаад маргалдаж байтал Н.Б тэр залуу хоёр харилцан зодолдоод эхэлсэн. Тэгээд би урдуур нь ороод тэр залуугийн нуруу хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиод, нэг удаа гутлын ул хэсгээр гуя руу нь өшиглөсөн. Тэгээд зодоон дууссан. Н.Б тэр залуутай гар барьж  танилцаад Н.Б бид хоёр машиндаа суугаад явах гэж байтал буудлаас цагаан цамцтай бага зэрэг намхан үл ялиг мяраалаг залуу гарч ирээд маргаан, зодооны болиулах гэж байгаа бололтой байж байтал цагаан цамцтай залуу Н.Бийн баруун шанаа руу цохиод байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад зодолдож эхэлсэн. Яг ямар хүнтэй зодолдож байснаа тогтоож амжаагүй байтал Н.Б машинаасаа бууж ирээд цагаан цамцтай залуутай дахин зодолдож эхэлсэн. Хальт харахад Н.Б цагаан цамцтай залуу хоёр торон төмөр хашаа руу унаж байх шиг харагдсан. Тэгээд удаачгүй хар подволктой намхавтар зулаа хүн дуудах гэж байгаа бололтой Хуримт зочид буудал руу гүйгээд орохоор нь би Н.Бид хоёулаа явъя барахгүй юм байна гэж хэлээд машиндаа суугаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэрч Г.Од-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Д найзуудын хамт найз залуугийнхаа машинд сууцгаасан. Хоолойгоороо дүүрэн шивээстэй залуу түүний найз гээд залуу бууж ирээд шууд Л.О ахыг яагаад машин цохиод байгаа юм бэ гэж хэлээд шууд барьцалдаад нэг нэгээ нэг удаа харилцан цохихоор нь би салгасан. Дахин барьцалдаад байхаар нь би буудал руу орж Учрал ахыг дуудаж гаргаж  ирсэн. Тэгээд шивээстэй залуу Л.О ахыг хутгалчихсан байсан. Учрал ах түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…үүрээр тэдгээр охидууд болон тухайн буудалд байсан хоёр залуу хамт гараад явсан. Тэгээд гараад удаагүй нэг залуу гүйж орж ирээд манай найзыг хутгалчихлаашдээ гээд өрөө  рүүгээ ороод нэг залууг дагуулаад гараад ирсэн. Тэгээд нөгөө хутгалуулсан гэх залуу буудлын өрөөний үүдэнд сууж байхаар нь очиж үзтэл нуруу хэсгээс нь бага зэргийн цус гойжиж байсан. Тэгээд нөгөө залуучууд цагдаа дуудахаар нь би буудлын гадна гарсан. Нөгөө хутгалчихсан гэх залуу аль хэдийн зугтчихсан байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугааар сарын 26-ны өдрийн 604 дугаартай “…1. Л.О-гийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь үзүүр, иртэй зүйлийн 1 удаагийг үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Нуруунд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

- Эрүүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Н.Б нь хохирогч Л.О-тай маргалдаж улмаар Л.О-гийн биед нуруунд шарх гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Л.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

Хохирогч Л.О-гийн “…Тэгээд өмнөөс нь хэрэлдээд барьцалдаж аваад харилцан нэг нэгнийхээ нүүр рүү цохилцоод байж байтал манай дүү Од буудал руу орж найз Учралыг дуудаж гаргаж ирсэн. Тэгтэл надтай барьцалдаад байж байсан шивээстэй залуу “хутгаллаа шүү” гэж орилж байгаад баруун талын бөөрний дээд хэсэг рүү хутгалах шиг болсон. Тэгээд гараараа бариад үзэхэд цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.У-ын “…Уг залуу нь Л.О-тай барьцалдаж байгаад ар нуруу руу нь хутгалчихсан байсан. Тухайн үед тэр үл таних залууг Л.Ог хутгалчихна гэж бодоогүй. Тэгээд тэр залуу Л.Ог хутгалчихаад зугтаачихсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Л-ы “…Юу болсныг харж амжаагүй байтал өндөр нуруутай туранхай, юүдэнтэй цамцтай залуу “манай найз хутгалуулчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эргэж харахад манай найз охин ОТийн нүүр хэсэг нь цус болж, шүд нь хөдөлчихсөн байдалтай байсан…” гэх  мэдүүлэг,

- Гэрч С.ОТ-ийн “…Хуримт зочид буудлын урд хэрүүл маргаан болоод байхаар нь буцаад очтол Л.О, Дын найз залуу болох Бааскаг цохичихсон зогсож байсан. Тэгээд би салгах гээд очиход хар подволктой залуу миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд юу болсныг анзаараагүй байж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Ч-ын “…Дээрх эмэгтэйчүүдийг суулгаад ОТ-ийн араас явах гэтэл машины араас хүн өшиглөсөн. Бууж ирээд  хартал цагаан цамцтай, 170 гаруй см өндөртэй туранхай залуу яасан гээд зогсож байсан. Тэгээд Н.Б бид хоёр яагаад машин тэрэг өшиглөөд байгаа юм гэж асуугаад маргалдаж байтал Н.Б тэр залуу хоёр харилцан зодолдоод эхэлсэн. ...Н.Б бид хоёр машиндаа суугаад явах гэж байтал буудлаас цагаан цамцтай бага зэрэг намхан үл ялиг мяраалаг залуу гарч ирээд маргаан, зодооны болиулах гэж байгаа бололтой байж байтал цагаан цамцтай залуу Н.Б-ийн баруун шанаа руу цохиод байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад зодолдож эхэлсэн. Яг ямар хүнтэй зодолдож байснаа тогтоож амжаагүй байтал Н.Б машинаасаа бууж ирээд цагаан цамцтай залуутай дахин зодолдож эхэлсэн. Хальт харахад Н.Б цагаан цамцтай залуу хоёр торон төмөр хашаа руу унаж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Од-гийн “…Д найзуудын хамт найз залуугийнхаа машинд сууцгаасан. Хоолойгоороо дүүрэн шивээстэй залуу түүний найз гээд залуу бууж ирээд шууд Л.О ахыг яагаад машин цохиод байгаа юм бэ гэж хэлээд шууд барьцалдаад нэг нэгээ нэг удаа харилцан цохихоор нь би салгасан. Дахин барьцалдаад байхаар нь би буудал руу орж Учрал ахыг дуудаж гаргаж  ирсэн. Тэгээд шивээстэй залуу Л.О ахыг хутгалчихсан байсан…” гэх мэдүүлэг

Гэрч О.С-ын “…Тэгээд гараад удаагүй нэг залуу гүйж орж ирээд манай найзыг хутгалчихлаашдээ гээд өрөө  рүүгээ ороод нэг залууг дагуулаад гараад ирсэн. Тэгээд нөгөө хутгалуулсан гэх залуу буудлын өрөөний үүдэнд сууж байхаар нь очиж үзтэл нуруу хэсгээс нь бага зэргийн цус гойжиж байсан…” гэх мэдүүлэг

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугааар сарын 26-ны өдрийн 604 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Н.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Л.О-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Н.Б-ийн хохирогчийн нурууг зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Н.Б нь хохирогч Л.Ог цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.О-гийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Л.О нь “хохиролд 200,000 төгрөг авсан, шүүх хуралд оролцохгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Н.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солигдохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Н.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР