Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/379

 

 

2024    09          06                                           2024/ШЦТ/379

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У,  

Улсын яллагч Ж.Б,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Тоёота ****** маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,82 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Б: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс:

- Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… 2024 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг шалгаж байгаад **-** улсын дугаартай Бревис маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Энэ үед жолооч эрэгтэй ганцаараа явж байсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг Т.Б гэх эрэгтэй жолоодож явсан бөгөөд биеэс нь согтууруулах ундааны зүйл илтэд үнэртээд байхаар нь драгер багажаар шалгахад 4,82 хувийн согтолттой байсан. Ингээд би тээврийн хэрэгслийг журамлаж, Т.Б гэх эрэгтэйн биеийн байцаалтыг тэмдэглэж авч үлдээд явуулсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

- Т.Бийн сэжигтнээр мэдүүлсэн “… энэ оны 4  дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт айлд ганц хоёр пиво уучихаад **-** улсын дугаартай Бревис загварын тээврийн хэрэгслийг жолоодож дэнжийн 3 байр руу явж байгаад замдаа замын цагдаад баригдаж улмаар шүүхээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан. Мөн үүнээс хойш 4-5 хоногийн дараа хорооллын авто завсарын уулзварт Тоёота Бревис загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлуулж байхдаа 3-4 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд уг засварын газраас **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харих гэж яваад Эрдэнэ багт цагдаа нарт баригдсан. Энэ үед замын байцаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна гээд намайг дахин шүүх хурлаар оруулсан. Шүүгч надад 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхэийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04/1290 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

- Зөрчлийн 2425000*** дугаартай хэргийн хуулбар /хавтаст хэргийн 54-59 дүгээр тал/,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 62-65 дугаар тал/,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 66-68 дүгээр тал/,

- Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМЗ/** дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргий 4-5 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн өөрийн эзэмшлийн Тоёота Бревис маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Гэрч Э.А-ын “… 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг шалгаж байгаад **-** улсын дугаартай Бревис маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Энэ үед жолооч эрэгтэй ганцаараа явж байсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг Тогоогийн Т.Б гэх эрэгтэй жолоодож явсан бөгөөд биеэс нь согтууруулах ундааны зүйл илтэд үнэртээд байхаар нь драгер багажаар шалгахад 4,82 хувийн согтолттой байсан…” гэх мэдүүлэг,

- Т.Бийн сэжигтнээр мэдүүлсэн “… энэ оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт айлд ганц хоёр пиво уучихаад **-** улсын дугаартай Бревис загварын тээврийн хэрэгслийг жолоодож дэнжийн 3 байр руу явж байгаад замдаа замын цагдаад баригдаж улмаар шүүхээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан. Мөн үүнээс хойш 4-5 хоногийн дараа хорооллын авто завсарын уулзварт Тоёота Бревис загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлуулж байхдаа 3-4 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд уг засварын газраас **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харих гэж яваад Эрдэнэ багт цагдаа нарт баригдсан. Энэ үед замын байцаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна гээд намайг дахин шүүх хурлаар оруулсан. Шүүгч надад 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм…” гэх мэдүүлэг, жолоочийн лавлагаа мэдээлэл, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМЗ/**дугаартай магадлал болон шүүгдэгч Т.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст авагдсан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй, прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч Т.Б нь “нэмж хэлэх тайлбар байхгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

 

Шүүгдэгч Т.Б нь хууль, журам зөрчиж хариуцлага хүлээсэн байхдаа дахин хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, түүнд 8 сарын  хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Т.Бид Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 8 хоногийн түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг ялаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 63 хоногийг эдэлж, 21 хоногийн ялыг эдлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодож байх тул уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Бид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 21 /хорин нэг/ хоногийн хугацааны ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нийт эдлэх ялыг 08 /найм/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР