| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00581/И |
| Дугаар | 132/ШШ2022/00045 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 132/ШШ2022/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш овогт Д-ийн Ц /рд: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогот Т-ын Ц- д холбогдох
4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00581/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Т.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын эхээр Т.Ц тэй уулзаад 8,000,000 төгрөгөөр өвөлжөөг нь авахаар тохирсон. Урьдчилгаа болгож 4,000,000 төгрөг өгсөн чинь хадлангаа хадаж авч болно гэхээр нь өвөлжөө тойрсон өвсийг нь хадаж авсан. Өвс хадаж авсны дараа өвөлжөөгөө зарахаа болилоо гэж надад хэлэлгүй манай хүргэнд хэлсэн байсан. Тэгээд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөх гэтэл наймаа тохирохоо больсон гээд мөнгөө аваагүй. Энэ жилдээ өвөлжөөнд өвөлж гэж хэлсэн болохоор 12 дугаар сар хүртэл өвөлжөөнд нь байж байтал цөөхөн хэдэн хонь, үхрийг маань хашуулахгүй байсан. Манай хүргэн буриадын хороонд өвөлжөөтэй учир манайх очиж өвөлжсөн. Тэгээд нэгэнт наймаа буцсан гэж хэлсэн учир мөнгөө авъя гээд хэд хэдэн удаа *******гийн гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байгаад байдаг. Гар утас руу нь залгахаар утсаа огт авдаггүй. Намайг залилаад байна гэж л би ойлгож байна. Мөнгөө авъя гэж хэлэхээр өөрсдөө өвс олигтой хадаж аваагүй худалдаж авсан гээд өөрийнхөө малд идүүлсэн энэ тэндээс өвс авсан гэж хэлээд надаар тэр мөнгөө төлүүлэх гээд яриад байх шиг байсан. Яагаад гэвэл чи манай өвөлжөөний өвсийг хадсан учир чамд мөнгө өгөх шаардлага байхгүй гэсэн хариу өгөөд байдаг. Би өөрийнхөө өгсөн мөнгийг тоо ёсоор нь авахаар нэхэмжлэл гаргасан.
... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанаас хойш надад 11 дүгээр сарын дундуур 700.000 төгрөг өгсөн. 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаас надад өгсөн 700,000 төгрөгийг хасаад 3.300.000 төгрөг болгож багасгаж нэхэмжилж байна гэв
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т овогтой Ц нь 2020 оны 8 дугаар сарын дундуур Д.Ц тэй өвөлжөөний наймаа хийж 4,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөндөө эрлийз туранхай үнээ 2,300,000 төгрөгөөр бодож өгнө гэсэн боловч аваагүй. Улмаар 12 дугаар сард наймаа буцсан. Манай өвөлжөөн дээрээс 18 портер өвс хураан авсан байсан. Би Түлүүгийн даваан дээрээс 2 портер өвс худалдан авч буулгасан. 200 боодол өвс портероор 3 удаа буулгасан. Ингэт толгой сангийн аж ахуйгаас буулгасан. Энэхүү өвс нь тээврийн зардалтайгаа нийт 1,400,000 төгрөгөөр ирсэн бөгөөд 2 портер өвс нь зардалтайгаа нийлээд 600,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг болсон. Хавар ирж хаваржаад өвөлжөө хашаагаа цэвэрлээд үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гэсэн боловч ирээгүй, цэвэрлээгүй. *******тэй уулзах гэж 3 дугаар сарын 7-ны өдөр хоёр удаа очсон. 3 дугаар сард би 100 боодол өвс 1,000,000 төгрөгөөр авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгөөс өвөлжөөгөө хүнээр цэвэрлүүлж зөөлгөсөн. 1,300,000 төгрөг өгчих тохиръё гэж Цэцгээ хэлсэн. Би 700,000 төгрөг өгье гэж тохирч дансаа хүнээр бичиж явуулсан байсан. Дансыг нь эгчдээ өгсөн. Нэр ус нь мэдэгдэхгүй данс байсан болохоор хийж чадаагүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс нэхэмжлэл ирэхээр нь би эгч рүү ярьж нэрийг нь данстай нь тодруулж өгснөөр шилжүүлсэн 2020 оны хувьд газрын гарц муу портер өвс 300,000 төгрөгийн ханштай байсан. Түлүүгийн даваанаас авсан 2 портер өвс ялзарсан байсныг өөрсдөө мэдэж байсан гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь 700,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3,300,000 төгрөгийг Т.Ц гээс гаргуулахаар шаардсан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талууд 2020 оны 08 дугаар сард өвөлжөө худалдаж авахаар тохиролцож, Т.Ц нь өвөлжөөг Д.Ц гийн өмчлөлд шилжүүлэх, Д.Ц нь өвөлжөөг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнэ 8,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Т.Ц /худалдагч/, Д.Ц /худалдан авагч/ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч талуудын тайлбараар худалдагч Т.Ц нь 2020 оны 08 дугаар сард өвөлжөөг худалдан авагч Д.Ц гийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Д.Ц нь худалдагч Т.Ц д урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 4-5/
Д.Ц /худалдан авагч/ нь 2020 оны 11 дүгээр сард үлдэгдэл төлбөрөө төлөхөөр Т.Ц /худалдагч/-тэй уулзахад Т.Ц өвөлжөөг зарахаа больсон талаар мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд түүний энэхүү тайлбарыг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Нэгэнт Т.Ц нь гэрээг дуусгавар болгож өвөлжөөгөө буцаан авсан тул тэрээр Д.Ц гээс хүлээн авсан 4,400,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгчид 700,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөг болгож багасгасан байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ц нь үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөгийг хариуцагч Т.Ц гээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг өвөлжөөнд буулгасан өвс, түүний тээврийн зардалд тооцсон мөн нэхэмжлэгч нь өвөлжөөг цэвэрлээгүй үндэслэлээр 700,000 төгрөгийг төлнө гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хариуцагч Т.Ц гээс 3,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 78,950 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ