Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/255

 

 

 

2024     06           04                                          2024/ШЦТ/255

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Ц.Л,

Шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Д

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ерөнхий боловсролын * дүгээр сургуулийн 6Б анги дотор 12 настай хохирогч Х.Эыг ус асгалаа гэсэн шалтгаанаар зүүн чих рүү нь алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.     Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Х.Э найзтайгаа коридорт ус цацсан, сурагчдаа болохүй гэж сануулах гэж байгаад биед нь халдсандаа харамсаж байна, дахин хүүхдийн биед халдахгүй, хохирогчоос уучлалт гуйсан, хохиролд 1,100,000 төгрөг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүйгэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “гэм буруу зүйлчлэлийн талаар маргахгүй. Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж,

Улсын яллагч Ц.Л “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн байр суурийг илэрхийлж тус тус шүүх хуралдаанд оролцсон ба

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагаас Г.Дт холбогдох шүүх хуралдаан товлогдсон бөгөөд хохирогч Х.Э, хууль ёсны төлөөлөгч Б.Х бид хуралд оролцох боломжгүй болсон. Түүнчлэн Г.Дт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд хүү Х.Эод учирсан гэм буруугийн хохирлыг Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

Улсын яллагч хавтаст хэргээс:

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Намайг зургийн багш Г.Д дуудаж, самбарын урд гаргасан. Тэгснээ шууд миний зүүн чих, хацар хэсэг рүү 1 удаа аймар хүчтэй алгадсан. Тэгээд намайг суу чи гэхээр нь би буцаж ширээн дээр суусан. Ингээд хэсэг хугацааны дараа Г.Д багш намайг гараад ир гээд бид хоёр ангиас гарсан. Ангийн гадаа гарснаа багш надад хандан уучлаарай миний хүү би хүнтэй андуурсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд миний чихийг харснаа зүгээр л байна шүү дээ гэж хэлээд бид хоёр буцаж анги руу орсон. Тухайн үйл явдлыг манай ангийнхан бүгд харсан бөгөөд би Ц.Мишээл гэх хөвгүүнтэй сууж байсан юм. Завсарлагаанаар манай ангийн багш Өлзийсайхан нь ангид орж ирэхээр нь би Г.Д багш намайг алгадсан гэж хэлэхэд ангийн багш сонсчихоод юм хэлээгүй, тоогоогүй өнгөрсөн юм. Тэгээд би хичээл тараад гэртээ харьсан бөгөөд аавдаа юу болсон талаар хэлээгүй. Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө унтаж байтал миний дотор муухайраад бөөлжсөн, мөн толгой эргээд өвдөөд байсан. Тэгэхээр нь би аавдаа багшид алгадуулсан талаар хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1* дүгээр тал/,

“…Би өмнө нь волейболын дугуйланд явдаг байсан ба чих рүүгээ цохиулсны улмаас явж чадахгүй явж чадахгүй, заримдаа хичээлдээ суухад ч гэсэн хэцүү байна. Өнөөдрийн байдлаар би эмчилгээний зардалдаа 100,000 орчим төгрөг зарцуулаад байна... Улаанбаатар хотод очиж эмчид үзүүлээд ямар эмчилгээ хийлгэх нь мэдэгдэх бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зургийн багш Г.Д нь манай ангид зургийн хичээл орсон юм. Багш эхлээд ангид орж ирчихээд бид нарт хийх хичээлийн даалгавар өгчихөөд ангиас гараад явчихсан юм. Тэгтэл хүүхдүүд босож яваад байсан бөгөөд манай ангийн Мэндээ нь Х.Э руу ус цацах гээд байсан. Тэгээд Х.Э ангиас гараад явчихсан бөгөөд Мэндээ Х.Э руу ус цацсан боловч түүнийг оноогүй коридороор ус цацчихсан юм. Тэгээд байж байтал Г.Д багш ангид орж ирээд сууж байсан Х.Эыг дуудаж самбарын урд гаргаж  ирээд коридороор нэг ус болгочихлоо энийг чинь одоо яах юм гэж уурлаад Х.Эыг нэг удаа алгадсан юм. Тэгтэл Х.Э чихээ гараараа дараад ёо ёо гээд суугаад байсан. Ийм үйл явдал болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай “…1.2. Х.Эын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр чих рүү хатгах, чих рүү алгадах, цохих, цохигдох зэрэг үйлдлүүдийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-2* дүгээр тал/,

- Х.Эын яллагдагчаар мэдүүлсэн “…өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Сурагч Х.Эын зүгээс баримтад үндэслэн эмчилгээний зардал нэхэмжилбэл төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Тухайн үед сурагч Х.Э анги болон сургуулийн коридор дотор үймүүлж, ус асгасан учраас буруу үйлдэл хийсэн, дахиж ингэж болохгүй гэдгийг ойлгуулахын тулд хацар руу нь алгадах гэж байгаад чих рүү нь алгадчихсан юм. Уг нь би чих  рүү нь биш хацар руу нь алгадах гэж байсан юм…” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 3* дүгээр тал/,

- Х.Эын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргахгүй тул шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Дийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Г.Д нь 12 настай хохирогч Х.Эыг ус асгалаа гэсэн шалтгаанаар зүүн чих рүү нь алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Насанд хүрээгүй хохирогч Х.Эын “…Тэгснээ шууд миний зүүн чих, хацар хэсэг рүү 1 удаа аймар хүчтэй алгадсан. ...Ангийн гадаа гарснаа багш надад хандан уучлаарай миний хүү би хүнтэй андуурсан юм шиг байна гэж хэлсэн. ...Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө унтаж байтал миний дотор муухайраад бөөлжсөн, мөн толгой эргээд өвдөөд байсан...” гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Мишээлийн “…Тэгээд байж байтал Г.Д багш ангид орж ирээд сууж байсан Х.Эыг дуудаж самбарын урд гаргаж  ирээд коридороор нэг ус болгочихлоо энийг чинь одоо яах юм гэж уурлаад Х.Эыг нэг удаа алгадсан юм. Тэгтэл Х.Э чихээ гараараа дараад ёо, ёо гээд суугаад байсан...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 0* дүгээр сарын 03-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт,  

- Г.Дийн яллагдагчаар мэдүүлсэн “…өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Сурагч Х.Эын зүгээс баримтад үндэслэн эмчилгээний зардал нэхэмжилбэл төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Тухайн үед сурагч Х.Э анги болон сургуулийн коридор дотор үймүүлж, ус асгасан учраас буруу үйлдэл хийсэн, дахиж ингэж болохгүй гэдгийг ойлгуулахын тулд хацар руу нь алгадах гэж байгаад чих рүү нь алгадчихсан юм. Уг нь би чих  рүү нь биш хацар руу нь алгадах гэж байсан юм…” гэх  мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Х.Эын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Дийн хохирогчийн чих рүү алгадсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Д нь хохирогч Х.Эыг алгадахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн хуулийн зүйл заалтад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт орж “бага насны хүүхэд” гэсэн хэсгийг хассан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус заасан.

 

Иймд прокуророос шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Х.Э болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нар  “...Г.Дт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд хүү Х.Эод учирсан гэм буруугийн хохирлыг Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч Г.Дийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, насанд хүрээгүй хохирогч Х.Э нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “...Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэсэн,

Шүүгдэгч Г.Д “миний буруу, харамсаж байна, мэргэжилдээ хайртай, шинэ газар шилжиж ирээд багшаар ажиллаад 2 жил болж байна..” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

Г.Дийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Гэлэн овогт Гантуяагийн Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Г.Д нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Х.Э нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

           6. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Дийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүүрсний бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР