| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/357 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/357
2024 08 06 2024/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Л,
хохирогч Л.Г,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 3-12 дугаар байрны баруун талд Л.Гийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, эрүү мэндэд нь эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ц нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж,
Улсын яллагч Ц.Л: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч Л.Г нь өөрийгөө өмгөөлж өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн байр сууринаас тус тус оролцсон болно.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:
-Хохирогч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ариунболд бид хоёрын урд талд хоёр эмэгтэй хүн явж байсан. Ард талд хоёр эрэгтэй хүн явж байгаад ард явж байсан нэг эрэгтэй нь урд явж байсан хоёр эмэгтэйн нэгийг нь чирээд хажуугаар өнгөрөх гэхэд нөгөө эмэгтэй нь надаас зуураад нөгөө чирж байсан эрэгтэйд би найз залуутайгаа явж байна гэхэд танай найз залуу өмнө нь манай найзуудыг зодсон байна гэхээр нь би чи хүн андуураад байна, би зүгээр найз охиноо аваад явчихъя, зодоон цохион хэрэггүй гэсэн чинь баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон... намайг дахин зүүн талын шанаа хэсэг рүү цохиод авсан... Тэгээд маргааш өглөө нь босоод ирэхэд эрүү зуурчихсан хүзүү хөшөөд хөдлөхгүй болохоор нь цохиулсандаа эрүү зуурчихсан юм байна гэж бодоод хэд хоногоос гайгүй болох байх гэж гэртээ 2 хоносон. Тэгтэл өвдөлт нь нэмэгдээд байхаар нь эмнэлэгт үзүүлээд эрүүний зургаа авахуулсан чинь миний эрүүний зүүн тал нь зөрүүтэй хугарчихсан байна гэж хэлсэн... Ер нь гадуур явж байхад хүн хажуугаар хурдтай өнгөрөх үйлдэл хийхэд намайг цохих гэж байгаа юм шиг санагдаад цочоод байдаг болсон байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
- Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Бид хоёрын урд явж байсан хоёр эмэгтэйн нэгийг татаад хажуугаар гарсан чинь нөгөө эмэгтэй нь манай найз Л.Гоос зулгаагаад нөгөө татаж чангаагаад байсан залууд би найз залуутайгаа явж байна гэхэд Л.Г тиймээ би найз залуу нь байгаа юм гэж тайлбарлаад холдуулах гэсэн чинь нөгөө залуу нь чи яахаараа найз залуутайгаа явж байдаг юм гээд байхаар нь би зодолдох гэж байсан зулаагийн цуг явж байсан залууд нь хэлээд бид хоёр ямар нэгэн байдлаар зодоон хиймээргүй байна, чи найзыгаа аваад явчих гэхэд юм хэлэлгүй зогсоод байсан. Тэгээд зогсож байсан чинь замын цаанаас Л.Г намайг цохичихлоо гээд орилохоор нь гүйж очоод яагаад цохиж байгаа юм гэхэд Л.Гийг цохисон залуу би одоо найз нараа дуудна гэж байсан... Маргааш нь Л.Г над руу залгаад миний эрүү өвдөөд байна, нэг л эвгүй байна гэхээр нь би цохиулсандаа тэгж байж магадгүй, эрүү чинь зуурчихсан юм болов уу хэд хоног харчихгүй юу гэж хэлээд хэд хоног хүлээсэн. Тэгээд бүр болохгүй байна гэхээр нь бид хоёр БОЭТ-д очоод үзүүлээд зураг авахуулахад эрүүний зүүн тал хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
- Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Нараа хоёр залуутай явж байхаар нь араас нь очоод Б.Ц Нарааг дагуулаад явах гэтэл дунд зэргийн нуруутай туранхай залуу нь би наад эмэгтэйгийн чинь найз залуу нь байна аваад явчихъя гээд нөгөө туранхай залуу нь түлхэхээр нь Б.Ц нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд бид нар салаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
- Гэрч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Б.Цтай таараад юм ярьж зогсож байгаад Болороо бид хоёр яваад өгсөн. Тэгсэн чинь Б.Ц араас Болороо гээд орилоод хүрээд ирэхээр нь ойролцоо явж байсан хоёр залуугийн дунд зэргийн нуруутай хар хүрэмтэй залууг сугадаад манай залуу авах гээд ирчихлээ бид хоёр ингээд явлаа гэсэн чинь Б.Ц гадуур хувцасаа тайлаад тойрч ирээд миний сугадсан залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн “1. Л.Гийн биед эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь хохирогч Л.Гийн нүүр хэсэгт гарааараа цохиж эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь:
-Хохирогч Л.Гийн “... Ариунболд бид хоёрын урд талд хоёр эмэгтэй хүн явж байсан. Ард талд хоёр эрэгтэй хүн явж байгаад ард явж байсан нэг эрэгтэй нь урд явж байсан хоёр эмэгтэйн нэгийг нь чирээд хажуугаар өнгөрөх гэхэд нөгөө эмэгтэй нь надаас зуураад нөгөө чирж байсан эрэгтэйд би найз залуутайгаа явж байна гэхэд танай найз залуу өмнө нь манай найзуудыг зодсон байна гэхээр нь би чи хүн андуураад байна, би зүгээр найз охиноо аваад явчихъя, зодоон цохион хэрэггүй гэсэн чинь баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон... намайг дахин зүүн талын шанаа хэсэг рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч С.А-ын “...Тэгээд зогсож байсан чинь замын цаанаас Л.Г намайг цохичихлоо гээд орилохоор нь гүйж очоод яагаад цохиж байгаа юм гэхэд Л.Гийг цохисон залуу би одоо найз нараа дуудна гэж байсан... Маргааш нь Л.Г над руу залгаад миний эрүү өвдөөд байна, нэг л эвгүй байна гэхээр нь би цохиулсандаа тэгж байж магадгүй, эрүү чинь зуурчихсан юм болов уу хэд хоног харчихгүй юу гэж хэлээд хэд хоног хүлээсэн. Тэгээд бүр болохгүй байна гэхээр нь бид хоёр БОЭТ-д очоод үзүүлээд зураг авахуулахад эрүүний зүүн тал хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.М-ийн “...Нараа хоёр залуутай явж байхаар нь араас нь очоод Б.Ц Нарааг дагуулаад явах гэтэл дунд зэргийн нуруутай туранхай залуу нь би наад эмэгтэйгийн чинь найз залуу нь байна аваад явчихъя гээд нөгөө туранхай залуу нь түлхэхээр нь Б.Ц нэг удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Н-ийн “...Тэгсэн чинь Б.Ц араас Болороо гээд орилоод хүрээд ирэхээр нь ойролцоо явж байсан хоёр залуугийн дунд зэргийн нуруутай хар хүрэмтэй залууг сугадаад манай залуу авах гээд ирчихлээ бид хоёр ингээд явлаа гэсэн чинь Б.Ц гадуур хувцасаа тайлаад тойрч ирээд миний сугадсан залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Цын баруун гараараа хохирогч Л.Гийн зүүн талын шанаа хэсэг рүү цохиж түүний биед эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Цыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч Л.Г нь шүүх хуралдаанд “сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэж,
Шүүгдэгч Б.Ц нь “хохирлыг төлж барагдуулна” гэж,
Улсын яллагч Ц.Л “сэтгэцийн хор уршиг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр Л.Гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байна. Иймд нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу хор уршгийг 5 хувиар тооцож нийт 4,950,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулан хохирогч Л.Гт олгуулах” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Цаас нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээс 5 хувиар тооцож, 4,950,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Гт олгуулахаар шийдэрлэж, хохирогчийн цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон 14 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох...” гэсэн,
Шүүгдэгч Б.Ц нь “зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би өөр орон нутагт очиж ажиллах шаардлагатай байгаа...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 14 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Ц нь 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /14*15,000=210,000/ 210,000 төгрөгийг нийт торгох ялаас хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 1,790,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цаас 4,950,000 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Гт олгуулж, хохирогч Б.Г энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хохирогч Л.Гт буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР