| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0358/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/371 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/371
2024 08 30 2024/ШЦТ/371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Хг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор маргалдан, гараараа хоолойг нь боож хүч хэрэглэн зодсон,
2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 0-000 тоотод хохирогчийг бусадтай хардаж, маргалдан хэл үгээр доромжилж, гараараа хоолойг нь боож, байшингийн хана мөргүүлэх, чирэх зэргээр хүч хэрэглэж зодсон.
2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 0-000 тоотод хохирогчийг гэрээсээ хөөж, зүүн талын хөлний гуя хэсэгт өшиглөж, зодож байнгын шинжтэй үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүнийг “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн тайлбарыг,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “… 2023 оны 12 дугаар сард бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас муудалцаж хэд хоног тусдаа амьдарч байсан юм. Хэрүүл хийхээсээ өмнө би түүний машинд хичээлийн дэвтэр номоо үлдээсэн байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүний машинд үлдээсэн дэвтэр номоо авах гээд Д.Мийг гэрийнхээ гадаа дуудаж уулзсан. Гэтэл Мөнхтөр намайг машиндаа чирч суулгаад Баянбулаг багийн зүүн талд рашааны хажууд очиж зогсоод бид хоёр хоорондын харилцааны улмаас маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Маргалдаж байгаад улмаар Мөнхтөр нь миний сууж байсан суудлын аравчиийг арагш нь унагаад миний дээр гарч ирж суугаад миний хоолойг гараараа боосон. Хэрүүл хийж байгаад би гарыг нь тавиулаад түүнд гомдож уйлж, гуйж байгаад байгаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед миний хоолой улайсан байсан. Миний хоолойг ээж, аав хоёр хараад яасан юм гэхээр нь би болсон асуудлын талаар хэлсэн. Тэр өдрөө би Д.Мийн ээжийнх нь гар утас руу ү залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Мөн манай ээж маргааш өдөр нь Д.Мийн ээжийн утас руу болсон хэргийн талаар хэлсэн. Намайг цохиж зодоогүй миний хоолойг боосон… 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.М нь намайг манай сургуулийн 11 дүгээр ангийн хүүхэдтэй хардаж, хэрүүл хийж байгаад намайг чирж гэрээс авч гараад өөрийнхөө гэр рүү чирч оруулаад намайг бүдүүлэг хараалын үгээр доромжилж, хоолой боож нааш, цааш нь түлхэж байшингийн хана мөргүүлж, газар чирч зодсон. Намайг гэрээсээ гарахгүй гэхэд миний хоёр гараас хүчээр татаж чирч гараад өөрийнхөө гэр рүү чирч оруулсан. Ингэж чирэх үедээ миний хөлийн хоёр өвдөг, нуруу, зүүн дал орчмын арьсыг зурж урсан. Гараараа хоолой боосон. Ингэж зодоход миний гар хөл энд тэндээ хөхөрч цус хурсан… энэ хэрэг болох үед түүний охин дүү Нандин-Эрдэнэ, манай дүү нар болох Солонготуяа, Төрмөнх нар гэр гэртээ байсан. Үүний дараа 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д.М нь манай гэрт согтуу орж ирээд хүүхдээ шалдан нүцгэн аваад гарахаар нь би араас нь хүүхдээ авах гээд гэрт нь орсон. Тэгтэл намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Би аавыгаа дагуулаад эргэж Мөнхтөрийн гэрт ороод манай аав юу болоод байгаа талаар асуухад Мөнхтөр яадаг юм гээд аавтай барилцаж авсан. Би тэр хоёрыг салгах үед Мөнхтөр миний зүүн талын гуя руу өшиглөж хэл үгээр дорхомжилсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. Д.Мд өшиглүүлсэн боловч зүүн талын гуя зүгээр байсан. Энэ хэрэг болох үед Мөнхтөрийн аав Даваасамбуу, дүү нар нь болох Нандин-Эрдэнэ, Төртогтох, манай аав Ганзориг, ээж Алтанчимэг нар хамт байсан…Би Д.М-д 3 удаа зодуулахдаа сүүлд буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр л цагдаагийн байгууллагад хандсан. Миний бие Д.Мд зодуулсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагүй. Мөнхтөр намайг ангийн хөвгүүдтэй хардаж, сургуульд явж яадаг юм, сургуулиасаа гар гээд байдаг… одоо миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,
Гэрч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…миний мэдэхийн 2023 оны 12 дугаар сард Мөнхтөр нь Б.Хг Баян-Өндөрийн Рашааны хажууд машин дотор хоолойг нь боож хэл амаар доромжилсон байсан…2024 оны 4 дүгээр сард эхнэр бид хоёр ажил дээрээ хонож байтал тухайн өдрийн шөнө Б.Х гэртээ охиныхоо хамт унтаж байхад Мөнхтөр хаалга хүчтэй нүдэж орилж орж ирээд охиныг цохиж зодсон гэж манай охин надад хэлсэн. Тухайн үед яаж цохиж зодсон талаар охин надад тодорхой хэлээгүй… Би айл гэрт хэрүүл маргаан болж л байдаг гэж бодоод эхний хоёр үйлдэлд дуугүй өнгөрөөсөн, сүүлийн үйлдэлд цагдаад өргөдөл гаргасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…миний мэдэхийн 2024 оны 5 дугаар сарын эхээр хөдөө малаа маллаад байж байтал манай нөхөр надруу залгаж Д.М нь гэртээ согтуу хүүхдээ авч орж ирээд байж байтал Б.Х аавынхаа хамт хүүхдээ авах гээд ороод ирсэн. Мөнхтөр хүүхдээ авна гэж хэрүүл маргаан хийж, Б.Х болон түүний аавтай барьцалдаад цохиж, зодолдсон гэж ярьсан. Мөн Мөнхтөр нь Б.Хг цохиж зодсон болохоор аав нь цагдаа дуудаж өгч явуулсан байх. Тэгээд хүү маань шүүхээр орж 10 хоног баривчлагдсан. Б.Хгийн ээж 2023 оны 12 дугаар сард над руу утсаар яриад хүү чинь миний охиныг Баян-Өндөрийн Рашаан дээр авч очиж зодсон байна гэж над руу ярьсан. Тэгээд би болсон хэргийг сонсоод хүүгээс асуухад ярилцах гэхээр Б.Х орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би амыг нь гараараа таглаад дуугүй бай гэж хэлсэн гэсэн. Өөр мэдэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
Гэрч С.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…миний мэдэхийн 2024 оны 5 дугаар сарын эхээр нөхөр бид хоёр ажлаасаа буугаад гэртээ ирээд хоол унд идээд унтах гээд хэвтэж байтал манай охин гэнэт манай өрөө рүү уйлж орж ирээд Мөнхтөр нь согтуу орж ирээд хүүхдийг нүцгэн аваад гэр рүүгээ орчихлоо гэхэд манай нөхөр Б.Хг дагуулж худын гэр рүү явсан. Би гэртээ үлдсэн. 30 минуты дараа Б.Хг дагуулаад нөхөр гэрт ирээд надад болсон хэргийн талаар хэлсэн. Манай нөхөр Б.Х хоёр манай худынд орсон чинь шууд ална, пизда гээд Мөнхтөр нь босож ирээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийж, манай нөхрийг зодож, Б.Хгийн хөл рүү өшиглөж цохиж зодсон байсан. Ер нь Мөнхтөр нь хэрцгий зантай, тэгээд тухайн өдөр бид нар цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан…2023 оны 12 дугаар сард байх Д.М нь миний охиныг Баян-Өндөрийн Рашаан дээр аваачиж машин дотор хоолойг нь боож цохиж зодож байсан. 2024 оны 4 дүгээр сард нөхөр бид хоёрыг ажилд явсан хойгуур охиныг минь гэр рүүгээ чирч оруулж байгаад хана мөргүүлж цохиж зодож байсан гэж хэлсэн. Ер нь Д.М нь хэрцгий, эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр бид хоёрыг хадам эцэг, эх гэж боддоггүй, хүмүүужил маш муутай…” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Д.Мийн яллагдагчаар мэдүүлсэн “... Би хамтран амьдрагч Б.Хг цохиж зодож байсан нь үнэн. Мөн бас дахин удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэндээ маш их харамсаж байна. Би дахин эхнэр хүүхдээ зодохгүй, гэртээ харьж, эхнэр хүүхэд болон хадам ээж, ааваасаа уучлалт гуйна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Зөрчлийн 2425000797 дугаартай хэргийн хуулбар /хавтаст хэргийн 38-65 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Мийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Д.М нь хамтран амьдагч Б.Хг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор маргалдан, гараараа хоолойг нь боож хүч хэрэглэн зодсон,
2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 0-000тоотод хохирогчийг бусадтай хардаж, маргалдан хэл үгээр доромжилж, гараараа хоолойг нь боож, байшингийн хана мөргүүлэх, чирэх зэргээр хүч хэрэглэж зодсон,
2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 0-000тоотод хохирогчийг гэрээсээ хөөж, зүүн талын хөлний гуя хэсэгт өшиглөж, зодсон үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Хг байнгын шинжтэй үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:
Хохирогч Б.Хгийн “…2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...Маргалдаж байгаад улмаар Мөнхтөр нь миний сууж байсан суудлын аравчиийг арагш нь унагаад миний дээр гарч ирж суугаад миний хоолойг гараараа боосон. … 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.М нь намайг манай сургуулийн 11 дүгээр ангийн хүүхэдтэй хардаж, хэрүүл хийж байгаад намайг чирж гэрээс авч гараад өөрийнхөө гэр рүү чирч оруулаад намайг бүдүүлэг хараалын үгээр доромжилж, хоолой боож нааш, цааш нь түлхэж байшингийн хана мөргүүлж, газарт чирч зодсон. Намайг гэрээсээ гарахгүй гэхэд миний хоёр гараас хүчээр татаж чирч гараад өөрийнхөө гэр рүү чирч оруулсан. Ингэж чирэх үедээ миний хөлийн хоёр өвдөг, нуруу, зүүн дал орчмын арьсыг зурж урсан. Гараараа хоолой боосон. Ингэж зодоход миний гар хөл энд тэндээ хөхөрч цус хурсан… Үүний дараа 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...Мөнхтөр яадаг юм гээд аавтай барилцаж авсан. Би тэр хоёрыг салгах үед Мөнхтөр миний зүүн талын гуя руу өшиглөж хэл үгээр доромжилсон. ...” гэх мэдүүлэг
Гэрч Ш.Г-ийн “…миний мэдэхийн 2023 оны 12 дугаар сард Мөнхтөр нь Б.Хг Баян-Өндөрийн Рашааны хажууд машин дотор хоолойг нь боож хэл амаар доромжилсон байсан…2024 оны 4 дүгээр сард эхнэр бид хоёр ажил дээрээ хонож байтал тухайн өдрийн шөнө Б.Х гэртээ охиныхоо хамт унтаж байхад Мөнхтөр хаалга хүчтэй нүдэж орилж орж ирээд охиныг цохиж зодсон гэж манай охин надад хэлсэн…” гэх мэдүүлэг
Гэрч Ж.Д-гийн “…миний мэдэхийн 2024 оны 5 дугаар сарын эхээр Мөнхтөр хүүхдээ авна гэж хэрүүл маргаан хийж, Б.Х болон түүний аавтай барьцалдаад цохиж, зодолдсон гэж ярьсан. …Б.Хгийн ээж 2023 оны 12 дугаар сард над руу утсаар яриад хүү чинь миний охиныг Баян-Өндөрийн Рашаан дээр авч очиж зодсон байна гэж над руу ярьсан. Тэгээд би болсон хэргийг сонсоод хүүгээс асуухад ярилцах гэхээр Б.Х орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би амыг нь гараараа таглаад дуугүй бай гэж хэлсэн гэсэн…” гэх мэдүүлэг,
Гэрч С.А-ийн “…миний мэдэхийн 2024 оны 5 дугаар сарын эхээр …Манай нөхөр Б.Х хоёр манай худынд орсон чинь шууд ална, пизда гээд Мөнхтөр нь босож ирээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийж, манай нөхрийг зодож, Б.Хгийн хөл рүү өшиглөж цохиж зодсон байсан. Ер нь Мөнхтөр нь хэрцгий зантай, …2023 оны 12 дугаар сард байх Д.М нь миний охиныг Баян-Өндөрийн Рашаан дээр аваачиж машин дотор хоолойг нь боож цохиж зодож байсан. 2024 оны 4 дүгээр сард нөхөр бид хоёрыг ажилд явсан хойгуур охиныг минь гэр рүүгээ чирч оруулж байгаад хана мөргүүлж цохиж зодож байсан гэж хэлсэн. Ер нь Д.М нь хэрцгий, эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр бид хоёрыг хадам эцэг, эх гэж боддоггүй, хүмүүужил маш муутай…” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заасан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.
Байнга гэдгийг гурав ба түүнээс дээш удаа гэсэн тооны давтамжаар тодорхойлохоос гадна үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.
Тодруулбал, шүүгдэгч Д.М нь 2023 оны 12 дугаар сараас хойш 2024 оны 5 сарын хугацаанд 3 удаа хамтран амьдрагч Б.Хгийн бие махбодид халдаж шууд санаатай үйлдлээр, хоолойг боох, хана мөргүүлэх, чирэх, хөл рүү нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх тул түүний үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзнэ.
Шүгдэгч Д.М нь хамтран амьдрагч Б.Хгийн биед байнга халддаг болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлаас дүгнэвэл Д.Мийн хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
хохирогч Б.Х нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Д.Мийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Д.М “хэлэх зүйлгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Д.Мийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР