| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0045/э/ |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-05-08 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 45
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж
Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: А.Дарьмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Амаржаргалын Дарьмаад холбогдох ...... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А.Дарьмаа нь согтуугаар, жолооны эрхийн үнэмлэхгүй өөрийн эзэмшлийн 16-01 өмү улсын дугаатай приус маркийн автомашиныг жолоодож яваад 2017 оны 02 дугаар сарын 22-ны 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах Сувдан сондор дэлгүүрийн гадаа зогсож байсан иргэн И.Самдангийн эзэмшлийн ... ... улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж И.Самданд 315000 төгрөгийн хохирол учруулж осол гаргасан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дарьмаа мэдүүлэхдээ: М.Дарьмаа би 1991 онд төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр орой 17 цаг 40 минутын үед машиндаа нэг найзтайгаа нэг шил архи хувааж уучихаад хүүхдээ цэцэрлэгээс авах санаатай явж байгаад Сувдан сондор дэлгүүрийн урдаар шороон замаар уруудаж яваад машин мөргөсөн. Тэгээд айж сандарсандаа зугатаагаад айлд очиж машинаа тавиад гэртээ харьж амарсан. Тийм л зүйл болсон. Самданд учруулсан хохирлоо 2 нугалж төлөөд гомдол саналгүй болгосон гэжээ.
Шүүгдэгч А.Дарьмаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хорооллын дэнж дээр байдаг Шугшаагийн ... тоот гэртээ өөрийн найз Эрдэнэхуягтай 0.5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд би өөрийн эзэмшлийн .... ... улсын дугаартай приус маркийн машиныг би өөрөө жолоодоод Эрдэнэхуягийг машиныхаа зөв талын урд нь суулгаад гэрээс гараад хойд талын хашаанд байгаа Даянбаатарын гэрийн гадаа ирчихээд сигналдсан. Тэгтэл удалгүй гэрээс Даянбаатар гарч ирэхээр би Даянбаатарыг хэдүүлээ цэцэрлэг явж хүүхдээ аваад ирье гэхэд Даянбаатар за тэгье гээд машины ард хойд талын суудал дээр суусан. Тэгээд доошоо уруудаад явж байгаад Сувдан сондор дэлгүүрийн урд талд нь цагаан өнгийн Тоёота пробокс автомашин баруун тийшээ харсан байдалтай зогсож байсан. Тэгээд уг машины хажуугаар гарах гэтэл жаахан шарваад нөгөө машины буруу талын хойд талын хаалга руу машиныхаа буруу талын урд талаар нь мөргөтөл түг гээд чимээ гарахаар нь чигээрээ давхиж зугтаагаад сумын баруун гэр хорооллын үзүүрийн хашаанд байдаг Батсүрэн ахын хашаанд машинаа оруулаад тавьсан. Тэгээд Батсүрэн ахын гэрт нь ороход Батсүрэн ахын эхнэр нь Чулуунцэцэг эгч гэртээ ганцаараа байхаар нь би машинаа энд тавьчихъя, би машин мөргөөд тэгээд зугтаагаад ирлээ гэж хэлчихээд гэрийн баруун талын орон дээр гараад унтсан.Тэгээд нэг сэртэл гадаа харанхуй болчихсон байхаар би тэр айлаас явган яваад гэртээ харьж амарсан. Тэр үед би архи уусан, согтуу байсан болохоор осол гаргасан газраас зугтаачихсан. Би жолооны эрхийн үнэмлэхтэй В, С ангилалтай байсан эрхээ 2016 оны 01 дүгээр сард жолооны эрхээ хасуулчихсан байсан. Би Самдангийн эзэмшлийн автомашинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн гомдол саналгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/
Хохирогч И.Самдан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цаг 40 минутын үед би Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвд байрлах “Сувдан сондор дэлгүүрийн урд талд машинаа шороон замын хойд талд тавьчихаад дэлгүүрт ороод байж байтал нэг танихгүй хүн орж ирээд нэг приус 10 маркийн автомашин таны машиныг мөргөчихөөд зугтаагаад явчихлаа улсын дугаар, машины өнгийг сайн харж чадсангүй гэж хэлэхэд би дэлгүүрээс гараад машин дээрээ очиход миний машины зөв талын арын хаалга, хойд талын крылоныг мөргөөд цааш нь цөмөлчихсөн байсан. Би тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирж үзлэг хийгээд явсан. Тэгээд маргааш нь танай машиныг мөргөөд зугтаачихсан машиныг бид нар олсон гэж хэлсэн. Миний Тоёота пробокс маркийн машиныг Дарьмаа гэдэг залуу мөргөөд зугтаасан байсныг мэдсэн. Энэ машин учраас би бүрэн захиран зарцуулах эрхтэй. Машины хойд талын хаалга нь зурагдаж дотогшоо цөмөрсөн урагдсан байсан. Өөр эвдрэл байхгүй. Миний энэ Тоёота пробокс маркийн ... улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулж намайг хохиролгүй болгоод өгвөл надад ямар нэгэн гомдол байхгүй. Би гомдол санал байхгүй. Миний эзэмшлийн Тоёота пробокс маркийн ... өмз улсын дугаартай автомашинд учирсан хохирол болох 1 сая төгрөгний хохирлыг Дарьмаа бүрэн төлсөн учир одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Б.Зул мэдүүлэхдээ... “Манай Говь гялс төгрөг ХХК-нь автомашин барьцаалж зээл олгодог компани байгаа юм. Энэ Дарьмаа нь 2017 оны 02 дугаар сарын 17-нд манай ажил дээр ирж өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ... улсын дугаартай автомашиныг 2 сая төгрөгөнд барьцаалж зээл авсан. Тэгээд уг машины өмчлөгчөөр манай Говь гялс төгрөг ХХК-ний нэр дээр бүртгэж авдаг юм. Бусдаар бол машины эзэмшигч Дарьмаа хэвээрээ юм. Машинд учирсан гэмтэл эвдэрлийг машины эзэн жолооч Дарьмаа өөрөө бүрэн хариуцна. Манай компаньд ямар нэгэн хамаарал байхгүй, сар бүрийн зээлийн эргэн төлөлтийн хувиарыг хийсэн гэрээний дагуу хийхэд манай компаний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дарьмаа одоо 1 сая төгрөгний үлдэгдэлтэй явж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч С.Мөнхбаатар мэдүүлэхдээ... “Энэ машин манай аав И.Самдангийн эзэмшлийн автомашин байгаа юм. Тухайн үед аав Улаанбаатар хот руу явж чадаагүй. Тэгээд би ааваас мөнгийг нь аваад машин авчирч өгсөн. Тухайн үед би машиныг нь худалдаж авсан болохоор миний нэрээр бүртгэсэн байсан. Тэгээд одоог болтол аав Самдангийн нэр дээр шилжүүлж амжаагүй явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр хуудас/
Гэрч О.Даянбаатар мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Шугшаагийн ... тоот гэртээ байж байхад хашааны гадаа машин ирээд сигнаалдахаар би гэрээс гараад очиход саарал өнгийн ... улсын дугаартай прүс-11 маркийн автомашиныг Дарьмаа барьчихсан зогсож байсан. Тэгээд Дарьмаа намайг хамт яваад сумын цэцэрлэгээс хүүхдээ аваад ирье машинд суучих гэхээр би Дарьмаагийн машины жолоочийн ар талын суудал дээр суухад Дарьмаа хөдөлөөд манай гэрээс зүүн хойшоо шороон замаар яваад сумын засмал замын баруун талаас орж засмал замаар зүүн тийшээ явж байгаад гутлын дэлгүүрийн араар нь шороон замаар явж байгаад “Сувдан Сондор" 3 давхар дэлгүүрийн урд талаар ортол дэлгүүрийн гадаа 2-3 машин зогсож байхаар 2 машиныг нь сүлжээд гартал цаад талд зогсож байсан цагаан өнгийн пробокс маркийн машины зөв талын хойд талын хаалгыг машинаараа мөргөхөд түг гэсэн чимээ гарсан. Тэгтэл Дарьмаа машинаа зогсоохгүй шууд давхиад явахад нь би Дарьмааг машинаа зогсоо хүн амьтантай нь уулз гэхэд миний үгэнд орохгүй чигээрээ яваад сумын баруун захын байрны дээд захад байдаг Батцэрэн ахын хашаа руу орж машинаа тавьсан. Тэгээд Эрдэнэхуяг бид хоёр явган яваад би гэрийнхээ гадаа ирээд гэртээ орсон. Эрдэнэхуяг ажилтай гээд яваад өгсөн. Тэр Дарьмаагийн мөргөсөн автомашины улсын дугаарыг харж чадаагүй. Тухайн үед машин дотор Эрдэнэхуяг, Дарьмаа бид гурав явж байсан. Тухайн үед Дарьмаа архи уучихсан халамцуу байсан дээр хүүхдээ цэцэрлэгээс авах гэж яарч яваад тэр машиныг мөргөчихөөд зугатаачихсан. Би тухайн үед Дарьмаад одоо явж цагдаад мэдэгдээд хүнтэйгээ очиж уулзаараа гэж хэлчихээд явсан. Тэгээд Дарьмаа энэ тухай цагдаад мэдэгдээгүй байсан. Энэ приус маркийн машин Дарьмаагийн эзэмшлийн автомашин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Б.Эрдэнэхуяг мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн төвөөс Гурвантэс суман дээр ирээд 14 цагийн үед Дарьмаагийн приус маркийн машинаар “Эс ЖИ Эс” ХХК-ний ярилцлаганд орох гээд Гурвантэс сумаас урд байдаг “Эс ЖИ Эс” ХХК-нд орж ярилцлаганд орчихоод бид хоёр орой 17 цагийн үед Гурвантэс суман дээр ирээд Дарьмаа гэрлүүгээ орчихоод нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад ирсэн. Тэгээд тэр архийг Дарьмаа бид хоёр машин дотор хувааж уучихаад байж байтал Дарьмаа хүүхдээ цэцэрлэгээс авна гээд хөдөлсөн. Тэгээд Дарьмаа машинтайгаа яваад гэр хороололын арын эгнээний нэг айлын гадаа нь сигналдсан. Тэгээд нэг танихгүй залуу гараад ирсэн. Тэгтэл тэр залууг Дарьмаа хамт яваад сумын цэцэрлэгээс хүүхдээ аваад ирье машинд суучих гэхэд тэр залуу Дарьмаагийн машины жолоочийн ар талын суудал дээр суухад Дарьмаа хөдлөөд тэр айлын гэрээс зүүн хойшоо шороон замаар яваад засмал замын баруун талаас орж засмал замаар зүүн тийшээ явж байгаад сумын гутлын дэлгүүрийн араар нь шороон замаар явж байгаад “Сувдан Сондор” 3 давхар дэлгүүрийн урд талаар ороход дэлгүүрийн гадаа баруун тийшээ хараад зогсож байсан цагаан өнгийн пробокс маркийн машины зөв талын хойд талын хаалгыг машинаараа мөргөтөл түс гэсэн чимээ гарсан. Тэгтэл Дарьмаа машинаа зогсоохгүй чигээрээ шууд давхиад сумын баруун захын байрны дээд захад байдаг Батцэрэн ахын хашаа руу орж машинаа тавьсан. Тэгээд би тэр залуутай машинаас буугаад явсан. Тэр залуу замдаа явж байгаад гэртээ харьлаа гээд явахаар би гэрлүүгээ харьсан. Тэр мөргөсөн машин дотор хүн байгаагүй. Тухайн үед Дарьмаа уг машиныг жолоодож явсан. Тухайн үед машин дотор би Дарьмаа, Дарьмаагийн найз залуу бид гурав явж байсан. Тухайн үед Дарьмаа хүүхдээ цэцэрлэгээс авах гэж яарч явсан мөн Дарьмаа архи уусан байсан” гэх мэдүүлэг хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Л.Чулуунцэцэг мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед байх би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Шугшаагийн 1-14 тоот гэртээ байж байгаад хажуу айлдаа орчихоод гэрлүүгээ орох гэж байтал манай хашаан дотор Дарьмаа саарал өнгийн ... улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг барьчихсан орж ирээд манай гэрийн баруун тал тавьчихаад гэрлүү орж байхад хашааны жорлонгийн хавьд дээр нэг хүүхэдтэй хоёр танихгүй залуу зогсож байгаа харагдсан. Би тэгээд гэртээ ороход Дарьмаа нэлээн уучихсан согтуу байдалтай гэрийн талын орон дээр хэвтэж байснаа би машинтай мөргөлдчихлөө тэгээд зугатаагаад ирлээ гэж хэлэхээр би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод байж байтал Дарьмаа орон дээрээ гадуур хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд орой 22 цагийн сэрчихээд явган манай хашаанаас гараад явсан машинаа манай хашаанд үлдээгээд явсан надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл 2017.02.22 №155 /хх-ийн 4 дүгээр хуудас/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмлэглэл 2017.02.22, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/
-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл 2017.02.23 “Тоёота пробокс маркийн ... улсун дугаартай, цагаан өнгийн суудлын автомашины спидометрийн заалт 143677 километр байв. Уг автомашины урд талаас цагийн зүүний дугуу үзлэгийг хийхэд урд гупер, их гэрэл, садхины шил бүгд бүрэн бүтэн. Зөв урд хаалга хойд хэсэгт 10 сантиметр, 5 сантиметр газарт дотогш зурагдсан, хаалганы хойд хэсгийн доод үзүүрт 10:15 сантиметр газарт будаг нь ховхорч зурагдсан, зөв талын хойд хаалга чигээрээ дотогш цөмөрч хэлбэр дүрсээ алдсан. Зөв талын хойд крылон урд хэсгээр урагдаж хэлбэр дүрсээ алдсан байв” “Приус маркийн ... улсын дугаартай суудлын автомашины спидометрийн заалт 354750 километр байв. Уг автомашины урд талаас цагийн зүүний дагуу үзлэгийг хийхэд урд гупер доод хэсгээрээ хугарч унасан, зөв талын үзүүр хэсэгт будаг нь халзарсан, зөв талын крылон урд хэсгээрээ дотогш цөмөрч хэлбэр дүрсээ алдсан байв. Урд хоёр их гэрэл бүрэн бүтэн урд салхины шил болон гэрэл дохио бүгд бүрэн байв” /хх-ийн 9-10 дугаар хуудас/
Замын цагдаагийн газар “Зам тээврийн ослын акт” 2017.02.23 /хх-ийн 11-13 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн 2017.03.28 №14 дүгээр дүгээр дүгнэлт:
1. 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах Сувдан сондор дэлгүүрийн гадаа зогсож байсан И.Самдангийн эзэмшилийн Тоёота Пробокс маркын ... улсын дугаартай автомашиныг Амаржаргал овогтой Дарьмаа нь Приус-11 маркийн ... улсын дугаартай автомашинаар мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын газрыг санаатай орхиж зугтаасан байна. Прүс-11 маркын ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Амаржаргал овогтой Дарьмаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.5в-т зааснаар “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үөдээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчмөн мөн дүрмийн 2.1-ын “а ”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Амаржаргал овогтой Дарьмаа нь ВС ангилалын 6 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байна.
3. Уг зам тээврийн гарахад Тоёота Пробокс маркын ... улсын дугаартай автомашины жолооч И.Самдангийн буруутай үйлдэл байхгүй байна.
4. Приус-11 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Амаржаргал овогтой Дарьмаа нь аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасажзайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээгүй нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна.
5. Прүс-11 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Амаржаргал овогтой Дарьмаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.
6. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Бат-Очирын гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна /хх-ийн 29 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.12 №194 дүгээр дүгнэлт:
-1.2.3.4. Даянбаатарын биед гэмтэл учраагүй байна. /хх-ийн 38 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.12 №193 дугаар дүгнэлт:
-1.2.3.4. Эрдэнэхуягийн биед гэмтэл учраагүй байна. /хх-ийн 41 дүгээр хуудас/
Цагдаагийн ерөнхий газар “А.Дарьмаагийн №639199 дугаар үнэмлэхийг 2016.02.01-2018.02.01-ний өдөр хүртэл жолоодох эрхийг хассан” байна. /хх-ийн 30,69 дугаар хуудас/
-“Ашид билгүүн” ХХК-ний 2017.03.24 №1084 дүгээр үнэлгээ “Зүүн хойд хаалга 80000, крыло, хаалганы ховил /зүүн хойд/ 65000, шууд зардлын дүн 145000 төгрөг, 100 грамм будаг, тус-мат, лак 40000, будах зардал 120000, эд анги солих 10000, шууд бус зардлын дүн 170000 төгрөг, нийт дүн 315000 төгрөг” /хх-ийн 32 дугаар хуудас/
-Тоёота пробокс машины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Н.Галаахүүгийн “Тус багийн иргэн А.Дарьмаа нь 1991 онд төрсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Иргэн А.Дарьмаа нь тус сумын Тост багийн мөн болохыг тодорхойлов.” /хх-ийн 56 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 57-65 дугаар хуудас/
Ханн банк “А.Дарьмаагаас И.Самданд 1000000 төгрөг хохирол барагдуулав” орлогын мэдүүлэгийн баримт /хх-ийн 66 дугаар хуудас/
А.Дармаагийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас А.Дарьмаа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй. /хх-ийн 68 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолсон байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Дарьмаа нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн 16-01 өмү улсын дугаатай приус маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн /а/-д заасан “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, гэснийг, мөн дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тэзврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас И.Самдангийн эзэмшлийн 72-96 өма улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн...", 2.5-ын /в/-д заасан ...зам тээврийн осолд орсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх..." гэсэн заалтыг зөрчиж хэргийн газраас санаатай зугтаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.
Хэргийн газраас санаатай зугтаасан гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч А.Дарьмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрч О.Даянбаатарын...“Сувдан Сондор" 3 давхар дэлгүүрийн урд талаар ортол дэлгүүрийн гадаа 2-3 машин зогсож байхаар 2 машиныг нь сүлжээд гартал цаад талд зогсож байсан цагаан өнгийн пробокс маркийн машины зөв талын хойд талын хаалгыг машинаараа мөргөхөд түг гэсэн чимээ гарсан. Тэгтэл Дарьмаа машинаа зогсоохгүй шууд давхиад явахад нь би Дарьмааг машинаа зогсоо хүн амьтантай нь уулз гэхэд миний үгэнд орохгүй чигээрээ яваад сумын баруун захын байрны дээд захад байдаг Батцэрэн ахын хашаа руу орж машинаа тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэхуягийн... “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн төвөөс Гурвантэс суман дээр ирээд 14 цагийн үед Дарьмаагийн приус-20 маркийн машинаар “Эс ЖИ Эс” ХХК-ний ярилцлаганд орох гээд Гурвантэс сумаас урд байдаг “Эс ЖИ Эс” ХХК-нд орж ярилцлаганд орчихоод бид хоёр орой 17 цагийн үед Гурвантэс суман дээр ирээд Дарьмаа гэрлүүгээ орчихоод нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад ирсэн. Тэгээд тэр архийг Дарьмаа бид хоёр машин дотор хувааж уучихаад байж байтал Дарьмаа хүүхэдээ цэцэрлэгээс авна гээд хөдөлсөн. Дарьмаа хөдөлөөд тэр айлын гэрээс зүүн хойшоо шороон замаар яваад засмал замын баруун талаас орж засмал замаар зүүн тийшээ явж байгаад сумын гутлын дэлгүүрийн араар нь шороон замаар явж байгаад “Сувдан Сондор” 3 давхар дэлгүүрийн урд талаар ороход дэлгүүрийн гадаа баруун тийшээ хараад зогсож байсан цагаан өнгийн пробокс маркийн машины зөв талын хойд талын хаалгыг машинаараа мөргөтөл түс гэсэн чимээ гарсан. Тэгтэл Дарьмаа машинаа зогсоохгүй чигээрээ шууд давхиад сумын баруун захын байрны дээд захад байдаг Батцэрэн ахын хашаа руу орж машинаа тавьсан” гэх мэдүүлэг хх-ийн 26 дугаар хуудас/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч А.Дарьмаагийн “жаахан шарваад машины буруу талын хойд талын хаалга руу машиныхаа буруу талын урд талаар нь мөргөтөл түг гээд чимээ гарахаар нь чигээрээ давхиж зугтаагаад сумын баруун гэр хорооллын үзүүрийн хашаанд байдаг Батсүрэн ахын хашаанд машинаа оруулаад тавьсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Дарьмаа нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 1000000 төгрөг хохиролд төлж барагдуулсан болох нь хохирогч И.Самдангийн “Миний эзэмшлийн Тоёота пробокс маркийн ... улсын дугаартай автомашинд учирсан хохирол болох 1 сая төгрөгний хохирлыг Дарьмаа бүрэн төлсөн учир одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-ээр шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Дарьмаад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хор уршиг, хохирлын хэр хэмжээ, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Дарьмаад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Дарьмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Шарнууд овогт Амаржаргалын Дарьмааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Дарьмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дарьмаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Дарьмаа нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дарьмаад оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзсан ялтан А.Дарьмаа нь хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар А.Дарьмаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ