Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/065

 

Б.Э, Г.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч  Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.Э , Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Т.Пүрэвдаваа

Нарийн бичгийн дарга  Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э , Г.А  нарт холбогдох эрүүгийн 2014000290132 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Г.А , ........, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол улсын иргэн, овогт Б.Э , 1......, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай Б.Э  нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын албан хэрэгцээнд зориулан Лос монголиа ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын цэргийн штабт суудлын автомашин нийлүүлэхээр захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулсан шууд гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн 04-44 БНР улсын дугаартай зах зээлд 35.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хаммер эйч-3” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөртөө давуу байдал бий болгож төрд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.А  нь 2018 онд цэрэг татлагад тэнцсэн байсныг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай Б.Э  нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хахууль өгөгч “Алтангэрэлийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн цэргийн албанаас чөлөөлж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.Очирсүрэнгийн нэр дээрх Хаан банкны 5225260864 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

Г.А  нь 2018 онд цэрэг татлагад тэнцсэнийх төлөө Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай Б.Э т өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу цэргийн  албанаас чөлөөлөгдөхөөр Б.Э ын ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.Очирсүрэнгийн нэр дээрх Хаан банкны 5225260864 дугаарын дансаар шилжүүлэн 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.А ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Б.Э ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд, мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.А ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун /2700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Э ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Э ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр килийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Э т нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.А  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Б.Э ын эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Э т холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэргийн талаар:

Анхан шатны шүүхээс Б.Э ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Гомдлын талаар:

Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн үеэс гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан болон нөхцөл байдлыг тайлбарлан үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр ирсэн билээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заажээ.

Б.Э  нь хувийн байдлын хувьд эхнэр 7-20 насны 3 хүүхэд зээ охины хамт амьдардаг. Түүний эхнэр М.Оюунтүлхүүрийн хувьд өвчний улмаас сүүлийн 5 жилийн хугацаанд эмчийн хяналтад байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл онош тодроогүй байгаа болно.

Харин миний үйлчлүүлэгч Б.Э  нь өөрийн эрүүл мэндийн хувьд ходоодны шарх өвчний улмаас жижиг хэмжээний хавдар үүссэн гэх бөгөөд цагдан хоригдож байх хугацаандаа биеийн байдал муудаж нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэрээр ажил хөдөлмөр эрхэлж цалингаараа өөрийн ар гэрийн эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өөрийн 70 настай ээжийн цорын ганц асран хамгаалагч байсан болох нь холбогдох баримтаар нотлогддог.

Түүний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанаас өмнө хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдаг.

Мөн түүнчлэн хэргийн материалд авагдсан холбогдогч нарын болон гэрчийн мэдүүлэгт Б.Э  нь холбогдогч Г.А ийн жолооч Очирсүрэнгийн дансанд шилжүүлсэн гэх мөнгийг хэрэгт шалгагдаж эхлэхээсээ өмнө дуудаж “.. би мөнгөн төлбөрийг дансаар авдаггүй..” гэж хэлээд буцаан өгсөн талаар авагдсан байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь тухайн нөхцөл байдалд хандсан сэтгэхүйн хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Түүний учруулсан гэх хохирлын хувьд ч хуульд заасан үлэмж болон их хэмжээний хохиролд хамаарахааргүй байна.

Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал ар гэрийн байдал, учирсан хохирлын хэр хэмжээ , хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү хэмээн хүсэж энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарт хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр  оногдуулсан нь ял хөнгөдсөн гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Г.А ийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэр, ахуй амьдралыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь;

Шүүгдэгч  Б.Э ын өмгөөлөгч П.Өлзийбаярын   давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад.;

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч Б.Э  нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа “ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабт суудлын автомашин нийлүүлэхээр захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулсан шууд гэрээ” гэх  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуурамч гэрээгээр халхавчлан  өөрийн эзэмшлийн 04-44 БНР улсын дугаартай зах зээлд 35.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хаммер эйч-3” маркийн тээврийн хэрэгслээ  албандаа  худалдаж,  уг авто машинаа 04-44 БНР улсын дугаартай болгож,  өөртөө давуу байдал бий болгож төрд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  ажиллаж байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны цэрэг татлагад тэнцсэн Г.А ийг   цэргийн албанаас чөлөөлөхөөр амлаж, хариуд нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.Очирсүрэнгийн нэр дээрх Хаан банкны 5225260864 дугаарын дансаар  1.500.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Г.А  нь 2018 оны  цэрэг татлагаас чөлөөлүүлэхийн тулд   1500 000 төгрөгийн хахууль өгсөн   гэмт хэргийн үйл баримт тус, тус тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагдсан  “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабт суудлын автомашин нийлүүлэхээр захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулсан шууд гэрээ” гэх баримт,

1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан “.. авто машин нийлүүлэх үнэ нь 39 сая төгрөг байсан... сонгон шалгаруулалтад тендерийн материал ирүүлээгүй...   шууд гэрээ байгуулахаар цохолт хийгдсэн албан тушаалтан нь 3 аж ахуйн нэгж рүү техникийн тодорхойлолтоо үнийн санал авахаар албан бичиг хүргүүлээд аль бага санал ирүүлсэн аж ахуйн нэгжтэй нь гэрээ байгуулах ёстой” гэх гэрч Н.Энх-Амгалангийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан “...уг нийлүүлэгчийг сонгох асуудлыг Цэргийн штаб хариуцаж гэрээгээ боловсруулж ирсэн...би... гарын үсэг зурсан” гэх гэрч Д.Ихбаярын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орж ирсэн 1500 000 төгрөгийг.... нэг залуу...даргад чинь мөнгө өгөх ёстой юм дансаа өгчих гэхээр нь би дансаа өгсөн...1500 000 төгрөг орж ирсэн” гэх гэрч Б.Очирсүрэнгийн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан”...тэр өөрийнхээ ажилдаа өөрийн хэрэгцээнд унадаг машинаа Цэргийн штабад зарж борлуулах гэж байгаа юм....гэрээ байгуулна... танай компаний дансаар мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь... зөвшөөрсөн... данс ашиглуулсан гээд 1 сая төгрөг өгсөн” гэх гэрч Ж.Жавхлантөгсийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 40-42, 3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр талд тус тус авагдсан “...Цэргийн штабын даргын өрөөнд орж уулзаад...гачигдлаар чөлөөлөөд өгөөч гэж хүсэлт гаргаад 1500 000 төгрөгийг  танд өгъе... гэж хэлсэн...Энхбаатар дарга зөвшөөрөөд...банкны данс өгсөн. ...нийт 1500 000 төгрөг шилжүүлсэн” гэх шүүгдэгч Г.А ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг

 1 дүгээр хавтаст хэргийн 59,61-62 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн хуулбар, төлбөрийн нэхэмжлэх

1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ

1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан “...Г.А  нь жинхэнэ болон цэргийн дүйцүүлэх албыг ямар нэгэн хэлбэрээр хаагаагүй байна” гэх Батлан хамгаалах яамны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/4133 тоот албан бичиг

1 дүгээр хавтаст хэргийн 54-55  дугаар талд авагдсан “...авто машины зах зээлийн үнэ 2019 оны 02 дугаар сард 35 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 7нд 30 900 000 төгрөг “ болохыг тогтоосон Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 20, 57,192-224, дүгээр талд авагдсан Б.Э ын 5009066160, Б.Очирсүрэнгийн 5225260854 тоот дансны  хуулгууд, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  болон  бусад хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоож, ингэхдээ дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримт нотлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Г.Алтангэрэлийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,шүүгдэгч Б Энхбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд, мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э , Г.А  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.Алтангэрэлийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б. Энхбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан  сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нэг жил зургаан сарын  хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх үүднээс “ шүүгдэгч Боржигон овогт Б.Э ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

 мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан

“Шүүгдэгч Боржигон овогт Г.А ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцохоор   найруулгын өөрчлөлт  оруулав.

Мөн Шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдэж олсон 1500 000 төгрөгөө шүүгдэгч Г.А д дансаар  буцаан өгсөн, шүүгдэгч Г.А  нь  дансаар  эргүүлэн авсан талаар  анхан  болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул   Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.А ээс 1500 000 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Албан тушаал, авлигын гэмт хэрэг нь  хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулах, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэргээр хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэйг харгалзан  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийбаярын “ ...шүүгдэгч Б.Э т  оногдуулсан хорих ялыг торгох ял болгож өөрчлүүлэхийг хүссэн...” гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнээд  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Э ын  2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр   зүйлийн  1.4-т   заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“ Шүүгдэгч овогт Г.А ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч овогт Б.Э ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд,

 мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

 “Шүүгдэгч овогт Г.А ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт Б.Э ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

 мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан  тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”  гэж тус тус өөрчлөлт оруулсугай

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ээс 1500000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай” гэж 9 дэх заалт нэмж, тогтоох хэсгийн 9-11 гэж дугаарласныг 10-12 болгон тогтоож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,   шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч П.Өлзийбаярын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн  3-д шүүгдэгч Б.Э ын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ, 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ