| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0359/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/372 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/372
2024 08 30 2024/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 0-00 тоот хашаанд хохирогч Н.Быг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний алимны салст, дээд доод зовхи, хамрын ясны нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учрулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хавтаст хэргээс:
- Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 0-00 тоот гэртээ ганцаараа архи уучихсан байхад манай эхнэр Б.Т-ийн төрсөн дүү Б.С-ийн хамтран амьдрагч Б.Г нь намайг зодсон байсан. Манай эхнэр цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрсэн. Б.Г нь намайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй байна. Цагдаа ирэхэд Б.Г нь хашаа даваад явсан өгсөн гэсэн... Миний сэтгэцэд хор хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд манай хажуу айлын Сараа гэх хүн миний гар утас руу залгаад би утсаа хараагүй тул мессеж бичсэн байсан. Бичсэн мессеж дээр баахан сонин хүмүүс ирээд нөхөртэй чинь архидаад байна мэдсэн юм уу Тунгаа хажуу талын Сараа байна гэж мессеж бичсэний дараа баахан зодолдоод нөхрийг чинь боогоод алах шахлаа яах вэ, хашаа даваад зугтаад явчихлаа, цагдаа дуудсан гэж орилсоор байгаад нэг юм салгалаа гэх утгатай бичсэн байсан. Энэ мессежийг уншаад би 2 хүүхдийн хамт Наадмын талбайгаас гэртээ ирсэн. Манай хашаанд сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Гэртээ ортол нөхөр цус болчихсон хэвтэж байсан. Гэрт зөндөө цус цацарсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлэгт хандсан. Манай гэрийн хашаанд байсан машин нь нөхөртэй хамт Булган аймаг Хишиг-Өндөр суманд 3 хоног хөдөө хамт ажиллахаар явсан Б.Г гэх хүний машин байсан. Урьд өмнө нь нөхөр бид хоёртой танил нэрээр гэрээр орж гараад явдаг хүн... Хажуу айлын Сараа хэлэхдээ тэнд байсан хүмүүсээс хамгийн хөгшин нь зодсон гэж хэлсэн. Нөхөр хэлэхдээ Б.Гт зодуулсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 629 дугаартай “…Н.Бын биед хоёр нүдний алимны салст, дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр олон
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Магадлуулагч нь ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна.
5. Унах үед үүсэх боломжгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
7. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт оношлогдсон ба энэ нь хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
- Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн “…2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н.Б нь гэртээ дуудахаар нь очсон. Тухайн үед мөнгө төгрөгний асуудлаас болж маргаан хийсэн. Улмаар би Н.Быг тухайн хэрүүлээсээ хамаарч нүүрэн тус газарт нь 3 удаа цохисон... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэрүүл маргаан Н.Баас эхэлсэн. Би Н.Бт учирсан эмчилгээний зардлыг төлнө, төлөхөө илэрхийлж байна. Надад учирсан гэмтэл байхгүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Б.Г нь хохирогч Н.Быг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний алимны салст, дээд доод зовхи, хамрын ясны нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Н.Бын “…2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 0-00 тоот гэртээ ганцаараа архи уучихсан байхад манай эхнэр Б.Т-ийн төрсөн дүү Б.С-ийн хамтран амьдрагч Б.Г нь намайг зодсон байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Т-ийн “…Бичсэн мессеж дээр баахан сонин хүмүүс ирээд нөхөртэй чинь архидаад байна мэдсэн юм уу Тунгаа хажуу талын Сараа байна гэж мессеж бичсэний дараа баахан зодолдоод нөхрийг чинь боогоод алах шахлаа яах вэ, хашаа даваад зугтаад явчихлаа, цагдаа дуудсан гэж орилсоор байгаад нэг юм салгалаа гэх утгатай бичсэн байсан. ...Гэртээ ортол нөхөр цус болчихсон хэвтэж байсан…” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 629 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Н.Бын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Гын хохирогчийн нүүрэн тус газарт удаа дараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Быг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.Б нь “ Б.Гаас эмнэлэгт үзүүлсэн 132,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Миний гомдлыг өгч барагдуулсан тул бид хоёр бие биедээ гомдолгүй болсон. Миний эхнэр болох Тунгалагтуяагийн дансанд 5097030208 132,000 төгрөгийг хийсэн” гэсэн хүсэлт тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Б.Г нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солигдохыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР