| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00401/И |
| Дугаар | 132/ШШ2021/00058 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 132/ШШ2021/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Б-ы Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Е овогт Г-ын Г-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00401/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н /онлайн/, хариуцагч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г-тай 2012 онд танилцаж, дотно харилцаатай болж, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ууган хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр отгон хүү Г.С нар төрсөн. Бид 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон бөгөөд хамтран амьдрах хугацаанд Г.Г нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, хэрүүл маргаан үүсгэх, зодох зэргээр байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Өмнө нь би хэд хэдэн удаа шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Г.Г нь дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хэрүүл маргаан үүсгэхгүй, зодохгүй гэсэн амлалт өгч эвлэрч байсан боловч энэ байдал огт засрахгүй байсан. Цаашид Г.Г-тай хамтран амьдрах ямар ч боломж байхгүй учир бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Г.Г-аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н тай 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ууган хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр отгон хүү Г.С нар төрсөн.
...Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамжийн тухайд хүүхдүүдээ нэг нэгээр нь авахаар өмнө нь харилцан тохиролцсон байсан. Иймд тохиролцооны дагуу хүүхдээ нэг нэгээр нь авах саналтай байна. Тэтгэлгийн тухайд нэхэмжлэгчид очсон хүүхдэд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.
Б.Н , Г.Г нар нь 2012 онд танилцаж, 2013 оны 02 сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2013 оны 02 сарын 16-ны өдөр хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.С нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 06 сарын 18ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах үүргээ биелүүлдэггүй, байнгын хэрүүл маргаантайн улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2013 оны 02 сарын 16-ны өдөр хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.С нар төрсөн ба нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Г.Г нар нь 2 хүүхдийн асрамж дээр маргажээ.
Г.Э , Г.С нар нь одоогоор эх Б.Н-ийн асрамжид байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр эцэг эх асран хамгаалагчийн харилцааны зан төлөв байдлыг тодорхойлох оношилгоонд эцэг эхийн хувийн зан төлөвт эхэд хэвийн, тогтвортой гэж оношлогдсон, хүүхдийн харилцааг судлах оношилгоонд эцэгт гэр бүл, хүүхдийн үйлчлэлцэлд давуу тал илэрсэн, хүүхэд эцэг эхдээ хандах хандлагыг судлах бүлэг оношлогоонд хүүхдүүд эцэг эхийн аль алинд ээнэгшин дасах дасал адил байна гэж дурджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзан үзнэ гэж заасан. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Г.С , Г.Э нар нь ээжтэйгээ хамт амьдрах саналаа шүүхэд гаргасан. Шүүхийн зүгээс хүү Г.С , Г.Э нарын өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, хүүдхүүдийн нас зэргийг харгалзан тэднийг эх Б.Н-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2013 оны 02 сарын 16-ны өдөр хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.С нарыг эх Д.Н-ийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Г.Г-аар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Г-аас 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12=2565600/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 55999 төгрөг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Б-ы Н, Г-ын Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Г.С нарыг эх Б.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Э , 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Г.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Г-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас 126,199 төгрөгийг гаргуулж, Төрийн санд 55,999 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Н 70,200 төгрөгийг тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ