Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2022/00088

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С. У-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00009/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б ,

Хариуцагч С.У ,

Нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд С.У-тай гэрлэлтээ батлуулж, 2014 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарсан. 2013 оны 10 сарын 02-ны өдөр хүү М төрсөн. Амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн нөхөр У нь архи байнга хэрэглэж, өдөр бүр согтуу байдаг болсон. Сүүлдээ надад гар хүрч зоддог болсон. Ингэснээр бидний амьдрал архины хэрүүлтэй гэр бүл болж хувирсан. Намайг зодож, архи байнга ууж, хамт архи уудаг найз нөхдөө өмгөөлөн хамгаалдаг болсон. Энэ бүхний эцэст бид 2015 онд салж, жил гаруйн хугацаанд тусдаа амьдрах болсон. Бид хоёр эвлэрч 2016 онд хамт амьдарч эхэлсэн боловч урьдын адил архи ууж, агсам тавьж, намайг хээр авч очин зодож, өмнөх байдал дахин давтагдсан. Би энэ бүхэнд тэвчээр алдарч арга буюу хүүгээ аваад төрсөн гэртээ очиж амьдарсан. ******* гэрт орж ирээд гэрийнхний дунд намайг зодож байсан удаатай. Бид одоо тус тусдаа амьдралтай болж байгаа, дахин хамт амьдрах боломжгүй байна. Тусдаа амьдарч эхэлснээс хойш хүү маань надтай хамт амьдарч байна. Цаашид ч мөн хүүгээ өөрөө өсгөнө. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б  бид хоёр 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Н.Б  нь одоо тусдаа амьдралтай болсон. Хүү маань бид хоёр дээр ирэн очин байдаг. Би хүүдээ хувцас хунар авч өгөх болон бусад байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Хүү маань хичээл эхлэхээр ээжтэйгээ хамт, амралтаараа надтай хамт байдаг. С.У миний бие нь нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрч байна. Би хүүхдийнхээ ирээдүйг бодож хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгчээс Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын “хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай” тодорхойлолт, №0000955150 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, №0185218 дугаартай  гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтуудыг нотлох баримтаар,

Хариуцагч хариу тайлбараа тус тус гаргаж өгсөн байна.

Шүүхээс хүү У.М-ийн саналыг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч С.У-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Н.Б , С.У  нар нь  2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү У.М төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8/

Нэхэмжлэгч Н.Б  нь гэрлэлт цуцлах шалтгааныг “С.У архины хамааралтайгаас болж салсан. 2015 оноос хойш тус тусдаа амьдраад 7 жил болж байна” гэж  тайлбарлаж байна.

Харин хариуцагч С.У нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Зохигчийн гаргасан тайлбараас дүгнэхэд гэрлэгчид нь цаашид бие биенээ хайрлан хүндэтгэж, хамтран амьдрах боломжгүй, 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх  ….шүүх шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү У.М ээжийнхээ асрамжид байх талаар санал гаргасан зэргийг харгалзан хүү У.Мөнгөнболорыг  эх Н.Б гийн асрамжид үлдээх  нь зүйтэй байна.

          Шүүх хүүхдийн асрамжийг тогтоон шийдвэрлэж байгаа нь хүүхдийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал болохоос эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавих, асран халамжлах, хүмүүжүүлэх үүрэг болон уг үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Тодруулбал: Хүүхэд эцэг, эхийн хэн нэгтэй нэг гэрт хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг С.У, эх Н.Б  нарын хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. 2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хүү У.М-той эцэг С.У хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү У.М-ийг эхийн асрамжинд үлдээсэн тул эцэг С.У-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.У-аас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12=2.565.600₮ /50хувь/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөг, гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бүгд 105537 төгрөгийг гаргуулж, 35337 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Уран овогт Н.Б /РД: *******/, С.У /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү У.М-ыг эх Н.Б гийн асрамжинд  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү У.М-ыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг С.У-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Б д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.У-аас улсын тэмдэгтийн хураамж 105,537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 35337 /гучин таван мянга гуван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус  олгосугай.

 7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Э-д даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МЯГМАРСҮРЭН