Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

 

 

2024    05           14                                          2024/ШЦТ/212

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

          Улсын яллагч Т.Т,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т, А.Т,

          Шүүгдэгч Т.Б, Д.У, С.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Д.У, С.Г нарт холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, Т.Б

Хоёр. Монгол Улсын иргэн, Д.У

Гурав. Монгол Улсын иргэн, С.Г

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Д.У болон С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хоёр хүний буюу хохирогч Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Э нь зодооныг салгахаар ирэхэд нь “тэр хоёр залуутай цуг явж байсан” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Т.Бтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Т.Бтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж, шүүгдэгч Д.У, С.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Т.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй” гэсэн,

Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч А.Т “гэм буруу дээр маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,   

Шүүгдэгч Д.У “бид бааранд ороогүй, Т.Б баарнаас бухимдалтай гарч ирж маргалдаад ноцолдсон. Такси барих асуудлаас болж маргалдсан. Т.Бгийн биед хохирол учруулаагүй, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн,

Шүүгдэгч С.Г “Т.Бгийн биед хохирол учруулаагүй”  гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “Шүүгдэгч Д.У, С.Г нар гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдоогүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12-р тал/,

- Хохирогч Г.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед найз Д.У, С.Г нарын хамт Богд гол бааранд орсон юм. Бид 3 бааранд орохдоо 2 шил архийг хувааж уучихсан байсан бөгөөд бааранд ороод 1 шил архийг хувааж уусан юм. Тэгээд бид 3 баарнаас 23 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд Д.У, С.Г нар нь түрүүлж гарсан. Би араас нь гарсан юм. Бид 3 баарны дотор байдаг биллиардад байж байгаад гарсан. Намайг гадаа гарахад Д.У, С.Г нар луу танихгүй 4 залуу нь дайраад зогсож байсан. Би тэгэхээр нь салгасан. Тэгтэл С.Гыг Д.У нь цааш авч явсан. Савхитай явсан залуу нь надад хандан чи тэр 2 залуутай цуг явсан гээд шууд намайг гараараа зодож эхэлсэн. Мөн намайг хувцаснаас маань татаж газар унагаасан юм. Тэгээд үргэлжлүүлж дээрээс өшиглөсөн. Би түүнд хандан би буруугүй шүү дээ гэхэд чи хамт явж байсан биз дээ гээд байсан. Би тэгээд хүн аллаа болиоч гэж нэлээн хэдэн удаа хашхирсан. Тэгтэл цэнхэр хантаазтай залуу нь намайг зодож байсан залууг надаас салгасан. Тэгэхээр нь би зугтааж МТ колонкын хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний өмдний халаасанд байсан гар утсыг намайг зодож байсан залуу авчихсан байсан. Тэгээд би эхнэрийгээ дуудаж өөрийнхөө дугаар руу залгахад тэдгээр залуус нэг цэгийн үйлчилгээний гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газарт эхнэрийнхээ хамт очсон. Тэгээд би гар утсаа намайг зодсон залуугаас авч бүгдээрээ цагдаа руу явсан. Цагдаа дээр ирсний дараа араас Д.У, С.Г нар ирсэн. Ийм л үйл явдал болсон. Намайг хар савхитай явсан Т.Б гэх залуу л зодсон бөгөөд харин газарт доошоо хараад хэвтэж байхад өөр хүн цохисон эсэхийг мэдээгүй. С.Г, Д.У нарыг хэн нэгэн нь цохьсон эсэхийг би нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Би хэнд ч гар хүрээгүй бөгөөд С.Г, Д.У нарыг хэн нэгнийг цохьсон эсэхийг хараагүй ээ. Би тухайн үед согтуу байсан мөн цаг хугацаа өнгөрсөн учраас би яг анх яагаад тэдгээр хүмүүстэй маргалдсан талаар санахгүй байна. Ямар ч байсан хар савхитай Т.Б гэх залуу надаас чи надтай бааран дотор маргалдаа биз дээ, танай 2 найз чинь хаана байна гээд л намайг зодож эхэлсэн. Энэ үед С.Г, Д.У нар байхгүй байсан. Мөн тухайн үед Т.Б нь өөрөөсөө гадна цэнхэр хантаазтай нэг хүний хамт хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Намайг Т.Б л зодсон бөгөөд би хэнд ч гар хүрээгүй юм. Бүүр сүүлд нэг залуу нэмэгдэж ирсэн юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20, 22, 24-р тал/,

- Хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр 26-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад найз Цогтбаатар, Наран-Эрдэнэ, Анх-Эрдэнэ, С.Г, Г.Э нарын хамт Богд голын биллиардад орж тоглосон. Тэгээд 23 цагийн үед Цогтбаатар, Наран-Эрдэнэ, Анх-Эрдэнэ нар нь түрүүлээд явчихсан. Тухайн үед биллиард ажиллуулдаг найз Золбаяр маань хамт байсан бөгөөд би дөрөв барагцаагаар 23 цаг 30 минутын үед гарсан юм. Тэгээд Золбаяр шууд гэр лүүгээ явж, С.Г, Г.Э бид 3 такси барих гээд захын тийшээ явсан. Ингээд Богд гол баарны баруун талын хаалганы орчимд явж байтал С.Гыг нэг танихгүй залуу бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Би тухайн С.Г, Г.Э нарын ард зайтай явж байсан. Тэгээд би гүйж очоод С.Г руу дайраад байсан залууг авч салгасан. Салгах явцад С.Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон. Тухайн үед миний ам, хамраас цус гарсан бөгөөд би С.Гыг аваад зугтаасан. Тэр үед Г.Э нь С.Г руу дайраад байсан залуутай хамт явсан 2 залууг салгаад үлдсэн. Тэр 2 залуу нь бас зодолдох гээд байсан. Ингээд би С.Гыг авч захын зүүн талын нэг шаттай худалдааны төвийн шатны хажууд нуугдаад байж байтал Г.Э нь бид нарын хажуугаар жаахан зайтай захын урдуур баруун тийш чиглэлтэй гүйсэн юм. Г.Эы араас нөгөө залуус хэсэг хөөж байгаад зогссон. Тухайн үед С.Гтой маргалдсан залуу нь өөрөөсөө гадна 2 залуу, нэг хүүхний хамт машинтай явсан юм. Тэр хүүхэн нь тухайн машины арын хаалгыг нээчихсэн зогсож байсан юм. Би одоо царайг нь харвал танина. Одоо дүрсэлж хэлж мэдэхгүй байна. С.Гтой анх маргалдсан залуу л миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон юм. Намайг цохьсон залууг ямар хувцастай явсныг ч би анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Би хэнд ч гар хүрээгүй бөгөөд С.Г, Д.У нарыг хэн нэгнийг цохьсон эсэхийг хараагүй. С.Г нөгөө талын хар савхитай залуу буюу Т.Б, мөн цэнхэр хантаазтай залуу нартай маргалдаад зогсож байсан бөгөөд Т.Б нь С.Г руу дайраад нөгөө цэнхэр хантаазтай нь салгах маягтай байсан. Би тухайн үед С.Гын хойно барагцаагаар 4-5 метрийн зайтай явсан бөгөөд эхлэлийг нь харж чадаагүй. Би очоод салгатал үгийн зөрүүгүй Т.Б нь та нар яг яах юм бэ гээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би та нарыг салгаад байна шүү дээ, яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би цэнхэр хантаазтай хүнд хандан энэ хүнээ аваач ээ гэхэд тэрээр Т.Бг цааш авсан. Тэгэхээр нь би С.Гыг авч тухайн газраас холдож явсан. Тухайн үйл явдал эхлэхэд Г.Э бид 2 хамт явсан бөгөөд тэрээр ямар ч байсан болиоч ээ гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Яг намайг тэдгээрийн дундуур орж салгах үед Г.Э харагдаагүй бөгөөд түүний дуу гарч байсан юм. Одоо сайн санаад байхад Т.Б, цэнхэр хантаазтай хүн хоёроос өөр эрэгтэй хүн тухайн маргааны үеэр харагдаагүй бөгөөд нэг хүүхэн л машины хаалга онгойлгочихсон харагдсан. Тэр хүүхний хувцас хунар, биеийн дүр төрхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан машинд суух гэж байгаа юм уу, буусан юм уу машины хаалга онгойчихсон байсан юм. С.Гтой маргалдсан залуу намайг цохьсон болохоор тэр нь Т.Б мөн. Намайг Т.Бгээс өөр хүн цохиж зодоогүй. Намайг харахад лав С.Г нь Т.Бг цохиж зодоогүй бөгөөд би тэр хоёрыг барьцалдаад заамдалцчихсан байхаар нь салгасан. Г.Эыг хараагүй болохоор мэдэхгүй байна" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27, 31-р тал/,

- Хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед найз Ганхуяг, Цэрэнлхам, Батдэлгэр нарын хамт Богд гол нэртэй бааранд орсон юм. Бааранд орохдоо бид нар пиво уучихсан байсан бөгөөд бааранд ороод 1 шил архи, хүний нэг нэг пиво авч хувааж уусан. Тэгээд баар хаах цаг болж бид нар баарнаас гарцгаасан бөгөөд найзууд маань түрүүлж гарсан. Харин араас нь би ширээн дээр үлдээсэн юм бий эсэхийг шалгачхаад гарах гээд явсан. Тэгээд би согтолтын улмаас яг юу болсон, яаж баарнаас гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэр салгаж байсан залуу нь Г.Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би эрүү салчихлаа гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Г.Эыг барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Г.Эыг зодсон юм. Энэ үед тэр 3 залуу болон тэгээд би л байсан бөгөөд надтай цуг явсан Цэрэнлхам, Ганхуяг, Батдэлгэр нар байхгүй, харагдахгүй байсан. Өөр хүн байгаагүй юм. Тэгээд би Г.Эд хандан найзыгаа дууд гэтэл тэр залуу би ганцаараа явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд байж байтал Ганхуяг ах ганцаараа ирээд намайг салгасан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй юм. Би тэгээд Ганхуяг ахад хандан энэ залуугийн найзууд руу нь залга гэж хэлээд тэр залуугийн гараас утсыг нь авч Ганхуяг ахад өгсөн юм. Тэр залуу тэгээд гар утасныхаа кодыг хэлэхгүй, хамт явсан хүмүүсийнхээ дугаарыг хэлэхгүй болохоор нь би түүнд хандан би гар утсыг чинь авч явлаа, эргээд 2 найзыгаа авчхаад утас руугаа залгаарай, эсвэл цагдаа дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд Г.Э нь баарны гаднаас явсан бөгөөд энэ үед такситай Батдэлгэр ирчихсэн байсан. Тэгээд Цэрэнлхам руу залгаж түүнтэй 7-р микрт уулзсан. Ингээд бид нар камерын төвийн гадаа очоод байж байтал тэр залуугийн утас дуугарч Ганхуяг ах авч яриад, энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрийнхээ хамт 2-уулаа ирсэн юм. Удалгүй араас нь 2 залуу ирээд бид 2 хамт явсан ах нь байна гээд ирсэн. Энэ үед цагдаа ирчихсэн байсан юм. Ийм л үйл явдал болсон. Би тухайн үед яг хаана маргалдсанаа санахгүй байна, гэхдээ нэг гэрэлтэй газрын шатан дээр л маргаан болсон юм. Намайг эхлээд бичлэгт гарч буй цагаан судалтай куртиктэй залуу нь миний нүд рүү гараараа 1 удаа цохьсон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл хажуугаас бас арай өндөр залуу нь миний эрүү рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би эрүү салчихлаа гэтэл тэр 3 залуу зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохьсон. Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь буюу Д.У гэгч нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу буюу С.Г гэгч нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Г.Эыг татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан юм. Намайг анх цохьсон залуу нь цагаан өнгийн хувцастай харагдсан бөгөөд одоо бичлэгийг үзэхэд цагаан өнгийн судалтай куртиктэй байсан юм байна. Би шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд Г.Эы биед учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүдийг би гараараа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны 845 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд би бодохдоо цагаан судалтай куртиктэй С.Гыг л цохисон юм. Харин Д.Уыг би цохиогүй байх гэж санаад байна. Би согтуу байсан учир хооронд нь солиод байж магадгүй ээ. Тухайн үйл явдал яг хаана болсон юунаас болж маргалдсанаа би согтолтын улмаас мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р тал/,

- Гэрч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барагцаагаар 22-23 цагийн үед цуг ажилладаг Т.Б, Цэрэнлхам, Батдэлгэр нарын хамт Богд гол бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө бид нар 1 шил архи, 1 шил виски, 1 том пиво уучихсан байсан бөгөөд бааранд ороод шилтэй пиво авч уусан юм. Бааранд архи авсан эсэхээ санахгүй байна. Тэгээд баар хаах дөхөж байсан бөгөөд Цэрэнлхам, Батдэлгэр нар нь такси олж ирнэ гээд түрүүлээд баарнаас гарсан юм. Би араас нь удалгүй ганцаараа гадагшаа гарсан юм. Тэгээд гадаа байж байтал баарнаас нэг хүн гарч ирээд гүйсэн бөгөөд араас нь Т.Б хөөж барьж авсан. Тэгээд Т.Б тэр залуутай ноцолдоод газар унагаачихсан, дээр нь гараад суусан юм. Би очоод Т.Бг болиоч, юу болсон юм бэ гэтэл энэ залуутай явсан 2 залуу намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Т.Б нь тэр залууд хандан хамт явсан хүмүүсээ дууд гээд байсан. Тэгж тэгж Т.Б нь надад нэг гар утас өгөөд та энэ утсыг барьж бай, чи харин хамт явсан хүмүүстэйгээ ирээд энэ утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь бид нар цагдаа дээр ирчихсэн байсан бөгөөд би тухайн үед согтуу байсан юм. Бид гурав л байсан. Цэрэнлхам, Батдэлгэр нар байхгүй байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45-р тал/,

- Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барагцаагаар 22 цагийн үед Ганхуяг, Т.Б, Батдэлгэр нарын хамт Богд гол бааранд орсон юм. Бааранд орохоосоо өмнө бид нар 0,5 литрийн 1 шил архийг хувааж уучихсан байсан юм. Бааранд ороод 1 шил архи, хүний нэг нэг пиво авч уусан юм. Баар хаах болж бид 4 баарнаас хамт гарсан бөгөөд би таньдаг хүнтэйгээ таарч түрүүлээд явчихсан юм. Харин тэр 3 баарны үүдэнд үлдсэн. Би таньдаг эмэгтэйн хамт баарны гаднаас цугтаа урагшаа явж төв зам хүртэл яваад тэгээд баруун тийш МТ колонк хүртэл явсан. Тэгтэл над руу Т.Б залгаж би хүнд зодуулчихлаа, гар утсыг нь аваад үлдчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад Ганхуягийн гэр лүү явсан бөгөөд намайг очиход тэд нар ирчихсэн байсан юм. Тэр 3 такситай ирчихсэн байсан бөгөөд Т.Бгийн нүд нь хөхөрчихсөн байсан, Т.Б тэгээд энэ гар утас нь гээд нэг гар утсыг харуулж байсан. Удалгүй тэр дугаар луу нэг эмэгтэй залгаж, би эхнэр нь байна нөхрийнхөө утсыг авъя, уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Хүүхэлдэйн театрын ард уулзахад нэг залуу нь эхнэртэйгээ ирсэн бөгөөд тэр залуугийн нүд нь хөхрөөд 2-3 газраа шалбарчихсан байсан. Тэгтэл араас нь 2 залуу бас ирсэн бөгөөд мөн цагдаа ирчихсэн байсан. Тэр 2 тэгээд Батдэлгэр рүү дайраад нэг нь Батдэлгэрийг гараараа 1 удаа цохисон юм. Ер нь бид нар бүгдээрээ халамцуу, зарим нь согтуу байсан юм, би тэр маргалдсан 3 залуутай огт таараагүй юм. Тийм бараан өнгийн цулгүй хувцастай нэг залуугийн доод уруул хэсэг нь шалбарчихсан байсан бөгөөд тэр залуу нь Т.Бд хандан чи намайг зодсон гээд байсан. Тэгээд Т.Бд зодуулсан залуу болон Ганхуяг нарыг салгасан, мэдэж байгаа гээд байсан юм. Тэр залуу цагдаа дээр ирчхээд тэгж хэлсэн бөгөөд надад хандан чи бол байгаагүй шүү дээ гээд байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47, 49, 51-р тал/,

- Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн барагцаагаар 22 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг Ганхуяг, Т.Б, Цэрэнлхам нарын хамт Богд гол бааранд орсон юм. Бааранд орохоосоо өмнө бид нар 1 шил виски уусан бөгөөд бааранд ороод 1 шил архи, нэг нэг пивыг хувааж уусан байсан юм. Тэгээд бид нар баар хаах үеэр гарсан бөгөөд би түрүүлээд бааранд зөөгч хийдэг хамаатны эгчийг дагаад Баян худалдааны төв рүү алхаж явсан юм. Тэгээд би Баян худалдааны төвийн хажуугаас ганцаараа такси барьчихаад Ганхуяг руу залгатал Богд гол баарны хажууд нэг нөхөр Т.Бг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би такситайгаа Богд гол руу очтол нэг танихгүй залуу төв зам руу гүйж байсан, харин Ганхуяг, Т.Б нар нь баарны гадаа зогсож байсан. Ингээд бид 3 такситайгаа явж 7-р микрийн урдаас Цэрэнлхамыг очиж авсан. Тэгээд бид 4 камер шүүх гээд Хүүхэлдэйн театрын тийшээ очсон. Ингээд камер шүүдэг хүнийг хүлээгээд байж байтал зодоон хийсэн гэх нэг залуу нь нэг эмэгтэйн хамт ирсэн. Араас нь бас 2 залуу ирсэн юм. Тэгээд маргалдсан бөгөөд нэг залуу нь миний хацар луу хальт 1 удаа гараараа цохисон юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм. Тухайн үед эхнэртэйгээ ирсэн залуугийн нүд нь хөхөрчихсөн байсан, мөн Т.Бгийн нүд хөхрөөд гар нь шалбарчихсан байсан юм. Би маргаан зодоон болох үеэр байгаагүй юм. Тухайн үед би саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар гутал, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн хантаазтай явсан. Бусад маань ямар хувцастай явсныг санахгүй байна. Би халамцуу бусад маань ямар байсныг мэдэхгүй байна. Тухайн үед би баарнаас гарахаасаа өмнө гадаа зогсож байсан цэнхэр өнгийн Приус 30 машин дээр очоод таксинд явах уу гэтэл явахгүй гэхээр нь би буцаад баар луу орсон юм. Би баарнаас гараад Худалдааны гудамжаар яваад Баян руу очсон бөгөөд Богд гол баарнаас баруун урагшаа яваагүй юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 53-р тал/,

- Гэрч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өдөр бүр 20 цагаас шөнийн 00 цагийн хооронд Богд гол бааранд ганцаараа хамгаалагчаар ажилладаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө баар хаах болж байхад нэг эмэгтэй ганцаараа бааранд орж ирээд тасарчихсан юм. Тэгэхээр нь би түүнийг хамгаалагч Нэргүйн хамт гадаа гаргаж өгсөн. Тэгтэл нэг залуу ирээд .манай ахын эхнэр байгаа юм аа гээд тэр эмэгтэйг цааш авч явсан юм. Тухайн үед хөдөлгөөнтөөр үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Нэргүй, Түдэв нар ирчихсэн байсан юм. Ингээд баар хааж бүх хүмүүсээ гаргасан бөгөөд баарнаас сүүлд гарсан 4 залуу нь баарнаас урагшаа Ачит төвийн орчимд хоорондоо маргалдаад байх шиг чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь би хэсэг харж байгаад машиндаа суугаад хөдөлсөн. Би тухайн үед өөрийнхөө Тоёота Приус-30 машинтайгаа явсан юм. Яг намайг хөдөлж байх үед нэг залуу зугтаагаад араас нь 2 залуу хөөгөөд байсан бөгөөд би бодохдоо сүүлд гарсан 4 залуу л хоорондоо муудалцаж байна гэж бодсон юм. Тухайн үед бааран дотор болон баарны гадаа өөрөөр ямар нэг зодоон болоогүй юм. Би болон бусад хамгаалагч нар маань ажлын шаргал саарал өнгийн доогуураа цагаан цацруулагчтай өмд, цамц, гадуураа чернилэн ягаан өнгийн куртиктэй байсан. Намайг явахаас өмнө баарны гадаа болон баарны баруун урагшаа илт зодоон цохион болж байгаа зүйл мэдэгдээгүй, чанга чанга орилолдоод яриад байсан юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 55-р тал/,

- Гэрч Д.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тийм ээ, Батдэлгэр бид хоёр баарны гаднаас хамт алхаж Баянгийн гадаа очоод би Дэнжийн унаанд суусан юм ямар ч байсан манай бааранд 4-үүлээ орж ирсэн бөгөөд би Батдэлгэртэй цуг яваад нөгөө 3 нь хаана байсныг мэдэхгүй байна. Би танихгүй ээ, нэг эмэгтэй ганцаараа бааранд орж ирээд юм авахгүй суусан юм. Анх бааранд орж ирэхдээ л согтуу, ганцаараа ирсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57-58-р тал/,

- Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө жижүүрт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл шөнө дунд Богд гол баарны гадаа зодуулсан, гар утсаа дээрэмдүүлсэн гэсэн дуудлага ирж дуудлагын би түрүүлж аймгийн Камерын хяналтын төв дээр очсон юм. Тэгэхэд зүс үл таних 7 залуу, 1 эмэгтэй нар байсан бөгөөд зарим нь камер шүүлгэж, бусад нь гадаа байсан юм. Тэгэхэд эхнэртэйгээ явсан залуу нь бусдад зодуулсан гээд байж байсан. Мөн тэр залуутай цуг явсан гэх 2 махлаг залуу нь нөгөө талынхаа Т.Б гэх залуу руу заагаад энэ залуу манай найзыг зодсон гэж ярьж байсан юм. Тэгээд гадаа хоорондоо маргалдаад байсан бөгөөд Д.У гэгч нь Т.Бтэй цуг явсан нэг залууг цохиод байсан бөгөөд би яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг очсоноос хойш өөр ямар нэг асуудал болоогүй ээ. Тухайн үед эхнэртэйгээ явсан залуу буюу Г.Э мөн Т.Б нарын нүүр нь цус болчихсон байсан санагдаж байна. Бусад нь зүгээр байсан юм. Тухайн үед Т.Б нь ярихдаа "нэг залууд цохиулаад тэгээд түүнтэй хамт явсан залууг барьж аваад цохисон, гар утсыг нь барьцаанд авсан гэж Г.Эыг зааж яриад байсан юм. Тэгээд Г.Э нь Т.Бд цохиулсан гэж ярьж байсан. Мөн Г.Этай цуг явсан 2 махлаг залуу нь Т.Бг Г.Эыг зодсон гээд дайраад байсан. Өөрөөр хэн нэгэн нь энэнд зодууллаа гэдэг яриа гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 60-р тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай “Г.Эы биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 63-64-р тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 845 дугаартай “Д.Уын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. / хавтаст хэргийн 69-70-р тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай “Т.Бгийн биед эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 77-78-р тал/,

- Шинжээч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-р тал/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: Тусгайлан судлуулах баримт байхгүй гэж,

Хавтаст хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т:

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-р тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-р тал/, Т.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р тал/, С.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б, Д.У, С.Г нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд   

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Эы  зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.У, С.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Т.Бгийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.У, Г.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Г.Эы: “...Савхитай явсан залуу нь надад хандан чи тэр 2 залуутай цуг явсан гээд шууд намайг гараараа зодож эхэлсэн. Мөн намайг хувцаснаас маань татаж газар унагаасан юм. Тэгээд үргэлжлүүлж дээрээс өшиглөсөн. ...Намайг Т.Б л зодсон бөгөөд би хэнд ч гар хүрээгүй юм...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Уын: “...Тэгээд би гүйж очоод С.Г руу дайраад байсан залууг авч салгасан. Салгах явцад С.Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон..." гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Цын: "... Бараан өнгийн цулгүй хувцастай нэг залуугийн доод уруул хэсэг нь шалбарчихсан байсан бөгөөд тэр залуу нь Т.Бд хандан чи намайг зодсон гээд байсан. Тэгээд Т.Бд зодуулсан залуу болон Ганхуяг нарыг салгасан, мэдэж байгаа гээд байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Өийн: “...Яг намайг хөдөлж байх үед нэг залуу зугтаагаад араас нь 2 залуу хөөгөөд байсан бөгөөд би бодохдоо сүүлд гарсан 4 залуу л хоорондоо муудалцаж байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Жийн: “...Тэгэхэд эхнэртэйгээ явсан залуу нь бусдад зодуулсан гээд байж байсан. Мөн тэр залуутай цуг явсан гэх 2 махлаг залуу нь нөгөө талынхаа Т.Б гэх залуу руу заагаад энэ залуу манай найзыг зодсон гэж ярьж байсан юм. ...Тэгээд Г.Э нь Т.Бд цохиулсан гэж ярьж байсан. Мөн Г.Этай цуг явсан 2 махлаг залуу нь Т.Бг Г.Эыг зодсон гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг,  

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 845 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Т.Бгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Д.У, С.Г нар нь бүлэглэн хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч Т.Бгийн: “...Тэгээд би согтолтын улмаас яг юу болсон, яаж баарнаас гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэр салгаж байсан залуу нь Г.Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би эрүү салчихлаа гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Г.Эыг барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Г.Эыг зодсон юм. Энэ үед тэр 3 залуу болон тэгээд би л байсан бөгөөд надтай цуг явсан Цэрэнлхам, Ганхуяг, Батдэлгэр нар байхгүй, харагдахгүй байсан. Өөр хүн байгаагүй юм. Тэгээд би Г.Эд хандан найзыгаа дууд гэтэл тэр залуу би ганцаараа явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд байж байтал Ганхуяг ах ганцаараа ирээд намайг салгасан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй юм. Би тэгээд Ганхуяг ахад хандан энэ залуугийн найзууд руу нь залга гэж хэлээд тэр залуугийн гараас утсыг нь авч Ганхуяг ахад өгсөн юм. Тэр залуу тэгээд гар утасныхаа кодыг хэлэхгүй, хамт явсан хүмүүсийнхээ дугаарыг хэлэхгүй болохоор нь би түүнд хандан би гар утсыг чинь авч явлаа, эргээд 2 найзыгаа авчхаад утас руугаа залгаарай, эсвэл цагдаа дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд Г.Э нь баарны гаднаас явсан бөгөөд энэ үед такситай Батдэлгэр ирчихсэн байсан. Тэгээд Цэрэнлхам руу залгаж түүнтэй 7-р микрт уулзсан. Ингээд бид нар камерын төвийн гадаа очоод байж байтал тэр залуугийн утас дуугарч Ганхуяг ах авч яриад, энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрийнхээ хамт 2-уулаа ирсэн юм. Удалгүй араас нь 2 залуу ирээд бид 2 хамт явсан ах нь байна гээд ирсэн. Энэ үед цагдаа ирчихсэн байсан юм. Ийм л үйл явдал болсон. Би тухайн үед яг хаана маргалдсанаа санахгүй байна, гэхдээ нэг гэрэлтэй газрын шатан дээр л маргаан болсон юм. Намайг эхлээд бичлэгт гарч буй цагаан судалтай куртиктэй залуу нь миний нүд рүү гараараа 1 удаа цохьсон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл хажуугаас бас арай өндөр залуу нь миний эрүү рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би эрүү салчихлаа гэтэл тэр 3 залуу зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохьсон. Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь буюу Д.У гэгч нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу буюу С.Г гэгч нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Г.Эыг татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан юм. Намайг анх цохьсон залуу нь цагаан өнгийн хувцастай харагдсан бөгөөд одоо бичлэгийг үзэхэд цагаан өнгийн судалтай куртиктэй байсан юм байна. Би шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд Г.Эы биед учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүдийг би гараараа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны 845 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд би бодохдоо цагаан судалтай куртиктэй С.Гыг л цохисон юм. Харин Д.Уыг би цохиогүй байх гэж санаад байна. Би согтуу байсан учир хооронд нь солиод байж магадгүй ээ. Тухайн үйл явдал яг хаана болсон юунаас болж маргалдсанаа би согтолтын улмаас мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,  

- Гэрч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарнаас нэг хүн гарч ирээд гүйсэн бөгөөд араас нь Т.Б хөөж барьж авсан. Тэгээд Т.Б тэр залуутай ноцолдоод газар унагаачихсан, дээр нь гараад суусан юм. Би очоод Т.Бг болиоч, юу болсон юм бэ гэтэл энэ залуутай явсан 2 залуу намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Т.Б нь тэр залууд хандан хамт явсан хүмүүсээ дууд гээд байсан. Тэгж тэгж Т.Б нь надад нэг гар утас өгөөд та энэ утсыг барьж бай, чи харин хамт явсан хүмүүстэйгээ ирээд энэ утсаа аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Цын: "..над руу Т.Б залгаж би хүнд зодуулчихлаа, гар утсыг нь аваад үлдчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад Ганхуягийн гэр лүү явсан бөгөөд намайг очиход тэд нар ирчихсэн байсан юм. Тэр 3 такситай ирчихсэн байсан бөгөөд Т.Бгийн нүд нь хөхөрчихсөн байсан, Т.Б тэгээд энэ гар утас нь гээд нэг гар утсыг харуулж байсан. Удалгүй тэр дугаар луу нэг эмэгтэй залгаж, би эхнэр нь байна нөхрийнхөө утсыг авъя, уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Хүүхэлдэйн театрын ард уулзахад нэг залуу нь эхнэртэйгээ ирсэн бөгөөд тэр залуугийн нүд нь хөхрөөд 2-3 газраа шалбарчихсан байсан. Тэгтэл араас нь 2 залуу бас ирсэн бөгөөд мөн цагдаа ирчихсэн байсан. Тэр 2 тэгээд Батдэлгэр рүү дайраад нэг нь Батдэлгэрийг гараараа 1 удаа цохисон юм... Бараан өнгийн цулгуй хувцастай нэг залуугийн доод уруул хэсэг нь шалбарчихсан байсан бөгөөд тэр залуу нь Т.Бд хандан чи намайг зодсон гээд байсан. Тэгээд Т.Бд зодуулсан залуу болон Ганхуяг нарыг салгасан, мэдэж байгаа гээд байсан юм. Тэр залуу цагдаа дээр ирчихээд тэгж хэлсэн бөгөөд надад хандан чи бол байгаагүй шүү дээ гээд байсан юм” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Бийн: “...Баян худалдааны төвийн хажуугаас ганцаараа такси барьчхаад Ганхуяг руу залгатал Богд гол баарны хажууд нэг нөхөр Т.Бг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би такситайгаа Богд гол руу очтол нэг танихгүй залуу төв зам руу гүйж байсан, харин Ганхуяг, Т.Б нар нь баарны гадаа зогсож байсан. Ингээд бид 3 такситайгаа явж 7-р микрийн урдаас Цэрэнлхамыг очиж авсан. Тэгээд бид 4 камер шүүх гээд Хүүхэлдэйн театрын тийшээ очсон. Ингээд камер шүүдэг хүнийг хүлээгээд байж байтал зодоон хийсэн гэх нэг залуу нь нэг эмэгтэйн хамт ирсэн. Араас нь бас 2 залуу ирсэн юм. Тэгээд маргалдсан бөгөөд нэг залуу нь миний хацар луу хальт 1 удаа гараараа цохисон юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм. Тухайн үед эхнэртэйгээ ирсэн залуугийн нүд нь хөхөрчихсөн байсан, мөн Т.Бгийн нүд хөхрөөд гар нь шалбарчихсан байсан юм.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Өийн: “...Яг намайг хөдөлж байх үед нэг залуу зугтаагаад араас нь 2 залуу хөөгөөд байсан бөгөөд би бодохдоо сүүлд гарсан 4 залуу л хоорондоо муудалцаж байна гэж бодсон юм. Тухайн үед бааран дотор болон баарны гадаа өөрөөр ямар нэг зодоон болоогүй юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Жийн: “...Тэгэхэд эхнэртэйгээ явсан залуу нь бусдад зодуулсан гээд байж байсан. Мөн тэр залуутай цуг явсан гэх 2 махлаг залуу нь нөгөө талынхаа Т.Б гэх залуу руу заагаад энэ залуу манай найзыг зодсон гэж ярьж байсан юм. Тэгээд гадаа хоорондоо маргалдаад байсан бөгөөд Д.У гэгч нь Т.Бтэй цуг явсан нэг залууг цохиод байсан бөгөөд би яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй болохоор мэдэхгүй байна. ..Тухайн үед эхнэртэйгээ явсан залуу буюу Г.Э мөн Т.Б нарын нүүр нь цус болчихсон байсан санагдаж байна. Бусад нь зүгээр байсан юм. Тухайн үед Т.Б нь ярихдаа "нэг залууд цохиулаад тэгээд түүнтэй хамт явсан залууг барьж аваад цохисон, гар утсыг нь барьцаанд авсан гэж Г.Эыг зааж яриад байсан юм. Тэгээд Г.Э нь Т.Бд цохиулсан гэж ярьж байсан. Мөн Г.Этай цуг явсан 2 махлаг залуу нь Т.Бг Г.Эыг зодсон гээд дайраад байсан..., гэх мэдүүлэг,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.У, С.Г нарын өмгөөлөгч Б.Т “ Д.У, С.Г нар бүлэглэн бусдын биед хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна, хохирогч Т.Б мэдүүлэхдээ шатан дээр цохиулсан гэж мэдүүлдэг боловч энэ байдал тогтоогддоггүй, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, Г.Этай ноцолдож газар удаа дараа унах үед эрүүнд гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй, эрүүний гэмтэл хэзээ учирсан нь тодорхойгүй эргэлзээтэй, мөн хохирогч мэдүүлэгтээ цагаан цамцтай хүнд цохиулсан тухайгаа мэдүүлдэг боловч тухайн үед цагаан цамцтай хүн явж байгаагүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгуулна” гэж,

Шүүгдэгч С.Г “шүүгдэгч Т.Б би андуу, эндүү ярьж хүмүүсийг хэлмэгдүүлээгүй байгаа гэж хэлдэг, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Шүүгдэгч Д.У “такси барих асуудлаас болж маргалдсан, би С.Гтой муудалцаад байсан залууг салгасан, бид тус бааранд ороогүй, харихаар явцгааж байсан, хэргийг хэрэсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцэж тайлбар гаргасан.

 

 Хэргийн нөхцөл байдал, гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд

Шүүгдэгч Д.У, С.Г, хохирогч Г.Э нар тус баараар үйлчлүүлээгүй болох нь хяналтын камер болон гэрч Б.Өэ, А.Ж нарын мэдүүлгээр,

Харин тус баарны гадаа хохирогч Т.Бтэй тухайн цаг хугацаанд маргаан үүсгэж, зодоон хийсэн болох нь

-хохирогч Г.Эы “...намайг гадаа гарахад Д.У, С.Г нар луу танихгүй 4 залуу нь дайраад зогсож байсан. Би тэгэхээр нь салгасан. Тэгтэл С.Гыг Д.У нь цааш авч явсан. Савхитай явсан залуу нь надад хандан чи тэр 2 залуутай цуг явсан гээд шууд намайг гараараа зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Уын “...ингээд Богд гол баарны баруун талын хаалганы орчимд явж байтал С.Гыг нэг танихгүй залуу бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Би тухайн С.Г, Г.Э нарын ард зайтай явж байсан. Тэгээд би гүйж очоод С.Г руу дайраад байсан залууг авч салгасан. Салгах явцад С.Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон. Тухайн үед миний ам, хамраас цус гарсан бөгөөд би С.Гыг аваад зугтаасан. Тэр үед Г.Э нь С.Г руу дайраад байсан залуутай хамт явсан 2 залууг салгаад үлдсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Бгийн “...Тэгээд би согтолтын улмаас яг юу болсон, яаж баарнаас гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэр салгаж байсан залуу нь Г.Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би эрүү салчихлаа гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Г.Эыг барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Г.Эыг зодсон юм...”

Гэрч Ч.Гийн “...тэгээд гадаа байж байтал баарнаас нэг хүн гарч ирээд гүйсэн бөгөөд араас нь Т.Б хөөж барьж авсан. Тэгээд Т.Б тэр залуутай ноцолдоод газар унагаачихсан, дээр нь гараад суусан юм. Би очоод Т.Бг болиоч, юу болсон юм бэ гэтэл энэ залуутай явсан 2 залуу намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Цын “...тийм бараан өнгийн цулгүй хувцастай нэг залуугийн доод уруул хэсэг нь шалбарчихсан байсан бөгөөд тэр залуу нь Т.Бд хандан чи намайг зодсон гээд байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч нар тэдний өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

Хохирогч Т.Б тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч цохиулсан хүмүүсээ 3-уулаа явсныг, тэдний нэгийг нь араас нь хөөж барьж авч зодсон байдлыг тухайн нөхцөлд мэдүүлж байсан нь гэрч Ч.Гийн мэдүүлэг, хохирогч Г.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Г, Д.У нарыг хохирогч Т.Бгийн биед хохирол учруулаагүй байна гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

Хохирогч Г.Э, Д.У нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Бгийн хохирогч нарыг цохисон үйлдэлтэй, хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.У, С.Г нарын хохирогч Т.Бг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч нар нь өөрдсийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11 дэх заалтад “бүлэглэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан тохиролцохгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл бүлэглэн гүйцэтгэх нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгох бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байдаг.

 

Иймд шүүгдэгч Д.У, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.У, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулан үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд,тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Т.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Э, Д.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Г.Э, Д.У нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж,

Шүүгдэгч Д.У, С.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч нар нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У, С.Г нарт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Т.Б нь “хэлэх саналгүй” гэсэн,

Шүүгдэгч Д.У нь “хэлэх саналгүй” гэсэн,

Шүүгдэгч С.Г нь “хэлэх саналгүй” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т “шүүгдэгч Д.Т.Бд ял оногдуулахдаа түүний тухайн нөхцөл байдлыг андуурч гэмт хэрэг үйлдсэн байдал мөн хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР