Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2022/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.*******-д холбогдох,

Сургалтын төлбөр 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00548/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1979 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, Сэлэнгийн хэсгийн 308 тоотод оршин суух, гацуурхан цэцэрлэгийн туслах багш ажилтай, Борнууд овогт Цэвээндоржийн Болортуяа /ГН*******/, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие нь Ц.Болортуяа Ц.******* нарын гэр бүлд 2003 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Ээж аав 2 маань 21 жил хамтран амьдраад 2020 оны 5 дугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ үед насанд хүрээгүй 3 хүүхэд ээжтэйгээ үлдэж, 2 дүүд маань тэтгэлэг төлөхөөр болж харин намайг оюутан болохоор сургалтын төлбөрийг нь төлье гэхээр нь ээж тэтгэлэг авахаас татгалзсан гэсэн.

Би 2021 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөж Их Засаг ОУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцахаар элсэн ороод одоо сурч байна. Манай сургуулийн энэ жилийн сургалтын төлбөр 3.300.000 төгрөг бөгөөд би сургуульдаа явахаас өмнө аав дээр очоод та надаа сургалтын төлбөр өгөөч гэхэд мөнгө байхгүй юугаа өгдөг юм гэхээр нь ядаж байрны төлбөр өгчихөөч гэхэд нэг ч мөнгө өгөөгүй тул би төлбөрийг нь төлөх мөнгөгүйгээс байранд орж чадалгүй одоо айлын царай харан амьдарч байна. Мөн сургалтын төлбөрийг бүрэн төлөөгүй тул байнгын нэхүүлтэй хэцүү байна.

Ээжид миний төлбөрийг өгнө гээд тэтгэлэг төлөөгүй аав *******ас миний энэ жилийн сургалтын төлбөр болох 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 сарын 20-ны өдрийн шүүх хурлаар 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудал яригдсан. Тухайн үед энэ хүн 2 хүүхдийн тэтгэлэг төлье. Том охиныхоо тэтгэлгийг төлөхгүйгээр оюутан болох үед нь сургалтын төлбөрийг нь төлье гэсэн. Тэгээд том охиндоо тэтгэлэг тогтоолгоогүй. Охин маань оюутан болоод сургалтын төлбөр эсвэл байрны түрээсийн мөнгө өгөөч гэхэд аав нь юу ч байхгүй гээд өгөөгүй. Тэгээд охин маань өдөржин уйлсан. Энэ хүн хүүхдүүддээ юу ч өгдөггүй. Би 500,000 төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ 350.000 төгрөгийг нь зээлэнд төлдөг. Би 4 хүүхэдтэй тул цалин хүрдэггүй. Охиныхоо сургалтын төлбөрийг төлж чадахгүй байна. Охин маань Их засаг их сургуулийн эрх зүйн ангид сурдаг. Төлбөр нь 3.300.000 төгрөг. Энэ жил дотуур байранд оруулж чадаагүй. Айлд байдаг. Тиймээс сургалтын төлбөрийг гаргуулна гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.******* миний бие 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Болортуяагийн хүсэлтээр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Энэ хүний нэхэмжилсэн 56.870.000 төгрөгийн хөрөнгийг өгсөн. Шүүхээс надад 3 хүүхдийн тэтгэлэг төлөхийг шаардсан боловч 2 бага хүүхдээ тэтгэлэг өгөөд 2 том хүүхэддээ нэхэмжилсэн 56.870.000 төгрөгийг хөрөнгөө өгөөд гэр бүлээ цуцлуулсан. Надад 20.000.000 төгрөгийн хөрөнгө үлдсэн байсныг Ц.Болортуяа нь бүх үгийг ашиглаж надад үлдсэн хөрөнгийг шүүхээр шийдвэрлэж авсан. Шүүхээр шийдвэрлэх үед охин Ц.******* 17 настай байсан ба би өөрийн хөрөнгөө үлдээсэн учраас ээж Ц.Болортуяа тэтгэлгээс хаслуулсан. Тухайн үед би сургалтын төлбөр өгнө гэж огт хэлээгүй. Би өөрийн хүсэлтээр банкны зээл болох 8.000.000 төгрөг, хувь хүний зээл болох 2.500.000 төгрөгийн өрийг тус тус нэр дээр авч гарч ирсэн. Одоо болтол төлж дуусаагүй байна. Би түрээсийн байранд ажиллаж амьдарч байна. Модоор мужааны ажил хийдэг. 8 сараас хойш материал олдохгүй олдоц муутай байна. 2 хүүхдийн сарын 320.700 төлж чадахгүй 4 сар болж байна. Охин Д.*******тай утсаар ярих үед би тийм өргөдөл гараагүй юу ч мэдэхгүй гэсэн. Аав хүүхдийн хооронд хагарал үүсгэж хүний эрхийг зөрчиж байна. Би боломжороо охиндоо 50.000-100.000 төгрөг өгдөг. 2 жилийн өмнө хүүхдээ 100.000.000 төгрөгийн хөрөнгө шүүхээр өгсөн. Энэ хөрөнгө өнөөдрийн ханшаар их эд хөрөнгө болно. Иймд үнэн зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Төлөх чадваргүй болохыг Ц.Болортуяа сайн мэдэж байгаа энэ үйлдлийг санаатайгаар хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэддээ нэг ч төгрөг өгдөггүй гэдэг нь худлаа. Би мөнгө өгдөг. Саяхан хувцасны мөнгө хэрэгтэй гэхэд нь өгсөн. Шүүхэд хандсанаас нь хойш мөнгө өгөөгүй. Намар оюутан болоод явахад нь надад үнэндээ боломж байгаагүй. 7 сард 1.500.000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлсөн. 8 сард дахиад 1.500.000 төгрөг өгсөн. Сургуульд явахад нь аавд нь мөнгө байхгүй гээд явуулсан. Энэ хүн дандаа шүүхэд хандаж намайг далайлгадаг. Орон нутгийн хүн бужигнасан газар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг дуудаж намайг баривчлуулна гэж байна. Ёс зүйгүй асуудал их болж байна. Би бүх хөрөнгөө өгсөн. Би оюутны төлбөрийг төлнө гэж хэлээгүй. Гэрлэлт цуцлах шүүх хуралдаанд охин ******* жилийн дараа 18 нас хүрэх тул тэтгэлэг төлөхгүй байя гэж гуйсан. Энэ хүн охинд маань аав чинь чамд өгөх тэтгэлгийн мөнгийг дансандаа хийсэн байгаа, уг мөнгийг өгөхгүй болохоор нь шүүхэд хандаж байгаа гэж хэлсэн байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан сургалтын төлбөр 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ аав ******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр намайг оюутан болохоор сургалтын төлбөр төлнө гэсэн тул сургалтын төлбөр 3.300.000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч Ц.******* нь гэрлэлт цуцлуулахдаа 2 бага хүүхэддээ тэтгэлэг төлж, 2 том хүүхэд болон эхнэртээ нэхэмжилсэн хөрөнгө болоод өөрт байсан бүх хөрөнгөө өгсөн, сургалтын төлбөр төлнө гэж хэлээгүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Ц.*******д холбогдуулан сургалтын төлбөр 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67.750 /жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН