| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0256/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/264 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/264
2024 06 11 2024/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Г.А,
Шүүгдэгч Д.Н,
Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н нарт холбогдох эрүүгийн 2325003340*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Г.Ж
Хоёр. Монгол Улсын иргэн, Д.Н
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдааны гудамжинд хохирогч Д.Нтэй “Э.Быг цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож уг маргааныг таслан зогсоосны дараагаар бэлэн хувцасны павилоны хагарсан цонхны шилийг авч зүсэж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний хараагүйдэл /баруун нүд үнэлэгдэхгүй, зүүн нүд 6/6, баруун нүдний алимын гэмтэл, эвэрлэгийн урагдал, баруун ухархайн дотор, доод хана, эмтойд хөндий, зүүн гайморын хөндий арын ханын хугарал, баруун доод зовхинд шарх, дух, хүзүү зулгаралтын нөсөө, нуруунд сорви” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдааны гудамжинд хохирогч Г.Жийг Э.Бг өмөөрсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Нийг хохирогч Г.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Жийг хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн,
Шүүгдэгч Г.Ж нь “хүний биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна...” гэсэн,
Шүүгдэгч Г.Жийн өмгөөлөгч Ц.Э: “хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулж, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс улсын яллагч:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг /1-р хх-ийн 10-35, 2-р хх-ийн 177-183-р тал/,
2. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Худалдааны гудамжны хяналтын камерын бичлэгт” дахин үзлэг хийсэн талаарх: “...00 цаг 22 минут 03 секунтэд Д.Нийг хар өнгийн савхитай саравчтай малгайтай залуу хойш түлхээд гарч ирж байна. 00 цаг 22 минут 03 секунтэд Д.Н Г.Жийг цохиж байна. 00 цаг 22 минут 07 секунтэд Д.Н, Г.Ж хоёроос өөр хүнй хажууд нь байхгүй байна. 00 цаг 22 минут 13 секунтэд Д.Нийг Г.Ж цохиж байхад саравчтай малгайтай залуу салгах гэж оролдож байна. 00 цаг 22 минут 21 секунтэд Д.Нийг, Г.Ж цохиж байхад салгаж байсан саравчтай малгайтай залуу гурав дээр Батсайхан явж очиж байна. Цааш Пүрэвсүрэн гэх эмэгтэй гүйж байна. 00 цаг 22 минут 41 секунтэд Д.Нийг, Г.Ж дахиж цохиж авав. 00 цаг 24 минут 31 секунтэд Д.Нийн араас Г.Ж гүйж очоод ар нуруу луу нь цохиж байна. 00 цаг 24 минут 35 секунтэд хар өнгийн савхитай, саравчтай малгайтай залуу Д.Н, Г.Ж хоёр дээр гүйж очоод салгах гэж Д.Нийн араас татав. 00 цаг 24 минут 38 секунтэд цацруулагчтай гуталтай Мөнхбат Г.Жийн араас очоод нуруу хэсэг рүү өшиглөж байгаа харагдаж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 177-183-р тал/,
3. Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед би найз Мөнхбаяр болон Мөнхбаярын ажлын газрын 2 хүнтэй дөрвүүлээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах “Вегас” гэх нэртэй бааранд орсон. Тэгээд бид дөрөв тухайн бааран дотор пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз Мөнхбаярыг хажуу талд нь бүжиглэж байсан үл таних 1-2 эрэгтэй хүн түлхэж Мөнхбаяртай маргалдаад байсан. Тэгээд би хамт байсан хоёр залуутай Мөнхбаярыг салгаж аваад өөрсдийн сууж байсан ширээн дээр очиж суусан. Удалгүй баар хаах цаг болж 00 цагийн үед Мөнхбаяр болон хамт явсан ажлын газрын хоёр залуутай баарнаас гараад хойшоо худалдааны гудам руу гарахаар явж байхад нарийн гудамжинд 10 гаруй эрэгтэй хүмүүс 1 эмэгтэй хүнтэй зогсож байсан. Тэгээд бид дөрөв хажуу талаар нь гарч хойшоо явах гэхэд тэнд байсан эрэгтэй хүмүүс бид нарыг явуулахгүй хэрүүл маргаан хийж бид нарыг тал талаас барьж хойшоо худалдааны гудамж руу гарсан тэгээд худалдааны гудамж руу гараад зогсож байхад намайг тэнд байсан хүмүүс тал талаас цохиод байсан тэгэхээр нь и толгойгоо хамгаалж байхад миний хажуу талаас олон гар орж ирж намайг цохисон би өөрийгөө хамгаалж гараараа толгойгоо хамгаалсан байсан болохоор хэдэн хүн цохисныг хараагүй ээ. Тэгээд намайг зодож байгаад хэсэг зодохоо больсон тэгэхээр нь би дээшээ өндийж тухайн хүмүүст та нар намайг яаж байгаа юм бэ гэхэд намайг 2-3 бүдүүн эрэгтэй хүн ирж, миний өмсөж явсан цамцны зах хэсгээр миний хоолойг боож дахиад тал талаас намайг цохиж эхэлсэн тухайн үед манай найзууд тэр хавьд байхгүй байсан. Тухайн хүмүүс намайг барьж авчхаад 4-5 минут зодсон. Тэгээд намайг зодож байхдаа бөөндөө түлхэж худалдааны гудамжинд байсан лангууны цонхийг миний толгойны ард талын дагз болон нуруу хэсгээр мөргүүлж хагалуулсан. Намайг зодож байхдаа манай найзууд ирж намайг салгаж авах гэхэд цаанаас дахиж хүмүүс ирж намайг өшиглөж цохиж зодсон. Тэгээд би тухайн намайг зодож байсан дөнгөж салаад холдох гэхэд махлаг биетэй өнгийн санахгүй байна футболк өмссөн залуу гартаа лангууны хагархай шил барьж ирээд намайг цохих гэж дайрсан эхэлж цохиход нь би бултсан тэгэхэд тухайн залуугийн гар нь миний толгой дээгүүр гарч гараа буцаахдаа гартаа барьсан шилээрээ миний баруун талын нүдийг зүссэн. Тэгэхээр нь би нүдээ дараад цааш 2 метр орчим газар зугтаасан. Намайг зугтаахад шил барьж миний нүдийг зүссэн залуу миний хойноос хөөж гартаа барьсан байсан шилээрээ миний нурууны дээд хэсэгт 2 цохиж буюу шилээрээ зоосон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс дахиж над дээр ирж намайг нийлж зодсон. Би нүдээ зүсүүлснээс хойш намайг ямар хүн хаашаа цохиж байхыг хараагүй олуулаа намайг цохиод байсан. Тэгээд би нүдээ дараад доошоо суухад намайг шилээр цохисон залуу “намайг битгий уурлуул гэж та нарт хэлсэн, би чамайг ална” гэж хэлж байсан. Би тэрийг сайн сонссон. Би тухайн нүдээ дараад сууж байсан газартаа 5-10 орчим минут нүдээ дарж цусаа гоожуулж суусан. Тэгэхэд манай найзууд намайг зодсон хүмүүстэй та нар хүний нүд зүсчихлээ гэж хэлээд хоорондоо маргалдаад байх шиг байсан тухайн үед миний толгой эргээд би босож чадахгүй байсан. Тэгэхэд намайг зодсон хүмүүстэй хамт явж байсан нэг эмэгтэй болон нэг эрэгтэй хүн манай найзуудтай хамт намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би нүдээ зүсүүлснээс болж Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт 3 удаа хагалгаанд орж миний баруун талын нүд дахин хараа сэргэхээргүй болсон би одоо дахин нэг удаа нүдний хагалгаанд орно. Миний баруун талын нүд дахиж юм харахааргүй болсон. Би сэтгэл санаа болон бие махбодоороо маш их хохирч байна. би цаашдаа ийм нүдтэй ямар ажил хийхээ мэдэхгүй байна намайг ажилд авахгүй байх маш их сэтгэл санаагаар унаж байна. Нэг нүдээрээ юм харж явахад маш хэцүү байна баруун талаараа юм мөргөж байна. Хагалгаанд ороход миний хамраас шилний үлдэгдлүүд гаргаж авсан тэрнээс болж миний хамраас байнга цус гарч байна амьсгалахад хэцүү байна мөн миний нүд болон толгой байнга хатгуулж өвдөж байгаа тэрнээс болж толгой эргэдэг болсон. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/,
4. Хохирогч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймагт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед ажлын газрын хамт олон болох Батсайхан түүний эхнэр Пүрэвсүрэн, Чимэддорж ах түүний ах нь нэрийг мэдэхгүй, Булгантамир, Мөнхбат, Нямсамбуу, Раднаа түүний эхнэр байсан нэрийг нь мэдэхгүй байна хүмүүсийн хамт орсон. Тэгээд бид нар тухайн караокены газар сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гараад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Вегас” гэх баар луу 23 цаг 40 минутын орчим орсон. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байгаад би Мөнхбатын хамт бие засахаар баарнаас гарсан тухайн баар нь дотроо бие засах өрөөгүй байсан болохоор гарч бие зассан. Бие засчхаад буцаж баар луугаа орох гэхэд баарны гадна талд 3-4 эрэгтэй хүн тамхи татаж зогсож байгаад Мөнхбат бид хоёрын араас тамхины ишээ шидээд байсан Мөнхбат бид хоёр юм дугаралгүй шууд баар луугаа орсон. Тэгээд бааран дотор ороод байж байхад Мөнхбат бид хоёр луу тамхины иш шидээд байсан хүмүүс ороод ирчихсэн бид нарыг бүжиглэж байхад манай ажлын залуу болох Батсайханыг мөрөөрөө түлхэж буюу шүргэж гараад намайг тооцоо хийх гэж тухайн баарны тек лүү очих гэхэд гадаа тамхи татаж зогсож байсан 4 залуугийн нэг том биетэй залуу намайг мөрөөрөө түлхэж буюу мөрлөсөн. Тэгэхээр нь би юм дугаралгүй танихгүй газар байгаа болохоор хүнтэй муудаалцаад яахав зөрөөд явсан. Тэгээд би тооцоогоо хийчхээд буцаж ширээн дээрээ ирж хэсэг сууж байгаад би Батсайхан ах түүний эхнэр Пүрэвсүрэн эгч бид гурав түрүүлж гарсан. Тэгээд бид гурав баарны гадна талд нарын гудамжаар хойшоо гарах гээд явж байхад Батсайхан ахыг бааран дотор өдөөд байсан 4-5 хүн гарч ирээд цохисон тэгэхээр нь би очиж Батсайхан ахыг цохисон нэг залуугийн өмсөж явсан куртикнээс нь нь бариад авсан чинь тэнд байсан 4-5 хүн намайг бүгд миний толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон тэгэхэд Пүрэвсүрэн эгч ирж тухайн хүмүүсийг надаас салгасан тэгэхээр нь би Батсайхан ахыг цохисон залуугийн куртикнээс барихаа больж тавьсан. Тэгээд би тухайн залууг тавихад тэнд байсан 4-5 эрэгтэй хүн хойшоо гудамж руу гараад зүүн гар тийшээ явсан. Тэгээд Пүрэвсүрэн эгч Батсайхан ах бид гурав зогсож байхад бид нарыг араас хамт явж байсан Чимэддорж ах нь нэрийг нь мэдэхгүй байна Булгантамир, Мөнхбат, Нямсамбуу нар гарч ирээд бид нар нарын гудамжнаас хойшоо гарч баруун талд зогсож байсан машин руугаа явсан... Тэгээд бид нарыг машин луугаа явж байхад бид нарыг араас баарны гадаа нарыг гудамжинд муудалцаад байсан 4-5 хүн бид нарын ард талаас орилоод байсан би юу гэж орилоод байсныг нь санахгүй байна. Тэгээд орилоод байхаар нь би тухайн залуучууд дээр очоод нэг намхан залуугийнх нь өмсөж явсан хувцасных нь энгэрээс нь барьж авсан тэгэхэд тэнд байсан 4-5 залуу намайг тойрч гараараа миний толгой хэсэг рүү цохиж мөн миний шилбэ хэсэг рүү өшиглөж миний өмсөж явсан хувцасны зах хэсгээр миний хоолойг боож урагш татаж газар унгаасан тэгээд намайг газар уначихсан байхад цээж хэсэг рүү өшиглөж миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намайг зодуулж байхад надтай хамт явж байсан хүмүүс ирж салгасан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна нэг сэргэхэд цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-50-р тал/
5. Иргэний нэхэмжлэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Худалдааны гудамжинд бэлэн хувцасны павилон ажиллуулдаг. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчим би өөрийнхөө ажиллуулдаг павилон дээр очиход манай павилоны урд талын гадна нэг шилийг хагалчихсан ойр хавь нь цус болчихсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа манай цонхийг хагалсан гэх хүн ирж манай цонхийг янзалж төлж барагдуулж өгсөн. Манай лангууны цонхийг янзлаад өгчихсөн болохоор надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-р тал/
6. Иргэний нэхэмжлэгч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Худалдааны гудамжинд бэлэн хувцасны павилон ажиллуулдаг. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим би өөрийнхөө ажиллуулдаг павилон дээр очиход манай павилоны урд талын гадна нэг шилийг хагалчихсан би цагдаад мэдэгдэж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа манай цонхийг хагалсан гэх нэг залуу ирж манай цонхийг янзалж төлж барагдуулж өгсөн. Манай лангууны цонхийг янзлаад өгчихсөн болохоор надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-р тал/,
7. Гэрч Ц.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгаас над руу залгаад Д.Нийн ар гэрийн хүн мөн үү. Эмнэлэг дээр байна хүнд гэмтэлтэй яаралтай хот руу явах шаардлагатай байна гэхээр нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очиход баруун талын нүдэндээ хүнд гэмтэлтэй яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэсэн юм. Нүдэндээ хүнд гэмтэлтэй яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/,
8. Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд нөхөр Батсайхан, Батсайханы ажлын газрын Жийгээ /Г.Ж/, Булгантамир, Томоо, Чимэдээ, Чимэдээгийн ах, Нямаа гэх залуучуудын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас гэх нэртэй баар луу орсон юм. Тэгээд бүгд 1, 1 шилтэй сэнгүр пиво захиалж ууцгаасан юм. Тухайн бааранд байхад дөрвүүлээ явж байсан залуучууд надтай явж байсан хүмүүс хоорондоо маргалдаад байсан юм. Гэхдээ зодоон хийгээгүй хальт маргалдаад салцгааж байсан юм. Тэгээд 00:00 цаг болоод баар хаагаад баарны үүдэнд нүд нь гэмтсэн залуутай, Чимэдээ хоорондоо мөрлөлцсөн гээд муудалцаж эхэлсэн юм. Тэгсэн манай нөхөр Батсайхан, Нямсамбуу бид гурав больцгооё гээд хамт явсан хүмүүсээ дагуулаад явж байсан юм. Тэгээд Богд гол баарны ард талд худалдааны гудамжинд Чимэдээ, Г.Ж болон манай нөхөр Батсайхан нар нь тэр дөрвөн залуутай маргалдсан. Дахиж маргалдаж байгаад салаад бид нар аюулгүйн тойрог тал руу, нөгөө дөрвөн залуу 3-24 дүгээр байрны төв зам тал руу явцгаасан юм. Богд гол баарны арын сандал дээр Г.Жийг суулгаад бид нар хоорондоо юм яриад зогсож байсан чинь тэр дөрвөн залуу буцаад хүрээд ирсэн юм. Бид нарын хажуугаар зөрөхдөө нүд нь гэмтсэн гэх залуу одоо үзчихье гээд Г.Жтой барилцаж аваад гурван найз нь цаашаа яваад өгсөн чинь Нямсамбуу, Батсайхан, Булгантамир нар нь нөгөө гурван найзынх нь араас очоод больчих найзыгаа аваад явчих гээд хэлсэн юм. Тэгээд Г.Жтой ноцолдоод байсан нүд нь гэмтсэн залууг салгаад найзуудынх нь араас явуулсан юм. Тэгсэн хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна нэг мэдсэн Г.Жтой барьцалдаад байсан залуу явган суучихсан нүднээс нь цус гоожиж байсан. Тэгээд найзуудаар нь гэрэл тусгуулж харсан чинь зовхи нь сэтэрчихсэн байна гэж бодоод эмнэлэг оръё гээд Нямсамбуу жолоо бариад 2 найзтай нь цуг эмнэлэг явсан юм. ...”, “...Доогуураа жинсен өмдтэй, дээгүүрээ саарал өнгийн футболктой Г.Ж Д.Н рүү дайрч байна. Хүмүүс салгах гээд очиход үсэрч ирээд өшиглөж байгаа хүрэн шаргал өнгийн өмдтэй ажлын гуталтай залуу Мөнхбат байна. Гэхдээ камерын бичлэгт Г.Жийн нуруу жийж байгаа харагдаад байна. Хохирогч Д.Н рүү Г.Ж өөрөө зодуулчхаад, бас намайг өмөөрөөд дайраад байхаар нь Нямсамбуу, би, Батсайхан, Булгантамир, Мөнхбат нар салгах санаатай тэр хоёр дээр очсон. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63, 2-р хх-ийн 164-р тал/,
9. Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баар луу өмнө нь хамт ажиллаж байсан найз Батсайхан, Батсайханы эхнэр болон хоёртой хамт явж байсан найзуудтай нь хамт 7 уулаа орсон юм. Тэгээд би автомашин жолоодож байсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хамт явсан хүмүүс 1, 1 шилтэй Сэнгүр пиво авч уусан юм. Тэгээд тэд нар бүжиглэж байгаад баарны дуу зогсоод 00:00 цаг өнгөрч байхад баарнаас гарсан юм. Намайг хамгийн сүүлд Батсайханы эхнэр болон хамт явсан нэг залуутай баарнаас гарсан чинь баарны үүдэнд Жийгээ /Г.Ж/ гэх залуу тэд нар намайг мөрлөчихлөө гээд байж байсан. Тэгээд Жийгээ гэх залуутай маргалдаж байсан гэх залуучууд Вегас баарны хойд хаалгаар гараад Худалдааны гудамж руу явж байсан чинь Жийгээ гэх залуу болон хамт явсан найзууд нь араас нь гүйгээд явчихсан юм. Тэгэхээр нь би араас нь гүйгээд очсон чинь хоорондоо маргалдаад байсан юм. Тэгээд би зарим хүмүүсийнх нь дундуур орж салгаж байсан юм. Тэр хамт явсан залуучууд надтай хамт байгаа залуучуудтай маргалдахаа болиод Төрийн банк тал руу явахдаа хэрэлдээд байсан юм. Би та нар битгий үгээр идээд бай явцгаа гэсэн чинь орилж хашхирч байгаа явцгаасан юм. Тэгээд явчихлаа гэж бодсон чинь 5 минут орчмын дараа маргалдаад байсан 4 залуу буцаад гараад ирсэн юм. Дахиж буцаж гарч ирээд Төрийн банкны барилгын буланд орилж чарлаад нааш ир гээд байсан юм. Удалгүй нөгөө 4 залуу буцаж алхаад бид нарыг худалдааны гудамжны сандал дээр сууж байхад дундуур гараад явсан юм. Харанхуй байсан болохоор уучихсан байсан хүмүүс маргалдсан хүмүүсээ танихгүй байсан чинь цаашаа явж байгаад нөгөө хэдэн залуучууд орилж хашхичаад гадуур хувцсаа тайлаад үзэх үү гээд байсан юм. Удалгүй тэр залуучууд дээр надтай хамт явсан хүмүүс очоод зодолдоод байсан юм. Наад талд нь Жийгээ /Г.Ж/ гэх залуу нэг залуутай нь барьцалдчихсан байхаар нь салгаад нөгөө хэдийг нь болиулчхаад хамт явсан нэг залуутай нь боль гэж хэлсэн биз дээ гэж хэлчхээд буцаад нөгөө маргалдаж байсан хүмүүс дээр очсон чинь бөөндөө овоороод маргалдаад байсан юм. Жийгээ цаана нүд нь гэмтсэн гэх залуутай дахиад зодолдоод байхаар нь би очоод салгасан юм. Очоод салгасан чинь Жийгээтэй зодолдож байсан залуугаас цус гоожоод байсан юм. Тухайн үед цус хаанаас гэдэг нь харагдахгүй байсан бөгөөд манай найз Батсайханы эхнэр цааш нь Жийгээг аваад явж байсан юм. Тэгээд би Батсайханы эхнэрийн хамт Жийгээтэй зодолдож байсан залууг эмнэлэг рүү авч явсан юм. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд баруун нүд нь гэмтчихсэн байсан. ...”, “...камерын бичлэгийг харахад бол Д.Н рүү Г.Ж зодож байгаа харагдаж байна. Гэхдээ Д.Н түүний найзуудад өмнө Г.Ж баарны гадаа зодуулчихсан болохоор Д.Н рүү Г.Ж дайраад байгаа юм. Батсайхан, Пүрэвсүрэн, Мөнхбат, Булгантамир, Чимэддорж бид нар бол Д.Н түүний найзуудтай маргалдаж зодолдоогүй учир Г.Жийг салгах гээд бужигналдаад байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66, 2-р хх-ийн 169-р тал/,
10. Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад би найз Д.Н, Батуу нарын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас нэртэй бааранд орсон юм. Тэгээд байж байтал манай найз Сосорбарам гэх залуу бас ирсэн юм. Тэгээд бид дөрөв 2, 2 шил 0.5 литрийн Сэнгүр, 1 шил 0.75 литрийн Агар нэртэй архи уусан юм. Тэгээд баар хаагаад баарнаас гараад худалдааны гудамжинд бааранд байсан хүмүүстэй бид дөрөв маргалдсан юм. Тэгээд хэсэг маргалдаж байгаад бид дөрөв салаад Төрийн банк тал руу явж байгаад буцаад гэр лүүгээ явцгаая гээд аюулгүй тойрог тал руу худалдааны гудамжаар явж байсан чинь манай найз Д.Н хойно баарнаас гараад маргалдаж байсан хүмүүс дунд үлдчихсэн байсан юм. Сосорбарам, Батуу бид гурав Д.Нийг хойно үлдсэн гэдгийг 20-30 метр явж байгаад мэдсэн юм. Бид гурвыг явж байхад хойноос 2-3 залуу ирж муудалцаад байсан чинь нэг залуугийнх нь эхнэр ирээд бид нарыг салгаж байсан юм. Тэгээд салгаад боль гэж байхад нь би Д.Н дээр очиход баахан хүмүүс тойроод зогсчихсон байсан бөгөөд намайг дундуур нь орсон чинь хүний гар орж ирээд намайг цохиод байсан. Тэгээд тэр хүмүүсээс салчхаад эргээд найз Д.Н дээр очиход нүүрний баруун талын хэсгийг дарчихсан, цус нь гоожчихсон явган сууж байсан. Тэгээд нөгөө маргалдаж байсан хүмүүстэй хамт явж байсан эмэгтэй болон нэг залуугийн хамт найз Д.Нийг аваад автомашинаар нь эмнэлэгт очиж Д.Нийг үзүүлсэн бөгөөд баруун нүд хүнд гэмтэл авсан байна гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-р тал/,
11. Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 10-нд би найз Нямдоржийн гэрт байж байхад манай найз Мөнхбаяр нь над руу 5-6 цагийн орчим над руу залгаад уулзах уу гэж хэлээд манай найзын гэрийнх нь гаднаас намайг ирж авсан. Мөнхбаяр нь намайг ирж авахдаа Д.Н гэх залуутай хамт явж байсан. Тэгээд Мөнхбаяр, Д.Н бид гурав машин дотор гар утсаараа хэсэг тоглож байгаад 20цагийн орчим Дэнж багт байрлах нэрийг мэдэхгүй караоке орж 20-30 минут дуулж Мөнхбаяр бид хоёр нэг нэг шилтэй 0,5 литрийн пиво уусан харин Д.Н гэх залуу нь уугаагүй машин барьж байсан. Тэгээд Мөнхбаяр, Д.Н бид гурав тухайн караокеноос гараад Уурхайчин багт байрлах Вегас гэх нэртэй бааранд 21-2 цагийн орчим орсон. Тэгээд Мөнхбаяр, Д.Н бид гурав пиво болон 0,75 литрийн 1 шил архи аваад уугаад сууж байхад Мөнхбаярын ажлынх нь залуу Сособарам гэх хүн ирж бид гуравтай хамт суусан. Бааранд дотор сууж байхдаа Мөнхбаяр, Д.Н, Сособарам бид дөрөв нэг хүний 2-3 пиво мөн 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд тухайн баар нь хаах гэж байхад нь 00 цагийн орчим Мөнхбаяр, Д.Н, Сосорбарам бид дөрөв, тухайн баарнаас гараад явж байхад Мөнхбаяр, Д.Н, Сосорбарам бид дөрөвтэй баарны гадна байсан хүмүүс шүргэж мөрлөсөн шалтгаанаар маргалдаад байсан тэгэхээр би найзуудыгаа салгаж баарны хашаанаас нь хойш түлхэж гаргасан. Намайг найзуудыгаа баарны хашаанаас гаргаж байхад бид нартай маргалдах гээд байсан хүмүүстэй хамт явж байсан нэг эмэгтэй хамт явж байсан хүмүүсээ салгаж холдуулаад байсан. Тэгээд би Мөнхбаяр, Д.Н, Сосорбарам нарын хамт хашаанаас гараад Уурхайчин баг тал руугаа явж байгаад таксинд суух газар эсрэг талд байсан тул буцаж худалдааны гудамжаар ороод явж байхад бид нартай бааранд маргалдаж байсан хүмүүс худалдааны гудамжинд сууж байсан. Тэгээд бид нар тоохгүй хажуу талаар зөрөөд явж байхад тухайн хүмүүс бид нар луу орилоод байсан тэгэхээр нь бид нар тоохгүй явж байхад гэнэт манай найз Д.Н алга болчихсон байсан тэгэхээр нь би иргэж хартал миний ард талд хоёр хүн ирчихсэн надтай барьцалдаж аваад байхаар нь би одоо маргалдахаа больё бид нар салаад найзыгаа аваад явъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн хоёр хүнийг түлхэж холдуулаад Д.Нийг хайхад Д.Н нүүрээ дарчихсан газар сууж байсан. Манай найзын нүүрнээс маш их цус гараад байсан. Тэгээд байж байхад бид нартай маргалдсан хүмүүстэй хамт явж байсан нэг эрэгтэй нь би эрүүл байгаа гэж хэлээд машинтай Д.Нийг машиндаа суулгаж эмнэлэг авч явсан. Би хараагүй ээ. Над дээр хоёр хүн ирчихсэн барьцалдаж аваад байсан тэгэхээр нь тэр хоёр хүнийг холдуулчхаад харахад Д.Н нүүрээ дарчихсан сууж байсан. Согтолттой байсан гэхдээ өөрийгөө аваад явчихаар байсан. Болсон асуудлыг бага зэрэг санаж байна. Надтай зууралдаад байсан түүнээс цохиж зодоогүй ээ. Би одоо харвал тухайн хүмүүсийг танихгүй ээ. Нэлээн олуулаа харагдаж байсан тоог нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-р тал/,
12. Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Н Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт баруун талын нүд рүүгээ шилээр цохиулсан гэж ирсэн. Д.Нд үзлэг хийж яаралтай журмаар хэвтүүлэн баруун нүдэн мэс засал хийсэн. Мэс засал хийж шархыг хааж маргааш нь толгойн томографик авахад баруун нүдний зовхи хамрын хөндийд олон тооны шилний хэлтэрхий байсныг илрүүлж төлөвлөгөөт журмаар гадны биет авах хагалгаа төлөвлөж чих хамар хоолойн эмч Э.Алтандөш эмчийн хагалгаанд орж Д.Нийн хамрын хөндийгөөс 4 ширхэг том хэмжээтэй шил 10 гаруй ширхэг жижиг хэмжээтэй гадны биет буюу шил авсан. Д.Нийн баруун нүд хөндсөн зүслэгээр 3-9 цагийн хооронд зүсэгдсэн нүдний дотор агууламж бүгд гоожсон байсан тул хараа сэргэж дахин харах боломжгүй. Д.Нийн хамрын хөндийгөөс авсан олон тооны шилийг ар гэр болон өөрт нь хүлээлгэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-р тал/,
13. Гэрч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчим манай гэрт Булгантамир, Мөнхбат, Чимиддорж, Г.Ж нар ирсэн. Тэгээд манай гэрт ирж хоол унд идчихээд 3-4 шил 0,75 литрийн архи уусан. Тухайн архийг Булгантамир, Мөнхбат, Чимиддорж, Г.Ж бид тав хувааж уусан. Бид тавыг архи уугаад сууж байхад 17 цагийн орчим Нямсамбуу манай гэрт ганцаараа ирж бид нартай хамт юм яриад сууж байхад араас нь 19 цагийн орчим Раднаадаш эхнэрийн хамт ирж хамт сууцгаасан. Тэгээд манай гэрт сууж байгаад 22 цагийн орчим манай гэрээс гарч Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багт байрлах Баялаг төвийн караоке орсон. Тухайн караоке дотор бид нар 1 шил 0,75 литрийн архи болон лаазтай пиво уусан хэдэн лааз пиво уусныг мэдэхгүй байна. Тэгээд сууж байсан караокеноос 23 цагт гарч яваад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах Вегас гэх нэртэй баар луу Булгантамир, Мөнхбат, Чимиддорж, Г.Ж, Раднаадаш, Нямсамбуу, би эхнэр Пүрэвсүрэн нарын хамт орсон. Бид нар бааран дотор орж бүжиглэж сууж байхдаа хүний нэг нэг лаазтай пиво уусан Нямсамбуу машин барьж байсан болохоор огт уугаагүй ээ. Тэгээд бид нар бааран дотор бүжгийн талбай дээр бүжиглэж байхад дотор байсан 4-5 эрэгтэй ул таних хүмүүс бид нарын хажуу талаар гарахдаа мөрөөрөө түлхээд байхаар нь би нэг залууд нь хэрүүл маргаан үүсгэж болохгүй шүү гэж хэлэхэд тухайн залуу хамт явж байсан хүмүүсээ бид нараас холдуулаад татаад байсан. Удалгүй бид нарын сууж байсан баар хааж Г.Ж, Мөнхбат хоёр түрүүлээд гараад явсан араас нь Булгантамир, Чимиддорж, Раднаадаш, Нямсамбуу, би эхнэр Пүрэвсүрэнгийн хамт баарнаас гарч баарны урд талын хойшоо гарах зориулалттай нарын гудамжаар хойшоо худалдааны гудамж руу гарахад Г.Жийн урд талд 2 үл таних эрэгтэй хүн зогсчихсон Г.Жтой барьцалдаад зогсож байсан. Тэгэхэд манай эхнэр Пүрэвсүрэн очиж голоор нь орж Г.Жийг салгаж авах гэхэд манай эхнэрийн хажуу талаар Г.Жийг урд талд нь байсан хоёр үл таних хүн цохиж газар унгаасан. Тэгэхээр нь би салгахаар нь очиход миний хажууд талаас дээгүүрээ цайвар саарал өнгийн куртик өмссөн залуу миний зүүн талын дээд завж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон тэгэхэд миний хамраас цус гарч уруул сэтэрсэн. Тэгээд миний хамраас цус гарч байхад бид нарын хажуу талаас үл таних эрэгтэй хүн гар утсаараа гаргаж ирж гэрлийг нь тусгаж та нар боль цагдаа дуудлаа шүү гэж хэлэхээр нь би намайг цохисон залууд маргалдахгүй салаад явъя гэж хэлсэн. Тэгэхэд намайг цохисон залуу Г.Жтой барьцалдсан байсан 2 залууг аваад Уурхайчин баг тал руу 4 үүлээ яваад өгсөн. Намайг цохисон залуу нь 4 үүлээ явсан байсан байна лээ 1 залуу нь хажууд нь зогсож байсан. Тэгээд салчхаад бид нар худалдааны гудамжинд зогсож байхад бид нартай маргалдсан 4 залуу буцаж ир бид нарын голоор гарч яваад бид нараас бага зэрэг холдож байгаад “Та нар амжихгүй зодолдъё” гэж орилоод байсан тэгэхэд Г.Ж өмсөж байсан юүдэнтэй малгайтай саарал өнгийн цамцаа тайлж газар хаяад бид нар луу орилоод байсан 4 залуу руу гүйж очоод тухайн залуучуудтай барьцалдаад авсан. Тэгэхээр нь бид бүгд очоод Г.Жийг салгаж авах гэхэд салахгүй болохоор нь Г.Жтой барьцалдаж байсан залуучуудаас нэг залууг нь урд талаас нь тэвэрч аваад “одоо зодолдохоо боль” гэж хэлсэн тэгэхэд тухайн залуучууд Г.Жоос салаад худалдааны гудамжаар Согоот баг тал руу явж байхад Г.Ж дахиж тухайн 4 залуугийн араас нь гүйж очоод нэг залууг нь бариад авсан бид нар Г.Жийг салгаж авах гээд араас нь очиж байхад шил хагарч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд бид нарыг Г.Ж дээр очиход Г.Ж нь тухайн хүмүүсээсээ салчихсан зайтай зогсож байсан. Тэгээд зодолдохоо больчихсон байхаар нь Г.Жийг авч Нямсамбуугийн машин дээр очиж машины түлхүүр байхгүй байсан тул Мижиддоржийг гадаа зогсоож үлдээгээд би эхнэрээ авчих гэж буцаж очсон. Намайг буцаж очиход Г.Жтой барьцалдаж байсан залуу доошоо тонгойгоод суучихсан харагдсан. Тэгэхээр нь тухайн залуугийн хоёр талаас нь би эхнэр Пүрэвсүрэнгийн хамт өргөж Нямсамбуугийн машин дээр аваачиж сууж тухайн залуугийн хоёр найз болон манай эхнэр Пүрэвсүрэн, Нямсамбуу нар эмнэлэг явсан. Бид нараас Нямсамбуу, манай эхнэр Пүрэвсүрэн хоёр эрүүл байсан үлдсэн хүмүүс нь бүгд дунд зэрэг согтолттой байсан. Бааранд бүжиглэж байгаад нэгнийгээ мөрөөрөө шүргэснээс болсон байх. Бид нарыг Г.Жийн араас гараад ирэхэд Г.Ж худалдааны гудамжинд барьцалдаж аваад зогсож байсан. Баарнаас гарч ирж байхад Г.Жтой барьцалдаж байсан залуу нэг удаа цохиж харагдсан ямар залуу байсныг нь анзаараагүй ээ. Би Г.Жийг хүн цохиж байхыг хараагүй ээ тухайн 4 залуугийн араас нь гүйж очиж байхыг л харсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р тал/,
14. Гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ж Д.Нийг цохиж байна. Хар өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, цацруулагчтай гуталтай би байна. Би Г.Жийг очиж салгах санаатай араас нь боль гэж өшиглөх биш жийж байгаа ухаантай юм. Амьхандаа жийгээд холдуулъя гэсэн бодолтой байсан. Түүнээс зодолдох бодолгүй учир нь би өөрөө бие муутай эрүүний гэмтэлтэй. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 175-176-р тал/,
15. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вегас” баар луу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цаг 50 минутад орсон. Тэгээд бүжиглээд байж байтал удаагүй баар хаагаад гарч ирэхэд Г.Ж зодуулсан байсан. Тэнд байсан хэдэн залуучуудыг боль гээд бид явж байтал араас тэд нар дуудаад байсан. Ер нь Д.Н болон цуг явсан залуучууд л дуудсан юм. Г.Ж тэд нар луу гүйж очиж байсан. Тэр үеийн болсон зүйлийг би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгэхээр үйл явдлын би тодорхой хэлж мэдэхгүй байна. Хар өнгийн өмд цамцтай нь би байна. Бор өмд цацруулагчтай гуталтай Мөнхбат, хар савхи, саарал юүдэнтэй цамцтай Нямсамбуу, шоотой цамцтай Чимэддорж, Батсайхан ногоон өнгийн бомбортой, ганц яваа эмэгтэй Пүрэвсүрэн, футболктой Г.Ж, саравчтай малгайтай Чимэддоржийг аваад гарч яваа залуу Амартүвшин байна. Бусдын би танихгүй мэдэхгүй байна. Г.Ж Д.Нийг зодож байна. Хар өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, цацруулагчтай гуталтай Мөнхбат байна. Бужигналдаж байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Тэр үед би согтуугаа мэдсээр байж больцгооё гээд ийш тийш гүйгээд байсан санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 162-р тал/
16. Яллагдагч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хохирогч Д.Н гэх хүнд учруулсан хүнд хохирлоо хүлээн зөвшөөрч байна. Харин тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглээгүй ээ. Учир нь Д.Нтэй хоорондоо ноцолдож зууралдаж байх үедээ Д.Н гэх залуугийн ард нуруу болон дагз хэсгээр нь түцний урд хэсгийн 1,5х1 метр хэмжээтэй доод хэсэгтээ 1,5х1,5 метр хэмжээтэй нүүрний том шилний дээд хэсгийг зууралдаж байх явцдаа давхарлаж унах үедээ хагалсан тэгэхэд надтай хамт явж байсан хүмүүс салгаж намайг босгосон харанхуй байсан болохоор хэн нь салгаж намайг босгосныг сайн харж чадаагүй. Тэрнээс хойшоо болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа би босчхоод Д.Н дээр очиж Д.Нийг нүүр хэсэг рүү нь цохисон. Би газар уначхаад босохдоо шил аваад боссон юм шиг байна лээ би сайн санахгүй байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед Батсайхан, Пүрэвсүрэн, Мөнхбат буюу /Томоо/, Чимиддорж, Амартүвшин, Булгантамир нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон. Тухайн бааранд ороод ширээн дээр бүгд 0,5 литрийн нэг нэг шилтэй пиво авч уугаад сууж байснаа санаж байна. Тэрнээс хойшоо болсон асуудлыг согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Нэг сэргээд харахад би баарнаас гараад ирчихсэн гадаа зогсож байсан. Тэгэхэд надтай хамт явж байсан Батсайхан ахыг тухайн баарнаас гараад явах замд байдаг нарын гудамжинд үл таних 4 хүн урд талаас нь хараад зогсчихсон нэг залуу нь цохиж харагдсан би цохисон залуугийнх нь хувцас болон царайг нь санахгүй тэгээд би очиж Батсайхан ахыг цохисон хүнийг очиж хувцаснаас нь бариад авахад миний талаас үлдсэн 3 залуу нь гараараа миний толгой бие хэсэг рүү цохиод байсан. Тэгээд нэг мэдэхэд Пүүжээ эгч ирчихсэн тухайн залуучуудыг салгаад зогсож байсан тэрнээс хойшоо болсон асуудлыг сайн санахгүй байна надтай хамт явж байсан хүмүүс дараа надад хэлэх дээ чамтай маргалдаж муудалцаад байсан хүмүүсийг чамаас салгаад явуулахаар буцаж ирээд чамтай маргалдаад байсан гэж надад хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш дахин ухаан балартаж байж байгаад нэг сэргэхэд би Д.Н гэх залуутай барьцалдаад зогсож байсан бид хоёр хоорондоо барьцалдаж ноцолдож байгаад Д.Нийн ард талд нь байсан том шил рүү бид хоёр цуг унасан. Тэгээд босоод Д.Нийг цохисон тэр үедээ газраас шил аваад цохисон юм бол уу гэж бодсон. Тэгэхэд манай ажлын хүмүүс Д.Н бид хоёрыг салгаж байсан би болсон үйл явдлыг яг сайн санахгүй байгаа тухайн зарим үйл явдлыг манай ажлын хүмүүс ярихаар би бага зэрэг санаж байгаа. Би одоогоор Д.Н гэх залууд 8,500,000 төгрөгийн эмчилгээний зардал төлж барагдуулсан байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг чадахаараа төлж барагдуулна. Д.Н болон түүний найзууд салахгүй 2-3 удаа ирж надтай маргалдаж муудалцаад байсан. Би санахдаа Д.Нтэй л барьцалдаж аваад байсан тийм болохоор миний биед учирсан зүүн нүдний цус хуралт гэмтлийг Д.Н учруулсан гэж бодож байгаа. Би “Пүүз гутал, бэлэн хувцасны дэлгүүр” гэх павилоны цонхыг хамгийн сүүлд уурандаа гараараа цохиж хагалсан түүнээс тухайн павилоны хагарсан шилийг авч хүн гэмтээгээгүй ээ. Би Д.Нтэй барьцалдаж хамт унаж хагалсан шилнээс хагарсан хэсгийг авч Д.Нийг цохиж учруулсан байх. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би тухайн үед өөрийгөө бага зэрэг шигшсэн эрүүл байхгүй яав даа гэж их бодож байна. Болдог бол цаг хугацааг ухраамаар байна. Д.Н гэх залуу бид хоёрыг 2-3 удаа зууралдаж байх явцад хамт явж байсан хүмүүс бид хоёрыг салгаад аваад явчихгүй яасан юм болдоо гэж бодож их харамсаж байна. Д.Н гэх хүнд учирсан эмчилгээний зардлыг би бүгдийг нь төлж барагдуулна. Би энэнээс өөр зүйл хийж өгч чадахгүй байгаадаа их харамсаж байгаа дахин дахин уучлалт гуйж байна. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 04-06-р тал/,
17. Яллагдагч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Агийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө маш хүнд гэмтсэн. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд намайг олон хүн нийлж зодсон би тухайн хүмүүсээс өөрийгөө хамгаалж тухайн хүмүүсийг өөрөөсөө холдуулж түлхэж байсан түүнээс би цохиж зодоогүй. Надад хүн цохиж зодох боломж ч болоогүй ээ тийм учраас би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 00 цагийн орчим найз Мөнхбаяр болон түүний хоёр найзын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Вегас баараар үйлчлүүлж байгаад гарсан. Намайг баарнаас гарах үед манай найз Мөнхбаярыг баарны үүд хэсэгт олон танихгүй эрэгтэй хүмүүс явуулахгүй хэрүүл хийж хувцаснаас нь татаад байсан. Тэгээд тухайн залуучууд манай Мөнхбаярыг цохиод байсан тэгэхээр нь би найз Мөнхбаярыг салгаж авах очиход 2-3 эрэгтэй хүн гараараа миний нүүр болон толгой хэсэг рүү цохиод эхэлсэн тэгэхээр би өөрийнхөө толгой болон нүүр хэсгийг гараараа хамгаалж хэсэг зодуулсан. Тэгээд намайг зодож байгаад болихоор нь би дээшээ өндийж та нар яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд дахиж намайг олон хүн зодсон тэгэхэд нь би мөн адил толгойгоо хамгаалж боломжоороо тухайн хүмүүсийг өөрөөсөө холдуулж түлхэж байсан. Тэгээд намайг хэсэг зодож байгаад намайг хойш түлхэж миний нуруу болон ард дагз хэсгээр намайг лангуу мөргүүлсэн тэгэхэд тухайн лангууны шил бутарч хагарсан. Тэгэхэд миний толгойг доош дарж тонгойлгож байгаад хэсэг хүмүүс намайг гараараа цохиж зодсон тэгэхдээ дандаа миний толгой болон нуруу цээж хэсэг рүү цохисон. Тэгэхэд манай найзууд ирж намайг салгаж авсан. Тэгээд салаад хойшоо ухраад явж байхад нэг үл таних залуу лангууны хагарсан шилнээс гартаа барьж над ирээд намайг гартаа барьсан шилээрээ цохисон эхэлж цохих үед нь би доошоо тонгойж бултаад дээшээ өндийхөд цохисон гар нь буцаж ирээд шилээрээ миний баруун талын нүд хэсэг рүү зоосон. Тэгэхээр нь нүдээ дараа хойш 2 метр орчим газар зугтаж гүйсэн. Намайг зугтаж байх явцад тухайн шил барьсан байсан залуу миний ард нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон тэгэхээр нь би нэг гараараа нүдээ дарж нөгөө гараараа тухайн залууг хэд хэдэн удаа хойш түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгээд намайг нүдээ дараад доош сууж байхад хүмүүс ирж намайг гараараа цохиж болон хөлөөрөө өшиглөж байсан тухайн үед би нүдээ дарж байсан болохоор ямар хүмүүс ирж намайг цохисныг би анзаарч хараагүй ээ. Намайг нүдээ дараад сууж байхад миний нүдийг шилээр цохисон залуу “Намайг битгий уурлуул, би чамайг ална” гэж орилоод над руу дайраад байсан. Тэгээд би нүдээ дараад сууж байсан газраа 5-10 орчим минут нүдээ дарж цусаа гойжуулж суусан би босох гэхээр миний толгой эргээд байсан. Намайг толгой эргээд цусаа гойжуулаад сууж байх явцад тэнд байсан үл таних эрэгтэй хүмүүс намайг “Ална, нэг мөсөн гүйцээчих байсан юм” гэж яриад орилоод байсан. Тэгээд намайг нүдээ дараад сууж байхад намайг зодсон хүмүүстэй цуг явж байсан үл таних нэг эрэгтэй болон нэг эмэгтэй хүн ирж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би хүний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодоогүй ээ. Намайг олон хүн нийлж зодоод байхаар нь би өөрөөсөө холдуулж түлхэж байсан. Би миний нүдийг ийм байдалтай болгосон хүнд маш их гомдолтой байна. Би энэ хэрэг болохоос өмнө “Ноё Кравт” ХХК-д цахилгаанчнаар ажилдаж байсан би сард 1,400,000 төгрөгийн цалинтай ажилдаг байсан одоо миний баруун нүд юм харахгүй байгаа болохоор би ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй миний зээлийн төлөлтүүдийг манай гэр төлж явж байгаа. Би эрүүл мэндээрээ хүнд мэндээрээ хүнд хохирсон тул маш их гомдолтой байна. Би миний нүдийг ийм болгосон хүнээс 8,000,000 төгрөг авч тухайн 8,000,000 бүгдийг нь эмчилгээний зардалд зарцуулсан. Би тухайн мөнгөнөөс Улаанбаатар хотод улсын нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орохдоо зарцуулсан миний гаргаж өгсөн баримт нь тухайн 8,000,000 төгрөгөнд оролцоогүй баримт байгаа юм. Би одоо дахин 4 дэх хагалгаанд орох ёстой тухайн хагалгаанд ороход ямар зардал гарахыг би мэдэхгүй байна надад хагалгаа хийх эмч гадаад улс руу явсан болохоор хэзээ хагалгаанд орохыг мэдэхгүй байна. Тухайн хагалгааг цагт нь хийхгүй болохоор миний нүд болон эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө учрахыг би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 22-24-р тал/,
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12239 дугаартай: “...Магадлуулагч Д.Нийн баруун нүдний хараагүйдэл /баруун нүд үнэлэгдэхгүй, зүүн нүд 6/6, баруун нүдний алимын гэмтэл, эвэрлэгийн урагдал, баруун ухархайн дотор, доод хана, эмтойд хөндий, зүүн гайморын хөндий арын ханын хугарал, баруун доод зовхинд шарх, дух, хүзүү зулгаралтын нөсөө, нуруунд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Баруун нүдний гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.31.1-д зааснаар эрүүл мэндийн 65%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Ухархайн ханын хугарал, шарх, сорви нь тусдаа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эмтойд хөндий, зүүн гайморын хөндий арын ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 127-129-р тал/,
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 784 дугаартай: “...Г.Жийн бие зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 84-85-р тал/,
20. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 90-93-р тал/,
21. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4551 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Н” гэж хаягласан цусанд 2,4 промилли спирт илрэв. Цусан дахь 2,4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 98-100-р тал/,
22. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4552 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “28/эр Г.Ж” гэж хаягласан цусанд 2,4 промилли спирт илрэв. Цусан дахь 2,4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 105-107-р тал/,
23. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 189 дугаартай “...Д.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө бусдад зодуулж гэмтсэн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл гутралын хариу урвалын шинж илэрч байна. Д.Нийн сэтгэл гутралын хариу урвалын шинж нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 118-120-р тал/,
24. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дугаартай “...Ганбаатарын Г.Жид тухайн гэмт хэргийн улмаас стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Ганбаатарын Г.Жид гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 112-114-р тал/,
25. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-ОРХ/8537 дугаартай “...Вакум цонхны шил /50х50 см/ 1 ширхэг 45,000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 211-216-р тал/
26. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/8547 дугаартай “...Вакум цонхны шил 2м 4 ширхэг нийт 500,000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 223-228-р тал/ зэрэг баримтуудыг,
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Жийн өмгөөлөгч Ц.Э хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 44-р тал/, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлсөн талаарх баримт /2-р хх-н 83-р тал, 91-94-р тал/, болон шүүгдэгч Г.Жийн хувийн байдалтай холбоотрой бусад баримтууд болох шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ж, Д.Н нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд,
шүүгдэгч Д.Н, Г.Ж нар нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вегас” нэртэй баарны гадаа Худалдааны гудамжинд хоорондоо маргалдан харилцан хоорондоо зодолдох явцад Д.Н нь хохирогч Г.Жийг гараараа нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Харин шүүгдэгч Г.Ж нь хохирогч Д.Нтэй харилцан зодолдож байх явцдаа хохирогч нь толгойгоороо болгоомжгүйгээр бэлэн хувцасны павилоны цонхыг мөргөж хагалсны дараагаар бэлэн хувцасны павилоны хагарсан цонхны шилийг Г.Ж нь гартаа авч цохих явцдаа хохирогчийн баруун нүдийг зүсэж, түүний дараа үргэлжлүүлэн гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний хараагүйдэл /баруун нүд үнэлэгдэхгүй, зүүн нүд 6/6, баруун нүдний алимын гэмтэл, эвэрлэгийн урагдал, баруун ухархайн дотор, доод хана, эмтойд хөндий, зүүн гайморын хөндий арын ханын хугарал, баруун доод зовхинд шарх, дух, хүзүү зулгаралтын нөсөө, нуруунд сорви” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Г.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Худалдааны гудамжны хяналтын камерын бичлэгт” дахин үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч Г.Жийн “...Батсайхан ахыг бааран дотор өдөөд байсан 4-5 хүн гарч ирээд цохисон тэгэхээр нь би очиж Батсайхан ахыг цохисон нэг залуугийн өмсөж явсан куртикнээс нь бариад авсан чинь тэнд байсан 4-5 хүн намайг бүгд миний толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон тэгэхэд Пүрэвсүрэн эгч ирж тухайн хүмүүсийг надаас салгасан тэгэхээр нь би Батсайхан ахыг цохисон залуугийн куртикнээс барихаа больж тавьсан. ...Тэгээд орилоод байхаар нь би тухайн залуучууд дээр очоод нэг намхан залуугийнх нь өмсөж явсан хувцасных нь энгэрээс нь барьж авсан тэгэхэд тэнд байсан 4-5 залуу намайг тойрч гараараа миний толгой хэсэг рүү цохиж мөн миний шилбэ хэсэг рүү өшиглөж миний өмсөж явсан хувцасны зах хэсгээр миний хоолойг боож урагш татаж газар унгаасан тэгээд намайг газар уначихсан байхад цээж хэсэг рүү өшиглөж миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.Пгийн: “...Бид нарын хажуугаар зөрөхдөө нүд нь гэмтсэн гэх залуу одоо үзчихье гээд Г.Жтой барилцаж аваад гурван найз нь цаашаа яваад өгсөн чинь Нямсамбуу, Батсайхан, Булгантамир нар нь нөгөө гурван найзынх нь араас очоод больчих найзыгаа аваад явчих гээд хэлсэн юм. Тэгээд Г.Жтой ноцолдоод байсан нүд нь гэмтсэн залууг салгаад найзуудынх нь араас явуулсан юм. Тэгсэн хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна нэг мэдсэн Г.Жтой барьцалдаад байсан залуу явган суучихсан нүднээс нь цус гоожиж байсан. ...Хохирогч Д.Н рүү Г.Ж өөрөө зодуулчхаад, бас намайг өмөөрөөд дайраад байхаар нь Нямсамбуу, би, Батсайхан, Булгантамир, Мөнхбат нар салгах санаатай тэр хоёр дээр очсон. ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.Нгийн “...Намайг хамгийн сүүлд Батсайханы эхнэр болон хамт явсан нэг залуутай баарнаас гарсан чинь баарны үүдэнд Жийгээ /Г.Ж/ гэх залуу тэд нар намайг мөрлөчихлөө гээд байж байсан. ...Жийгээ цаана нүд нь гэмтсэн гэх залуутай дахиад зодолдоод байхаар нь би очоод салгасан юм...”, “...камерын бичлэгийг харахад бол Д.Н рүү Г.Ж зодож байгаа харагдаж байна. Гэхдээ Д.Н түүний найзуудад өмнө Г.Ж баарны гадаа зодуулчихсан болохоор Д.Н рүү Г.Ж дайраад байгаа юм. Батсайхан, Пүрэвсүрэн, Мөнхбат, Булгантамир, Чимэддорж бид нар бол Д.Н түүний найзуудтай маргалдаж зодолдоогүй учир Г.Жийг салгах гээд бужигналдаад байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Э.Бы: “...Баарнаас гарч ирж байхад Г.Жтой барьцалдаж байсан залуу нэг удаа цохиж харагдсан ямар залуу байсныг нь анзаараагүй ээ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Х.Мын “...Г.Ж Д.Нийг цохиж байна. Хар өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, цацруулагчтай гуталтай би байна. Би Г.Жийг очиж салгах санаатай араас нь боль гэж өшиглөх биш жийж байгаа ухаантай юм. Амьхандаа жийгээд холдуулъя гэсэн бодолтой байсан. Түүнээс зодолдох бодолгүй учир нь би өөрөө бие муутай эрүүний гэмтэлтэй. ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.Булгантамирын “...Тэгээд бүжиглээд байж байтал удаагүй баар хаагаад гарч ирэхэд Г.Ж зодуулсан байсан. Тэнд байсан хэдэн залуучуудыг боль гээд бид явж байтал араас тэд нар дуудаад байсан. Ер нь Д.Н болон цуг явсан залуучууд л дуудсан юм. Г.Ж тэд нар луу гүйж очиж байсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 784 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг, Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогч Д.Нийн: “...Тэгээд бид дөрөв хажуу талаар нь гарч хойшоо явах гэхэд тэнд байсан эрэгтэй хүмүүс бид нарыг явуулахгүй хэрүүл маргаан хийж бид нарыг тал талаас барьж хойшоо худалдааны гудамж руу гарсан тэгээд худалдааны гудамж руу гараад зогсож байхад намайг тэнд байсан хүмүүс тал талаас цохиод байсан тэгэхээр нь толгойгоо хамгаалж байхад миний хажуу талаас олон гар орж ирж намайг цохисон би өөрийгөө хамгаалж гараараа толгойгоо хамгаалсан байсан болохоор хэдэн хүн цохисныг хараагүй ээ. Тэгээд намайг зодож байгаад хэсэг зодохоо больсон тэгэхээр нь би дээшээ өндийж тухайн хүмүүст та нар намайг яаж байгаа юм бэ гэхэд намайг 2-3 бүдүүн эрэгтэй хүн ирж, миний өмсөж явсан цамцны зах хэсгээр миний хоолойг боож дахиад тал талаас намайг цохиж эхэлсэн тухайн үед манай найзууд тэр хавьд байхгүй байсан. Тухайн хүмүүс намайг барьж авчхаад 4-5 минут зодсон. Тэгээд намайг зодож байхдаа бөөндөө түлхэж худалдааны гудамжинд байсан лангууны цонхийг миний толгойны ард талын дагз болон нуруу хэсгээр мөргүүлж хагалуулсан. Намайг зодож байхдаа манай найзууд ирж намайг салгаж авах гэхэд цаанаас дахиж хүмүүс ирж намайг өшиглөж цохиж зодсон. Тэгээд би тухайн намайг зодож байсан дөнгөж салаад холдох гэхэд махлаг биетэй өнгийн санахгүй байна футболк өмссөн залуу гартаа лангууны хагархай шил барьж ирээд намайг цохих гэж дайрсан эхэлж цохиход нь би бултсан тэгэхэд тухайн залуугийн гар нь миний толгой дээгүүр гарч гараа буцаахдаа гартаа барьсан шилээрээ миний баруун талын нүдийг зүссэн. Тэгэхээр нь би нүдээ дараад цааш 2 метр орчим газар зугтаасан. Намайг зугтаахад шил барьж миний нүдийг зүссэн залуу миний хойноос хөөж гартаа барьсан байсан шилээрээ миний нурууны дээд хэсэгт 2 цохиж буюу шилээрээ зоосон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс дахиж над дээр ирж намайг нийлж зодсон. Би нүдээ зүсүүлснээс хойш намайг ямар хүн хаашаа цохиж байхыг хараагүй олуулаа намайг цохиод байсан. Тэгээд би нүдээ дараад доошоо суухад намайг шилээр цохисон залуу “намайг битгий уурлуул гэж та нарт хэлсэн, би чамайг ална” гэж хэлж байсан. ...Би нүдээ зүсүүлснээс болж Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт 3 удаа хагалгаанд орж миний баруун талын нүд дахин хараа сэргэхээргүй болсон би одоо дахин нэг удаа нүдний хагалгаанд орно. Миний баруун талын нүд дахиж юм харахааргүй болсон. Би сэтгэл санаа болон бие махбодоороо маш их хохирч байна. би цаашдаа ийм нүдтэй ямар ажил хийхээ мэдэхгүй байна намайг ажилд авахгүй байх маш их сэтгэл санаагаар унаж байна. Нэг нүдээрээ юм харж явахад маш хэцүү байна баруун талаараа юм мөргөж байна. Хагалгаанд ороход миний хамраас шилний үлдэгдлүүд гаргаж авсан тэрнээс болж миний хамраас байнга цус гарч байна амьсгалахад хэцүү байна мөн миний нүд болон толгой байнга хатгуулж өвдөж байгаа тэрнээс болж толгой эргэдэг болсон. ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Одмаагийн: “...Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очиход баруун талын нүдэндээ хүнд гэмтэлтэй яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэсэн юм. Нүдэндээ хүнд гэмтэлтэй яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэсэн юм. ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Мын: “...Тэгээд хэсэг маргалдаж байгаад бид дөрөв салаад Төрийн банк тал руу явж байгаад буцаад гэр лүүгээ явцгаая гээд аюулгүй тойрог тал руу худалдааны гудамжаар явж байсан чинь манай найз Д.Н хойно баарнаас гараад маргалдаж байсан хүмүүс дунд үлдчихсэн байсан юм. Сосорбарам, Батуу бид гурав Д.Нийг хойно үлдсэн гэдгийг 20-30 метр явж байгаад мэдсэн юм. Бид гурвыг явж байхад хойноос 2-3 залуу ирж муудалцаад байсан чинь нэг залуугийнх нь эхнэр ирээд бид нарыг салгаж байсан юм. Тэгээд салгаад боль гэж байхад нь би Д.Н дээр очиход баахан хүмүүс тойроод зогсчихсон байсан бөгөөд намайг дундуур нь орсон чинь хүний гар орж ирээд намайг цохиод байсан. Тэгээд тэр хүмүүсээс салчхаад эргээд найз Д.Н дээр очиход нүүрний баруун талын хэсгийг дарчихсан, цус нь гоожчихсон явган сууж байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Бгийн “...Тэгээд бид нар тоохгүй хажуу талаар зөрөөд явж байхад тухайн хүмүүс бид нар луу орилоод байсан тэгэхээр нь бид нар тоохгүй явж байхад гэнэт манай найз Д.Н алга болчихсон байсан тэгэхээр нь би эргэж хартал миний ард талд хоёр хүн ирчихсэн надтай барьцалдаж аваад байхаар нь би одоо маргалдахаа больё бид нар салаад найзыгаа аваад явъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн хоёр хүнийг түлхэж холдуулаад Д.Нийг хайхад Д.Н нүүрээ дарчихсан газар сууж байсан. Манай найзын нүүрнээс маш их цус гараад байсан....” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Тын: “...Д.Нд үзлэг хийж яаралтай журмаар хэвтүүлэн баруун нүдэн мэс засал хийсэн. Мэс засал хийж шархыг хааж маргааш нь толгойн томографик авахад баруун нүдний зовхи хамрын хөндийд олон тооны шилний хэлтэрхий байсныг илрүүлж төлөвлөгөөт журмаар гадны биет авах хагалгаа төлөвлөж чих хамар хоолойн эмч Э.Алтандөш эмчийн хагалгаанд орж Д.Нийн хамрын хөндийгөөс 4 ширхэг том хэмжээтэй шил 10 гаруй ширхэг жижиг хэмжээтэй гадны биет буюу шил авсан. Д.Нийн баруун нүд хөндсөн зүслэгээр 3-9 цагийн хооронд зүсэгдсэн нүдний дотор агууламж бүгд гоожсон байсан тул хараа сэргэж дахин харах боломжгүй. Д.Нийн хамрын хөндийгөөс авсан олон тооны шилийг ар гэр болон өөрт нь хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Х.Мын “...Г.Ж Д.Нийг цохиж байна. Хар өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, цацруулагчтай гуталтай би байна. Би Г.Жийг очиж салгах санаатай араас нь боль гэж өшиглөх биш жийж байгаа ухаантай юм. Амьхандаа жийгээд холдуулъя гэсэн бодолтой байсан. Түүнээс зодолдох бодолгүй учир нь би өөрөө бие муутай эрүүний гэмтэлтэй. ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Булгантамирын: “...Ер нь Д.Н болон цуг явсан залуучууд л дуудсан юм. Г.Ж тэд нар луу гүйж очиж байсан. Тэр үеийн болсон зүйлийг би сайн хэлж мэдэхгүй байна. ...Г.Ж Д.Нийг зодож байна. Хар өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, цацруулагчтай гуталтай Мөнхбат байна. Бужигналдаж байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Тэр үед би согтуугаа мэдсээр байж больцгооё гээд ийш тийш гүйгээд байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12239 дугаартай гэсэн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4551 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4552 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Г.Жийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүнд гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Д.Нийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Жийн хохирогчийг толгойн тус газарт нь цохих явцдаа хохирогчийн баруун нүдийг зүсэж, түүний дараа үргэлжлүүлэн гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй,
Хохирогч Г.Жийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Ний хохирогч Г.Жийг гараараа нүүр хэсэгт нь цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нар нь өөрдсийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Д.Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Жийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Н нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл мөн тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааг зохимжгүй хэтрүүлэн хэрэглэсэн хэрэглээ, шүүгдэгч нарын биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Д.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Г.Ж нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Д.Нийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Д.Н нь ажилгүй байсан хугацааны цалин 5,940,000 төгрөг, эм тарианы зардал 200,000 төгрөг, замын зардал 350,000 төгрөг, асарсан хүний авч чадаагүй цалин хөлс 334,667 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг нийт 105,824,667 төгрөгийн хохирол гаргуулна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Жоос 8,500,000 төгрөг авсан нь эмчилгээ, өмгөөллийн зардалд зарцуулагдаж дууссан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хохирогч Д.Нийн нэхэмжилсэн хохирлоос ажилгүй байсан хугацааны цалин 5,940,000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд явсан замын зардал 350,000 төгрөг, эм тарианы 200,000 төгрөг, асарсан хүний авч чадаагүй цалин хөлс 334,667 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Мөн түүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байх ба 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсоныг хохирол тооцох аргачлалд заасны дагуу 15 хувиар тооцож, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан тул энэ дүнгээр тооцож 12,375,000 төгрөг, нийт 19,199,667 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.Нийн хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 86,625,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Жоос хохиролд 19,199,667 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдааныг түр завсарлуулж, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч Г.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн,
Шүүгдэгч Д.Н нь “цаашид амьдрал зохионо, үр хүүхэдтэй болно, хар бор ажил хийж чадахгүй болсон, гомдолтой байна” гэх,
Шүүгдэгч Г.Ж нь “тусгайлан гаргах саналгүй” гэх,
Шүүгдэгч Г.Жийн өмгөөлөгч Ц.Э “хохирлыг шүүхээс тогтоосон дүнгээс нэмж буюу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, шүүх хуралдаанаас өмнө 8,500,000 төгрөг өгсөн, хохиролд нийт 33,500,000 төгрөг санаачлагаараа төлсөн байна. Шүүгдэгч Г.Жийн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа байдлыг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Ж, Д.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Жид 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Жид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж,
Шүүгдэгч Ц.Д.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Шүүгдэгч Г.Жид шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээ тогтоож, шүүгдэгч Г.Ж, Ц.Д.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, Ц.Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Г.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээр, шүүгдэгч Ц.Д.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөр төлбөргүй, шүүгдэгч Г.Ж нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,
хохирогч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас 86,625,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н, Г.Ж нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ж, Ц.Д.Н нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилний хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, Ц.Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР