Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 46

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдснаар/

Д.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах ******* ХХК-ний гаалийн хяналтын талбайд Ц.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* хэрэг бүртгэлтийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ... “2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би ******* ХХК-ний гаалийн хяналтын талбайд байх машиндаа унтаж байсан. Би поошиг гэх газарт нэг найзтайгаа архи уучихаад ирсэн байсан. Намайг унтаж байхад нэг харуул ирж сэрээсэн. Тэгээд миний машиныг гаалийн хяналтын талбайгаас гарга гэхээр нь би согтуу байна машинаа барихгүй гэсэн. Тэгэхэд тэр харуул залуу би машиныг чинь унаад гаалийн хяналтын талбайгаас гаргаад өгье гэхээр нь би үгүй хүнээр машинаа унуулахгүй гэхэд тэр залуу миний машиныг асаагаад унаад явсан. Тэгээд гаалийн хяналтын талбайгаас гараад цувааны хамгийн ард нь миний машиныг тавьсан. Тэгэхээр нь уурлаад муудалцаад тэгээд толгойг нь чулуугаар цохиж хагалсан. Миний машиныг цувааны хамгийн ард нь зогсоож тавьсан. Тэгэхээр нь би уурласан би уг нь нүүрс ачуулах гээд хамгийн эхэнд нь машинаа тавьсан байсан. Би тэр залуугийн араас толгой руу нь нэг чулуу шидэж толгойг онож хагалсан бусдаар бол өөр биед цохиж гэмтэл шарх учруулаагүй. Миний нүүр лүү цохиод хамарнаас цус гарсан байсан. Миний биед гэмтэл шарх байхгүй. Надаас одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Ц.******* гэх хүнтэй харилцан тохиролцож эвлэрсэн. Одоо бид 2-н дунд энэ хэргийн улмаас ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Би тэр хүнд учруулсан хохиролоо барагдуулж 200.000 төгрөг бэлнээр нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ...”хамгийн урд байсан миний машиныг 40 машины ард унаад аваачаад тавьсан. Бид нар чинь мөнгөний төлөө явж байгаа хүмүүс цувааны ард орохоор дахиад 2 хоног алдана. Үдээс өмнө ачуулах байсан машин маргааш орой нь ачихаар болчихож байгаа юм. Тэгээд тэрнээс болоод уурлаад өөрийн буруугаас цохьсон. Маш их гэм гэмшиж байна”гэв.

Хохирогч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ...” 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-ний Гаалийн хяналтын талбайн постонд харуулын үүрэг гүйцэтгэж байхад уг талбайд нүүрс тээврийн нэг ачааны автомашин эвдэрсэн гээд зогсож байсан. Тэгээд үдээс хойш 17 цаг өнгөрч байхад уг машины жолооч нь согтуу машин дээрээ ирсэн. Тэгэхээр нь би уг машин дээр очоод жолоочид нь та машинаа талбайгаас гаргаарай энд машин тавих хориотой гэж хэлсэн. Уг жолооч нь машин жолоодох чавдаргүй болтлоо согтсон байсан. Тэгэхээр нь би уг машиныг асааж унаад уг жолоочийг нь хажуудаа суулгаад гаалийн хяналтын талбайгаас гаргаад машины цувааны ард очиж зогссон. Тэгэхэд уг жолооч над руу уурлаж машины кабинд байхад намайг хэд хэдэн удаа нүүр рүү гараараа цохиж дараа нь каск малгайгаар цохихоор нь би гараараа цааш нь түлхэж өөрөөсөө холдуулаад машинаас буугаад буцаад поструугаа явахад араас буугаад тэнд байсан жолооч нарт хандан манайхаан би энэ пиздад би зодуулчихлаа гээд хашгирахад нэг танихгүй жолооч хажуунаас нь гарч ирээд чи наанаа зогсож бай яахаараа манай ахыг зоддог юм бэ гээд миний араас хөөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад зугтахад араас толгойны ар хэсэгт чулуугаар онож толгой хагалсан. Тэр 2 жолооч миний араас хөөгөөд байхаар нь би гүйгээд харуулын постон дээрээ очин харуулын ахлах Ганбаатарыг дуудсан. Би ******* ХХК-ний эмчээр өнөөдөр оёдолоо авхуулсан. Одоогоор бүрэн эдгээгүй байгаа. Байнгын толгой өвдөж байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Улаанбаатар хотод очиж эмнэлэгээр явж шинжилгээний мөнгийг гаргаж өгнө гэсэн тийм болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Ш.******* мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-ний гаалийн хяналтын талбайн 38-р постон дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Харуул ажилтай ******* толгойгоо хагалуулчихлаа гээд ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад согтуу жолооч миний араас чулуу шидээд толгой хагалсан гэж хэлсэн. Араас нь нэг согтуу жолооч гараа ардаа нуучихсан байсан. Тэгээд би уг жолоочийн араас харахад гартаа чулуу барьчихсан байж байсан. Тэгээд би уг чулууг нь гараас нь салгаж хаясан. ******* нь хэлэхдээ уг жолооч нь гаалийн хяналтын талбайд машинаа оруулж хонуулчихаад маргааш нь машинаа гарахгүй согтуу машиндаа байхаар нь машиныг нь гаалийн талбайгаас гаргаснаас болсон гэсэн. Нилээд согтсон байсан. *******гийн араас нь хэл амаар доромжлоод байсан. Би тэр жолоочийн гараас чулууг нь авснаас хойш дахиж ******* рүү халдаагүй. ******* бас тухайн жолооч руу халдаагүй. Толгойныхоо ард талд хагалуулчихсан цус гарсан байсан бусдаар бол гэмтэл шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.20 №202 дугаар дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

1. Ц.*******гийн биед дагзны баруун хэсгийн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 19 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/

Ц.*******, Д.******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 3,4 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2017.04.27 “... регистрийн дугаар, бичиг баримттай хохирогч Ц.*******гийн авч ирж өгсөн хүрэн бор өнгийн 5х7 сантиметр хэмжээтэй 1 ширхэг чулууг хураан авсугай” хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Л.Далайжаргал /хх-ийн 11 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 2017.04.27, гэрэл зураг Үзлэгээр: Бор хүрэн өнгийн 5х7 сантиметр хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй 1 ширхэг чулуу байв. Үүгээр үзлэгийг дуусгаж 2 кадр зургаар бэхжүүлэн авав. /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.04.27 “Хүрэн бор өнгийн арзгар 5х7 сантиметр хэмжээтэй чулуу байх ба эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов” /хх-ийн 14 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 30-37 дугаар хуудас/

Д.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/

  • Эвлэрлийн гэрээ /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах ******* ХХК-ний гаалийн хяналтын талбайд Ц.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, араас нь чулуу шидсэн байх бөгөөд түүний шидсэн чулуу хохирогч *******гийн дагзанд онож шүүгдэгч Д.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч Д.*******ын... “Би тэр залуугийн араас толгой руу нь нэг чулуу шидэж толгойг онож хагалсан бусдаар бол өөр биед цохиж гэмтэл шарх учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч Ц.*******гийн... “би уг машиныг асааж унаад уг жолоочийг нь хажуудаа суулгаад гаалийн хяналтын талбайгаас гаргаад машины цувааны ард очиж зогссон. Тэгэхэд уг жолооч над руу уурлаж машины кабинд байхад намайг хэд хэдэн удаа нүүр рүү гараараа цохиж дараа нь каск малгайгаар цохихоор нь би гараараа цааш нь түлхэж өөрөөсөө холдуулаад машинаас буугаад буцаад пост руугаа явахад араас буугаад явсан. Би эргэж хараад зугтахад араас толгойны ар хэсэгт чулуугаар онож толгой хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ш.*******гийн... “Толгойныхоо ард талд хагалуулчихсан цус гарсан байсан бусдаар бол гэмтэл шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.20 №202 дугаар дүгнэлт 1. Ц.*******гийн биед дагзны баруун хэсгийн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо./хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014.02.04-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламенд байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 38 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүрэн бор өнгийн арзгар 5х7 сантиметр хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ