| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0990/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1018 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408014791095 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овогт М-ийн Н, Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хялгант тосгоны *** амралтын газарт ахлах зөөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь хохирогч П.Д-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч М.Н хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа гудамжаар явж байсан иргэн П.Д-тэй тааралдаж улмаар тухайн үед үүссэн асуудлаас болж гараараа нүүрэнд нь цохиж биед нь “баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “Д нь бусдад зодуулсан” гэсэн утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар “…хохирогч П овогтой Д нь сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна…” гэх баримт (хавтаст хэргийн 12 дахь тал),
- Хохирогч П.Д-ийн өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Д гэх залуугийн хамтаар дэлгүүр орж архи согтууруулах ундааны зүйл авахаар явж байсан чинь 20-25 орчим насны 1.90 орчим өндөртэй залуу ирээд та хоёр манай аав шиг хүн байна, намайг 3 удаа цохиод өгөөч гээд байсан. Тэгж болдоггүй юм гэж хэлсэн чинь тухайн залуу миний нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохисон. Миний дээд талын үүдэн хоёр шүд газар уначихсан юм. Ямар шалтгаанаар намайг зодож цохисныг би сайн мэдэхгүй байна. Надад нийт 6,000,000 төгрөгийн хохирол учирсан. ...М.Н гэх залуу илт худал мэдүүлэг өгсөн байна. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэж хохирогчийн эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсны дараа мэдүүлэг өгсөн. Тийм учраас би худлаа ярихгүй. Манай найз Д ч худлаа ярихгүй. Би тухайн өдөр ах Б-нд хоносон юм. Өглөө 07 цаг өнгөрч байхад найз Д буюу Д орж ирээд 2-лаа хамт дэлгүүр оръё, найз нь шартаад байна. Ганц юм уухгүй бол болохгүй байна гээд шалаад байсан юм. Ийм эрт онгойсон дэлгүүр гэж байхгүй гэхэд би мэднэ, энүүхэн доор нэг дэлгүүр онгойдог гээд байхаар нь би зөвшөөрч хамт явсан. Бид хоёр хашааны хаалгаар гараад доош алхаад 31 дүгээр хорооны урд засмалаар явж байхад өөдөөс хар өнгийн костюм пиджак өмссөн нэлээн өндөр залуу бид хоёр дээр шууд хүрч ирээд бид хоёрыг хүзүүдээд авсан. Тэр залуу маш их ууртай, хөмсгөө зангидсан ирсэн бөгөөд та 2 миний аав шиг хүмүүс байна. Намайг нэг цохиод өгөөч гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, тэгж болохгүй. Хүнтэй муудсан юм уу гэж асуугаад Д хүзүүнээсээ гарыг нь авч мултарсан. Би гарыг нь хүзүүнээсээ мултлах гэсэн боловч дийлдэхгүй, гартай нь ноцолдож байхад тэр залуу шууд миний нүүр рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохиход миний амнаас цус гараад тонгойгоод алгаа тосоход миний үүдэн дээд 2 шүд унаад ирсэн. Гэтэл нөгөө залуу намайг тавиад зугтсан. Араас нь Д хөөж барьж аваад газар унагаагаад ноцолдсон. Тэр хооронд нь би тэнд явж байсан сургуулийн хүүхдийн утсыг гуйж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би гомдолтой байна. Үүдэн дээд 2 шүдээ янзлуулмаар байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 21-23 дахь тал),
- Гэрч Б.Д-ийн өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед өөрийн найз Д-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэлгүүр орж архи согтууруулах ундааны зүйл худалдаж авахаар явж байсан. 1.90 см өндөртэй, 20-25 насны эрэгтэй бид хоёр дээр ирээд та хоёр манай аав шиг хүн байна, намайг зодоод өгөөч гэж хэлсэн. Би тийм юм байхгүй, ахын дүү яв гэж хэлээд доошоо алхаж байсан чинь миний хойно хүн цохих шиг дуу гарахаар нь эргээд харсан чинь Д газар уначихсан, хамраас нь цус гарсан байсан ба баруун гарын алган дээрээ цагаан өнгийн шүд мэт зүйл барьчихсан зогсож байсан. Намайг очоод юу болсон талаар асуухад тухайн залууг намайг цохиод үүдэн 2 шүд унагаачихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр 1.90 см өндөртэй залуу зугтааж байхаар нь би араас нь хөөж гүйж байгаад барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.09-ний өдрийн 4797 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “…П.Д-ийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна…” гэх (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч М.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 4797 дугаартай дүгнэлтээр хохирогч П.Д-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч П.Д-ийн эрх чөлөөнд идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч М.Н хохирогч П.Д-ийн нүүрэн хэсэгт цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч М.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч П.Д нь эмчилгээний зардалтай холбоотой 6,000,000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт баримт гаргаж ирүүлээгүй байна.
Хохирогч П.Д-ийн “биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын цус хуралт” гэмтэл учирсан байх тул тэрээр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Д сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоос татгалзсан (хавтаст хэргийн 12 дахь тал) болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), С ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал), Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 59-81 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 82-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулсан), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэгт үйлдсэн) зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт М-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР