| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
2024 02 05 2024/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Н.Д,
хохирогч Ш.Э,
шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Р.Б,
шүүгдэгч А.С, Б.Ч, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ч, Б.Э, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.С, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2325003700*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Б.Э
Хоёр. Монгол улсын иргэн, Б.Ч
Гурав. Монгол улсын иргэн, А.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Б.Ч-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашаанд Ш.Эыг зодож, үснээс зулгааж, өшиглөн зүүн чамархайн хуйх, хацар, баруун хөмсөгний гадна хэсэг, цээж нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зовхины гадна хэсэг, бугалга, шуу, сарвуу бөөр орчим, өвдөг, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашаанд байсан хохирогч А.Сын эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, капут зэргийг чулуугаар цохин хууль бусаар гэмтээсэн мөн А.Сын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн модон хаалгыг чулуугаар цохиж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч нь Б.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүгэглэж, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашаанд Ш.Эыг зодож, үснээс зулгааж, өшиглөн зүүн чамархайн хуйх, хацар, баруун хөмсөгний гадна хэсэг, цээж нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зовхины гадна хэсэг, бугалга, шуу, сарвуу бөөр орчим, өвдөг, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.С нь өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашааны гадна байсан хохирогч Б.Эгийн эзэмшлийн Г.Нарантуяагийн нэр дээр бүртгэлтэй 65-36 БУЛ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд салхины шил зэргийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч, Б.Э нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Эг хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн модон хаалгыг чулуугаар цохиж, гэмтээсэн, А.Сын эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, капут зэргийг чулуугаар цохин хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч А.Сыг Б.Эгийн эзэмшлийн Г.Нарантуяагийн нэр дээр бүртгэлтэй 65-36 БУЛ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд салхины шил зэргийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.Э, А.С нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг,
Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Р.Б, шүүгдэгч Б.Ч нар “ гэм буруугийн талаар маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх....” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
- Хохирогч Ш.Эын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед гэртээ нөхөр А.С, 4 настай хүү С.Сүрэнжав, дүү Э.Анхмаа нарын хамт байсан ба нөхөр бид хоёр бараан зах орох гээд 00-00 БУЛ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хашаанаас гарах гэтэл хажуу талын айлд ирж архи уудаг Б.Э нь төрсөн эгч Охиноо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-гийн хамт манай хашаанд орж ирсэн. Би тэр хоёрт юун хүн бэ манай хашаанаас гараач гэж хэлэхэд Охиноо гэгч нь чамд ямар хамаатай юм бэ, муу янхан минь гэж хэлээд миний зүүн талын хацар руу 1 удаа алгадсан. Б.Э нь гараа атгаж байгаад миний нүүр хэсэгт 2-3 удаа дараалалж цохисон. Нөхөр А.С Б.Эг надаас салгахад Охиноо гэгч нь миний үснээс зулгааж, доош нь дараад миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Энэ үед манай нөхөр А.С Б.Этай зууралдаж хашаанаас гарсан. Намайг Охиноо гэгч нь үснээс зулгааж, доош нь дараад нуруу, гар, хөл хэсэг рүү гараараа цохиж, өшиглөсөн... Б.Э нь том чулуугаар гэрийн хаалгыг цөм цохисон. Охиноо нь гэрийн хаалгыг гадна талаас нь татаад онгойлгож орж ирээд миний үснээс зулгааж чирээд, гэрийн хоймор хэсэгт газар хэвтүүлж байгаад гараараа нүүр толгой хэсэг рүү удаа дараа цохисон. Энэ үед хашаан дотор нөхөр А.С нь Б.Этай ноцолдож байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
“...Би Б.Э гэх хүнийг Б.Э гээд мэдүүлэг өгсөн байна. Би гэрт зодуулж байсан болохоор гадаа юу болж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- Гэрч А.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гэртээ ирэхэд хүү А.С түүний эхнэр Ш.Э нарыг миний төрсөн дүү Амарсайханынд ирж архи уудаг Б.Э охиноо нар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хашаан дотор орж ирээд зодож, гэрийн хаалгыг нь чулуугаар цөм цохисон байсан. Би хүүгээсээ ямар шалтгааны улмаа та нарыг зодсон юм бэ гэж асуухад эхнэрийн хамт машиндаа суугаад хашаанаас гарах гэтэл Б.Э, охиноо нар гаднаас хашаанд орж ирсэн. Юун хүмүүс вэ хашаанаас гар гэж хэлэхэд Охиноо нь машины цонхоор гараа оруулж, эхнэр Ш.Эыг зодсон. Би салгах гэсэн боловч Б.Этай маргалдаж, зууралдсан. Эхнэр Ш.Эыг охиноо Б.Э нар нь гэрт байхад зодож толгой хэсэг эрүү нь Б.Э хөлөөрөө дэвссэн. Би тэд нарыг салгах гээд чадаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
- Гэрч А.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гадуур явж байгаад гэртээ ирэхэд төрсөн эгчийн хүү А.С, түүний эхнэр Ш.Э нарыг манай гэрээрээ хаяа орж гардаг Б.Э эгч охиноо нар нь зодсон байсан. Цагдаа нар ирсэн байсан. А.Сын гэрийн хаалгыг цөмөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
- Гэрч Ц.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүмүүс зодолдох чимээ гарахаар нь би хашаа руу ороход Б.Ч нь нэг эмэгтэйтэй үснээс зулгаалцаад, нэгнийгээ цохиод зодож байсан. Нөхөртэй нь Б.Э ноцолдоод байсан... Б.Эгийн машины арын цонх руу чулуу шидээд хагалчихсан байсан. Уг чулуу нь урд талын цонх дотор талаас цохиод бас хагалчихсан байсан. Хохирогч гэх эмэгтэйг Б.Ч зодсон... Зарим үйл явдлыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- Гэрч Г.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...65-36 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Э гэх хүн 2023 оны 07 дугаар сард худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Б.Э гэх хүний өмчлөлийн машин. Одоо харин уг тээврийн хэрэгслийн дугаарыг нь Б.Э гэх хүнд шилжүүлж өгмөөр байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 884 дугаартай “...Ш.Эын биед зүүн чамархайн хуйх, хацар, баруун хөмсөгний гадна хэсэг, цээж, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зовхины гадна хэсэг, бугалга, шуу, сарвуу, бөөр орчим, өвдөг, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлиийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- 02/02-58 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-46 дугаар тал/,
- Бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 47, 54 дүгээр тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/8332 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/,
- Гэрч Р.Мягмарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 07 тоотод дуудлагаар очиход согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бас дуудлага өгсөн айлын эмэгтэй, эрэгтэй хүмүүс байж байсан. Тухайн үед хэрүүл маргаан болоод дууссан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Э Б.Ч нар бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашаанд Ш.Эыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Э Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашаанд байсан хохирогч А.Сын эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсэн, А.Сын гэрийн хаалгыг чулуугаар цохиж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.С өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 00-00 тоот хашааны гадна байсан хохирогч Б.Эгийн эзэмшлийн 65-36 БУЛ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд эдгээр үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Шүүгдэгч Б.Ч, Б.Э нар нь бүлэглэж, хохирогч Ш.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ш.Эын “...Би тэр хоёрт юун хүн бэ манай хашаанаас гараач гэж хэлэхэд Охиноо гэгч нь чамд ямар хамаатай юм бэ, муу янхан минь гэж хэлээд миний зүүн талын хацар руу 1 удаа алгадсан. Б.Э нь гараа атгаж байгаад миний нүүр хэсэгт 2-3 удаа дараалалж цохисон. Нөхөр А.С Б.Эг надаас салгахад Охиноо гэгч нь миний үснээс зулгааж, доош нь дараад миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Энэ үед манай нөхөр А.С Б.Этай зууралдаж хашаанаас гарсан. Намайг Охиноо гэгч нь үснээс зулгааж, доош нь дараад нуруу, гар, хөл хэсэг рүү гараараа цохиж, өшиглөсөн... Б.Э нь том чулуугаар гэрийн хаалгыг цөм цохисон. Охиноо нь гэрийн хаалгыг гадна талаас нь татаад онгойлгож орж ирээд миний үснээс зулгааж чирээд, гэрийн хоймор хэсэгт газар хэвтүүлж байгаад гараараа нүүр толгой хэсэг рүү удаа дараа цохисон. Энэ үед хашаан дотор нөхөр А.С нь Б.Этай ноцолдож байсан...Би Б.Э гэх хүнийг Б.Э гээд мэдүүлэг өгсөн байна. Би гэрт зодуулж байсан болохоор гадаа юу болж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Отгончимэгийн “...Юун хүмүүс вэ хашаанаас гар гэж хэлэхэд Охиноо нь машины цонхоор гараа оруулж, эхнэр Ш.Эыг зодсон. Би салгах гэсэн боловч Б.Этай маргалдаж, зууралдсан. Эхнэр Ш.Эыг охиноо Б.Э нар нь гэрт байхад зодож толгой хэсэг эрүү нь Б.Э хөлөөрөө дэвссэн. Би тэд нарыг салгах гээд чадаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Амарсайханы “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гадуур явж байгаад гэртээ ирэхэд төрсөн эгчийн хүү А.С, түүний эхнэр Ш.Э нарыг манай гэрээрээ хаяа орж гардаг Б.Э эгч охиноо нар нь зодсон байсан. А.Сын гэрийн хаалгыг цөмөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Мөнхтуяагийн “...Хүмүүс зодолдох чимээ гарахаар нь би хашаа руу ороход Б.Ч нь нэг эмэгтэйтэй үснээс зулгаалцаад, нэгнийгээ цохиод зодож байсан. Нөхөртэй нь Б.Э ноцолдоод байсан... Хохирогч гэх эмэгтэйг Б.Ч зодсон...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 884 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Б.Э нь А.Сын эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсэн, хохирогчийн гэрийн модон хаалгыг чулуугаар цохиж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь;
Хохирогч Ш.Эын “...Б.Э нь том чулуугаар гэрийн хаалгыг цөм цохисон... ” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Отгончимэгийн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гэртээ ирэхэд хүү А.С түүний эхнэр Ш.Э нарыг миний төрсөн дүү Амарсайханынд ирж архи уудаг Б.Э охиноо нар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хашаан дотор орж ирээд зодож, гэрийн хаалгыг нь чулуугаар цөм цохисон байсан...” гэх мэдүүлэг,
- 02/02-58 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
- Бэлэн мөнгөний орлогын баримтууд,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/8332 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч А.С нь 65-36 БУЛ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд салхины шил зэргийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь;
- Гэрч Ц.Мөнхтуяагийн “...Б.Эгийн машины арын цонх руу чулуу шидээд хагалчихсан байсан. Уг чулуу нь урд талын цонх дотор талаас цохиод бас хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг,
- 02/02-58 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
- Бэлэн мөнгөний орлогын баримтууд,
- Гэрч Г.Нарантуяагийн “...65-36 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Э гэх хүн 2023 оны 07 дугаар сард худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Б.Э гэх хүний өмчлөлийн машин. Одоо харин уг тээврийн хэрэгслийн дугаарыг нь Б.Э гэх хүнд шилжүүлж өгмөөр байна... ” гэх мэдүүлэг,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/8332 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбид буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 884 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч Ш.Эын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Ч, Б.Э нарын хохирогчийг цохих, өшиглөх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,
шүүгдэгч Б.Ч, Б.Э нар нь хохирогч Ш.Эыг цохих, өшиглөх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Бүлэглэж гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгох ба гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль ч хэлбэрээр байж болдог.
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба хохирогч Ш.Эыг зодоогүй, түүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж мэдүүлдэг боловч энэ байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй, харин хохирогч Ш.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Э нь гараа атгаж байгаад миний нүүр хэсэгт 2-3 удаа дарааллаж цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “энэ хоёр орж ирж бүлэглэж зодоогүй гэж байгаа нь худлаа. Хашаанд орж ирэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд машины цонхон дээр ирэхээр нь түлхтэл чи яахаараа ингэдэг юм гээд гараараа 2, 3 удаа цохисон. Мөн гэрт орж ирж дэвсээгүй гэдэг нь худлаа, хоёулаа бүлэглэж зодсон” гэсэн мэдүүлэг болон гэрч А.Отгончимэг, А.Амарсайхан нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Үүнээс гадна шүүгдэгч Б.Э хохирогчийн эрх чөлөөнд халдсан гэх Б.Чын гэм буруутай үйлдлийг үйлдлээрээ дэмжиж хохирогчийн байсан гэрийн хаалгыг эвдэлж орсон нь тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.Эг хохирогч Ш.Эын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад “бүлэглэж үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ч, Б.Э нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч Б.Эгийн эзэмшлийн 65-36 БУЛ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нийт 400,000 төгрөгөөр, хохирогч А.Сын эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нийт 350,000 төгрөгөөр, мөн хохирогч А.Сын монгол гэрийн модон хаалгыг гэмтээж эвдэлснээс учирсан хохирлыг 350,000 төгрөгөөр нийт 700,000 төгрөгний хохирол учруулсан гэж үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлууд нь хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж байна үзэв.
Шүүгдэгч Б.Э, А.С нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Ч, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.С, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С, Б.Э нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, шүүгдэгч Б.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.Ч, Б.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ш.Э хохиролд 86,400 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, хохирогч А.С хохиролд 700,000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч Б.Э хохиролд 400,000 төгрөг тус тус нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Эгаас 743,200 төгрөг гаргуулан 700,000 төгрөгийг хохирогч А.С-д, 43,200 төгрөгийг хохирогч Ш.Эад, шүүгдэгч Б.Чаас 43,200 төгрөг гаргуулан хохирогч Ш.Эад, шүүгдэгч А.Соос 400,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд тус тус олгохоор шүүхээс шийдвэрлэснийг шүүгдэгч нар шүүх хуралдаанаас завсарлага авч, хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлж байсан байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоох, шүүгдэгч А.Сод Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
Өмгөөлөгч Р.Б “хохирол төлсөн байдал, хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, Б.Ч нь нялх хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр торгох ялыг хамгийн бага нэгжээр оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Ч нь “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Э нь “хөдөө мал харах хүнгүй байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.С нь “анх удаа хэрэгт холбогдсон байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Ч, Б.Э, А.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тэдний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Э нарт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Э нарт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ч, Б.Э, А.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Б.Э, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Ч-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нийт ялыг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Ч, А.С нарт оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Э, А.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э, Б.Ч, А.С нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Ч, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР