Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

2024     01      25                                        2024/ШЦТ/41

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ойн зөн овогт Баяраагийн Б.Б-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах Баяраагийн Батбилэгийн эзэмшлийн 00-00 ОРА улсын дугаартай Хьюндай Соната 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр Орхон молл худалдааны төвийн урд талын Зээлийн дөрвөн замын зохицуулдаг уулзвараар нэвтрэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан “зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” Мөн дүрмийн 16.2 зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих 2 хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус явган хүний гарцаар гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан Э.Элбэгзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний зүүн талаас машин ирж намайг урд талаараа мөргөсөн. Би тухайн үед маш их айчихсан байсан учир намайг аль хэсгээрээ мөргөснийг сайн санахгүй байна. Тэгээд би мөргүүлээд газар унасан. Тэгээд би шууд буцаад босоод ирсэн. Намайг мөргөсөн машин дотроос нэг эгч гарч ирээд намайг машиныхаа урд талын суудал дээр суулгасан... Миний гарч байсан явган хүний гарцны гэрлэн дохиод ногоон өнгөтэй байсан. Тэгээд би явган хүний гарцаар гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, - Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

- Иргэний хариуцагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...00-00 ОРА улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Би Өмнөговьд ажилладаг болохоор намайг явсан хойгуур манай төрсөн дүү Б.Б нь ажил гэр хоёрынхоо хооронд хааяа унаж хэрэглэдэг. Тийм болохоор тухайн тээврийн хэрэгслийн даатгалын бичиг баримт дээр Б.Б болон түүний хүүхэд бид гурвын нэр байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Охиноо Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлэхэд баруун хөлний шагайны дээд талын яс хугарсан байна гэж хэлээд манай охины баруун талын хөлөнд гипс хийж өгсөн... Манай охиныг мөргөсөн машин нь болохоор 32-69 дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт / хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24- 26 дугаар тал/,

- Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр “...Э.Э-ийн биед баруун тахилзуур ясны гадна хавтаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Б гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

- Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц, насанд хүрээгүй хохирогч Э.Э нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний 4 аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 5 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР