| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03576/И |
| Дугаар | 102/ШШ2021/03221 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/03221
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2021/03221 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ДЦС ТӨХК холбогдох,
3 515 733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Б.Э нь 1985 оны 7 сард Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д арматур, шугам хоолойн засварчнаар ажилд орж, тасралтгүй 32 жил 5 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны Б/77 тушаалын хавсралтад зааснаар тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох нөхцөл буюу халуун нөхцөлд ажилласан гэж 2019 оны 12 сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2019 оны 12 сарын 20-ын өрийн Б/441 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.*******ыг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон 35 157 332 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Дээрх мөнгөн тэтгэмжийг тухайн үед Б.Э-ы харилцах дансанд шилжүүлэхдээ 10 хувийг суутган авсан байсан тул энэ талаар Захиргаа, санхүүгийн албанаас лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгасан гэсэн. Дээрх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар татвараас чөлөөлөгдөх орлогод хамаардаг. Тийм учраас авах ёсгүй орлогоос татвар суутган авсан тул нэхэмжлэл гаргасан... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бшүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Б.Э нь 34 жил 4 сар Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/441 тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөж байгаа үед Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу эрчим хүчний салбарт ажилласан жилийг, эрчим хүчний салбарын цалин хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нэг удаагийн мөнгөн тэтгэмж 35,157,290 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. 2019 онд тэтгэвэрт гарсан хүний суутгасан төлбөрийг Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-аас биш Баянгол дүүргийн татварын албанаас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар гэрээний талуудын эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл мэдсэнээс хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргах эрх дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э хариуцагч ДЦС ТӨХК-д холбогдуулан орох байсан орлого буюу тэтгэмжийн мөнгөний дутуу 3 515 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Цахилгаан цехт ороомог хөндийрүүлгийн засварын мастер гэх ажил, албан тушаалыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаад 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар Б/441 тоот Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халжээ. Мөн уг тушаалаар нэхэмжлэгчид Хамтын гэрээний 12.1-д заасныг үндэслэн 34 жил 04 сар ажилласан хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж 35 157 332 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийн мөнгө болох 31.641.598 төгрөгийг хариуцагч Б.Эр--ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 452537663 тоот дансанд 2020 оны 02 сарын 21-ны өдөр шилжүүлэн олгожээ. Энэ нь 2019 оны 07 сарын 05-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар Б/441 тоот компаний гүйцэтгэх захирлын тушаал, Худалдаа хөгжлийн банкны 452537663 дансны хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 6, 25-26 дугаар тал/
Дээрхи үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч ...тэтгэмж 35 157 332 төгрөг олгохоос 31 641 598 төгрөг олгож, үлдэгдэл 3 515 733 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож дутуу олгосон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байгаа атал хариуцагч байгууллага 3 515 733 төгрөгийг татварт суутгасан нь үндэслэлгүй тул энэ мөнгийг нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө манай компанид биш Баянгол дүүргийн татварын албанд шилжсэн тул татварын албанаас нэхэмжлэх боломжтой, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар гэрээний талуудын эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.
Нэхэмжлэгч зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасны дагуу хөдөлмөрийн хэвийн бус буюу хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж байсан нь Хөдөлмөрийн гэрээ баримтаар тогтоогдож байгаа ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар Б/441 тоот хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалд энэ талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилладаг гэх хөнгөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Талууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нь зохигч талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч, хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч 10 хувийн татварт тооцон суутгасан 3 515 733 төгрөгийг Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын 2020 оны 4 улирлын Суутган төлөгчийн хувь хүнд ногдох орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан баримт, төлбөрийн даалгавар баримтуудыг ирүүлжээ. /хэргийн 15, 29-31 дүгээр тал/
Эдгээр баримтыг судлан үзэхэд Б.Э-д олгосон тэтгэмжийн орлогоос татварт суутгасан 3 515 733 төгрөг яаж хэрхэн тооцогдож Баянгол дүүргийн татварын алба руу шилжигдсэн эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.
Дээрхи баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 12.1-д Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Э-д 35. 157.332 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хууль болон хамтын гэрээг зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 32 дугаар тал/
Нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн энэхүү тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа нэг удаагийн тэтгэмж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлого бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэмж, өөрт нь орох байсан орлого болох 35 157 332 төгрөгөөс татварт 3 515 733 төгрөг суутган авч хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй, хууль зөрчиж албан татвараас чөлөөлөгдөх орлогод татвар тооцож суутгасан, нэхэмжлэгч өөрт орох байсан орлого 3 515 733 төгрөгөөр хохирч, хариуцагч энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас дутуу олгогдсон тэтгэмж, орох байсан орлого 3 515 733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 202 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2021 оны 10 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс Я.Б-нд, 2021 оны 11 сарын 01-ний өдөр хариуцагчаас Ч.Б-нд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 8-р тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ДЦС ТӨХК-иас тэтгэмж, орлого 3 515 733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71 202 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ