| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03842/И |
| Дугаар | 102/ШШ2021/03355 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/03355
| 2021 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/03355 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй
хариуцагч: ДЦС-4 ТӨХК холбогдох,
1 849 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдох 1,849,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Х.******* нь 1994 оны 10 сард Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д турбины машинчаар орж тасралтгүй эрчим хүчний салбарт 24 жил 1 сар ажиллаад, Монгол улсын Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөлийн жагсаалтын 3 дугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 11 сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.*******ийг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон, 18,496,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү мөнгийг Х.*******ийн харилцах дансанд шилжүүлэхдээ 10 хувийг суутган авсан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, нөхөн олговор, нэг удаагийн буцалтгүй тусламж нь албан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна гэж заасны дагуу авах ёсгүй орлогоос татвар авч Х.*******ийн эрхийг зөрчсөн учир энэхүү зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Х.******* нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д тасралтгүй 24 жил 1 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн. 2018 оны 12 сарын 03-ны өдөр Б/449 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Х.*******ийг өндөр насны тэтгэвэрт гарах үед Үйлдвэрчний эвлэлийн хороо, компанийн захиргаа хамтарсан Хамтын гэрээний дагуу Х.*******ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг, эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нэг удаагийн мөнгөн тэтгэмж 18,496,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүснэ гэсэн үндэслэлээр Х.******* нь 60 нас хүрээгүй тул 10 хувийг суутган авч, Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн байдаг. Тийм учраас Баянгол дүүргийн татварын хэлтсээс Х.******* нь буцаан шаардах, хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан орох байсан орлого буюу тэтгэмжийн мөнгөний дутуу 1 849 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Турбин цехт турбины машинч гэх ажил, албан тушаалыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаад 2018 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар Б/449 тоот Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халжээ. Мөн уг тушаалаар нэхэмжлэгчид Хамтын гэрээний 12.1-д заасныг үндэслэн 24 жил 01 сар ажилласан хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж 18 496.000 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийн мөнгө болох 16 646 400 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банк дахь 1715016541 тоот дансанд 2019 оны 03 сарын 05-ны өдөр шилжүүлэн олгожээ. Энэ нь 2014 оны 11 сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар Б/449 тоот компаний гүйцэтгэх захирлын тушаал, Голомт банкны 1715016541 тоот дансны хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 15-18 дугаар тал/
Дээрхи үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч ...тэтгэмж 18 496 000 төгрөг олгохоос 16 646 400 төгрөг олгож, үлдэгдэл 1 849 600 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож дутуу олгосон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байгаа атал хариуцагч байгууллага 1 849 600 төгрөгийг татварт суутгасан нь үндэслэлгүй тул энэ мөнгийг нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө манай компанид биш Баянгол дүүргийн татварын албанд шилжсэн тул татварын албанаас нэхэмжлэх боломжтой, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар гэрээний талуудын эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.
Нэхэмжлэгч зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасны дагуу хөдөлмөрийн хэвийн бус буюу хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж байсан нь Хөдөлмөрийн гэрээ баримтаар тогтоогдож байгаа ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2018 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар Б/449 тоот хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалд энэ талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилладаг гэх хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Талууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нь зохигч талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч, хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч 10 хувийн татварт тооцон суутгасан 1 849 600 төгрөгийг Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын 2019 оны 4 улирлын Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан баримтыг ирүүлжээ. /хэргийн 22 дугаар тал/
Эдгээр баримтыг судлан үзэхэд Х.*******т олгосон тэтгэмжийн орлогоос татварт суутгасан 1 849 600 төгрөг яаж хэрхэн тооцогдож Баянгол дүүргийн татварын алба руу шилжигдсэн эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.
Дээрхи баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 12.1, 12.2-д Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.*******т 18 496 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хууль болон хамтын гэрээг зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 24 дүгээр тал/
Нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн энэхүү тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа нэг удаагийн тэтгэмж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлого бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэмж, өөрт нь орох байсан орлого болох 18 496 000 төгрөгөөс татварт 1 849 600 төгрөг суутган авч хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй, хууль зөрчиж албан татвараас чөлөөлөгдөх орлогод татвар тооцож суутгасан, нэхэмжлэгч өөрт орох байсан орлого 1 849 600 төгрөгөөр хохирч, хариуцагч энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас дутуу олгогдсон тэтгэмж, орох байсан орлого 1 849 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 202 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2021 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс Я.*******д, 2021 оны 11 сарын 17-ны өдөр хариуцагчаас Ч.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 9 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас тэтгэмж, орлого 1 849 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44545 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ