| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0374/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/383 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/383
2024 09 16 2024/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Ж.Б,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд хохирогч Б.Б-ийн нүүр хэсэгт шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ж.Б: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч Г.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хавтаст хэргээс:
- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хадам ах Э.Э, А нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд орой 23 цагийн үед ороод баар хаах хүртэл бааранд бүжиглэж, шар айраг уусан. Ингээд бааранд бүжиглэж байгаад хажуу талд бүжиглэж байсан нэг хүн миний хөл дээр гишгэхээр нь би урдаас нь “уучлаарай хөгшөөн” гэж хэлсэн чинь цаад талд нь бүжиглэж байсан цагаан цамцтай залуу над дээр ирээд ямар ч шалтгаангүй, юу ч хэлэхгүйгээр миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед хамт бүжиглэж байсан хүмүүс тухайн залууг надаас холдуулсан. Тухайн үед хадам ах Э.Э, А нар миний хажууд байгаагүй. Би баарнаас гарч гэртээ харих гэхэд Э.Э, А нар над дээр ирээд хамар чинь хугарчихсан байна гэж хэлсэн. Ингээд буцаж орж, цагдаа дуудаж, тухайн залуугийн хамт цагдаагийн газар руу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
“…2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Эрхэст оргил эмнэлэгт хамрын таславчийг тэгшлүүлэх хагалгаанд орсон. Үүнтэй холбоотой нийт хагалгааны зардалд 2,704,416 төгрөг, эмчилгээний зардалд 350,000 төгрөг, шинжилгээнд 427,000 төгрөг, нааш цааш явах такси үйлчилгээнд 40,000 төгрөг нийт 3,535,916 төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна миний бие Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууллаг “Баялаг энержи ресурс” ХХК-д оператороор 2019 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас ажилдаа явж чадалгүй сар гаруй хугацаа өнгөрч байна. Би сард 4,100,000 төгрөгийн цалинг гар дээр авдаг. Цаашид дахин 45 хоног гам барих шаардлагатай болж байх тул ажилдаа явж чадалгүй, цалин авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Би гэм буруутай хүнээс 2 сарын цалин болох 8,200,000 төгрөгийн цалинг нэхэмжилнэ. Ингээд нийт 11,735,916 төгрөгийг намайг зодож хохирол учруулсан хүнээс нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд Б.Б, А нарын хамт орсон. Ингээд бааранд орж шар айраг гурвыг захиалсан...Шар айргаа аваад буцаад ирэх хооронд Б.Б нь ширээн дээр байхгүй байсан. Ширээн дээрээ ирэлгүй 10 гаруй минут болсон. Энэ үед яасан юм бол гэж бодоод нааш, цаашаа Б.Бийг харахад байхгүй байсан... ингээд тамхи татаад зогсож байтал Б.Б нь баарнаас гарч ирсэн ба түүний хамарнаас цус гарч байсан. Энэ үед юу болсон талаар асуусан чинь зүгээрээ явъя гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж баар руу орж хяналтын камерыг шүүлгэхэд Б.Б нь нимгэн хар куртиктэй, юдэнтэй цагаан цамцтай, хар малгайтай залууд нүүр хэсэг рүүгээ цохиулсан байсан... удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд Б.Бийг цохисон залууг баарнаас олж цагдаагийн газар руу авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
- Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Б.Б баарнаас гарч ирсэн ба хамраас нь цус гарч байсан. Энэ үед юу болсон талаар асуухад Б.Б нь танихгүй хүнд цохиулсан гээд хүнээ танихгүй байхаар нь баар руу дагуулж ороод хяналтын камерыг шүүлгэхэд юдэнтэй цагаан цамцтай, хар малгайтай залууд нүүр рүүгээ цохиулсан байсан. Тухайн залууг олж уулзаад, цагдаагийн газарт дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 554 дугаартай “…1.2. Б.Бийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна.
5. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 47-57 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Г.Н нь хохирогч Б.Бийг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Бийн “...цаад талд нь бүжиглэж байсан цагаан цамцтай залуу над дээр ирээд ямар ч шалтгаангүй, юу ч хэлэхгүйгээр миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Эын “…Б.Б нь баарнаас гарч ирсэн ба түүний хамарнаас цус гарч байсан. Энэ үед юу болсон талаар асуусан чинь зүгээрээ явъя гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж баар руу орж хяналтын камерыг шүүлгэхэд Б.Б нь нимгэн хар куртиктэй, юдэнтэй цагаан цамцтай, хар малгайтай залууд нүүр хэсэг рүүгээ цохиулсан байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ж.Аийн “…Б.Б баарнаас гарч ирсэн ба хамраас нь цус гарч байсан. Энэ үед юу болсон талаар асуухад Б.Б нь танихгүй хүнд цохиулсан гээд хүнээ танихгүй байхаар нь баар руу дагуулж ороод хяналтын камерыг шүүлгэхэд юдэнтэй цагаан цамцтай, хар малгайтай залууд нүүр рүүгээ цохиулсан байсан…” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 554 дугаартай дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Г.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Нын хохирогчийн нүүрэн тус газарт удаа дараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б нь “нийт 11,735,916 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн хүсэлт тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хохирогч хэрэгт баримтаар хагалгааны зардалд 2,704,416 төгрөг, эмчилгээний зардалд 350,000 төгрөг, шинжилгээнд 427,000 төгрөг, нааш цааш явах такси үйлчилгээнд 40,000 төгрөг нийт 3,535,916 төгрөгийн баримт ирүүлсэн тул уг зардлыг шүүгдэгч Г.Наас гаргуулахаар буюу 3,535,916 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бөд олгуулахаар шийдвэрлэж, хохирогчийн эмчилгээ хийлгэх үед ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл нь нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Баас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгч Г.Н нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Над 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Н-аас 3,535,916 /гурван сая таван зуун гучин таван мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нэээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР