| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 145/2024/00531/И |
| Дугаар | 001/хт2025/00125 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/хт2025/00125
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/00127 дугаар шийдвэртэй,
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204/МА2025/00010 дугаар магадлалтай,
Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээний үүрэгт 68,320,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч М.Х, Г.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Т.О, хариуцагч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Х, Г.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,320,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/00127 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 45,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 385,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204/МА2025/00010 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/000127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
а/. 1 дэх заалтыг бүхэлд нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 66,980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай гэж,
б/. 2 дахь заалтыг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 492,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч М.Х, Г.Л нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.16-ны өдрийн 204/ШШ2025/0010 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх бид нараас 66,980,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Монгол Улсын Их хурлаас 2024.11.04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсан. Уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.” гэж заасан. Гэтэл Б.О нь ашиг олох зорилготой, байнгын үйл ажиллагаа явуулдаг этгээд юм. Б.О нь 2024 оны 07 дугаар сард мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасан. Бид өмнө нь 2019 оноос хойш Б.О-ээс мөнгө зээлдэг байсан. Ингээд 2023.08.08-ны өдөр Б.О-тэй үлдэгдэл зээлийн гэрээнүүдээ нэгтгээд, мөн дээр нь нэмж 15,000,000 төгрөг аваад нийт 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.О- нь гэрээгээ шинэчилье гэж хэлээд гэрээнүүдээ нэгтгээд шинэ гэрээ хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэмж 15,000,000 төгрөг авсан асуудал дээр огт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан.
Мөн 2024.08.08-ны өдөр гэрээ цуцлагдсан. Энэ 1 жилийн хугацаанд Б.О-д бид нийтдээ 28,360,000 төгрөгийн хүү өгсөн. Б.О нь бидэнд зээл олгох бүрдээ зээлийн хүүг урьдчилж авдаг байсан. Мөн нэхэмжлэгч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр гүйцэтгүүлэх шаардлагаасаа татгалзсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал болсны дараа магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад барьцаанд байсан “Prius-20” загварын автомашиныг М.Х нь хууль бусаар авчихаад өгөхгүй байна гэж аймгийн Цагдаагийн 4 газарт гомдол гаргасан. Улмаар Цагдаагийн газрын хашаанд цоожилчихоод түлхүүрийг нь аваад явсан.
Мөн 2024.07.22-ны өдөр бид Б.О-ээс 3,000,000 төгрөгийг нэмж зээлсэн. Б.О нь уг мөнгийг сарын 30 хувийн хүүтэй зээлнэ гээд биднээс 1 сарын хугацаанд хүүд 900,000 төгрөг авсан.
Анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч анз хэрэглэхийг хориглосон тул нэхэмжлэлийн шаардлагаас 23,380,000 төгрөгийн хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.16-ны өдрийн 204/ШШ2025/0010 дугаартай хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч М.Х, Г.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.12-ны өдрийн 001/ШХТ2025/00619 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч М.Х, Г.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Х, Г.Л нарт холбогдуулан 47,984,750 төгрөг гаргуулах, фидуцийн зүйл болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангид нэмж 20,335,500 төгрөг нэхэмжилж, нийт 68,320,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, фидуцийн зүйл болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, шаардлагын үндэслэлээ “... Хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж 2019.05.07-ны өдрөөс 2024.07.23-ны өдөр хүртэл 82,460,000 төгрөгийг зээлүүлж, барьцаанд 0000 Норд бенз маркийн том оврын хүнд даацын автомашин, 2023.08.08-ны өдөр 0000 дугаар бүхий Prius-20 маркийн суудлын автомашиныг барьцаанд авсан. М.Х, Г.Л нартай 2023.08.08-ны өдөр зээлийн гэрээг шинэчилж, өмнө олгосон байсан нийт 25,000,000 төгрөгийн зээл дээр нэмж 15,000,000 төгрөгийг олгож, нийт 40,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. 2024.08.08-ны өдөр зээлийн хугацаа дууссан ба зээлдүүлэгч миний зүгээс утсаар болон өөрийн биеэр очиж зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд үлдэгдэл зээл, хүү 47,984,750 төгрөг, алданги 20,335,500 төгрөг, нийт 68,320,250 төгрөг, үүнээс хариуцагч нарын төлсөн 2,040,000 төгрөгийг хасаад нийт 66,280,250 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч М.Х, Г.Л нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Бид хоёр 2019 оноос хойш 2024 он хүртэл мөнгө зээлж байсан. Бид өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хүүг тухай бүр урьдчилан төлж байсан. Төлсөн 2,040,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулна, үндсэн зээл 43,000,000 төгрөгийг төлнө, хүү алданги төлөх үндэслэлгүй. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. ...Зээлийн нэмэлт гэрээг нэхэмжлэгч Б.О зээлийн гэрээний сунгалт гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч шүүх уг гэрээг талууд харилцан тохиролцон зээлийн гэрээг шинэчилж байгуулсан гэж үзлээ. ... Хариуцагч Г.Л, М.Х нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2024.08.08-ны өдөр гэрээнээс татгалзах хүсэлтээ илэрхийлснийг хариуцагч нар зөвшөөрч талууд 2024.09.19-ний өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд анз хэрэглэхийг хориглосон байх тул хариуцагч Г.Л, М.Х нар 2024.08.08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны алданги 21,380,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн ба магадлалд “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь зээлийн гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн агуулгатай болжээ. Хэрэв гэрээнээс татгалзсан гэж үзвэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагавар үүсэх байтал 45,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. М.Х, Г.Л нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2024.08.08-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, алдангийг нэхэмжилж байгаа гэсэн тайлбараас үзвэл гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан байна. Гэрээнүүдэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хүү, алданги, үндсэн зээлийг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2019.05.07-ны өдрөөс 2024.07.22-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 37,460,000 төгрөг, зээлийн хүү 43,092,000 төгрөг, алданги 2,195,000 төгрөг тус тус төлсөн гэх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй. ... Анхан шатны шүүх талуудын хооронд 2022.05.23-ны өдөр, 2023.01.05-ны өдөр, 2023.08.08-ны өдөр, 2024.04.08-ны өдөр, 2024.07.22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүд хоорондоо хэрхэн хамааралтай, тухайн үед хэрэглэж байсан эсвэл 2023.03.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хуулийг зүйл, заалтын алийг хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Зохигчийн 2023.08.08-ны өдөр, 2024.04.08-ны өдөр хийсэн зээлийн нэмэлт гэрээ нь 2023.01.05-ны өдөр, 2022.05.23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог дүгнэж, хугацаа сунгасан агуулгатай байх ба гэрээг хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, ...үлдэгдэл төлбөрийг 43,000,000 төгрөг гэж тооцож, 2023.08.08-ны өдөр, 2024.04.08-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ нь өмнөх зээлийн болон барьцааны гэрээтэй харилцан уялдаа холбоотой, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. ...Хариуцагч нар 2023.01.05-ны өдөр, 2023.08.08-ны өдрийн гэрээний үндсэн үүрэг 43,000,000 төгрөг, хүү 64,688,322 төгрөг /42,068,322+22,620,000=64,688,322/, алданги 6,665,000 төгрөг, бүгд 114,353,332 төлөхөөр байжээ. Үүнээс 2023.02.04-ний өдрөөс 2024.08.22-ны өдөр хүртэл төлсөн хүү 40,110,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, нийт 42,910,000 төгрөгийг хасвал 71,443,332 төгрөг төлөх байжээ. ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буюу хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг 66,980,000 гэж тодорхойлж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч нараас 66,980,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч нар зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар М.Х, Г.Л нар хамтран хариуцагч байна. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээ гэж адил тодорхойлсон боловч зээлийн гэрээний үүрэгт хүү, алдангийг тодорхойлохдоо Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр гаргасан хариуцагч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар тус тус хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэв.
12. Хэргийн баримтаар зохигчийн хооронд 2019.05.07-2024.07.22 хүртэл хугацаанд зээлийн гэрээний харилцаа үргэлжилж, талууд өмнөх 2023.01.05-ны өдрийн 17,000,000 төгрөг, 2022.05.23-ны өдрийн 8,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн зээл дээр нэмж 15,000,000 төгрөгийг зээлж, нийт 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2023.08.08-ны өдөр шинэчлэн 6 сарын хугацаатай байгуулж, гэрээгээр зээлийн хүүг сарын 5 хувь, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөх, мөн талууд 2024.07.22-ны өдөр 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдрийн 0,1 хувийн хүү төлөхөөр тус тус гэрээг бичгээр байгуулсан, 2019.05.07-ны өдрийн гэрээгээр porter машин, 2022.05.23-ны өдөр Nord benz машиныг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж фидуци байгуулсан, 2023.08.08-ны өдрийн гэрээгээр Nord benz болон Prius машиныг барьцаалсан, 2024.09.19-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, мөн өдрийн байдлаар үүргийг нийт 46,155,800 төгрөг гэж тохиролцсон тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж тодорхойлж, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв боловч талууд 2024.09.19-ний өдөр гэрээний үүргийг дүгнэж, тооцоо нийлсэн үйл баримтыг анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцээгүй, мөн хоёр шатны шүүх тооцооллын алдаа гаргаж, маргаанд хамаарах хуулийг буруу хэрэглэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу алданги нэмж нэхэмжилсэн хэмжээгээр үүргийг тооцсон нь алдаатай тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
14. Зохигчийн маргааны зүйл нь тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулагдах эсэх болон зээлийн хүү, алдангийн талаар маргасан.
Тухайлбал, нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ талуудын хооронд 2023.08.08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн гэрээний үүрэгтэй хамааралтай учир энэ хуульд заасан анзын талаарх хориглолт үйлчлэхгүй гэж үзсэн бол хариуцагч нар энэ хуульд зааснаар алданги төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцжээ.
Эндээс үзвэл зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулагдах эсэхийг дүгнэх нь гэрээний үүргийг тодорхойлоход ач холбогдолтой байна.
15. Анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан зээлийн хүүгийн тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй байгааг анхаараагүй, уг тооцооллыг үндэслэсэн байх тул анхан шатны шүүхийн хангасан хэмжээгээр үүргийг тогтоох боломжгүй.
16. Давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зоригийн агуулгыг зөв тайлбарлаж чадаагүй буюу талууд 2023.08.08-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан байхад хугацааг сунгасан агуулгатай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т нийцээгүй.
Улмаар талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан учир Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа 2023.08.08-ны өдрийн гэрээний үүргийг тодорхойлохдоо Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэглэсэн, мөн талууд 2023.01.05-ны өдрийн болон 2022.05.23-ны өдрийн гэрээний үндсэн зээлийг нийт 25,000,000 төгрөг гэж тооцсон байхад үүнээс зөвхөн 2023.01.05-ны өдрийн гэрээний үүргийг дүгнэсэн агуулгатай боловч үндсэн зээлийг 43,000,000 төгрөг гэж, энэ дүнгээс хүү, алданги тооцож, 2023.08.08-ны өдрийн гэрээний үүрэгтэй нэгтгэсэн нь ойлгомжгүй, хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөн.
Энэ нь 2023.01.05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024.08.25-ны өдрийг хүртэл хүү тооцохдоо нийт 43,000,000 төгрөгийн 19 сар 17 хоногийн хүү 42,068,322 төгрөг гэж дүгнэсэн атлаа 2023.08.08-ны өдрийн гэрээний үүргийг үндсэн зээл 40,000,000 төгрөгийн хүү 22,620,000 төгрөг гэж, хугацааг 2023.08.08-2024.08.25 хүртэл 12 сар, 17 хоног гэж тооцсон нь үндсэн зээлийн хэмжээ болон хугацааг давхардуулан дүгнэсэн.
Түүнчлэн нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа алдангийн хэмжээгээр нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон.
Тодруулбал, зээлийн тооцооллыг хийхдээ нэхэмжлэгч алдангид 20,335,000 төгрөг нэхэмжилснээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 68,320,250 төгрөг болсныг анхаараагүй, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь диспозитив зарчмыг зөрчсөн.
Мөн талууд 2023.08.08-ны өдөр өмнө байгуулсан гэрээнүүдийг нэгтгэн шинээр гэрээ байгуулж, уг гэрээг дүгнэж 2024.09.19-ний өдөр тооцоо нийлсэн байхад талуудын энэхүү маргаагүй үйл баримтыг буруу тогтоож, 2023.01.05, 2023.08.08-ны өдрийн гэрээний үүрэгт хүүгийн тооцооллыг тус тусад нь хийж нэгтгэн дүгнэж, хүүгийн нийт дүнг 64,688,322 гэж тооцоолсон нь талуудын зарчимд нийцээгүй.
17. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022.11.04-ний өдөр батлагдаж, энэ хуулийг 2023.03.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зааснаас гадна хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэжээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.
18. Нэхэмжлэгч Б.О нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаад шинээр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нийцүүлэн 2024.07.17-ны өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлж, Өвөрхангай аймгийн Засаг даргаас гэрчилгээ олгосон байна.
Иймээс нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд тул талууд гэрээг хэзээ байгуулснаас шалтгаалж, тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамаарах хуулийг хэрэглэнэ.
19. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдахаас өмнө зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцон хүү тогтоож болдог байсан бол энэ хуулийг дагаж мөрдөж эхэлснээр нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.
Харин мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд бол Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг, гэрээ байгуулсан он, сар, өдөр, зээлийн хэмжээ, зээлийн хүүгийн хэмжээ, түүнийг бодох, тооцох аргачлал, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны дугаар, барьцаа, батлан даалт байх эсэх, хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх нөхцөл, нэмэгдүүлсэн хүү байх эсэх нөхцөлийг болон шаардлагатай бусад нөхцөлийг тусгасан байна.
Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл тогтоох бөгөөд хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй бол Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд анз хэрэглэхийг хориглосон.
Өөрөөр хэлбэл, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь эрх бүхий этгээдээс тогтоосон хязгаарын хүрээнд зээлийн гэрээнд хүү тогтоох, хүүг ашигласан хугацаагаар буюу бичгээр байгуулсан гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд гагцхүү анз хэрэглэхийг хориглосон тул анзын талаар тохиролцсон нөхцөлд уг тохиролцоо хүчин төгөлдөр бус байна.
20. Талууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2023.08.08-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, нийт 40,000,000 төгрөгийн үүрэгт хүү, алданги төлөхөөр тохиролцсон ба үүнээс 25,000,000 төгрөг нь талуудын өмнө байгуулсан гэрээгээр зээлсэн мөнгө, үлдэх 15,000,000 төгрөгийг шинээр нэмж зээлсэн. Улмаар талууд 25,000,000 төгрөгийн хувьд өмнөх гэрээгээр тохирсон хүү, алдангид төлбөл зохих үүргийг тооцож дуусгавар болгон, үндсэн зээлийг нийт 40,000,000 төгрөгөөр тогтоож, шинэ нөхцөлийг тохирсон.
Энэ нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан, уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч гэрээ байгуулах үед мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй байсан хэдий ч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг /хуучин нэршлээр/ байснаас гадна Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар шинэчилсэн бүртгэлийг 1 жилийн хугацаанд хийлгэх боломжтой тул талуудын хооронд үүссэн зээлийн харилцаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэглэнэ.
Тодруулбал, талуудын 2023.08.08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зарим үүрэг буюу 25,000,000 төгрөгийн хувьд өмнө байгуулсан гэрээний үүрэг бөгөөд энэ агуулгаар хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмын дагуу Иргэний хуулийн хуучин зохицуулалт хэрэглэгдэх боловч талууд харилцан тохиролцож, өмнөх 2023.01.05-ны өдрийн 17,000,000 төгрөг, 2022.05.23-ны өдрийн 8,000,000 төгрөгийн гэрээний үүргийг тус тус дуусгавар болгож, нэмж олгосон зээлтэй нэгтгэн шинээр гэрээ байгуулсан нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
21. Талууд зээлийн гэрээг 2023.08.08-ны өдөр бичгээр байгуулж, гэрээгээр нийт 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эргэн төлөх хуваарийг тогтоож, гэрээг 2024.08.08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан зэргээс үзэхэд энэхүү гэрээ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нийцсэн, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч энэхүү гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Харин талууд энэхүү гэрээгээр гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд анз хэрэглэхийг хориглосон зохицуулалтад нийцээгүй тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Мөн талууд 2024.07.22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдрийн 0,1 хувийн хүү төлөх агуулгыг тусгасан боловч гэрээнд заасан хуваариас үзэхэд 10 хоногт 300,000 төгрөгийг хүүд төлөхөөр тохиролцсон нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс 2024.01.18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээ 4,5 хувиас хэтэрсэн тул нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүрэгт хүүг энд заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагч нараас шаардах эрхтэй.
22. Дээр дүгнэснээр нэхэмжлэгч нь 2023.08.08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, 2024.07.22-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт тус тус шаардах эрхтэй боловч хүүгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, хариуцагч нар 2023.08.08-ны өдрөөс хойш нийт 36,601,000 төгрөгийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, үүнээс хүүд нийт 28,360,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.
Гэвч талууд 2024.09.19-ний өдөр эдгээр зээлийн гэрээний үүргийг дүгнэж нийт 46,155,800 төгрөг гэж тохиролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 2024.07.02-ны өдөр төлсөн 2,040,000 төгрөгийг нийт үүргээс хасахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул талуудын зарчмыг үндэслэн хариуцагч нарын төлбөл зохих үүргийг нийт 44,155,800 төгрөг гэж дүгнэв.
Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид учир дээрх мөнгөн төлбөрийн үүргийг хамтран хариуцах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3-т нийцнэ.
23. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах эрхтэй боловч талууд үүргийг дүгнэж харилцан тохиролцож тооцоо нийлснийг гэрээг цуцалсан гэж үзэхгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
24. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны ... гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч ...-тай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргах бөгөөд талууд 2019.05.07-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, 0000 улсын дугаартай Hyundai porter маркийн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.О 2019.05.07-ны өдөр бүртгүүлсэн, мөн 2022.05.23-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, 0000 улсын дугаартай Beiben north benz маркийн ачааны автомашины өмчлөгчөөр 2022.05.23-ны өдөр нэхэмжлэгч Б.О бүртгүүлсэн, мөн 2023.08.08-ны өдөр зээлийн гэрээнд барьцааны талаарх нөхцөлийг тусгаж, Beiben north benz болон Prius-20 маркийн автомашиныг барьцаалсан байна.
Харин нэхэмжлэгч 2025.02.24-ний өдрийн шүүх хуралдаанд /2хх 128/ “ ... гэрээний үүргийг мөнгөөр буюу 68,320,000 төгрөг нэхэмжилж, ... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй, буруу ойлгоод бичсэн байна, ... хариуцагч нарын төлсөн 2,040,000 төгрөг хасагдаад, ... зээлийн гэрээний үүргийн биелэлтийг 66,980,000 төгрөгөөр хангуулах шаардлага гаргаж байна...” гэж тайлбарласан нь дээрх фидуцийн зүйл болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан агуулгатай байх ба энэ талаар хоёр шатны шүүх зөрүүгүй дүгнэсэн.
Тодруулбал Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нэгэнт үүргийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаас татгалзаж мөнгөн төлбөр гаргуулахаар шаардсан тул фидуцийн зүйл болсон 0000 улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин болон 0000 улсын дугаартай Beiben north benz маркийн ачааны автомашины тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитоор гаргуулан авахаас татгалзсан гэж үзэх бөгөөд энэ агуулгаар хоёр шатны шүүх мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шийдвэр, магадлалд тодорхой, ойлгомжтой тусгаагүй буюу нэхэмжлэгч фидуцийн зүйл болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй тул энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204/МА2025/00010 дугаар Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/00127 дугаар Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч М.Х, Г.Л нараас 44,115,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,204,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн фидуцийн зүйл болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 0000 улсын дугаартай Beiben north benz маркийн ачааны автомашин, 0000 улсын дугаартай Hyundai porter маркийн автомашины өмчлөх эрхийг тус тус хариуцагч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Б.О болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагад тус тус даалгасугай.” гэж нэмж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 657,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 378,529 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Х, Г.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч М.Х хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.14-ний өдөр төлсөн 277,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД