Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 47

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
    Хэргийн индекс 180/2017/0051/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:    
Нарийн бичгийн дарга            Н.Энхзул,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Хохирогч                     Ж.Долгормаа
Шүүгдэгч                    Б.Мөнхжаргал нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201623000358 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Монгол улсын иргэн 1987 оны 08 сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Баатарын Мөнхжаргал.  регистрийн дугаар СК87082115;

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркын гар утсыг хулгайлж нийт 340000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хөвчийн жонон” баарнаас гарч явсан иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркын гар утсыг нь дээрэмдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
  Хохирогч Ш.Бямбадоржийн “...Шөнө унтаж байхад хаалга дуугараад байхаар нь сэрсэн. ...би хамгийн сүүлд хаалга түгжээд унтсан, өмдний халаасанд байсан самсунг  жи-5 маркийн гар утас байхгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Буудлаас хүн гаргахгүй гээд буудлын үйлчлэгчид хэлсэн. Тэгтэл цагдаа ирэх үед манай өрөөнд байсан зүс танихгүй залуу 2 давхарын цонхоор үсрээд алга болсон байсан. Тэр залуу хаалга яаж онгойлгосон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 24-28 тал/

       Хохирогч Х.Төртогтохын “...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой найз эмэгтэй Т.Урнаагийн хамт Жаргалан зочид буудалд 20 цагийн үед ороход найз Ш.Бямбадорж, Чулуунцэцэг гэх найз эмэгтэйгээ таарсан учир хамтдаа нэг өрөөнд орохоор болоод 201 тоот өрөөнд ороод 0.75 граммын Улаанбаатар архи, 2 том пиво уугаад унтаж амарсан. Нэг мэдэхэд миний хар өнгийн корпустай самсунг S-1 маркийн 99416171 гэсэн дугаартай андроид гар утас маань найз Бямбадоржийн шаргал өнгийн корпустай жи-5 маркийн андройд гар утасны хамтаар бидний байсан өрөөнөөс хулгайд алдагдсан байсан. Намайг шөнө Бямбадорж сэрээсэн. Би нилээн согтсон байсан учир ямар хүн өрөөнд орж ирсэн эсэхийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/

       Гэрч С.Баярбатын “...гаднаас цагдаа нар орж ирсэн. Гаднаас орж ирсэн цагдаа цонхон дээр байсан хүн хаашаа явсан бэ? Гэж асуухад Мөнхжаргал өрөөнд байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 35-36 тал/

       Гэрч Т.Урнаагийн “...Бид 19 цагийн үед ороод Улаанбаатар 0.75 литрийн архи нэгийг, 2.5 литрийн пиво нэгийг уугаад бид нар унтсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Хажуу талын өрөөнд хүмүүс архи уугаад шуугилдаад байсан. Тэгээд унтаж байтал манай өрөөнд байсан хүмүүс босоод гар утас алга болсон байна гээд сэрсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Бид нар унтахдаа хаалгаа түгжсэн.” Гэх мэдүүлэг /хх 41-42 тал/

        Гэрч Б.Мичидмаагийн “...Б.Мөнхжаргал зүүн цонхоор цагдаа ирэхийг хараад байснаа зүүн цонхны дээд хэсгийн орны гудас сөхөөд хар өнгийн андройд мэдрэгчтэй утас аваад баруун хөлийнхөө оймсны завсарт хийгээд цонх 2 давхараас үсэрсэн. Би шинэ жилийн комисс байсан учир огт архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх 46-47 тал/

         Гэрч Б.Чулуунцэцэгийн ... бид 4 унтахдаа өрөөний хаалгыг сайн хаасан. Өөрөөр хэлбэл хятад цоожны тээглэгчийг нь сайн тээглүүлж түгжсэн юм. Унтаж байсан чинь нэг мэдсэн чинь өрөөний хаалга тогшоод байхаар нь би сэрээд харахад зүүн орон дээр Төртогтох ганцаараа унтаж байсан. Ш.Бямбадорж байхгүй өрөөний гаднаас тогшиж байсан. Тэгээд онгойлготол Бямбадорж түрсиктэйгээ зогсож байхаар нь хүүе чи юу хийж яваа юм хэдийдээ гараад явчихсан юм гэхэд нэг залуу хаалга онгойлгоод манай өрөөний хаалганы зүүн хэсэгт куртик тавьсан сандалны хажууд зогсож байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар гэж хэлчихээд гарч бие засаад буцаад орох гэсэн чинь хаалга түгжээтэй байхаар нь тогшсон юм гэж хэлсэн. ...цагдаа дуудахад нөгөө залуу цонхоор үсрээд зугатаасан байсан...” гэх мэдүүлэг /хх 52-53 тал/

       Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  5-8 тал/

         Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 29 тал/
         
         Хохирогч Ж.Долгормаагийн “...Би Хэнтий аймгийн шуудан үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд манай хамт олон 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэ жилийн баяраа Эзэнт гүрэн зоогийн газарт тэмдэглэсэн юм. Зүүн бүс буюу Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн алба хаагчид ирээд Хөвчийн жонон буудалд байрлаж байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 04 цагт Хөвчийн жонон буудлаас гараад Хэрлэн сумын 5-р багт байрлах гэртээ харих гээд Хөвчийн жонон буудлаас зүүн тийш замын хойд талаар алхаад явж байтал миний толгойн ар талын хэсгээс цохиод газарт унагасан. Эсэргүүцэл үзүүлж босох гээд өмднөөс нь бариад авах үед газар цасан дээр 1 удаа бүтэн хөрвөөлгөөд өмсөж явсан куртикний халааснаас Самсунг жи-3 маркийн гар утас аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-70 тал/
 
        Шинжээчийн 2017.009 дүгнэлт
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.
-Харьцуулах загварт ирүүлсэн Б.Мөнхжаргалын өмсөж явсан гэх гутлыг шинжилгээнд ирүүлсэн нь шинжилгээний шаардлага хангаж байна.
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр харьцуулах шинжилгээний загварт ирүүлсэн Б.Мөнхжаргалын өмсөж явсан гэх баруун хөлийн гутлын улаар үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 72 тал/
        
        Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64 тал/
 
         Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 56-58 тал/
         Шүүгдэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрлэн хорооллын хойд хэсгийн дундуур зүүн хойш алхаж байтал Хөвчийн жонон буудлаас 160 метр зайд 1 эгч гар утсаараа яриад шөнийн 04 цагийн үед баруун гар талаас нь очоод гар утсыг аваад чигээрээ хойд зүг рүү зугатаасан. Тухайн үед дээрэмдсэн гар утсаа ахын гэрийн гадаа нуучихсан байсан...” /хх-ийн 105 тал/ гэх мэдүүлэг зэрэг болно.


Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркын гар утсыг хулгайлж нийт 340000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Бямбадоржийн ... хаалга түгжээд унтсан, өмдний халаасанд байсан самсунг  жи-5 маркийн гар утас байхгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Буудлаас хүн гаргахгүй гээд буудлын үйлчлэгчид хэлсэн. Тэгтэл цагдаа ирэх үед манай өрөөнд байсан зүс танихгүй залуу 2 давхарын цонхоор үсрээд алга болсон байсан ... гэх мэдүүлэг, хохирогч Төртогтохын ... Нэг мэдэхэд миний хар өнгийн корпустай самсунг S-1 маркийн 99416171 гэсэн дугаартай андроид гар утас маань найз Бямбадоржийн шаргал өнгийн корпустай жи-5 маркийн андройд гар утасны хамтаар бидний байсан өрөөнөөс хулгайд алдагдсан байсан. ... гэх мэдүүлэг, гэрч Б.Мичидмаагийн ...Б.Мөнхжаргал зүүн цонхоор цагдаа ирэхийг хараад байснаа зүүн цонхны дээд хэсгийн орны гудас сөхөөд хар өнгийн андройд мэдрэгчтэй утас аваад баруун хөлийнхөө оймсны завсарт хийгээд цонх 2 давхараас үсэрсэн. Би шинэ жилийн комисс байсан учир огт архи уугаагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Чулуунцэцэгийн ... тэгтэл манай өрөөнд биднийг унтаж байхад орж ирсэн гэх залуу надад утаснууд чинь байхгүй гээд товчлууртай 2 гар утас, чихэр, цагаан саарал биеийн тамирын өмднийхөө карманаас гаргаж ирээд харуулж байсан. Удалгүй цагдаа ирэхэд нөгөө залуу цонхоор үсрээд зугатаасан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хөвчийн жонон” баарнаас гарч явсан иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркын гар утсыг нь дээрэмдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         Хохирогч Ж.Долгормаагийн “... 2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 04 цагт Хөвчийн жонон буудлаас гараад Хэрлэн сумын 5-р багт байрлах гэртээ харих гээд Хөвчийн жонон буудлаас зүүн тийш замын хойд талаар алхаад явж байтал миний толгойн ар талын хэсгээс цохиод газарт унагасан. Эсэргүүцэл үзүүлж босох гээд өмднөөс нь бариад авах үед газар цасан дээр 1 удаа бүтэн хөрвөөлгөөд өмсөж явсан куртикний халааснаас Самсунг жи-3 маркийн гар утас аваад зугатаасан...” гэх мэдүүлэг, Шинжээчийн … шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр харьцуулах шинжилгээний загварт ирүүлсэн Б.Мөнхжаргалын өмсөж явсан гэх баруун хөлийн гутлын улаар үүсгэгдэх боломжтой гэх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017.009 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрлэн хорооллын хойд хэсгийн дундуур зүүн хойш алхаж байтал Хөвчийн жонон буудлаас 160 метр зайд 1 эгч гар утсаараа яриад шөнийн 04 цагийн үед баруун гар талаас нь очоод гар утсыг аваад чигээрээ хойд зүг рүү зугатаасан. Тухайн үед дээрэмдсэн гар утсаа ахын гэрийн гадаа нуучихсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхжаргалд холбогдуулан эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
           
            Шүүгдэгч нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх ба сүүлд 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг ба шүүгдэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг нь өршөөн хэлтрүүлсэн хэдий ч ялтай байдлыг нь өршөөгөөгүй юм.
           Өөрөөр хэлбэл үндэвтэр гэмт хэргийн ялгүйд тооцогдох хугацаа нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш 5 жил өнгөрсөн тохиолдолд ялгүй гэж үзэхээр заасан байна. Харин шүүгдэгчийн хувьд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялаа эдэлж дууссан хэдий ч үүнээс хойш 5 жил өнгөрөөгүй байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоно.
        
         Иймд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэргүүдэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг согуугаар үйлдсэн байдал, эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болон уг гэмт зан үйлүүдээ ухамсарлан ойлголгүй дахин дахин гэмт хэрэг үйлддэг байдлуудыг харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
              
         Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх байдал тогтоогдохгүй байна.

         Хохиролын хувьд хохирогч Ш.Бямбадорж, Х.Төртогтох нар нь хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
         Харин хохирогч Ж.Долгормаа нь дээрэмдүүлсэн SAMSUNG G-3 маркийн гар утасны үнэ болох 330.000 төгрөгийг нэхэмжилсэн тул уг мөнгийг буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Долгормаад олгох нь зүйтэй гэж үзлээ.
         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын 41 размерын гутлыг шүүгдэгчид буцаан олгож, SAMSUNG G-3 маркийн гар утсыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлээ.
        Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй байна.
        
        Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцно.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Мөнхжаргалыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан
Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалаас 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил хорих ял, эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 жилийн хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалд оногдуулсан 4 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Мөнхжаргалын цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын 41 размерийн гутлыг шүүгдэгч Б.Мөнхжаргалд, SAMSUNG G3 маркийн гар утсыг хурааж улсын орлогод оруулсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс SAMSUNG G3 маркийн гар утасны үнэ болох 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Долгормаад олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж  заалдах  гомдол  гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Ц.МӨНХТУЛГА