Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2016/0022/з |
Дугаар | 221/МА2016/0801 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0801
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нэхэмжлэгч О.Баатарчулуун, А.Дэлгэржаргал, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Т.Ганзоригын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Дэлгэржаргал, М.Занданбилэг, Г.Лхагважаргал, О.Баатарчулуун, Д.Алтанзагас, С.Сүхбаатар гаргасан давж заалдах гомдлоор А.Дэлгэржаргал, М.Занданбилэг, Г.Лхагважаргал, О.Баатарчулуун, Д.Алтанзагас, С.Сүхбаатар нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, төлөөлөгч Д.Ойнбилэг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А.Дэлгэржаргал болон нэр бүхий иргэд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд буюу анхдугаар хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6, 23.7, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Анхдугаар хуралдааныг хуралдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. А.Дэлгэржаргал, М.Занданбилэг, Г.Лхагважаргал, О.Баатарчулуун, Д.Алтанзагас, С.Сүхбаатар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч нар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг зохион байгуулж байхад МАН 13:00 цагт зохион байгуулсан. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг оролцуулахгүйгээр иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдийг Анхдугаар хуралдаанд оролцох, хуралд санал өгөх эрхэд халдсан гэж үзэж Анхдугаар хуралдааныг хүчингүй болгох, хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүх шийдвэрлэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг зохион байгуулсан болохыг шүүх тогтоосон байтлаа МАН 13:00 цагт зохион байгуулан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд мэдэгдэлгүй хийсэн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэсэн.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан бөгөөд шүүхийн дүгнээд байгаа шиг хэн нэгэн намд тухайн эрхийг хууль тогтоогчоос олгоогүй юм.
Анхдугаар хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 26 дугаар зүйлийн 26.2, 23 дугаар зүйлийн 23.5, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, хурлын тэргүүлэгчийг сонгох үйл ажиллагаанд нэхэмжлэгч нар оролцоогүй бөгөөд хуралд оролцож санал өгөх, нэр дэвшүүлэх эрхээ эдлэх боломж олгоогүй учраас тухайн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх энэ эрхээ дараагийн хуралдаанд эдлэх боломжтой гэсэн дүгнэлт өгчээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх 4 жилийн хугацаатай байхаар хуульчилсан бөгөөд 4 жил тутам сонгууль явагддаг. Сонгуулийн дараа шинээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Анхдугаар хуралдаан болдог. Гэтэл шүүх Анхдугаар хуралдаанд оролцож анхдугаар хуралдааны бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэх /Даргаа сонгох, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Засаг даргаа сонгох, тэргүүлэгч болох/ эрхийг дараагийн хуралдаанд хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн нь бүрэн эрх нь хэрэгжсэн хурал Анхдугаар хуралдаан хийх боломжтой гэж үзсэнтэй адил болж байна.
Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар Сонгуулийн хороо шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар хуульчилсан байхад энэ эрхийг шүүх төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлэх нь зүйтэй гэсэн нь тухайн хуралд өргөн барьсан гэж үзсэн нь тухайн хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооноос төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслөө өргөн бариагүй байхад тогтоол гаргаснаар өргөн барьсан гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тодруулан тайлбарласан байхад авч үзэлгүй МАН-ын талд үйлчлэн нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд бодит байдалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн анхдугаар хуралдааныг бүхэлд нь буюу тус хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах шаардлагагүй болсон байх тул давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрэн эрх нь эхэлж буй дараагийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлохдоо цагийг тодорхой тогтоогоогүйгээс шалтгаалж нэр бүхий нэхэмжлэгч нар буюу аймгийн Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар уг хуралдаанд оролцож чадаагүй байна.
Дээрх хуульд зааснаар анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг болон Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах, мөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн батлах бөгөөд нэхэмжлэгчдийн тухайд Хурлын Төлөөлөгчийн хувиар тухайн хуралдаанд оролцох, хэлэлцэх асуудлаар таслах эрхээ эдлэх, дурдсан албан тушаалд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байх ч давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзэхэд анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг 3 дугаар хуралдаанаар дахин хэлэлцжээ.
Тухайлбал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаар хуралдаанд нэхэмжлэгч нар төдийгүй нийт сонгогдсон 40 төлөөлөгч бүрэн оролцож, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардаж авсан, түүнчлэн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож баталсан анхдугаар хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А.Дэлгэржаргал, С.Сүхбаатар болон Ардчилсан намаас нэр дэвшигч н.Чинбат нарыг Тэргүүлэгчээр сонгосон, мөн өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргад В.Рэнцэндоржийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан ч Ерөнхий сайдаас томилоогүй буцаасантай холбогдуулж 2 дугаар хуралдаанаар дахин н.Гансэлэмийн нэрийг Засаг даргад дэвшүүлсэн боловч энэ нь маргаантай байгаа болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нарын хүчингүй болгохыг хүссэн Ардчилсан намаас сонгогдсон Төлөөлөгчдийг оролцуулалгүй хийсэн гэх 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн асуудал болон 03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудлыг 3 дугаар хуралдаанаар тус тус дахин хэлэлцэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох, нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрх зохих байдлаар хангагдсан,
-нэгэнт Ерөнхий сайдаас томилоогүй байх тул 04 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргад В.Рэнцэндоржийн нэрийг дэвшүүлсэн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгох нь хууль зүйн хувьд үр дагаваргүй болсон, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох хүчингүй болгуулахыг хүссэн 02 дүгээр тогтоолоор Хурлын даргад Т.Ганзоригийг сонгож баталснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
Харин маргаан бүхий дээрх шийдвэрүүдээс Ардчилсан намын бүлэг хохирч байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг намын бүлгээс биш, нэр бүхий Хурлын Төлөөлөгч нар гаргасан байх тул намыг болон намын бүлгийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзэхгүй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан ч анхдугаар хуралдааны зарыг бүрэн эрхийн хугацаа дуусч буй Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16.00 цагт хийхээр тараасан, гэвч хуралдаан мөн өдрийн 13.35 минутад эхэлж, 14.40 минутад дууссан болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл болон урилгаар тус тус тогтоогдох тул энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсанд тооцохгүй.
Өөрөөр хэлбэл товлосон цагт эхэлсэн хуралдаанд нэхэмжлэгч нар оролцоогүй, түүнчлэн тухайн хуралдааны ирц дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар олонхи болсон тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой юм.
Анхдугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нийт 22 төлөөлөгч оролцож, 55 хувийн ирцтэй буюу Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирснээр хуулийн шаардлага хангагдсан мэт боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн анхдугаар хуралдаан явагдсан процессыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Гэвч дээрх байдлаар нэхэмжлэгчдийн хуралдаанд санал гаргах, нэр дэвшүүлэх, шийдвэрлэж буй асуудлаар таслах эрхтэй оролцох эрх нь анхдугаар бус харин дараа дараагийн хуралдаанд зохих байдлаар хэрэгжсэн байх тул Хурлын Төлөөлөгчийн хувьд хуулиар олгогдсон эрх зөрчигдөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Магадлалын үндэслэл болсон нөхцөл байдлууд цаг хугацааны хувьд анхан шатны шүүх хуралдааны дараа үүссэн учраас нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж буруутгах боломжгүй, хэдийгээр 2, 3 дугаар хуралдааны талаарх холбогдох нотлох баримтууд хэрэг авагдаагүй ч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талаас магадлалаар дүгнэгдсэн үйл баримтыг үгүйсгээгүй болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул давж заалдах гомдлыг хангах нь цаг хугацааны болоод бодит нөхцөл байдлын хувьд үр дагаваргүй байсныг;
-мөн хэргийн шийдвэрлэлтэд шууд хамааралгүй ч 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон орон нутгийн сонгуулийн дүнг Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталгаажуулж, нэр дэвшигчдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгож, анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар хуульчилсан бөгөөд үүнээс тооцоход 7 дугаар сарын 19 гэдэг нь хуульд заасан сүүлийн өдөр, мөн АН-аас нэр дэвшиж түр үнэмлэхээ авсан Төлөөлөгчдөд тараасан гэх зар дээр хурлын цагийг ажлын цаг дуусахын өмнө буюу 16.00 байхаар тавьсан зэрэг нь энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбарыг огт үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байсныг;
-түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт ээлжит сонгууль болсноос 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж, Хурлын дарга болон Засаг дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож, дахин сонгууль явуулна” гэж заасан тул дээрх нөхцөл байдалд дахин анхдугаар хурлыг хуралдахыг шүүхээс даалгах нь хууль зүйн болон үр дагаврын хувьд тохиромжтой эсэхийг тус тус харгалзан үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Дэлгэржаргал, М.Занданбилэг, Г.Лхагважаргал, О.Баатарчулуун, Д.Алтанзагас, С.Сүхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН