Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 219

 

В.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, хохирогчийн өмгөөлөгч А.Дулмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалтай, В.Д-д холбогдох 201626011143 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт В-гийн Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос В.Д-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, В.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Д-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч В.Д гаргасан гомдолдоо “...Хэргийг анх удаа шүүхээр хэлэлцээд маш тодорхой ажиллагаануудыг нэмж хийлгэх талаар заасан. Гэтэл үүнийг мөрдөгч нар болон бусад оролцогчид хийсэнгүй. Хохирогч Ц.Ц-ийг хамгийн сүүлд түргэн тусламжийн эмч О.Ц авч явахад “хохирогч өөрийг нь барьж хүлж байгаад зодсон” гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ талаар шалгаж тогтоогоогүй. Намайг болон Ц.Ц-ийг түргэний эмч үзээд “ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, чихний ард бага зэрэг зулгаралт үүссэн байна. Эрүүлжүүлж болно” гэж бичээд тухайн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нар аваад явсан ба Д гэж хүн хүлээн авсан. Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “саатуулах байрны камер ажиллаж байсан, бичлэг нь хаана байгааг мэдэхгүй” гэсэн байдаг. Батсайхан байцаагч 5-наас 6-ны өдрүүдэд саатуулах байрны камер ажиллаагүй гэж худал мэдүүлсэн. Ц.Ц хүлж байгаад зодсон талаар хэлсээр байхад яагаад камер ажиллаагүй гэж хэлсэн, нуух ямар шалтгаан байна бэ гэдэг ноцтой байдлыг тодруулан шалгаагүй. Хэрэв хүлээ хэрэглээгүй бол бичлэг хаана байна бэ. Шинжээчийн дүгнэлтүүд илт зөрүүтэй байна. Нэг ижил дүгнэлт гаргасан хоёр шинжээчийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа. Дагзаар савж унахад гавлын ясны хоёр хэлбэрийн хугарал үүсдэг. Гэтэл талийгаачийн гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсгэгдэнэ гэсэн байна. Энэ нь мэдүүлэгтэйгээ эрс зөрүүтэй байгаа. Мөн гурван өөр мэдүүлэг өгсөн гэрч Х.О-ы мэдүүлэг зэргээс харахад энэ хэрэгт үндэслэл бүхий эргэлзээ байна. Тухайн үед эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан эсэхийг жижүүр болон цагдаагийн ажилтнууд, эрүүлжүүлэх байрны эмчээс тодруулах шаардлагатай. Мөн гэрч Х.О-ыг бичиг үсэг мэдэх эсэх талаар, хэргийн газар байгаагүй Х.О-ыг ямар учраас байсан гэсэн үндэслэлийг тогтоох болсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлж байгаад зодсон гэх мэдүүлгийн эх сурвалжийг дахин нягтлан тогтоох зэрэг тодорхой олон заалтуудаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх Х.О нь цорын ганц гэрч. Гэтэл Х.О “бичиг үсэг огт мэдэхгүй, би нэрээ бичиж чадна, миний мэдүүлэг дотор юу бичигдсэнийг мэдэхгүйгээр гарын үсэг зурсан” гэж шүүх хуралд мэдүүлсэн. Мөн тухайн үед камер ажиллаж байсан эсэх талаар мэдүүлэг өгөх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч нь шал согтуу байсан учраас гэрчээр оролцуулаагүй. Хэрэв энэ гэрчийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дуудаад мэдүүлэг авсан бол камер ажиллаж байсан эсэх, Ц.Ц-ийн хамгийн сүүлд хэлсэн “намайг хүлж байгаад зодсон” гэх мэдүүлгийн эх сурвалж болон үнэн мөнийг нотлоход онцгой ач холбогдолтой байсан. Шинжээч эмч М.Энхбаяр “амь хохирогч Ц.Ц-ийн гавал тархинд үүссэн гэмтлийг авсан даруйд төдийлөн удалгүй ухаан алдсан байх магадлалтай. Хүний хөлийн цохилтоос гэмтсэн байх боломжгүй” гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй санагддаг. Талийгаач хэдэн цагийн үед хэний зөвшөөрлөөр, эсхүл зөвшөөрөлгүйгээр гэмтлийн эмнэлгээс гарч яваад 5 шарын тэнд байх зочид буудалд ухаангүй байхад буудлын ажилтан цагдаа дуудсан байдаг. Иймд нилээд урт замыг туулж явахдаа ямар үйлдэлд орж болохыг яагаад шалгаж тогтоогоогүй юм бэ. Талийгаачийг эрүүлжүүлэх байрнаас өгч явуулсан, авч явсан гэх хүлээний асуудал, цагийн зөрүү, мөн хүлээг ямар нөхцөлд хэрэглэдэг, яагаад өмдөндөө шээсэн, тухайн үед ажиллаж байсан камерын бичлэг яагаад алга болсон, энэ бүгдийг шалган тодруулж, миний үүсгэсэн гэмтлээс болсон уу, эсхүл нэмж гэмтэл авсан уу гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна. Анх үзсэн эмч нүдний цус хуралтын талаар дурдаагүй эрүүлжүүлж болно гэсэн бөгөөд цаг тухайд нь албан хаагчид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандсан бол талийгаачийн амь нас хохирох байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “...Шүүх дүгнэхдээ тухайн хэрэг гардаг өдөр эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан эсэхийг заавал тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүхийн дээрх даалгаврыг биелүүлээгүй. Гэрч Х.О-ы бичиг үсэг мэдэхгүй байдлыг нь далимдуулж байцаалт аваад гарын үсэг зуруулсан. Үүнтэй холбоотойгоор шүүхээс гэрч Х.О-ыг бичиг үсэг мэддэг эсэхийг тодруулах, боловсролын талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн боловч мөн үүнтэй холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй. Гэрч нарыг байцаахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу байцаагаагүй. Гэрч Х.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ би сэтгэцийн хувьд эрүүл биш, мөн бичиг үсэг мэддэггүй хүн, харин одоо мэдүүлгээ үнэн зөвөөр хэлье гэж тайлбарласан байдаг. Хэрвээ гэрч Х.О нь үнэхээр сэтгэцийн хувьд асуудалтай, бичиг үсэг мэддэггүй хүн юм бол түүний мэдүүлгийг хуульд нийцсэн гэж үнэлэх боломжгүй юм. Мөн энэ хэрэгт шинжилгээ хийсэн шинжээчийн хоёр дүгнэлт хоорондоо зөрүүтэй. Гэрчээр мэдүүлэг өгсөн хууль сахиулагч нарын зарим нь тухайн өдөр камер ажиллаж байсан, зарим нь ажиллаагүй байсан гэж зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийн зөрүүг мөн арилгаагүй. Энэ хэрэгт хамгийн чухал гэрч болох эрүүлжүүлэх байрны эмчийг өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулсан боловч тухайн эмч маш их хэмжээний согтолттой ирсэн учраас арга буюу хүсэлтээсээ татгалзсан. Тухайн өдөр яагаад ганцхан эрүүлжүүлэх байрны камер ажилласангүй вэ гэдгийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай. Учир юу вэ гэвэл тухайн өдөр амь хохирогч тайлбарлахдаа намайг эрүүлжүүлэх байранд орж ирэхэд цагдаагийн алба хаагч нар хүлж байгаад зодсон гэж тайлбарласан байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Дулмаа хэлсэн саналдаа “...Гэрч Х.О нь В.Д-тэй уулзсаны дараагаас эхэлж мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Хохирлыг шүүх нотлох баримтад тулгуурлаж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч В.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг талийгаачийг эрүүлжүүлэх байранд цагдаагийн алба хаагч нар зодсон болон шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байдал тогтоогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Д нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын х дугаар гудамжны х тоотод согтуугаар “хамтран амьдрагч Х.О-ыг зодлоо” гэсэн шалтгаанаар Ц.Ц-ийн толгойн тус газар модон сандлаар цохиж, хөлөөрөө толгой, гар, хөл рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас Ц.Ц-ийн амь хохирсон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

В.Д-ын энэхүү үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” буюу 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч В.Д-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шинэ хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Д-ын гаргасан “энэ хэрэгт зарим зүйлийг шалгаж тогтоогоогүй” талаарх гомдол нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоохтой холбоотой асуудал байх бөгөөд энэ нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч В.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч В.Д-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН