| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/220 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/220
| 2024 09 11 | 2024/ШЦТ/220 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2430000000146 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, 1 дүгээр баг “Хөндлөн хайлаас” гэх газар оршин суух хаягтай, одоо 1 дүгээр баг “Асган” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* ,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь “олон тооны мал хулгайлж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 10 сарын 4-ний орой хонь маань шөнө үргээд байсан юм. Маргааш өглөө нь 5-ны өглөө адуундаа мордсон чинь гэрийн хойно хэдэн хонь байсан нэг хонийг нь амьтан хазчихсан байсан. Очоод хартал манай хонь биш өөр имтэй ******* гэж хүний имтэй адилхан им байсан. Тэгээд хөөж ирээд хониндоо нийлүүлчхээд байсан. Тэр өдөр нь ******* гэж хүн адуунд явж байна гээд манайхаар ороод гарсан тэр үед хонь мал гэж яриагүй өнгөрсөн. Маргааш нь бас ******* гэдэг хүн морьдоо хөөгөөд явж байна гээд мотоциклтой манайхаар ороод гарсан. Тэр үед адуу мал ярьж байгаад өнгөрсөн. 2-3 хоногийн дараа манайд энэ хүнээс авсан хургатай хонь, өөр бас авсан эмгүй өөр имтэй хэдэн хонь байсан. Би тэд нарыгаа имнэхдээ имнэчихсэн юм уучлаарай, яг намайг имнэсэн орой ******* гэдэг хүн нутгийн залуутай давхиж ирээд хонь алдсан хониор чинь ороод гаръя гээд орсон тэр залуу нь утасныхаа гэрлийг асаагаад хониор орсон би ******* ахтай гэрт байсан чинь нөгөө залуу та имнэчихсэн байна гээд орж ирсэн би өөрийнхөө байсан хонийг л имнэсэн өө та хонь алдсан юм уу? Батаа ах гэхэд тиймээ би алдсан гэхээр өдий болтол дүүдээ хэлээгүй та танай хэдэн имтэй хонь манай хойд дээр ирсэн байсан би танай хонь биш юм байлгүй гээд хөөж ирээд эзэн нь гарахгүй болохоор хонь тастаж яваад байхаар нь дүү нь имнэчихсэн юмаа уучлаарай гээд тэгсэн ******* ах заа өглөө ирээд уулзъя гээд явсан. Өглөө нь өөрөө ирээд хонь гадаа байсан хонио хаших уу? ахаа гээд тэгтэл заа яах вэ? ах нь мөнгө төгрөгийн хэрэгтэй хот руу явах гээд байна наадах хэдэн хонио чи мөнгөөр нь ав гээд надад 1,000,000 төгрөг гээд хүн амьтан асуувал ахаасаа авсан гэж хэлээрэй гээд бид хоёр наймаа хийсэн” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд гомдол тэмцэл байхгүй, миний хэдэн хонь намар тасраад явчихсан байсан би өөрөө ч мэдээгүй, саахалтын залуу маань энэ хойно хоёр хонь идчихсэн байна гэхээр нь хойшоо гарчихсан юм болов уу? гээд сураг тавиад байсан чинь *******ийн хониор орсон чинь имнэчихсэн байсан уучлаарай ахаа таных гэдгийг нь мэдсэнгүй гээд тэгэхээр нь заа ахын дүү ав ах нь хойшоо эмчилгээнд явах гэж байгаа мөнгө хэрэгтэй болчхоод хэдэн төгрөг 1 даагатай аваад явсан. Бид хоёр чинь айл саахалт аль багаасаа сайхан ах дүү явж байгаа гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Эрүүгийн 2430000000146 дугаартай хэргээс:
Гэрч Э.*******ы өгсөн “...Би 1 дүгээр багийн нутаг “Шинэ булга”-ын хөндий гэх газарт нутагладаг юм. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр манайх намаржаандаа буусан. Тэгээд 10 дугаар сарын 08-ны үед манайх хониндоо тарилга хийж байсан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны орой ******* бид хоёр ******* ахын машинтай хонийг хайж яваад ******* ахын гэрээс хойш 10 гаран км-т байх *******ийн хониор ороход *******ын 8-н тооны хонийг дөнгөж имнэсэн чихнээс нь цус гоожиж байсан. Тэгээд ******* нь *******тэй уулзаад чи хүний хонийг имнэлээ гэж байсан. Тэгэхэд ******* нь юу ч дуугарахгүй байсан. Тэгэхэд ******* нь одоо орой болсон байна, би өөрөө өглөө ирж уулзана гээд бид хоёр гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас),
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №2402162 дугаартай “...8 тооны бог малын зах зээлийн үнэ нийт 601,000 төгрөг гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-41-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас),
Шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56-57-р хуудас),
Шүүгдэгч *******ийн Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа ( хавтаст хэргийн 60-62-р хуудас),
*******ийн эзэмшлийн Samsung A21s маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 63-65-р хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******ийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр багийн нутаг “Ганганширээ” гэх газраас иргэн *******ын олон тооны мал буюу 8 тооны хонийг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******ад 601,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр багийн нутаг “Ганганширээ” гэх газраас иргэн *******ын олон тооны мал буюу 8 тооны хонийг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******ад 601,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 601,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан *******, Э.******* нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгөнд хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн, хууль бус шинжтэй буюу хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулж болохыг ухамсарлаж, мэдсээр атал зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн, бусдын малыг хууль бусаар авч бусдад хохирол учруулсан үйлдэл хэрэглэх бөгөөд бусдын эд хөрөнгөнд учруулсан үйлдэл хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн малыг шагай дараа хууль бусаар авсан үйлдлийг эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулж болохыг ухамсарлаж зориуд үйлдсэн хэрэгт нь халдсан үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хохирогчид нийт 601,000 төгрөгийн хохирол учирч хохирол хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан яллах дүгнэлт ирүүлсэн. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа” гэх дүгнэлтийг,
1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг,
Олон тооны мал гэдэгт: найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд бог малыг бод малд шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор ижил сүргээсээ сарниж, түүний хонинд нийлсэн хохирогч *******ын 8 тооны хонь буюу бог малын имийг өөрчилснөөр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
2.2. Шүүгдэгч нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Шүүхээс шүүгдэгч *******ийг “олон тооны мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.2 Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
3.2.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдохгүй байна, Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 601,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд, шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна” гэх санал, дүгнэлтийг,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү? *******ийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон өөрийн гэм буруугаа ухамсарлаж ойлгож байгаа, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа төлсөн ам бүлийн хувьд өндөр 72 настай ээжтэйгээ 4-8 насны 2 хүүхэд эхнэрийн хамт хөдөө мал дээр амьдардаг хувийн байдлыг харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг 2/1 багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
3.3 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохиролд 601,000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 601,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
5. Бусад асуудлаар
5.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн “DVD-R” дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *******эд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн “DVD-R” дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, хохирогч *******ад учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННА