| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03498/И |
| Дугаар | 102/ШШ2021/03411 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2021/03411
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2021/03411 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар бүк ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б Туулын гүүр далай ХХК-д холбогдох,
гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар бүк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улаанбаатар бүк ХХК, болон Туулын гүүр далай ХХК нарын хооронд 2016 оны 5 сарын 13-ны өдөр Бүк2016/20 гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 29,920,000 төгрөгийн тунель худалдаж авсан. Үүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Туулын гүүр далай ХХК-иас 2018 оны 11 сарын 02-ны өдөр албан тоот ирэхдээ манайд 29,920,000 төгрөгийн авлагатай гэдгээ хүлээн зөвшөөрөөд, 2018 оны 9 сарын 11-ний өдөр 10,920,000 төгрөг төлөхөө хэлдэг, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу барагдуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Албан бичиг дээрээ Бүк2016/09 дугаартай гэрээ гэж бичсэн байдаг. Бидний шаардаад байгаа нь Бүк2016/20 дугаартай гэрээ юм. Бүк2016/09 дугаартай гэрээ нь нэхэмжлэлд хавсаргасан баримтууд дунд байгаа, 2016 оны 3 сарын 22-ны өдөр 57,630,000 төгрөгийн барааг Улаанбаатар бүк ХХК-иас худалдаж авсан байдаг. Уг гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж үзэж байгаа. Үлдэгдэл төлбөр дээр хоёр тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Хариу тайлбартаа шаардаад байгаа гэрээ нь өөр гэрээний дугаар бичсэн байна гэдэг. Тэгэхээр энэ зарлагын баримтууд байгаа. 44, 45, 55, 54 гэсэн дугаартай зарлагын баримтуудын нийлбэр Бүк2016/09 гэсэн дугаартай гэрээний үнийн дүнтэй таардаг. Өөрөөр хэлбэл тухайн үедээ төлөгдөөд аваад дууссан. БҮК2016/20 дугаартай гэрээний 283 дугаартай зарлагын баримтаар 29,920,000 төгрөгийн бараа материал авсан нь үнэн, өгөх нь үнэн. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т захиалагч бүтээгдэхүүний төлбөрийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнд 0.1 хувийн алдангийг хоног тутам тооцож бэлтгэн нийлүүлэгчид төлнө гэсэн. Тэгэхээр Туулын гүүр далай ХХК нь хамгийн сүүлд 2018 оны 12 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн. 16,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. 2018 оны 12 сарын 28-ны өдөр төлбөр төлөгдөх ёстой байсан өдөр гэж тооцоод, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 хариуцагч Туулын гүүр далай ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Туулын гүүр далай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Бүк2016/20 дугаартай гэрээний үүргийг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2016 оны 5 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээ гэж тайлбарладаг. 2016 оны 5 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа албан бичгээр тасалдсан гэж тайлбарладаг. Энэ албан бичиг дээр Бүк2016/09 дугаартай гэрээний тухай дурддаг. Бүк2016/20 дугаартай гэрээтэй хамаагүй, хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа 2020 оны 3 сарын 27-ны өдрийн албан бичиг дээр мөн Бүк2016/09 дугаартай гэрээ байгуулсан гэдэг агуулгатай мэдэгдэл бичдэг. Үндсэндээ Бүк2016/20 дугаартай гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, өөрөөр хэлбэл Худалдах, худалдан авах гэрээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн эсэх тодорхойгүй. Талуудын хооронд харилцаад байгаа албан бичгүүд болон баримтууд дээр Бүк2016/09 дугаартай гэрээг дурдаад байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нотлох үүрэгтэй. Бүк2016/20 дугаартай гэрээг хийгдсэн эсэх тодорхойгүй гэж байгаа нь зарлагын баримт 10 дугаар хуудсанд 283 дугаартай зарлагын баримт дээр хүлээн авагч нь хэн нь тодорхойгүй зураас зурсан, Туулын гүүр ХХК-д хүлээлгэж өгсөн эсэх, нотариатын 253 гэсэн тэмдэгтэй хэдий ч энэ баримт эх хувиар байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дээр нотариат хуулбар гэрчлэхдээ зөвхөн бичиг баримтын хуулбар гэрчилдэг. Санхүүгийн зарлагын баримт нь бичиг баримт мөн эсэх, хэн хүлээж авсан нь тодорхойгүй. Бүк2016/20 дугаартай гэрээ байгуулагдсан эсэх тодорхойгүй, биелүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан байна. Бүк2016/09 дугаартай гэрээний үүрэг шаардаад байгаа юм уу, Бүк2016/20 гэрээг шаардаад байгаа юм уу ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас сая хавтаст хэрэгт байхгүй баримтууд дурдсан санагдав. Зөвхөн 283 дугаартай зарлагын баримт байгаа, хэн хүлээж авсан нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар бүк ХК хариуцагч Туулын гүүр далай ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу худалдагч Улаанбаатар бүк ХК, хариуцагч буюу худалдан авагч Туулын гүүр далай ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдөр №Бүк2016/20 тоот бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулж, бетон эдлэл тунель бүтээгдэхүүнийг 1500*1500*2000 хэмжээтэй 22-ыг нэг бүрийн үнэ 1 360 000 төгрөгөөр тооцож нийт 29 920 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр 9 920 000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дууссанаас хойш 3 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Улаанбаатар бүк ХК, хариуцагч Туулын гүүр далай ХХК-уудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй бетон эдлэл тунель 22 тоо хэмжээтэйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг тохирсон хугацаанд төлж, бетон эдлэлээ хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 13-ны өдрийн №Бүк2016/20 тоот бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.3, 4.4, 5.2-т заасныг үндэслэн бетон эдлэлийн үнийн үлдэгдэл 16 000 000 төгрөгийг гэрээнд заасан алданги 8000 000 төгрөгийн хамт нийт 24 000 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...29 920 000 төгрөгийн үнэ бүхий бетон эдлэлийг хэнд хүлээлгэн өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 18/136 тоот хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай албан бичиг баримтад №Бүк2016/09 тоот гэрээний төлбөртэй холбоотой асуудал байна. Бүк2016/20 тоот гэрээний шаардах эрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч гэрээний дагуу 29 920 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгөх хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа ба өөрийн тайлбар шаардлагаа ...худалдан авагч Туулын гүүр далай ХХК, вагоноор, 29 920 000 төгрөг... гэх бичилт бүхий 2016 оны 06 сарын 14-ны өдрийн Зарлагын баримт № 283, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 18/136 тоот хариуцагчийн нэхэмжлэгчид ирүүлсэн Төлбөр барагдуулах тухай баримт, 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 1/137 тоот нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн 21 344 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухай Мэдэгдэл, Улаанбаатар бүк ХК-ийн санхүүгийн баримт нотлох баримтуудаар нотлогдоно гэжээ.
Тухайн Зарлагын баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч, шалгасан нягтлан бодогч гэсэн 3 гаргацгүй гарын үсэг зурсан бөгөөд хариуцагч талаас хэн хүлээн авсан нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна. /хэргийн 10 дугаар тал/
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...дансны хуулга бүх баримтыг харахад Бүк2016/09 гэрээ хэрэгжээд дууссан... гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 18/136 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг баримтад хариуцагч №Бүк2016/09 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар, 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 1/137 тоот нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн гэх Мэдэгдэл хүргүүлэх тухай баримтад мөн №Бүк2016/09 тоот гэрээний талаар тус тус бичсэн утга илэрхийлэгдэж байна. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан №Бүк2016/20 гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсныг нотлохгүй байна. Нэхэмжлэгч гэрээний дугаарыг андуурсан байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлоогүй, талуудын хооронд 2016 оны 03 сарын 22-ны өдөр байгуулагдсан № Бүк2016/09 тоот гэрээний харилцаа байсан нь №Бүк2016/09 тоот гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 21-22 дугаар тал/ болно. /хэргийн 8-9 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн санхүүгийн гэх нотариатаар гэрчлүүлсэн баримтад маргалдагч талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг санхүүгийн тамга тэмдэг байхгүй хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байна. /хэргийн 11 дүгээр тал ар талын хамт/
Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7, 2.8, 3.8, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар нь хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбараа нотлох баримтаар нотлох хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 13-ны өдрийн № Бүк2016/20 тоот бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг шаардах эрх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний зүйлийг 2016 оны 06 сарын 14-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбараар тооцоход 2019 оны 06 сарын 14-ны өдөр дууссан гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон, хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул гэрээний үүрэг 24 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Туулын гүүр далай ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Улаанбаатар бүк ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
2021 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Улаанбаатар бүк ХК-иас П.Пүрэвцэрэнд, 2021 оны 11 сарын 24-ний өдөр хариуцагч Туулын гүүр далай ХХК-иас Д.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5, 19 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Туулын гүүр далай ХХК-иас гэрээний үүрэгт 24 000 000 төгрөгийг гаргуулах тухай Улаанбаатар бүк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ