| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0711/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/733 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/733
2024 09 19 2024/ШЦТ/733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
Прокурор: Г.Энэрэл,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001074 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хархорин худалдааны төвийн хашаанд “Тээврийн хэрэгслээрээ дайрах гэлээ” гэсэн шалтгаанаар ***тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ ногоо авахаар машинтайгаа Хархорин зах ороод хашаан дотор орж мах руу эргэдэг уулзвараар урагшаа эргээд ойролцоогоор 2 метр яваад зогсоод урд мах зардаг хэсэг дээр цагаан өнгийн портер машин өөдөөс ухрах гээд зогсож байсан. Би тэр машиныг гаргах гээд хүлээгээд зогсож байсан чинь нөгөө машин хөдлөхгүй байхаар нь би жолоогоо зүүн тийшээ тултал дараад жоохон урагшилсан чинь хажууд нөгөө машиныг ухраах гээд байсан хүн дээр тулаад зогссон. Тэгэнгүүт тэр залуу дайрлаа гээд миний машины копудыг цохиод над дээр хүрч ирээд хаалга онгойлгоод шууд миний уруул дээр гараараа нэг удаа цохиод авсан. Би машинаасаа буугаад миний уруул дээрээс цус гараад тэр залуу бид хоёр маргалдаад эхэлсэн. ...Нийт учирсан хохирол гэвэл 200.900 төгрөг надаас гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7, 12/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хархорин худалдааны төвийн гадна автомашины зогсоолоос өөрсдийн Портер автомашинаа хөдөлгөх гэтэл ар талд суудлын тээврийн хэрэгсэл тээглээд зогссон. Уг нь би автомашинаа хөдөлгөөд манай нөхөр автомашины ар талд зай хараад зогсож байсан. Тэгтэл уг суудлын машины жолоочтой маргалдаж улмаар уг жолооч нь манай нөхрийн бие рүү нэг удаа цохисон. Тэгэнгүүт нь манай нөхөр нөгөө жолоочийн нүүр рүү нь нэг удаа цохисон. ...Би ***тай гэр бүл болоод 26 жил болж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,
Шинжээчийн 8048 тоот дүгнэлтэд: “...***гийн биед дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. /хх-н 24-25/,
Яллагдагчаар ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хархорин худалдааны төвийн хашаан дотор автомашины зогсоолоос автомашинаа хөдөлгөх гэж байгаад нэг автомашины жолоочтой маргалдсан улмаар уг үл таних жолоочийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Би гэм буруугийн тал дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирол төлбөрийг нь төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 30-31/, хохирлын баримтууд /хх-н 45/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хархорин худалдааны төвийн хашаанд иргэн ***гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** хохирогч ***тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 200.900 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргасан ба дээр хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс 200.900 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР