Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/697

 

 

 

 

 

    2024          09          06                                     2024/ШЦТ/697

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001111 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. ...хийсэн хэрэгтээ маргахгүй байна. ...хохирол төлөөгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Батгэрэлтэй таарсан. Таараад үгийн зөрүүгүй цохиулсан ...хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. 420.000 төгрөгийн хохирол гарсан. Сэтгэцэд учирсан хохирлын зэргийг хүлээн зөвшөөрч байна. Өөр хохирол нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 01-ний орой 22 цаг 30 минутад эмэгтэй найз ***г Мөнгөнзавъяагаас ажлаас нь аваад 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр такси барих гээд гараа өргөөд зогсож байсан чинь ***н хуучин үерхэж байсан найз залуу нь гарч ирээд надаас “чи хэн бэ” гэж асуухаар нь би “би найз нь байна” гэхэд “чи нөгөө Солонгост байдаг найз залуу нь мөн үү” гээд намайг 2 удаа цохиод одоо зайл гэхээр нь би холдоод явсан. ...би 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гадаа байна гээд цагдаад дуудлага өгсөн. Намайг манай найз охин ***н хуучин найз залуу нь гэх залуу намайг хардаад цохисон. Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очиж үзүүлэхэд миний хамрын яс хугарсан байна гэсэн. ...2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлсэн ба Чингис зочид буудлын хажууд байрлах UB MED эмнэлэгт үзүүлсэн. UB MED эмнэлэгт хамрын таславч тэгшлэх эмчилгээ хийлгэсэн нийт 420.000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 12-16/,

Насанд хүрээгүй гэрч Т.***н мөрдөн шалгах ажиллагаанд: “…25 дугаар эмийн сангийн хойд буудал дээр цэнэглэсэн мөнгө нь дуусаад цаашаа хэсэг алхаж байгаад такси барих гээд зогсож байтал Батгэрэл гэнэт тухайн газарт байж таараад намайг дуудсан ба Батзаяа бид хоёрт хүрч ирээд над руу хандаж “наадах чинь хэн бэ, нөгөө Заяа чинь уу” гэхээр нь Батзаяа өөрөө “тийм ээ, би байна” гэсэн. Батзаяа миний гар цүнхийг барьсан байхад Батгэрэл, Батзаяагийн гараас цүнхийг булааж аваад Батзаяагийн биед халдсан. Батгэрэл, Батзаяагийн хамар руу нь баруун гараараа байх яг аль гараараа цохисныг сайн санахгүй байна. Би Батгэрэлтэй 1 жил гаруй үерхэж байгаад өнгөрсөн 4 дүгээр сард бид хоёр салсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 9522 тоот дүгнэлтэд: “…***гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 29-30/,

Яллагдагчаар ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2024 оны 7 дугаар сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ найзуудтайгаа уулзах гэж гарахад хуучин үерхэж байсан найз охин болох Анударь нэг эрэгтэйтэй хамт явж байсан. Би ***г дуудаад наадах чинь хэн бэ гэхэд манай найз гэсэн тэгэхээр нь би эрэгтэй найзыг нь дуудаад чи хэн бэ гэхэд Батзаяа байна гэсэн. Бид хоёр өмнө чатаар муудалцаж байсан учир нь гэвэл Анудариас салахгүй, бид хоёрын дунд ороод байсан. …Тэгээд би Батзаяаг эхлээд нэг цохиход оноогүй харин хоёр дахь удаагаа цохиход хамар руу нь онсон. …гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ /хх-н 43-44/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-51/, хохирлын баримт /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***тай маргалдаж түүний цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүгдэгчээс 420.000 төгрөг нэхэмжилсэн ба Улаанбаатар мед эмнэлэгт эмчлүүлсэн хохирогчоос гарсан зардал болох 420.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба улсын яллагчийн дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч нар нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хохирогч *** нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас тухайн гэмт хэргийн улмаас 124.762 төгрөгийн үйлчилгээ авсан баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд эрх бүхий байгууллагаас дээрх хохирлын талаар нэхэмжлэх эрх бүхий этгээдийг тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалаас гарсан хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрх бүхий байгууллага нь холбогдох хууль, журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***хавтаст хэрэгт авагдсан баримтаар 420.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогчийн эрүүл мэндийн датгалаас авсан 124.762 төгрөгийг эрх бүхий байгууллага нь шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР