| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/04244/И |
| Дугаар | 102/ШШ2022/00196 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00196
| 2022 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2022/00196 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Энхболдын *******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Бороогийн *******т холбогдох,
2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
хариуцагч Б.******* нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2600 000 төгрөг болгожээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Э.******* болон Б.******* нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ******* ******* *******-д ажилладаг байсан. 2019 оны 01 сарын 31-ний өдөр Б.******* нь 1,000,000 төгрөгийг ******* банк *******-ийн 5002207651 тоот дансанд, 2019 оны 02 сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг дансаар, 1,400,000 төгрөгийг бэлнээр тус тус авсан тул нийт 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
4.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч өөрийн тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.******* миний бие Э.*******тай 2017 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ******* *******-д ажилд ороод хамтарч ажиллаж эхэлсэн. 2019 оны 01 сарын 31-ний өдөр цалин буусан. Тухайн өдөр надад мөнгөний хэрэг гараад 1,500,000 төгрөг зээлээч гэж Э.*******д хэлэхэд надад 1,000,000 төгрөг байна, үүнийг дансаар шилжүүлээд өгье, та надад дансаа өгчих гэж хэлсэн. Бид хоёр ******* *******-ийн шалган нэвтрүүлэх цэгийн нэгийн оффис дотор мөнгө шилжүүлж өгч авалцсан. Би ******* банк *******-ийн цалингийн дансаа өгөөд 1,000,000 төгрөг авсан. 500,000 төгрөгийг ажлаас буугаад хотод очоод өгнө гэж хэлсэн. 2019 оны 02 сарын 11-ний өдөр бид хоёр уулзаад миний ******* банк *******-ийн 5002207651 тоот дансанд 200,000 төгрөг хийж өгсөн. Яагаад 200,000 төгрөг хийсэн талаар асуухад дүүд нь мөнгөний хэрэг гарсан, 500,000 төгрөг өгөх боломжгүй, 200,000 төгрөг шилжүүлье гээд шилжүүлсэн. Бэлнээр мөнгө аваагүй... гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн дүгээр тал/
Цахим төлбөрийн баримт /хэргийн дугаар тал/
Нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 18-р тал/
Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 19-р тал/
Утасны мессеж /хэргийн 21-24-р тал/
Хадгаламжийн дэвтэр /хэргийн 27 дугаар тал/ нотлох баримтуудыг,
6.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 10-р тал/
******* банкны дансны хуулга /хэргийн 11-13-р тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч Э.*******ын хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагчид мөнгөний хэрэгцээ гарсан тул түүний хүсэлтээр 4 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохирч, 2019.1.31-ны өдөр 1000.000 төгрөгийг хариуцагчийн ******* банкны дансанд, 2019 оны 02 сарын 11-ны өдөр 1400.000 төгрөгийг бэлнээр мөн өдөр 200 000 төгрөгийг ******* банкны дансанд нийт 2600 000 төгрөг шилжүүлж зээлснийг буцаан төлөөгүй тул нэхэмжилж байна...гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...2019.01.31-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад нэхэмжлэгчээс 1500 000 төгрөг зээлэхээр тохирч 1000 000 төгрөгийг дансаар авсан. 2019.02.11-ны өдөр үлдэх 500 000 төгрөгөө шилжүүлэхийг хүсэхэд өөрийнх нь дүүд мөнгөний хэрэг гарсан боломжгүй болчихлоо гээд 200 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1400 000 төгрөг авсан зүйл байхгүй... гэж маргаж байна.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагчид мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлэхээр харилцан тохирч, нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн ******* банк дахь 5002207651 дугаарын дансанд 2019 оны 01 сарын 31-ны өдөр 1000 000 төгрөг, 2019 оны 2 сарын 11-ны өдөр 200 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын цахим төлбөрийн баримт, ******* банк дахь дансны хуулга баримт, талуудын утсаар харилцаж байсан захидал мессэж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 11-13, 21-24 дүгээр тал/
6. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
7. Зээлийн гэрээ амаар байгуулагдсан хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Нэхэмжлэгч ...4 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон... гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэжээ. Талууд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй тул хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхгүй.
10. Зохигч талууд зээлсэн мөнгөний хэмжээний талаар маргаж байгаа ба нэхэмжлэгч ...1200 000 төгрөгийг дансаар, 1400 000 төгрөгийг өөрийн хадгаламжаас авч хариуцагч бэлнээр өгсөн, нийт 2600 000 төгрөг зээлсэн... гэж, хариуцагч ...бэлнээр 1400 000 төгрөг аваагүй, дансаар 1200 000 төгрөг хүлээн авч зээлсэн, 1200 000 төгрөгийг төлнө... гэж маргаж байна.
11. Нэхэмжлэгч ...хариуцагчид бэлнээр 1400 000 төгрөг хүлээлгэн өгсөн... гэх өөрийн шаардлага, тайлбараа ...Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь өөрийн хадгаламжийн данснаас 2019 оны 02 сарын 11-ны өдөр 1400 000 төгрөг зарлага гаргасан... үйл баримт, хадгаламжийн дэвтэр баримтаар нотолно гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хадгаламжийн дэвтэр баримтаар 1400 000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй ч гэсэн дээрхи мөнгийг ...зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн... үйл баримтыг шууд нотлохгүй. /хэргийн 27 дугаар тал/
12. Талуудын тайлбараар зээлсэн мөнгийг буцаан төлөх хугацааны талаар тохиролцсон байдал тогтоогдоогүй тул талууд хугацаа тогтоогоогүй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлин 283.1-т зааснаар нэхэмжлэгч мөнгийг шаардснаас хойш 1 сарын дотор хариуцагч мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй.
13. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний үүрэг 1200 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53350 төгрөг, 6650 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
15. 2021 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс Д.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний үүрэг 1 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53350 төгрөг, 6650 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ