| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03410/И |
| Дугаар | 102/ШШ2022/00203 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00203
| 2022 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2022/00203 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ё.Энхбаярт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 106 198 272,59 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК хариуцагч Ё.Энхбаярт холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэг нийт 106 198 272 төгрөг, 59 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ...зээлийн гэрээний баталгаа болгон барьцаалсан орон сууц, авто зогсоол, автомашин хөрөнгүүдийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах... аар шаардсан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ё.Энхбаяр нь 2019 оны 9 сарын 20-ны өдөр 20190920/060808 дугаартай Зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Тус гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь гэрээний дагуу авсан зээлийн эргэн төлөлтийн үүргээ одоо хүртэл бүрэн гүйцэтгээгүй. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд 2019 оны 9 сарын 20-ны өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Автомашин нь хариуцагчийн эзэмшилд байгаа. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 10 сарын 12-ны өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тодруулбал 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 сарын 12-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 14,998,991.2 төгрөг, хүү 3,679,279.07 төгрөг, нийт 18,678270 төгрөг болж байгаа. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хувьд 2019 оны 9 сарын 30-ны өдөр 20190930/030107 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь уг гэрээний дагуу мөн үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Эд хөрөнгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд 2019 оны 9 сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол Нарны зам гудамж, 420 байр зоорийн давхар 605 тоот 18 мкв, мөн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 46 байр 97 тоот 29 мкв орон сууц, авто зогсоолыг тус тус барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 12-ны өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 59,745,643.84 төгрөг, хүү 27,774,358.46 төгрөг, нийт 106,198,272.59 төгрөгийг шаардаж байгаа. Ё.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 106,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй, шаардлага тавьсан ч биелүүлээгүй байгаа тул Ё.Энхбаяраас нийт 106,198,272.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагчийн зүгээс авсан мөнгөн дүн дээр маргахгүй. Өгсөн төлбөрийн хувьд 2019 оны 9 сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу 2019 оны 10 сарын 20-ны өдөр зөвхөн хүү 517,808.22 төгрөгийг төлөх, үндсэн зээлээс төлөлт байхгүй, 2019 оны 11 сарын 20-ны өдөр 535,068.39 төгрөгийг тус тус зөвхөн хүүд төлж, зээл төлөх сүүлийн өдөр буюу 2019 оны 12 сарын 20-ны өдөр үндсэн зээл 15,000,000 төгрөг дээр гурав дахь сарын хүү болох 517,808.22 төгрөгийг төлж дуусгах графиктай байсан. 2019 оны 9 сарын 30-ны өдөр авсан 60,000,000 төгрөгийн зээлийн хувьд график хийгдээгүй, 2 сарын хугацаатай авсан. Гэхдээ өмнөх графиктай ижил эхний сар 2019 оны 11 сарын 30-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. 2019 оны 9 сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлээс Ё.Энхбаяр 2019 оны 10 сарын 24-ны өдөр 517,808.22 төгрөг төлсөн, 12 сарын 27-ны өдөр 1,173,698.57 төгрөг, 2020 оны 01 сарын 02-ны өдөр 55,999.69 төгрөг, 3 сарын 02-ны өдөр 755,233.13 төгрөг, 3 сарын 9-ны өдөр 504,600.8 төгрөг, 6 сарын 4-ний өдөр 535,069.23 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 1,052,876.87 төгрөг, 9 сарын 22-ны 1,882,369.08 төгрөг, 2021 оны 3 сарын 4-ний өдөр 2,795,978.64 төгрөг, 2021 оны 10 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийн зээлээс 11,755,232.07 төгрөгийг төлсөн. Зээлийн хүүд 517,808.22 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоод хүүгийн үлдэгдэл 3,244,767.93 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8,183,585.78 төгрөг төлсөн. Нийт 11,428,353.71 төгрөгийг төлөх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 10 сарын 01-ний өдөр 14,000,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр 46,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийн зээл авснаас 2019 оны 11 сарын 11-ний өдөр 1,149,500 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс хойш 2019 оны 11 сарын 27- ны өдөр 5,176,965.74 төгрөг, 2020 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 сарын 3-ны өдөр 2,089,838.87 төгрөг, 3 сарын 9-ний өдөр 2,317,083.92 төгрөг, 4 сарын 6-ны өдөр 2,131,200.77 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 4,193,653.13 төгрөг, 2020 оны 9 сарын 22-ны өдөр 6,324,853.92 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 1,856,207.13 төгрөг, 2021 оны 3 сарын 4-ний өдөр 12,305,966 төгрөг, нийт 37,395,769.24 төгрөг төлсөн. Мөн 1,149,500 төгрөгийн хүү төлсөн. 60,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 31,995,774.89 төгрөг байгаа юм. Үүнд ногдох хүү 22,604,231 төгрөг, нийт 54,600,006 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 60,000,000 төгрөгийн зээлийн нийт төлбөрөөс 66,028,359.36 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.... гэв.
5. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-аас ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р тал/
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-р тал/
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 4-р тал/
Тусгай зөвшөөрлийн хавсралт /хэргийн 5-р тал/
Итгэмжлэл /хэргийн 6-р тал/
2019.09.20-ны Зээлийн гэрээ /хэргийн 7-8 дугаар тал/
Эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 9 дүгээр тал/
2019.09.20-ны Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хэргийн 10,11-р тал/
Бараа хүлээлцэх акт /хэргийн 12 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 13 дугаар тал/
Зээлийн дансны хуулга /хэргийн 14,15,16-р тал/
Гэрээ цуцлах тухай /хэргийн 17-р тал/
Зээл хүсэгчийн анкет /хэргийн 18-р тал/
2019.09.30-ны Зээлийн гэрээ /хэргийн 19,20-р тал/
2019.09.30-ны Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хэргийн 21,22-р тал/
2019.09.30-ны Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хэргийн 23,24-р тал/
Гэрээ цуцлах тухай /хэргийн 25-р тал/
Итгэмжлэл /хэргийн 26 дугаар тал/
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 27 дугаар тал/
Итгэмжлэл, иргэний үнэмлэх /хэргийн 28-29 дүгээр тал/
Зээлийн дансны хуулга /хэргийн 30-32-р тал/
Зээл хүсэгчийн анкет /хэргийн 33-р тал/
2021.11.30-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 51 дүгээр тал/
Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай /хэргийн 59-р тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 60-р тал/
Депозит дансны хуулга /хэргийн 61-70 дугаар тал/
Зээлийн дансны хуулга /хэргийн 71-76 дугаар тал/
Зээлдэгч Ё.Энхбаярын 1111130103000008 тоот зээлийн дансны хуулга /хэргийн 100, 101-р тал/ нотлох баримтуудыг,
6. Хариуцагч Ё.Энхбаяраас ирүүлсэн
2021.10.27-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай /хэргийн 88 дугаар тал/
2021.11.16-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 42 дугаар тал/ нотлох
баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
.
1. Шүүхээс нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-аас хариуцагч Ё.Энхбаярт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 106 198 272 төгрөг, 59 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөрт нийт 106 198 272.59 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...зээлийн төлбөрөөс 66 028 359 төгрөг төлөхийг зөвшөөрнө үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, хүүг багасгаж өгнө үү... гэж маргаж байна.
4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ё.Энхбаяр 2019 оны 9 сарын 20-ний өдөр Дугаар20190920/06000008 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-тай байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хувийн хүүтэй, 03 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлжээ. /хэргийн 7-9 дүгээр тал/
Мөн хариуцагч Ё.Энхбаяр 2019 оны 9 сарын 30-ний өдөр Дугаар20190930/03000007 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-тай байгуулж, 60 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн /жилийн 42 хувийн/ хувийн хүүтэй, 02 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлжээ./хэргийн 18-20 дугаар тал/
Зээлдэгч 2019 оны 09 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2019.10.20-ны өдөр хүү 517 808. 22 төгрөг, 2021.11.20-ны өдөр хүү 535 068.49 төгрөг, 2021.12.20-ны өдөр үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 517 808.22 төгрөг төлөхөөр, мөн 2019 оны 09 сарын 90-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дээрхи хуваарийн дагуу төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 9 дүгээр тал/
5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 15 000 000 төгрөг, 60 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
8. Гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 09 сарын 20-ны өдөр, 60 000 000 төгрөгийг 2021 оны 10 сарын 01-ны өдөр 14 000 000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр 46 000 000 төгрөгийг тус тус хариуцагчийн эзэмшлийн банкны данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.
9. Нэхэмжлэгч ...хариуцагчийг 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 14 998 991 төгрөг, үндсэн хүү 3 679 279 төгрөг нийт 18 678 270 төгрөг төлөгдөөгүй, 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 59 745 643 төгрөг, хүү 27 774 358 төгрөг нийт зээлийн үлдэгдэл төлбөр 106 198 272 төгрөг төлөгдөөгүй үлдснийг нэхэмжилнэ... гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч ...15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлд 11 755 232 төгрөг, хүү 517 808 төгрөг төлсөн одоо үндсэн зээл 3 244 767 төгрөг, хүү 8 183 585 төгрөг нийт зээлийн үлдэгдэл төлбөр 11 428 353.71 төгрөг, 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлд 37 395 769 төгрөг, үндсэн хүү 1 149 500 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн төлбөр 22 604 231 төгрөг, үндсэн хүү 31 995 774 төгрөг ний зээлийн үлдэгдэл төлбөр 54 600 0006 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт зээлийн төлбөрт 66 028 359 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж талууд зээлийн төлбөрийн хэмжээн дээр маргаж байна.
10. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээний хугацаа аль аль нь дууссан ба зээлдэгч буюу хариуцагч Ё.Энхбаяр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, 2021 оны 10 сарын 01-ны өдрийн байдлаар хариуцагчийг 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 14 998 991 төгрөг, үндсэн хүү 3 679 279 төгрөг нийт 18 678 270 төгрөг төлөгдөөгүй, 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 59 745 643 төгрөг, хүү 27 774 358 төгрөг нийт зээлийн үлдэгдэл төлбөр 106 198 272 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжилсэн. /хэргийн 14-16, 30-32, 62-76, 100-101 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
11. Хариуцагч ... 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлд 11 755 232 төгрөг, хүү 517 808 төгрөг төлсөн одоо үндсэн зээл 3 244 767 төгрөг, хүү 8 183 585 төгрөг нийт зээлийн үлдэгдэл төлбөр 11 428 353.71 төгрөг, 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлд 37 395 769 төгрөг, үндсэн хүү 1 149 500 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн төлбөр 22 604 231 төгрөг, үндсэн хүү 31 995 774 төгрөг нийт зээлийн үлдэгдэл төлбөр 54 600 0006 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт зээлийн төлбөрт 66 028 359 төгрөг төлөх үлдэгдэлтэй... гэж тайлбарлан талууд зээлийн төлбөрийн хэмжээн дээр маргаж байна.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хэргийн 14-16, 30-32, 64-76, 100-101 дүгээр талд авагдсан зээлийн дансны хуулга, хаан банкны депозит дансны хуулга, зээлийн дансны хуулга баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба хариуцагч хэрэгт авагдсан дээрхи баримтыг үгүйсгэж маргаагүй, хариуцагч өөрийн зээлийн тооцоо тооцоолбортой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тайлбар татгалзлаа нотлоогүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд нотлх баримт гаргуулах талаар ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй.
13. Мөн хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн зээлийн төлбөрт хийгдсэн мөнгөн төлбөрүүд үндсэн зээлд суутгагдаж хасагдах байсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.1.5-д зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлөхгүй бол эхний ээлжинд гэрээнд заасны дагуу бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, 8.2-т зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй...гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
14. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд төлөх хүүгийн хэмжээг багасгаж өгөх хүсэлт гаргасан боловч өөрийн тайлбартай холбоотой ямар нэг баримт ирүүлээгүй тул шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.
15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан 2 зээлийн гэрээний 6.2.2, 6.2.3, 7.1.4, 7.1.5, 8.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 106 198 272.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
16. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн хариуцагч Ё.Энхбаярт холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг буюу үүргийг барьцаа хөрөнгө, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл тээврийн хэрэгслийг худалдсан үнээс үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
17. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК, иргэн Г.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар 20190930/03000007-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 2019 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар 20190930/03000007 тоот нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож Г.Мөнхцэцэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038595 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 420 байр зоорийн давхар 605 тоот хаягт байрлалтай, 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Г.Мөнхцэцэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2205021440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр 97 тоот хаягт байрлалтай, 29 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцааны гэрээ байгуулагджээ. /хэргийн 21-24 дүгээр тал/
18. Нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн гэрээний төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ё.Энхбаяртай барьцааны гэрээ байгуулагдаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй тул түүнээс барьцааны гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй.
19. 2019 оны 09 сарын 20-ны өдөр зохигч талуудын хооронд дугаар 20190920/06000008 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч 2019.09.20-ны өдрийн 20190920/06000008 тоот зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож өөрийн эзэмшлийн 10-33 УБЗ дугаартай лексус RX 400H маркийн тээврийн хэрэгслийг, 20 000 000 төгрөгөөр үнэлэн, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 10-12 дугаар тал/
20. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
21. Маргалдагч талуудын хооронд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан боловч дээрхи хөдлөх хөрөнгө болох тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснийг нотлох хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байхгүй, бараа хүлээлцсэн акт баримтаар хөрөнгийг хэнээс хэнд шилжүүлж хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй ойлгомжгүй, талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхой тайлбар гаргаагүй, нэхэмжлэгч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн талаар өмчлөлд шилжүүлэх, худалдсан үнээс үүргийг хангуулах зэргийг зааглаж ялгамжтай тодорхойлоогүй тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
22. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ё.Энхбаярт холбогдуулан гаргасан үүргийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688 941, 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 688 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
24. 2021 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс Г.Амартүвшинд, 2021 оны 10 сарын 27-ны өдөр хариуцагчаас Т.Лхагвачулуунд тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 38, 51 дүгээр тал/
25. Хэргийн 13, 26-29, 33 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн баримтууд нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ё.Энхбаяраас зээлийн гэрээний үүрэгт 106 198 272,59 төгрөгийг гаргуулж Монголиан импакт финанс ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ё.Энхбаярт холбогдуулан гаргасан үүргийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688 941, 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 688 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 102/ШЗ2021/15766 дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалт хүчингүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ