| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0712/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/730 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/730
2024 09 19 2024/ШЦТ/730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/,
Хохирогч ***ын өмгөөлөгч Г.Тулга,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001087 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ***тоот регистртэй,
Шүүдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шуудангийн харуул хамгаалалтын ажилтан хохирогч ***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газар болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун шанаа, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт үүсгэх зэргээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2024 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван- Эрдэнэ захын урд байрлах Монгол шуудантай байранд "Хар сүлд" хамгаалалтын газраас хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан. Өглөө үүрийн 04 цагийн орчимд нэгдүгээр давхарт харуул хамгаалалтын ажилтан байрладаг хэсэгт ганцаараа байхад гаднаас 20 гаран насны цагаан өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн шорттой согтуу залуу над руу нилээн гуйвсан байдалтай ...хаашаа явахаа мэдэхгүй байдалтай орж ирээд “караоке ажиллаж байгаа юу” гэж асуусан. Би “караоке ажиллаагүй байна” гэж хариулахад “чи ажиллуулах ёстой биз дээ” гэж хэгжүүрхэж эхэлсэн. Тэгээд над руу танхайрч дайрч эхэлсэн. “Одоо гар” гэж шаардлага тавихад эсэргүүцсэн. Би гаргах гэж оролдсон боловч гарахгүй байхаар нь “цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр залуу намайг сандал дээр суулгаж байгаад миний нүүр рүү цохисон. Би өөрийгөө хамгаалахын тулд эсэргүүцсэн. Миний энгэрээс заамдаж тавихгүй байхаар нь би зөрүүлж заамдаж авах үед хоёулаа газарт унасан. Би тухайн залууг тайвшруулах зорилгоор шалан дээр 2-3 минут хэвтсэн. Хэсэг хугацааны дараа дахин над руу агсарч эхэлсэн. Тэгээд намайг доороо хийж байгаад гараараа нүүр рүү 2-3 удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Би толгойндоо гэмтэл авсан учраас толгойгоо хамгаалсан. Арай гэж салаад гүйтэл араас дагаж гүйж ирээд дахин 2-3 удаа цохисны дараа толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд тэр залуу эсрэг тал руу яваад буцаж ирээд дотор дахин танхайрч эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,
Шинжээчийн 8993 тоот дүгнэлтэд: “...***ын биед духанд няцарсан шарх, баруун шанаа, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-с доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 22-23/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван- Эрдэнэ захын урд байрлах Монгол шуудантай байранд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхад гаднаас үл таних цагаан өнгийн подволктой, цэнхэр өнгийн жинсэн шорттой 20 гаран насны залуу нь 5 дугаарт дугаарласан залууг заав. 5 дугаартай хүн нь Шинэзоригийн Хосбаяр ...заасан болно” гэжээ. /хх-н 27-35/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хамгаалалтын ажилтныг сандал мэт зүйл дээр сууж байхад нь цагаан өнгийн подволктой хар өнгийн үстэй, шорттой хар өнгийн гуталтай эрэгтэй хүн нь дээрээс нь биеэрээ дарсан байдалтай гараараа цохих хөдөлгөөн мэт зүйл хийж байв. ...цагаан өнгийн подволктой хар өнгийн үстэй, шорттой хар өнгийн гуталтай эрэгтэй хүн нь хамгаалалтын хувцастай эрэгтэй хүний дээр нь гарсан байдалтай байв. ...цагаан өнгийн повдолктой хар өнгийн үстэй, шорттой хар өнгийн гуталтай эрэгтэй хүн нь шалан дээр барьцалдаж байгаад дээшээ босов. Хамгаалалтын ажилтан нь босож ирээд шууд сандал дээр суув. ...Хамгаалалтын ажилтан сандал дээр сууж байхад цагаан өнгийн подволктой хар өнгийн үстэй, шорттой хар өнгийн гуталтай эрэгтэй хүн нь хамгаалагчийн өвдөг дээр нь дарсан байдалтай нүүрэн дээр нь нүүрээ тулсан байдалтай зогсож буй байдал ...хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн нь сандал дээрээ сууж байснаа гэнэт цохиулсан мэт хөдөлгөөн хийж цаашаа тонгойход цагаан өнгийн подволктой хар өнгийн үстэй, шорттой хар өнгийн гуталтай эрэгтэй хүн нь цаашаа толгой хэсэг рүү нь тулсан байдалтай зогсож буй байдал...” гэжээ. /хх-н 49-53/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, хохирлын баримтууд /хх-н 44-45/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60, 63-65, 69-75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шуудангийн харуул хамгаалалтын ажилтан хохирогч ***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун шанаа, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 1.100.000 төгрөг төлсөн нь шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Хохирогч нь хавтаст хэрэгт 243.300 төгрөгийн баримтыг хавсаргасан ба дээрх хохирол бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Шүүгдэгчийн хохирогчид төлсөн 1.100.000 төгрөгөөс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 243.300 төгрөгийг хасаж, үлдэгдэл 856.700 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулсан 3.3000.000 төгрөгөөс хасаж, хохирогчид 2.443.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон ажилгүй байсан үеийн цалин зэргийг нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР