Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/812

 

2024          09         04                                  2024/ШЦТ/812

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү,

Улсын яллагч: Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 2409 02153 1082 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны 07 дугаар сарын 06-ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ......................... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Б.Г/РД:....................../,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 611 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Гнь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай маргалдаж улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг, Х баарны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч А.Нийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн ..-... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын цонх болон баруун талын хойд гэрлийг гараараа цохин хагалж, зүүн хойд хаалгыг өшиглөж   бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 935 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 Энэ нь хохирогч А.Нийн "...Би 2024 оны 07 сарын 03-ны өдөр өглөө 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах “..................”-дээ орохоор өөрийн Тоёота приус 20 маркийн ..-... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирээд Х шөнийн цэнгээний гадна зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулаад spinning-дээ орсон. Дасгал яг дуусаж байтал 06:50 цагийн орчим гаднаас цагдаа орж ирээд ..-.. УНХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч байна уу? гэж асуусан би байна яасан юм бол гэхэд цагдаа "Гадаа хүмүүс зодолдоод машины чинь цонхийг хагалсан байна гараад ирээч" гэсэн. Дагаж гарч ирээд хартал арын шил хагарсан, жолооч талын хойд хаалга дотогшоосоо чихэгдсэн, баруун талын хойд гэрэл хагарсан өөр яасан байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд тэнд ирсэн байсан цагдаа хэлтэс рүү дагаад яв гээд цагдаагийн байгууллага дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх 12/,

-Д ХХК-ийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "...эвдэрсэн эд ангийн хохирол шууд зардал 935,000 төгрөг нийт зардал 1,366,500 төгрөг...” гэх дүгнэлт /хх 15-21/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "...Тус цагаан өнгийн сиди-г албаны компьютерт хийж сиди дискийг нээхэд уг дүрс диск-д нэг дүрс бичлэг байх бөгөөд уг бичлэгийг нээж үзэхэд Сүхбаатар дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х" гэх нэртэй баарны гадна талын автомашины зогсоолын хэсгийг харуулсан хяналтын камерын 2 ширхэг дүрс бичлэг байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлж тухайн хоёр дүрс бичлэгт үзлэгийг явуулахад “Цээж нүцгэн хувцсаа тайлсан байдалтай залуу нь 2 хүн эрэгтэй хүнтэй маргалдаж байх бөгөөд маргааны явцад ..-... УНХ улсын дугаартай цагаан өнгийн Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн цаана очиж зогсож ард талын багаж хэсэг лүү 4-5 удаа дараалалд цохиж байгаа нь харагдаж байна. Цээж нүцгэн хувцсаа тайлсан байдалтай залуу нь ..-... УНХ улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн ард талын хойд хаалга руу 1-2 удаа дараалж өшиглөж байгаа нь харагдаж байна...” /хх 27-30/,

-Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тогтоол /хх 33/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

3. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нт 935.000 төгрөгийн буюу бага хэмжээнэээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

4. Бусдын  хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хууль бус идэвхтэй үйлдэл, үр дагавар хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. 

5. Шүүгдэгч Б.Гнь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.                                                            

6.Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

7.Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Нт 935.000 төгрөгийн шууд хохирол, 431.500 төгрөгийн хор уршиг учирсан  байх бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

 

9.Шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын шинж чанар, хохиролоо төлж барагдуулсан зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1.Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              5.Шүүгдэгч Б.Гнь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

              6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЧАНЦАЛНЯМ