| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03797/И |
| Дугаар | 102/ШШ2022/00306 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/00306
| 2022 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2022/00306 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ө.*******гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ш.*******д холбогдох,
зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...2020 оны 5 сарын 12-ны өдөр иргэн Ө.******* нь иргэн Ш.*******тай харилцан тохирч Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 68 000 тонн үрийн төмсийг 1 кг нь 300 төгрөгөөр тооцон, нийт 20 400 000 төгрөгөөр тооцон зээлээр худалсан. Зээлийн гэрээн дээр худалдан борлуулсан төлбөрийг 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дотор бүхэлд нь төлөх гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа учраас иргэн Ш.*******гаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 68 000 тонн үрийн төмсний үнэ болох 20 400 000 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү... гэв.
3. 2022 оны 01 сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Үүнд: ...Ө.*******гаас 2020.05.12-ны өдөр 66 тонн буюу 20 400 000 төгрөгний үрийн төмс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан нь үнэн. Ш.******* нь тухайн үед авсан үрийн төмс нь цаг хугацаа алдаж тариалсан мөн цаг агаарын нөхцөл байдал ялангуяа цаг уурын нөхцөл шалтгаанаас шалтгаалж тариалалт амжилтгүй болсноос ургац авч чадаагүй тул үрийн төмсний үнэ болох 20 400 000 төгрөгийг төлж чадаагүй байна. Иймд тухайн цаг хугацаа буюу 2020 оы 5-6 сард байгалийн буюу цаг агаарын онц хүнд байдал буюу шороон шуурга байсан мэдээллийг цаг уурын шинжилгээний газраас зохих мэдээллийг авч өгнө. Иймд 20 400 000 төгрөгийг төлөх боломж үнэхээр байхгүйд хүрээд байна..... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р тал/
Итгэмжлэл /хэргийн 3-р тал/
2020.05.12-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 4-5-р тал/ нотлох баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 11-р тал/
Хариу тайлбар /хэргийн 15-р тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Ө.*******гийн хариуцагч Ш.*******д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2020.05.12-ны өдөр хариуцагчтай харилцан тохирч зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 1тн-ийг нь 300 төгрөгөөр бодож 68 000тн 20 400 000 төгрөгийн үнэ бүхий үрийн төмсийг зээлээр худалдсан. Гэрээнд зааснаар хариуцагч төлбөрөө 2020.10.01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй тул 20 400 000 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...2020.05.12 өдөр гэрээ байгуулж 20 400 000 төгрөгийн үрийн төмс зээлээр худалдан авсан нь үнэн. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж тариалалт амжилтгүй болсноос ургац авч чадаагүй. 20 400 000 төгрөгийг төлөх боломж үнэхээр байхгүйд хүрээд байна... гэж маргаж байна.
4. Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч буюу худалдан авагч Ш.*******, нэхэмжлэгч буюу худалдагч Ө.*******тай 2020 оны 05 сарын 12-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулж, 1тн-ийг нь 300 төгрөгөөр тооцож 68 000тн үрийн төмсийг 20 400 000 төгрөгөөр зээлээр худалдан авч, үнийг 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн ...Ө.*******гаас 2020.05.12-өдөр 66тн буюу 20 400 000 төгрөгийн үрийн төс зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан нь үнэн... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 15 дугаар тал/
6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
7. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч Ш.******* нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдагч худалдан авагчийг үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа төлөх үүрэгтэй.
10. Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч 68 000 тн буюу 20 400 000 төгрөгийн үнэ бүхий үрийн төмсийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч үрийн төмсийг хүлээн авсан ба гэрээнд заасан хугацаанд үнэ буюу 20 400 000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
11. Хариуцагч ...цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж тариалалт амжилтгүй болсноос ургац авч чадаагүй. Энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгнө... гэсэн үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхэд ямар нэг баримтыг ирүүлээгүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
12. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэлтэй тул шүүх хариуцагч Ш.*******гаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 20 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 259 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
14. 2021 оны 11 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс Л.*******эд, 2021 оны 12 сарын 02-ны өдөр хариуцагчаас Ю.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3, 11 дүгээр тал/
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.*******д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 18 дугаар тал /
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ш.*******гаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 259 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ