| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд
Улсын яллагч: Б.Байгаль
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001780297 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овгийн ******* *******, регистрийн дугаар: *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүртгэлийн ******* дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******гаас хохирогчийн мэдүүлэг тайлбарыг дахин авсан мэтээр тэмдэглэл үйлдэж, *******гийн өмнөөс өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, мэдүүлгийг өөрийн өмгөөлөгч Д.Уранчимэгийг байлцуулж өгнө .. гэх мэдүүлэг 2-хх-ийн 59-60/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өөрийн гар утсаа ажлаар хөдөө ******* суманд явж байгаад Морьтой хөшөөний орчимд хаясан юм. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байсан. Тэгээд гол нь миний утсанд ажлын нууцлалтай холбоотой мэдээллүүд байсан учраас гар утсаа 1МЕ1 кодоор нь олж болдог гэхээр нь олж авчих санаатай Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Тэгтэл ******* сумын хэсгийн төлөөлөгч ******* гэж хүн намайг дуудаж болсон асуудлын талаар мэдүүлэг авсан. Тэгээд л алга болчихсон. Тэгсэн цагдаагийн газраас таны гаргасан гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, Прокурорын байгууллагад шилжүүллээ гэсэн утгатай мессеж миний утсанд ирсэн. Тэгээд 5 сарын 26-ны өдөр Энхтөр гэж прокурор утсаар холбогдоод “ирж шийдвэрээ аваарай” гэсэн. Тэгээд ирээд шийдвэрээ гардаж аваад уншсан чинь надаас дахин мэдүүлэг авсан, тухайн мэдүүлэг дээр нь намайг гар утсаа олсон мэтээр мэдүүлэг зохиож бичээд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Утсаа хаяснаас хойш 2 хоногийн дараа залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад морьтой хөшөөний орчмоос олсон гэж хэлээд тэгээд авчирч өгсөн болгоод мэдүүлэг бичээд миний гарын үсгийг дуурайлгаад зурсан байсан. Тухайн үед нь би Энхтөр прокурорт “ийм асуудал байж болохгүй ээ, би гар утсаа олоогүй, олсон талаараа мэдүүлэг өгөөгүй, энэ миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гомдлоо гаргаж өг гэсний дагуу гомдлоо гаргаж өгсөн байгаа. Миний хувьд гар утсаа олоогүй ямар нэгэн байдлаар гомдоод байсан асуудал байхгүй. Гол энэ хуулийн хүн миний гарын үсгийг дуурайж зураад хууль бусаар асуудлыг шийдвэрлэж байгаад л гомдол гаргасан. Энэ удаад би гомдол гаргаж байгаа боловч гомдлоо гаргахгүй хаяж байгаа хэчнээн хүн байж ч магадгүй, ийм зүйлтэй эвлэрэхгүй гэсэн үүднээс гомдлоо гаргасан . Үүний дараагаар нь би *******тай утсаар холбогдоход шалгадаг хуулийн хугацаа байдаг, тэр хуулийн хугацаа нь дуусах гээд байсан учир би тэгсэн гээд байсан. Нэг л удаа мэдүүлэг өгсөн. Аймгийн цагдаагийн газар дээр мэдүүлэг өгч байсан. Энэ миний гарын үсэг биш. Би сая тэмдэглэл дээр гарын үсгээ зурлаа. Өмгөөлөгч Бат- Эрдэнэд уншуулж гээд биччихсэн байх юм. Надад өмгөөлөгч байгаагүй. 2 хуудас тэмдэглэл дээрх гарын үсгүүд хоорондоо ч гэсэн зөрүүтэй харагдаж байна....гэх мэдүүлэг/1 хх-ийн 153-155/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2023 оны зун Баянхонгор аймгийн ******* сум руу ажлын газрын хүмүүстэйгээ ажлын шугамаар явах үедээ ******* сумын наана байдаг морьтой хөшөөн дээр бууж сууж байхдаа Самсунг загварын гар утсаа хаясан байна гэж надад манай эхнэр хэлж байсан. Тэгээд дараа нь эхнэр цагдаагийн байгууллагад утсаа хаясан талаараа мэдэгдэж, гомдол мэдээллээ аймгийн цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. ******* шалгах юм байна утасны дугаарыг нь бүртгүүлээд олдог гэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш эхнэрийг ирж мэдүүлэг өг гэж дуудаад ******* гэж хүнд мэдүүлэг өгчхөөд ирлээ гэж байсан. Энэ явдлаас хойш сар болсон прокуророос хэрэг хаалаа гэж эхнэрт мэдэгдсэн, тэгээд эхнэр бид хоёр аймгийн прокурор дээр ирээд эхнэр ороод гарч ирээд бичиг авч гарч ирээд уншиж сууж байснаа энэ чинь юун утсаа авсан, олсон болоод явчхав” гээд буцаад прокурор руу орж утсаа олоогүй талаараа прокурорт хэлж, прокурор ******* руу залгаад чи юун утсаа олсон гээд байгаа юм ир гэж ярьсан гэж эхнэр надад хэлсэн юм. Тэгэхээр нь би сумын цагдаа ******* руу яриад “чи утсаа олсон гээд бичээд прокурорт өгчихсөн байна, чи яахаараа худлаа бичээд гарын үсгийг нь зураад өгчихсөн байна юм гэж хэлтэл ******* уурлаж би чамайг сумын цагдаа учир эхлээд өөрөөс нь асууя гэж бодсон юм, чи ингэж байгаа бол шалгуулдаг газраар нь шалгуулъя гэж хэлээд яриа дууссан. Тэгээд прокурор санал гомдол бичгээр гаргаж өг гэж хэлсэн, гэхдээ яах вэ манай сумын хэсгийн төлөөлөгч юм байна, үнэн учраа тайлбарлах байлгүй, хүний муу үзээд яах вэ гэж бодож байгаад эхнэртэй ярилцаад шийдэх ёстой газраар нь шийдүүлсэн нь зөв гэж бодоод эхнэр аймгийн прокурорт өргөдлөө бичиж өгсөн. Сарын дараа билүү над руу манай ах гэж ээжийн төрсөн дүү залгаад ******* хоолноосоо саллаа, ын хамаатан юм байна, та хэлээд өг, утсыг нь аваад өгье” гээд байна гэж хэлэхээр нь би “за би мэдэхгүй, та бид хоёрын мэддэг асуудал биш, наад хүний талаар чинь би мэдэхгүй, та ч битгий тийм юм яриад бай” гэж хэлээд яриа дууссан. Тэгээд дахиад би ******* суманд очиход *******, //, хүргэн ах // нарыг дагуулж ирээд надтай уулзаж ******* “та эхнэртээ прокуророос ярихаар нь гомдолгүй гээд хэлээд өгөөч, аль болох талаас нь эхнэртээ хэлээд өгөөч гэж гуйсан, харин ах “адилхан залуу хүмүүс байж нэг нэгэндээ гомдоод яах вэ, учраа ол, гар утсыг чинь аваад өгье” гэж хэлсэн, тэгэхээр нь би “за утсандаа биш ээ, би ч чамд гомдоод байсан юмгүй, би утас энэ тэр авахгүй, хэрэггүй” гэдгээ хэлээд *******тай уулзаагүй, утсаар холбогдоогүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 69/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... нь бол ын ээжийн төрсөн дүү, нагац ах нь байгаа юм. ******* бид хоёрыг суманд ирчихсэн байна, очоод уулзаадахъя” гэж гуйхаар нь би дагаад явж дээр очоод миний машинд суугаад уулзсан. Гэхдээ би юу яриад байгааг нь бол мэдээгүй, тэгээд яриа дууссан юм уу машинаас бууж ирээд машинаа унаад гэр рүүгээ явсан. Дараа нь , Батнаран нараас юу болсон талаах асуухад Буянжаргал “манай эхнэр утсаа хаясан, тэгээд цагдаад бүртгүүлээд шалгуултал ******* утсыг нь олсон мэтээр материал бүрдүүлээд хаагаад хаясан асуудал болоод байгаа” гэж надад тайлбарласан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 71/,
.Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Тухайн өдөр төлөөлөгч *******, бид 3 хамт 4 дүгээр баг рүү явах гээд хамтдаа *******ийн гранд марк 2 машинд нь суугаад бензин авахаар сумын шатахуун түгээгүүр дээр очсон. Энэ үед бензин буулгаад завсраар нь хүмүүст бензин өгөөд зогсож байсан. Тэгээд би шатахуун түгээгүүр дээр очоод дэлгүүр рүү орж тамхи цэвэр ус аваад гараад иртэл машинаа унаад хүрч ирээд утсаар ярьж байгаад “ахаа өнөөдөр хөдөө авахаа болилоо, та яах вэ” гэхээр нь би “өө тэгвэл би гэртээ харья" гэж хэлээд би гэртээ хүргүүлээд ******* нар хамтдаа явсан. Тэр үед би тай уулзаагүй, ямар нэгэн юм яриагүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 73/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3717 дугаартай
1.Шинжилгээнд ирүүлсэн баримт материалууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “2023.05.22” гэсэн огноотой “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /дахин/” гэсэн баримтын эхний хуудасны доод хэсэг, “мэдүүлэг өгсөн: хохирогч .....*******” гэсэн хэсэгт байх шинжилж буй гарын үсгүүд нь нэг
хүний гараар үйлдэгдээгүй. Харин нэг төрлийн бичгийн хэрэгслээр үйлдэгдсэн байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн “2023.05.22” гэсэн огноотой “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /дахин/” гэсэн баримтын эхний хуудасны доод хэсэгт, “мэдүүлэг өгсөн: хохирогч *******” гэсэн хэсэгт байх шинжилж буй гарын үсгүүд нь гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй.
4.Шинжилгээнд ирүүлсэн "2023.05.22" гэсэн огноотой “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /дахин/” гэсэн баримт дээрх шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах элементүүдээс бүтсэн байх тул *******ийн гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй...гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /168-177/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 06/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 18, 32/, үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 63-74/, гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 74-76/, орсон гарсан дуудлага мессежний лавлагаа / 1 хх-ийн 80-150/, шүүгдэгч *******ийн албан тушаалын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 2-40/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 43/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 2 хх-ийн 49-53/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / 2 хх-ийн 78/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 хх-ийн 79/, төрөл садангийн лавлагаа / 2 хх-ийн 81-87/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 2 хх-ийн 89/, дансны хуулга /2 хх-ийн 91-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүртгэлийн ******* дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******гаас хохирогчийн мэдүүлэг тайлбарыг дахин авсан мэтээр тэмдэглэл үйлдэж, *******гийн өмнөөс өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч*******гийн.....Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ,...цагдаагийн газраас таны гаргасан гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, Прокурорын байгууллагад шилжүүллээ гэсэн утгатай мессеж миний утсанд ирсэн,....шийдвэрээ гардаж аваад уншсан чинь надаас дахин мэдүүлэг авсан, тухайн мэдүүлэг дээр нь намайг гар утсаа олсон мэтээр мэдүүлэг зохиож бичээд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан,. . нэг л удаа мэдүүлэг өгсөн, Энэ миний гарын үсэг биш,...2 хуудас тэмдэглэл дээрх гарын үсгүүд хоорондоо ч гэсэн зөрүүтэй харагдаж байна....гэх мэдүүлэг/1 хх-ийн 153-155/
Гэрч ын…сумын цагдаа ******* руу яриад “чи утсаа олсон гээд бичээд прокурорт өгчихсөн байна, чи яахаараа худлаа бичээд гарын үсгийг нь зураад өгчихсөн байна гэж хэлтэл ******* уурлаж би чамайг сумын цагдаа учир эхлээд өөрөөс нь асууя гэж бодсон, чи ингэж байгаа бол шалгуулдаг газраар нь шалгуулъя гэж хэлээд яриа дууссан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 69/
Гэрч ын…дараа нь , Батнаран нараас юу болсон талаах асуухад Буянжаргал манай эхнэр утсаа хаясан, тэгээд цагдаад бүртгүүлээд шалгуултал ******* утсыг нь олсон мэтээр материал бүрдүүлээд хаагаад хаясан асуудал болоод байгаа гэж надад тайлбарласан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 71/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3717 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /168-177/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогпон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т заасан...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж, 2-т заасан ...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-т заасан ...Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана... гэж, 2-т заасан ...Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.... гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт холбогдсон ба энэ гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д,
Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйл “Төрийн тусгай албан тушаал”, мөн зүйлийн 13.1-дэх хэсгийн 13.1.6 дахь заалтад “...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч...” гэж заасан албан тушаалтанд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан юм.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүртгэлийн ******* дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******гаас хохирогчийн мэдүүлэг тайлбарыг дахин авсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж*******гийн өмнөөс өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан байж .2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган прокурорт ирүүлсэн бөгөөд хяналтын прокурор Н.Энхтөрийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн № 331 дугаар… хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай…тогтоол гаргасан нь шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь тогтоогдсон байна.
Аймгийн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 35 дугаар… хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татшалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай… тогтоол хэрэгт авагдсан болно. / хх-ийн 110-111/
“Нотлох баримт” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт… гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд буюу иргэн *******гаас Баянхонгор аймгийн Жинс суманд ажлаар явж байхдаа Самсунг А-02 маркийн гар утсаа гээсэн талаар нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч ******* 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******гаас хохирогчийн мэдүүлэг тайлбарыг дахин авсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж*******гийн өмнөөс өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзнэ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан шүүгдэгч *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн, гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй байна.
Хэдийгээр материаллаг хор, хохирол учраагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилт, иргэд олон нийтийн хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан нь материаллаг хор хохирол учруулснаас ч илүү ноцтой хохирол гэдгийг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч…Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын…шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн… ажил хөдөлмөр эрхлэх эрхээр нь хангаж, шүүгдэгч *******ид торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү… гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нар эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул торгох шийтгэлийг чөлөөлөж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч *******ийн хувийн болон ар гэрийн байдал / өндөр настай ээжийн хамт амьдардаг, хувьд ноогдох хөрөнгөтэй, машин, 5 ханатай гэр, ажил хөдөлмөр хийх боломжийг хангаж/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М. ******* нь шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн, гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА