Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/00132

 

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00033 дугаар магадлалтай,

 

"Е" ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

"Э" ТӨҮГ, Б.Бд тус тус холбогдох

 

89,541,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П /танхим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М /цахим/, хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С /цахим/, хариуцагч "Э" ТӨҮГ-ын төлөөлөгч Б.Н /танхим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч "Е" ХХК нь хариуцагч “Э” ТӨҮГ, Б.Бд тус тус холбогдуулан 13 ширхэг кофе чанагчийн үнэ 33,345,000 төгрөг, алданги 56,196,000 төгрөг, нийт 89,541,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.   Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00574 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ болон хариуцагч Б.Б нараас 89,541,000 төгрөг гаргуулах “Е” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3.   Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00033 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ-иас 33,345,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Е” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,196,000 төгрөг, хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Э” ТӨҮГ-аас 324,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Е" ХХК-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий харилцааг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд үүссэн харилцаа гэж тодорхойлж, Иргэний хуулийн 243, 82 дугаар зүйлд заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар маргаан бүхий харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих-тэй холбогдсон харилцаа мэтээр буруу тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар шүүхүүд дүгнэсэн болно.

 

1.   Давж заалдах шатны шүүхийн магадлалд хянавал хэсгийн 3.1-т ...37 ширхэг кофе чанагч машиныг "Е" ХХК-ийн захирал Б.Поос “Э” ТӨҮГ-ын нийтийн хоолны хэсгийн дарга Б.Бд хүлээлгэн өгсөн нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч хянавал хэсгийн 5.1 дэх хэсэгт ... “Э” ТӨҮГ37 ширхэг кофе чанагч машины 24 ширхгийн үнийг төлсөн, үлдсэн 13 ширхэг кофе чанагч машиныг бусдын зардлаар олж авсан, гэрээнд үндэслээгүй зэрэг шинжээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ гэсэн. Энэхүү шүүхийн дүгнэлтээс дараах нөхцөл огт тодорхойгүй, баримтад үндэслэгдээгүй байгаа. Тодруулбал;

1.1 Шүүх нэг талдаа Б.Б 37 ширхэг машин авсан гэж дүгнэж байгаа боловч нөгөө дүгнэлтээрээ “Э” ТӨҮГ машин авсан гээд дүгнээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

1.2 Хэрэгт авагдсан баримтаар 13 ширхэг кофе чанагч авсан нь тогтоогддог. Бусад баримтуудад Б.Б гарын үсэг зураагүй байдаг.

1.3 Хариуцагч талаас 13 ширхэг кофе чанагчийг Б.Бд өгсөн гэх баримтыг Б.Бгарын үсэг зурсан тул хүлээн зөвшөөрдөг боловч бусад баримтуудад хүлээн авсан гэх хэсэгт гарын үсэггүй баримт байдаг.

1.4 Б.Бнь тухайн үеийн “Э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох журмаар нотлогддог бөгөөд “Э” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд 16 машин байгаа үүний үнийг төлсөн талаар баримтаар нотолдог. Бусад кофе чанагч машинууд Эрдэнэт үйлдвэрт бүртгэлгүй.

1.5 Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар авсан гэх 16 ширхэг кофе чанагч машины нэг бүрийн үнэ болон тоо хэмжээтэй уялдуулан баримтуудыг өгсөн бөгөөд хавтаст хэргийн 109-119 хуудаст авагдсан. Үнийн дүнгээс 1,638,000 төгрөг зөрүүтэй бөгөөд энэхүү үнийн дүн нь үрлэн кофе буцаалтын зөрүү болох талаар тайлбарладаг.

Давж заалдах шатны шүүхээс 37 ширхэг кофе чанагч машины нэг бүрийн үнэ хэдэн төгрөг болох, түүнээс 24 ширхэг машины үнэ хэдэн төгрөг болох, энэ дүнг хэзээ “Э” ТӨҮГ-аас шилжүүлсэн талаар дүгнэлт огт байхгүй. “Э” ТӨҮГ-аас шилжүүлсэн 16 ширхэг кофе чанагч машины үнийг Б.Бгаас авсан 37 ширхэг машины үнээс тооцож хасаж байгаа бол хэзээ авсан гэж үзэж кофе чанагч машины үнэ хэдэн төгрөгөөс хассан, сүүлд өгсөн гэх кофе чанагчийг “Э” ТӨҮГ-аас төлөөгүй талаар дүгнэлтгүй зэрэг эргэлзээ бүхий, нотлох баримтгүй шийдвэр гаргалаа.

Энэхүү нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

 

2.   “Э” ТӨҮГ нь өөрт байхгүй байгаа эд хөрөнгөө олж авсан болоод түүндээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болж хариуцлага хүлээж төлбөрт унаж байна.

Тодруулбал, “Э” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд 16 ширхэг кофе машин байгаа бөгөөд бид энэхүү кофе чанагч машиныг 2014 оны 11 сард 3 ширхэг, 2015.01.22-ны өдөр 13 ширхэг, нийт 16 ширхэг кофе чанагч машиныг хүлээн авч, үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Дээрх машинуудыг хүлээн авсан баримтаас үзэхэд 3 ширхэг машиныг 3,375,000 төгрөгөөр, 13 ширхэг машиныг 3,287,533 төгрөгөөр тус тус тооцсон байсан. Үүнийг тооцоолбол 3 ширхэг кофены машины үнэ 10,125,000 төгрөг (3*3,375,000), 13 ширхэг кофены машины үнэ 42,737,918 төгрөг (13*3,287,532.15), нийт 52,862,918 төгрөгийн тооцоо үүссэн. Тус үйлдвэрээс шилжүүлсэн баримтуудыг шүүж үзвэл 2014.12.16-ны өдөр 6,672,082 төгрөг, 2014.12.30-ны өдөр 6,750,000 төгрөг, 2015.01.26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2015.02.06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015.02.12-ны өдөр 10,099,918 төгрөг, 2015.02.12-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 54,422,082 төгрөг болсон. Үүнээс 1,638,000 төгрөг кофе буцаалтын үнийг хасаж үлдэгдлийг шилжүүлж дуусгасан байсан.

Өөрөөр хэлбэл бидний эзэмшил, ашиглалт, өмчлөлд ороогүй аливаа эд хөрөнгийн өмнөөс бид ямар учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болоод байгааг ойлгохгүй байна. Кофены машин 16 ширхэг байна гэхээр танайх 37 ширхгийг авсан гэх боловч баримтаар нотолж чадахгүй, 24 ширхэг кофе чанагчийн мөнгийг төлсөн гэсэн атлаа хэн, хэзээ хэдэн төгрөг шилжүүлснийг нотолж чадахгүй байна гэдэг аваагүй, угаас өгөөгүйг нотолно.

 

4.2. Энэхүү шийдвэр, магадлалын зөрүүтэй байдлыг шийдвэрлэх нь хууль хэрэглээг нэг мөр ойлгох, хэрэглэх асуудлаар зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар:

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь талуудын хоорондын харилцааг зов тодорхойлоогүй, холбогдох нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагч талын эрх ашиг сонирхлыг бодитой хохироосон. Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь "нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүснэ. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид шууд байдлаар 37 ширхэг кофе чанагч машиныг шилжүүлээгүй бөгөөд тус үйлдвэрийн газар нь 16 кофе чанагч машинаас өөр кофе чанагч машин байхгүй, нэхэмжлэгч талаас 16 кофе чанагч машинаас өөрөөр тус үйлдвэрийн газартай ямар нэгэн харилцаа үүсгэсэн асуудал байдаггүй.

 

Энэхүү 16 ширхэг кофе чанагч машиныг худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй боловч талууд харилцан тохиролцож, нэг талд хөрөнгө өгч, нөгөө талд актаар баталгаажуулж хүлээн авсан (худалдах, худалдан авах гэрээ нь амаар бодит үйлдлээр болон бичгээр байгуулагдах боломжтой) байх бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг “Э” ТӨҮГ-аас 2014.12.16-ны өдрөөс 2015.02.12-ны өдрийн хооронд буюу акт үйлдэж хүлээж авснаас хойш 2 сарын дотор бүрэн шилжүүлж дуусгасан үйл баримт байна.

 

Дээрх нөхцөл байдалд Б.Бнь “Э” ТӨҮГ(хуучнаар “Э” ХХК)-ыг шууд төлөөлөх эрхгүй этгээд боловч Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална, 68.2-т Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно, 68.3-т Зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгоно. Энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ, 69 дүгээр зүйлийн 69.1- т Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тус тус заасан хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн газар нь 16 ширхгийн хувьд хүлээн зөвшөөрч, хүлээн авч, үндсэн хөрөнгөд бүртгэсэн үндэслэлээрээ хэлцлийг зөвшөөрсөн боловч, нийт хэлцлийн үр дагавар буюу тус үйлдвэрийн газарт мэдэгдээгүй, бүртгэлд бүртгэгдээгүй үр дагаврыг хариуцахгүй.

 

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь нэхэмжлэгч болон хариуцагч Б.Бгийн хүсэл зоригийн илэрхийллийг харуулж байгаа бөгөөд эдгээр этгээдүүд хоорондоо худалдах, худалдан авах гэрээний санал гаргаж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрч нийлүүлээд байгаа үйлдэл нь харилцан тохиролцсон нөхцөл байдал байсныг харуулна. Харин хэдэн ширхэг кофе чанагч авсан, одоо тус 24 ширхэг кофены машин нь хэний эзэмшил, ашиглалтад байгаа талаар тухайн үеийн дарга захирлуудын өрөөнд тавьсан, би дутаасан гэх мэдүүлгээрээ Б.Бнь хариуцаж байсныг гэрчилнэ.

 

Иймд тус үйлдвэрийн газар нь “Е” ХХК, түүний захирал гэх Б.Поос 16 ширхэг кофены машиныг Б.Бгаар дамжуулан хүлээн авсан бөгөөд бусад кофены машины тухайд аваагүй, энэ талаар бүртгэлгүй, бидэнд аливаа хэлбэрээр мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

Түүнчлэн “Е” ХХК, түүний захирал гэх Б.П болон Б.Бнарын үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой асуудал байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/00621 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Н нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ

 

6.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

 

7.   Нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч “Э” ТӨҮГ, Б.Б нарт холбогдуулан 89,541,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ ... “Е” ХХК нь 2011.02.15-ны өдөр 10 ширхэг, 2011.04.12-ны өдөр 14 ширхэг, 2014.12.31-ний өдөр 13 ширхэг кофе чанагч машиныг нийлүүлсэн. ... эхний 24 ширхэг кофе чанагч машины үнийг төлсөн, сүүлд нийлүүлсэн 13 ширхэг кофе чанагч машины үнэ 33,345,000 төгрөгийг ... 2017 оноос хүнд өвдсөн, мөн 2020 онд ковидын нөхцөл байдал тохиолдсон тул нэхэмжлэлээ гаргаж чадаагүй, эрүүгийн журмаар шалгуулсан ... “Э” ХХК-иас төлбөрөө өгөхгүй удсанаас шалтгаалан алдагдалд орж, банк бус санхүүгийн байгууллагаас 45,000,000 төгрөгийн зээл авч компанийн өрийг хаасан. Мөн төлбөрөө авах талаар Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу ирж очих, албан бичиг нэхэмжлэх гэх мэт зардал 7,183,752 төгрөг болсон. Иймд хариуцагчаас нийт 89,541,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. гэж тодорхойлсон.

 

8.   Хариуцагч “Э” ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Э” ТӨҮГ нь “Е” ХХК-ийн захирал Б.Поос 38 ширхэг кофе чанагч биш 16 ширхэг кофе чанагчийг хүлээн авч, цаг тухайд нь холбогдох төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч энэ талаарх баримт байхгүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ... гэж тодорхойлсон.

 

9.   Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... Намайг 2015 онд “Э” ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн даргаар ажиллаж байхад Орос талын захирлын хүсэлтээр Б.П нь чанадаг кофе нийлүүлж байгаад кофе чанагч машинуудыг нийлүүлэх болсон. Манай нийтийн хоолны хэсэг нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг тул үйлдвэрийн худалдааны хэлтэст ханд гэсэн бөгөөд миний бие хувьдаа аваагүй. Захирал удирдах хүмүүсийн шийдвэрээр үйлдвэрт авч, зохих төлбөрийг үйлдвэрээс шилжүүлсэн. Иймд миний бие хариуцах ёстой хүн биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

10.   Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн үндэслэлдээ ... Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний дагуу кофе чанагч машины үнэд 52,862,918 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаагүй үндэслэлээ ковид өвчин гарсан, нэхэмжлэгч компанийн захирал Б.П гадаадад эмчилгээнд явсан, эрүүгийн журмаар шалгуулсан зэрэг үндэслэлүүд дурдсан ч энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь 2014.12.31-ний өдөр 13 ширхэг кофе чанагч машин хүлээлгэж өгсөн ба үүнээс хойш 3 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч гадаадад эмчилгээ хийсэн талаар баримтыг ирүүлээгүй, эрүүгийн журмаар шалгуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хаасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Ковид 19 өвчин гарсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах, эрхээ сэргээлгэхэд саад болохгүй. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар мэтгэлцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

11.   Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагчаас 33,345,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 56,196,000 төгрөг болон хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд ... “Э” ТӨҮГ нь кофе чанагч машиныг авахдаа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй боловч 16 кофе чанагчийг үндсэн хөрөнгөд бүртгэж, 52,522,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь 37 ширхэг кофе чанагчаас 24 ширхэг машины үнийг төлсөн, үлдэх 13 кофе чанагчийг бусдын зардлаар олж авсан, гэрээнд үндэслээгүй зэргээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчаас 13 ширхэг кофе чанагчийн үнэ 33,345,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги, хохирол 56,196,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 37 ширхэг кофе чанагч машин нь “Э” ТӨҮГ-ын эзэмшил, ашиглалтад байх ба уг хөрөнгөөс хариуцагч Б.Б аваагүй тул хариуцах үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жил гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил хамаарна. Иймд кофе чанагч машиныг хүлээлгэн өгсөн 2014.12.31-ний өдрөөс хойш 10 жилийн хугацаа өнгөрөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ. гэж дүгнэсэн.

 

12.   Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөрөөр тодорхойлж, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн 13 ширхэг кофе чанагчийн үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон ялгаатай шийдэл гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцлээ.

 

13.   Анхан шатны шүүх маргаанд ач холбогдол бүхий үйл баримтын талаар бүрэн дүгнэлт өгөлгүйгээр зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бол давж заалдах шатны шүүх 24 ширхэг кофе чанагч машины хувьд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэх агуулгаар дүгнэж, үлдэх 13 ширхэг кофе чанагч машины хувьд хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.

 

14.Нэхэмжлэгч нийт 37 ширхэг кофе чанагч машин нийлүүлсэн, эдгээр нь марк, загварын хувьд ялгаатай байснаас нэгж үнэ өөр буюу эхний 24 ширхэг кофе чанагч машиныг нэг бүрийг нь 3,287,532 төгрөгөөр, сүүлийн 13 ширхэг кофе чанагч машиныг нэг бүрийг нь 2,565,000 төгрөгөөр тохиролцсон, 24 ширхэг кофе чанагчийн үнэд 74,888,500 төгрөгийг хүлээн авсан, үлдэх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбарласан байна. Харин хариуцагч нийт 16 ширхэг кофе чанагч хүлээж авснаас 3 ширхэг машиныг нэг бүрийг нь 3,375,000 төгрөгөөр, 13 ширхэг машиныг нэг бүрийг нь 3,287,533 төгрөгөөр тус тус тооцсон, улмаар нийт 52,862,918 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргасан байна. Эндээс дүгнэвэл, талууд худалдаж, худалдан авахаар тохирсон гэх кофе чанагч машины тоо, нэгж үнийн дүнгийн тухайд маргаантай байна. Анхан шатны шүүх маргааны энэ зүйлийг тодорхойлолгүйгээр үйл баримтыг ерөнхийд нь тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааны дүгнэлтийг шууд хийснээр шийдвэр хангалттай үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

15.   Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 24 ширхэг кофе чанагч машиныг нийлүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй. Эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх үед өгсөн гэрчийн мэдүүлгүүдэд шинэ кофе чанагч машин байгууллагад хэрэглэж эхэлсэн талаар дурдсан байх боловч чухам 24 ширхэг, эсхүл 37 ширхэг байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч кофе чанагч машин нийлүүлэхтэй холбоотой дээрх гэрээ хэлцлийг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай бичгээр байгуулаагүй, “Э” ХХК-ийн (тухайн үеийн нэрээр) нийтийн хоолны хэлтсийг хариуцсан албан тушаалтан Б.Бтай амаар харилцдаг байснаа дурдаж 24 ширхэг кофе чанагч машин нийлүүлсэн болохыг нотлохыг зорьжээ. Хариуцагч Б.Бэхний удаад 24 ширхэг кофены машин хүлээн авсан, улмаар дарга нарын өрөөнд байрлуулснаар дутсан байж болзошгүй талаар мэдүүлсэн байх боловч түүнд компанийг төлөөлөн энэ төрлийн хэлцэл хийх эрх олгогдоогүй, 24 ширхэг кофе чанагч машиныг “Э” ХХК-д тоо ёсоор хүлээлгэн өгсөн, эсхүл заримыг шилжүүлж, заримыг нь хувийн журмаар захиран зарцуулсан алин болох нь тодорхойгүй байх тул хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

 

16.   Хариуцагч “Э” ТӨҮГ нь 2 өөр үнээр 2014 оны 11 сард 3 ширхэг, 2015.01.22-ны өдөр 13 ширхэг, нийт 16 ширхэг кофе чанагч машин хүлээж авснаа нотолж, 16 ширхэг кофе чанагч хүлээн авсан болон үнийг бичиж, талууд гарын үсэг зурсан баримтыг /хх-ийн 178, 179, 180 дугаар тал/ хавтаст хэрэгт өгчээ. Хавтаст хэргийн 179 дүгээр талд авагдсан баримтаар хариуцагч “Э” ТӨҮГ-аас нэхэмжлэгч “Е” ХХК нь 56,160,000 төгрөгийг шаардсан нь тогтоогдож байна. Улмаар хариуцагчийн гаргасан тус үйлдвэрээс шилжүүлсэн баримтуудыг шүүж үзвэл 2014.12.16-ны өдөр 6,672,082 төгрөг, 2014.12.30-ны өдөр 6,750,000 төгрөг, 2015.01.26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2015.02.06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015.02.12-ны өдөр 10,099,918 төгрөг, 2015.02.12-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 54,422,082 төгрөг болсон. Үүнээс 1,638,000 төгрөг кофе буцаалтын үнийг хасаж үлдэгдлийг шилжүүлж дуусгасан байсан. гэх тайлбар хавтаст хэргийн 114-119 дүгээр талд авагдсан төлбөрийн баримт, үрлэн кофе буцаасан тухай зарлагын баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагч “Э” ТӨҮГ-ын гаргасан 16 ширхэг кофе чанагч машиныг худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

17.   Дээрхээс дүгнэвэл нэг талаас “Е” ХХК, нөгөө талаас “Э” ТӨҮГ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан кофе чанагч машиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Анхны 3 кофе чанагчийг 2012 онд, үлдэх 13 кофе чанагчийг 2015 онд хүлээн авсан тухайд “Э” ТӨҮГмаргаагүй, түүнчлэн эдгээрийн төлбөрийг 2015 онд цувуулан төлсөн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдох баримтыг өгсөн байна.

 

Давж заалдах шатны шүүх “Э” ТӨҮГ-ыг 37 ширхэг кофе чанагчийг хүлээн авсан гэж дүгнэн эндээс 24 ширхэг кофе чанагчийг гэрээний үндсэн дээр үлдэх 13 ширхэг кофе чанагчийг үндэслэлгүй хөрөнгөжих замаар хүлээн авсан гэж тайлбарласан нь нотлох баримтад үндэслээгүй буюу 24 ширхэг кофе чанагчийг тоо ёсоор нийлүүлсэн болохыг нотолсон аливаа баримт хэрэгт авагдаагүй, энэ тооны машины үнийг шилжүүлсэн баримт хэрэгт үгүй атал ийнхүү дүгнэснийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч “Э” ТӨҮГ-ын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч дээрх тооны кофе чанагчийг нийлүүлсэн гэж үзэж байгаа бол энэ тухай холбогдох баримтаар эргэлзээгүй нотлох үүрэгтэй бөгөөд тухайн үед байгууллагын хаа нэгтээ кофе чанагч харагдах болсон талаарх гэрчийн мэдүүлэг дангаараа 24 ширхэг кофе чанагчийг 2011 онд нэг бүрийг нь 3,287,532 төгрөгөөр “Э” ТӨҮГхудалдан авсан болохыг нотлох боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “Е” ХХК нь 2011 оноос хойшхи хугацааны дансны хуулгаа хэрэгт өгсөн байх боловч тус хуулгаар нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 78,900,768 төгрөгийг “Э” ТӨҮГ-ын нийтийн хоолны хэсгээс хүлээж авсан нь тогтоогдсонгүй. Хуулгаар 2015 оноос өмнө нийтийн хоолны хэсгээс 1,000,000- 6,672,082 төгрөг хүртэлх дүнгээр 7 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 25,400,582 төгрөг шилжсэн байна. Эдгээр гүйлгээний утгад “Э” ТӨҮГ-ын СААЖЦ-ын нийтийн хоолны хэсэг гэж нэгэн адил тэмдэглэгээ хийжээ. Энэ нь нэхэмжлэгчийн дурдаж байгаа 24 ширхэг кофе чанагчийн үнэд хүрэхгүйн зэрэгцээ тухайн үед “Е” ХХК нь “Э” ТӨҮГ-т үрлэн кофе нийлүүлэн харилцдаг байсан талаар зохигч болон гэрчүүд мэдүүлсэн байна.

 

Иймд дээрх баримтаар 3 ширхэг биш 24 ширхэг кофе чанагч нийлүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсонгүй.

 

18.   Зохигчийн хооронд ийнхүү Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Э” ТӨҮГнь худалдан авсан 16 ширхэг кофе чанагч машины үнийг төлсөн гэх үндэстэй байх тул 37 ширхэг кофе чанагчийн үлдэгдэл үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Түүнчлэн “Э” ТӨҮГхудалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч худалдагчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Харин давж заалдах шатны шүүх чухам ямар нотлох баримтад үндэслэн зохигчийн хооронд 24 ширхэг кофе чанагч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үлдэх 13 ширхэг кофе чанагчийн тухайд хөрөнгө хүлээлцсэн болон үнийг төлсөн баримт хэрэгт авагдсан атал эдгээр баримтыг үгүйсгэлгүйгээр талуудын хооронд үндэслэлгүй хөрөнгөжих харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй болжээ. Худалдах-худалдан авах гэрээ нь амаар болон бичгээр байгуулах аль аль хэлбэрийн шаардлагыг хангасан байж болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

 

Иймд кофе чанагчийн үнэ 33,345,000 төгрөгийг хариуцагч “Э” ТӨҮГ-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохирол банкнаас авсан зээл, түүний хүүгийн төлбөр 56,196,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

19.   Нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан 89,541,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч чухам ямар үндэслэлээр уг мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа Б.Б нь тухайн үед “Э” ТӨҮГ-ийн нийтийн хоолны хэсгийн дарга байсан ба энэ асуудлаар шууд холбогдон ажиллаж байсан боловч гэрээний нэг тал биш гэжээ. Иймд хувь хүн Б.Бд нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулж байгаа хууль зүйн үндэслэлийг тодорхойгүй гэж үзнэ. Хэрэв хариуцагч Б.Б ”Э” ТӨҮГ-ын хүлээн авсан хөрөнгө болох кофе чанагчийг хувьдаа завшсан, үрэгдүүлсэн гэж үзэж байгаа бол энэ талаарх шаардлагыг “Э” ТӨҮГ гаргах учиртай. Хэрэв нэхэмжлэгч EАУЗ ХХК-ийн хөрөнгийг үрэгдүүлсэн, гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг дурдах, мэтгэлцэх шаардлагатай. Гэвч энэ талаар нэхэмжлэгч ямар нэг үндэслэл, үйл баримт дурдаагүй, хариуцагч Б.Б ”Э” ТӨҮГ-ыг төлөөлөн гэрээний харилцаанд оролцож байсан талаар тайлбарлан мэтгэлцсэн байна. Иймд нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч Б.Бтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

20.   Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулан шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00033 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГнь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.13-ны өдөр 324,675 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Н.БАЯРМАА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД