| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2020/0528/Э |
| Дугаар | 1280 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 1280
2020 10 01 2020/ДШМ/1280
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/513 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 2010000000546 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хойд овгийн Б.Б, 1969 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 15 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ДБ69031402/;
Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 104-22 тоотод оршин суух иргэн Ж.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны 424000031 тоот данснаас мобайл банк ашиглан Байгал-Эрдэнэ гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ андуурч Хаан банкны 5057215380 тоот данс руу шилжүүлсэн 500.000 төгрөгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хойд овогт Б.Бд төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Б.Б нь Хаан банкны дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Байгаль гэж бичээд Эрдэнэ гэсэн гүйлгээ орж ирсэн байсан. Тухайн үед Б.Б Говь-Алтай аймагт хөдөө хүний бие муудаж, түүнийг асран сахиж байсан. 40 гаруй хоногийн дараа Хаан банкнаас залгасан байсан. Б.Б нь цахилгаан станцын цайны газар ажилладаг байсан тул утсаа авах боломжгүй байж байгаад буцаагаад залгасан дугаар руу залгасан чинь лавлах үйлчилгээний утас байсан. Намайг цагдаагийн байгууллагаас тэр үед дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Дансны гүйлгээг байцаагчид үзүүлэхэд “энэ мөнгө Отгонжаргалын мөнгө” гэж хэлсэн. Энэ үед андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээд мөнгийг буцаасан. Гэтэл шүүх хохирогчийн мөнгийг завшиж, захиран зарцуулсан гэж ял оногдуулсан. Дээрх дансыг эзэмшиг нь түүний хүү Сугар юм. Хаан банкны мэргэжилтэн Отгонбулагтай эргэн холбогдоход утсаа авахгүй, мэдээлэл лавлагаа гээд байсан. Энэ байдлуудыг шалгаж өгөхийг мөн Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны “Most money” апплекэйшн нь үйлчилгээг Худалдаа хөгжлийн банкнаас тодруулж хэргийн бодит байдлыг зөв тогтоож өгөхийг тус тус хүсэлт гаргахад хүлээн авахгүй болно.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн.
Б.Бгийн дансанд байнга их хэмжээний мөнгө орж, гардаг. Андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээгүй тул тухайн үед мөнгөн гүйлгээг хүү Сугар хэрэглэсэн бөгөөд санаатайгаар захиран зарцуулаагүй. Шүүх мэдсэн даруйдаа арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг дутуу шалгасан учир буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.15 дугаар зүйлд заасан хэрэгт хамааралтай бүхий л талын нотлох баримтыг бүрэн шалгаж цуглуулаагүй, эргэлзээтэй баримтад тулгуурлан ял шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хаан банкны ажилтан Отгонбулаг нь шүүгдэгч Б.Бтай яриад “таны дансанд андуурагдсан гүйлгээ хийгдсэн байна, та шалгаж өгнө үү” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч Б.Бгаас “би хөдөө явж байна, дансаа шалгачихаад эргээд хариу хэлнэ” гэж хэлээд эргэж холбогдоогүй байдаг. Үүнээс хойш Хаан банкны ажилтнаас удаа дараа Б.Б руу залгасан боловч Б.Б утсаа аваагүй байдаг. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн хэлтэс дээр ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “андуурагдсан гүйлгээ хийгдсэн болохыг мэдсэн” гэж хэлдэг боловч мөнгийг буцааж шилжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар байгаад 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу яллагдагчаар татагдсаныхаа дараа хохирогчийн данс руу мөнгийг шилжүүлсэн байдаг. Асуудал гараад хөдөө явж байсан байж болно гэхдээ сумын төв дээр ч Хаан банкны салбар байдаг. Үнэхээр мөнгийг буцааж өгөх сэтгэл байсан бол боломж зөндөө байсан. Буцааж өгөлгүй явсаар байгаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа мөнгийг нь буцааж өгсөн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 104-22 тоотод оршин суух иргэн Ж.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны 424000031 тоот данснаас мобайл банк ашиглан Байгал-Эрдэнэ гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ андуурч Хаан банкны 5057215380 тоот данс руу шилжүүлсэн 500.000 төгрөгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Отгонжаргалын “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Байгаль-Эрдэнэ гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад Байгал гэх хүний данс руу андуурч 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Хаан банкнаас Байгал гэх хүн рүү удаа дараа холбогдож мөнгийг буцаан шилжүүлэх талаар хэлсэн боловч очиж уулзахгүй, мөнгийг минь шилжүүлэлгүй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. ...” /хх-9-11, 12-13/,
гэрч Ц.Отгонбулагийн “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр харилцагч Байгалмаатай холбогдож дээрх андуурагдсан гүйлгээний талаар хэлэхэд “миний дансанд мөнгө байнга орж, гарч байдаг, би хөдөө явж байна, хэд хоногоос хот ороод шалгачихаад эргээр хариу хэлнэ” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 23, 27-ны өдрүүдэд манай банкнаас удаа дараа Байгалмаа руу залгасан боловч утсаа аваагүй. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Байгалмаа өөрөө манай байгууллагын тусгай дугаар болох 18001917 дугаар руу залгаад 500.000 төгрөгөө буцааж өгнө гэж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Ж.Отгонжаргал гэх хүнтэй холбоо барьж дансны дугаарыг нь Байгалмаад өгсөн. ...” /хх-63-64/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тухайн мөнгө миний дансанд орсон. Би тэр үед хөдөө байсан. Байгал-Эрдэнэ гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн үедээ миний мөнгө байна гэж бодсон. 40 гаруй хоногийн дараа над руу Хаан банкнаас залгасан байсан. Над руу залгасан дугаар руу эргээд залгасан чинь лавлах үйлчилгээний утас байсан. Тэгээд цагдаагийн газраас намайг дуудсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “буцаагаад хийе” гээд удалгүй тухайн мөнгийг буцаагаад хийсэн. ...” /хх-23-25, 26-27/ гэх мэдүүлгүүд,
Баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-32/, Б.Бгийн Хаан банкны дансны хуулга /хх-37-60/, Ж.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-45/, Хаан банкны 29/6291 тоот албан бичиг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогчдыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нар “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хохирогч Ж.Отгонжаргалын “...Байгаль-Эрдэнэ гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад Байгал гэх хүний данс руу андуурч 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Хаан банкнаас Байгал гэх хүн рүү удаа дараа холбогдож мөнгийг буцаан шилжүүлэх талаар хэлсэн боловч шилжүүлэлгүй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. ...” гэсэн, шүүгдэгч Б.Бгийн “...тухайн өдөр Байгал-Эрдэнэ гэсэн утгатай 500.000 төгрөг миний данс руу орсон байсан. ...40 гаруй хоногийн дараа над руу Хаан банкнаас залгасан байсан. ...Надад тухайн мөнгийг шилжүүлэх боломж байсан бөгөөд хотод очоод үнэн эсэхийг нь шалгаж үзэж байгаад болно гэж бодоод шилжүүлээгүй. ...” гэсэн, гэрч Ц.Отгонбулагийн “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр харилцагч Байгалмаатай холбогдож дээрх андуурагдсан гүйлгээний талаар хэлэхэд “миний дансанд мөнгө байнга орж, гарч байдаг, би хөдөө явж байна, хэд хоногоос хот ороод шалгачихаад эргээр хариу хэлнэ” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 23, 27-ны өдрүүдэд манай банкнаас удаа дараа Байгалмаа руу залгасан боловч утсаа аваагүй. ...” гэсэн тус тус мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь тухайн өдөр андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа буцааж шилжүүлэх арга хэмжээ аваагүйгээс гадна тухайн мөнгийг захиран зарцуулж, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу энэ хэрэгт яллагдагчаар татагдсаныхаа дараа мөнгийг нь буцаан шилжүүлсэн байх тул завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/513 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ