Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 143/ШШ2022/00018

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г Б

Хариуцагч: М.Э

Зээлийн гэрээний үүрэгт 13 563 170.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, Б.Золзаяа, хариуцагч М.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбар нь М.Энхбаатарт холбогдуулан зээлийн эрхтэй кредит картын гэрээний үүрэгт нийт 13 563 170.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч М.Энхбаатар нь Голомт банктай 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 700 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын ЗГ/520760082 дугаартай 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээнд бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсны хүү 3,5%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 24%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 12% байхаар харилцан тохиролцсон. М.Энхбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн эрхтэй кредит картаас нийт 5 966 832 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийсэн.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 5 966 832 төгрөгийн үндсэн зээлд:

-зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг,

-хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөг,

-үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг

нийт зээл хаах дүнгээр 13 563 170.41 төгрөг болсон байна.

Банкны зүгээс М.Энхбаатартай удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Хугацаа хэтрүүлснээс хойш 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү тооцсон, үүнээс хойш хүү тооцоогүй гэв.

2. Хариуцагч М.Энхбаатар хариу тайлбартаа: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр энэ зээлийг авч 2018 оныг дуустал хэвийн ашиглаад явж байсан. 2018 оны 12 дугаар сард миний ажил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор картын зээл төлөхөд хүндрэлтэй болсон.

Би үндсэн зээл 5 966 832 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг, нийт 10 307 238.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үүнийг төлнө. Харин зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөгийг төлбөрийн чадваргүй үндэслэлээр төлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/520760082 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, 120280899 дугаартай кредит карт авах хүсэлт, хариуцагчийн иргэний үнэмлэх, 0380004 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн М.Энхбаатарт хүргүүлсэн мэдэгдэл, М.Энхбаатарын зээлийн картын тооцооллын хүснэгт /2 удаагийн/, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрх болон итгэмжлэл олгох тухай захирлын тушаалууд; хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банк болон М.Энхбаатар, Б.Баасансүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эх хувь, Худалдаа хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбарын нэхэмжлэлээс 11 175 319.23 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2 387 851.18 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 700 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын ЗГ/520760082 дугаартай 24 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан. Хариуцагч М.Энхбаатар нь зээлийн эрхтэй кредит картаас нийт 5 966 832 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийж, зээлийн эрхийг 266 832 төгрөгөөр хэтрүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 5 966 832 төгрөгийн үндсэн зээлд:

-зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг,

-хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөг,

-үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 13 563 170.41 төгрөгийг зээлдэгч талыг гэрээнд заасан үүргийг зөрчсөн, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжилсэн.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үндсэн зээл 5 966 832 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг, нийт 10 307 238.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөгийг тус тус төлбөрийн чадваргүй үндэслэлээр төлөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит карт авах хүсэлт, зээл төлөх мэдэгдэл, зээлийн картын тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 700 000 төгрөгийн зээлийн эрхтэй, 24 сарын хугацаатай, ЗГ/520760082 дугаартай кредит картын гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр 5 700 000 төгрөгийн бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсны хүү 3,5%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 24%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 12% байхаар тус тус харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна.

Хариуцагч М.Энхбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн эрхтэй кредит картаас нийт 5 966 832 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийжээ.

5. Талуудын маргааны зүйл нь зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөгийг төлөх эсэх байна. Хариуцагч үндсэн зээл 5 966 832 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг, нийт 10 307 238.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зэлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээний заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

Гэвч үндсэн хүү 4 340 406.23 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү буюу 868 081 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин зээлийн гэрээнд картын зээлийн эрхийн хэмжээ 5 700 000 төгрөг гэж заасан байхад 5 966 832 төгрөг буюу 266 832 төгрөгөөр хэтрүүлэн олгосон үндэслэл тодорхойгүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг шаардаж байгаа нь Иргэний хуульд нийцэхгүй бөгөөд хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь хоорондоо ямар ялгаатай болох, Иргэний хуулийн зохицуулалтад нийцэхгүй байхаар давхардуулан зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5 966 832 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 868 081 төгрөг, нийт 11 175 319.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2 387 851.18 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 765.46 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаатараас 11 175 319 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 193 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Энхбаатараас 11 175 319.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбарт олгож, 2 387 851.18 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 765.46 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 193 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНСҮРЭН