Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

                   

 

 

 

 

         2024         09           09                                         2024/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав би, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305042500433 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

       Нарийн бичгийн дарга                                                   Б.Наранжаргал

       Улсын яллагч                                                                 C.Ууганбаяр

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                            *******                                                       

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч    *******

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч    *******

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Ц.Алтанцэцэг /ӨНБД-0079/

       Шүүгдэгч                                                                         ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3 дугаар курсэд сурдаг, ам бүл 5, өвөө, эмээ, ээж, ах нарын хамт, *******  дүүргийн 17 дугаар хороо, 28 дугаар байрны 46 тоотод оршин суух хаягтай,

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаартай тогтоолоор 8 сар 3 хоногын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн овгийн ******* ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:          

Яллагдагч ******* нь “Бүгд Найрамдах Солонгос Улсаас ээж машин явуулж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар А.Халиуныг төөрөгдөлд оруулж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн тоот дансыг ашиглан түүнээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 947.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 17 дугаар хороонд байрлах Модны хоёр орчим байхад нь 12.879.000 төгрөгийг буюу нийт 27.826.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Анарчимэгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "Марлаа *******" гэх нэртэй фейсбүүк хаягнаас холбогдож "Америкийн нэгдсэн улс явах гэж байна, мөнгө зээлээч мөн гар утас авах гэж байна мөнгө дутчихлаа, хоёулаа хамтран гар утас зарж байя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 5 удаагийн үйлдлээр 9.085.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Х.Номинзаяаг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 18 тоот гэртээ байх үед нь утсаар холбогдож "...эмээгийн бие өвдөөд эм тариа авах мөнгөний хэрэг гараад байна, танд мөнгөний боломж байна уу, гар утас лизингээр аваад буцаад зараад мөнгийг нь өгье...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1.136.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансыг ашиглан шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                              ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

            Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оноос хойш найзалж байгаа. Би 8 удаагийн гүйлгээгээр 27.900.000 төгрөгийг машин оруулж ирнэ гэж худлаа хэлээд зээлж авсан. Халиунаас авсан мөнгөөрөө утасны “One Xbet” гээд бооцоотой тоглоом тоглоод бүх мөнгөө алдсан..., ...би анх мөнгө зээлэхдээ “хүүтэй мөнгө зээлдээч” гэхэд “ээжээсээ асууя” гэж байсан. Тэгээд удалгүй “ээж зөвшөөрсөн” гээд 2023 оны 8 дугаар сарын сүүлээр 10.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь 2023 оны 9 дүгээр сарын эхээр 4.000.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөний хүү болох 1.300.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын Халиуны эмээгийн дансанд шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би эмээ Д. уулзуулж танилцуулаад “мөнгөний хэрэгцээтэй байна” гэж хэлээд Халиунааг хүүтэй мөнгө зээлээч гэхэд ээжтэйгээ холбогдоод ээж нь зөвшөөрөөд 13.794.000 төгрөг зээлсэн... ” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 40-41, 118-121-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 08 сараас эхлээд урьд нь найзалж байсан Халиунаа гэдэг охин руу яриад зарим зүйлийг худал хэлээд, зарим үедээ үнэнээ хэлээд мөнгө зээлж авч байсан. Одоогийн байдлаар хохирлын ихэнхийг бүрэн төлж барагдуулж дууссан. Номинзаяа эгчийн хувьд надтай холбогдох гээд намайг утсаа аваагүй гэсэн шалтгаанаар цагдаад хандсан байсан. Би хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. хувьд би машин худалдан авахдаа танилцаж байсан. Тэр үедээ өмнөх хохирлоо төлөх гэж худлаа хэлээд мөнгө авсан...

         ...Би цагийн ажил хийдэг, сардаа 1.000.000-2.000.000 төгрөгийн орлоготой 2024 оны 02 сараас хойш ажил хийж эхэлсэн. Би хүнээс авсан мөнгөөрөө тоглодог байсан. Дахиж бооцоотой тоглоом тоглохгүй, энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна.

        ...Найзынхаа ээжээс уучлалт гуйж байсан. Үлдсэн хохирлоо 1-3 сарын хугацаанд төлж барагдуулна. Эмээ маань тэтгэврийн зээл авч өгнө гэсэн. Солонгост байгаа ээж мөн мөнгө өгнө гэсэн. Гэр бүлийнхэнтэйгээ нийлээд төлнө гэж бодож байгаа. Солонгосоос хямдралтай орж ирсэн бараа бүтээгдэхүүнүүд байгаа тэрийгээ зарж борлуулна... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй хохирогч А.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******той 2021 оноос хойш найзалж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* надад “хүү өндөртэй мөнгө зээлээч удахгүй хүүтэй нь өгнө” гэхээр нь би “хэдэн төгрөг юм” гэхэд947.000 төгрөг хэрэгтэй байна зээлээч, Солонгосын визэнд орох гэсэн юм” гэж хэлээд надаас зээлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 2023 оны 09 дүгээр сарын 01-нд “10.000.000 төгрөг зээлээч, миний дансны лимит хэтэрсэн байна” гээд Лхүндэв ******* гэсэн өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. Мөн дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 03-нд 4.000.000 төгрөгийг өмнөх мөнгөн дээрээ хүүг нь бодоод нэмж өгнө гэж хэлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн “Модны-2”-т ******* эмээгийнхээ хамт ирээд дахин мөнгө зээлэхийг хүссэн. Тэгэхээр нь би “чи өмнөх мөнгөө өгөөгүй байж одоо дахиад мөнгө зээлэх гээд байгаа юм уу” гэсэн чинь “Солонгосоос ээж машин явуулж байгаа” гээд ээжтэйгээ бичсэн чатаа харуулаад гуйсаар байгаад 12.879.000 төгрөг дахин зээлж авсан. Тэрнээс хойш мөнгөө нэхэхээр “удахгүй хүүтэй нь өгнө” гээд л байсан. Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, ******* нь өөрийн Хаан банкны тоот дансаар зээлсэн бүх мөнгөө авсан. Би өөрийн эмээ Б. Хаан банкны тоот дансны интернэт банкаар шилжүүлж байсан. Манай ээж Солонгост ажилладаг, ээж сургалтын төлбөрийг эмээгийн данс руу цуглуулж байсан мөнгийг би нь *******д зээлсэн. Ээж хэрэглээний мөнгө гэж явуулдаг байсан, намайг мөнгө хэрэгтэй бол өөрөө мэдээд захиран зарцуулаарай гэж хэлдэг байсан. ...Би 2023 оны 07 дугаар сард анх мөнгө зээлэхдээ ээжид хэлж байсан. Тэгээд би бүх мөнгөө зээлдүүлснээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ээжид хэлээд цагдаад хандах болсон. Надад 28.900.000 төгрөг өгөхөөр байгаа, надаас авсан мөнгөнөөсөө ямар ч мөнгө эргүүлж өгөөгүй байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулна. Маш их гомдолтой байна. алдсан мөнгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг / I дүгээр хх-ийн 23-24-р тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн “...Би Солонгос улсад ажиллаж байгаад 28.900.000 төгрөгийг охин Халиуны сургалтын төлбөрт хуримтлуулж өөрийн ээж болох тоот Хаан банкны дансанд хадгалуулсан байсан. Энэ талаар охин хэлэхдээ “ээж нь чиний сургалтын төлбөрт 28.900.000 төгрөгийг эмээгийн дансанд хадгалуулсан байгаа, энэ мөнгө чиний л мөнгө шүү дээ” гэж хэлж байсан. Гэтэл манай охин Халиун мөнгө зээлдэхдээ надад болон ээж Уранбилэгт мэдэгдэлгүйгээр найз *******д 28.900.000 төгрөгийг зээлсэн талаар бид хоёрт 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн. Учир явдлын талаар охин ярилцахад "...эмээ интернэт банкны кодыг мэднэ, эмээ надаар интернэт банкны гүйлгээ байнга хийлгэдэг байсан, эмээд хадгалуулсан мөнгө сургалтын төлбөрт зориулсан миний мөнгө гэдгийг мэднэ” гэж хэлж байсан. Манай охины найз ******* нь өндөр хүүтэй мөнгө зээлдээч, визний материал бүрдүүлж байгаа гэхээр нь эмээдээ мэдэгдэхгүйгээр мөнгөө хурдан өсгөөд буцаагаад хийнэ гэж бодоод дансаар шилжүүлсэн юм байна лээ. Би ээжтэй чатаар холбогдоод эмээтэй нь очиж уулз гэж хэлээд ээж уулзахад *******гийн эмээ нь “жаахан хугацаа өгөөч гэж байсан, би охиндоо санаа зовж байна...” гэсэн мэдүүлэг / I дүгээр хх-ийн 30-31-р тал/,

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 онд манай охин Аззаяа Солонгосоос “ээж та данс нээгээд өгөөч, охин насанд хүрээгүй болохоор данс нээж болохгүй байна. Охиндоо сургалтын төлбөр хадгалах гэсэн юм гэхээр нь би Хаан банк дээр очиж тоот дансыг интернэт банктай нь нээж охин өгсөн. Миний утсан дээр дансны мэдээлэл ирдэггүй  байсан болохоор би мэддэггүй байсан. Миний охин Аззаяа дансанд мөнгө шилжүүлэхдээ хэлдэг байсан. Дансанд байгаа мөнгийг Халиун зарцуулах эрхтэй байсан...” гэсэн мэдүүлэг / I дүгээр хх-ийн 33-34-р тал/,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед манай охин ******* намайг гэртээ байж байхад гэрийн ойролцоо байдаг тахиа шардаг газарт дуудахаар нь би очсон. Тэгэхэд ******* надад “эмээ би найзыгаа дуудсан байгаа та сургалтын төлбөр асуучих, намайг хэлэхээр өгөхгүй байх” гэсэн. Тэгээд би тахианы газарт дагаад ороход Халиун гэх охин байсан, би Халиунаас “чи манай охинтой хэзээнээс найзалсан бэ, манай охинд мөнгө зээлэх боломжтой бол зээлээч” гэж хэлэхэд нөгөө охин дугарахгүй байхаар нь би гараад явсан. Яг мөнгө зээлдүүлснийг нь бол мэдээгүй...” гэсэн мэдүүлэг / I дүгээр хх-ийн 38-39-р тал/,

Мөрдөгчөөс дансны хуулганд үзлэг хийсэн “...Лхүндэв ******* /*******/-ийн “Хаан” банкны тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн орлого, зарлагад үзлэг хийв. Холбогдогч *******гийн нэр дээрх Хаан банкны тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн ээж Б. 50177676111 данснаас нийт 27.826.000 төгрөг орсон байна...” гэсэн тэмдэглэл  /I дүгээр хх-ийн 108-109-р тал/,

            Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр хувиараа гадаадаас орж ирсэн авто машинуудыг зарж, борлуулдаг, зарим авто машинуудыг миний нэр дээр оруулж ирдэг. Тэгээд би нэг авто машиныг зарахаар болоод 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг эмэгтэй надтай холбогдож автомашин авахаар болсон. Тухайн эмэгтэй манай гэрийн гадаа ирээд автомашинаа авсан. Тэгээд тухайн үедээ миний фэйсбүүк хаягийг аваад үлдэж байсан. Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөгөө автомашин худалдаж авч байсан эмэгтэй миний фэйсбүүк рүү өөрийн “Маралаа *******” гэх хаягаас 960.000 төгрөг асууж чат бичсэн байсан. Би ямар шалтгаантай болох талаар нь тодруулахад "...би 2024 оны 06 дугаар сард Америкийн Нэгдсэн Улс руу явах гэж байгаа, тэгээд сургалтын мөнгө дутчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө тоот данснаасаа тухайн эмэгтэйн надад өгсөн /*******/ тоот данс руу 960.000 төгрөгийг 11 цаг 11 минутад шилжүүлсэн. Тэгээд үүний дараа тухайн эмэгтэй дахин над руу чат бичээд "...надад дахиад 325.000 төгрөг дутчихлаа" гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас дахиад  325.000 төгрөгийг 11 цаг 59 минутад шилжүүлсэн. Тэгээд өдрийн 14:00 цагийн үед над руу чатаар "би гар утасны лангуу ажиллуулдаг, хоёулаа хамтраад гар утас зарж байя" гэх зэрэг зүйлс яриад байсан. Тэгээд би тухайн үедээ их зүйл бодолгүй чат бичиж байсан чинь "...энд нэг гар утас авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, авах хүн нь бэлэн байна. Та над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би 14 цаг 30 минутад тухайн эмэгтэйн данс руу өөрийнхөө данснаасаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүний дараа дахиад над руу чат бичээд "1.800.000 төгрөг дутчихлаа" гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйн данс руу 1.800.000 төгрөгийг 16 цаг 20 минутад өгсөн. Үүний дараа 17:00 цагт нөгөө эмэгтэй дахиад над руу чат бичээд "...одоо өөр гар утас авахаар болчихлоо, 4.000.000 төгрөг өгөөч" гэж хэлэхээр нь 17 цаг 05 минутад 4.000.000 төгрөг өөрийн данснаасаа шилжүүлсэн. Тэгээд нийт 9.300.000 төгрөг болсон бөгөөд тэр эмэгтэй над руу "1.300.000 төгрөгийг манай ээж орой 20:00 цаг гэхэд хийчихнэ. Харин 8.000.000 төгрөгөө би өөрөө 17 цаг 30 минутаас өмнө хийнэ" гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас хойш миний мөнгийг одоо болтол өгөөгүй, сүүлдээ гар утсаа авахаа больсон. Эхэндээ цагдаад хандах гэсэн боловч “маргааш, маргааш” гэж худлаа хэлээд хойшлуулаад байсан. Надад нийт 9.300.000 төгрөгийн хохирол учирсан, би тухайн мөнгийг өөрийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 122 тоотод байхдаа 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагаас оройн 17:00 цагийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр тухайн эмэгтэйн тоот данс руу өөрийнхөө тоот данснаас шилжүүлсэн. Бүгдийг нь гэрээсээ шилжүүлсэн. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө тухайн эмэгтэй над руу 200.000 төгрөгийг дансаар өгсөн бөгөөд одоо 9.100.000 төгрөг үлдээд байгаа, “хохирлоо барагдуулна” гэж хэлдэг боловч би худлаа гэж бодож байгаа. Би эд хөрөнгө, сэтгэл санааны маш хохиролтой байна, хохирлоо хуулийн дагуу барагдуулмаар байна. *******гийн найз залуу болон бусад найзуудтай холбогдоход *******г мөрийтэй тоглодог, сүүлийн үед хүн залилаад байгаа гэж хэлж байсан. ******* 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний “Хаан” банкны тоот данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3.500.000 төгрөгийг өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 171-173, 177, 180-р тал/,

Мөрдөгчөөс хохирогч Э. дансны хуулганд үзлэг хийсэн “...Үзлэгийг эхлэхэд тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга байх бөгөөд нийт 17 удаагийн гүйлгээ хийгдэж, 29.585.055 төгрөгийн зарлага гарч, 28.244.864 төгрөгийн үлдэгдэлтэй байв. Хохирогч Э. гаргаж өгсөн дансны хуулгад тоот данс руу 5 удаагийн үйлдлээр 9.085.000 төгрөгийг шилжүүлсэн байна...” гэсэн тэмдэглэл /I дүгээр хх-ийн 159-р тал/,

Хохирогч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад хамт ажиллаж байсан ******* гэх эмэгтэй “Марлаа *******” гэх чат хаягаар  “Удача Удача” нэртэй фейсбүүк хаяг руу зурвас бичээд миний  утасны дугаарыг авсан байсан. Тэгээд ******* миний 99745108 дугаарын гар утас руу залгаад надад “манай эмээгийн бие муу байна, элэгний хорт хавдар туссан, хүчтэй эм тариа хэрэглэж байгаа, дүү нь “Мобиком”-оос гар утас лизингээр аваад зарж, мөнгө олох гэсэн юм, та миний данс руу 542.000 төгрөг түр шилжүүлээч, би өнөөдөртөө 650.000 төгрөг болгоод өгье” гэхээр нь өөрийнхөө 5750659575 тоот данснаас *******гийн явуулсан тоот данс руу 542.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл дахиад над руу  “эгч ээ би нэг мөсөн 256 GB-ийн багтаамжтай утас авах гэсэн юм, та нэмээд 274.000 төгрөг явуулчих гэхээр нь би 274.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахиад залгаад “би гар утсаа авчихлаа, маргааш өглөө 08:00 цагт хүнд зарахаар болчихлоо, та надад эм тарианы мөнгө 640.000 төгрөг шилжүүлээч, дүү нь маргааш 1.800.000 төгрөг болгоод өгье” гээд гэхээр нь би дансанд байсан 320.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш ******* надад “утсаа зарсан хүн маань мөнгөө миний Төрийн банкны данс руу шилжүүлсэн байна, би өмнө нь тухайн хүнд гар утас зарж байхдаа ээжийнхээ Төрийн банкны дансыг өгчихсөн байсан юм, манай ээж Солонгост байдаг, би картнаас нь мөнгө авах гэж байгаад блоклчихоо, би банк руу явж байна, Төрийн банк ажиллахгүй байна, өөр хүнээс мөнгө асууж байна” гэх мэтээр шалтаг хэлээд одоог болтол надаас авсан мөнгөө эргүүлж өгөхгүй байна. Утсаар  холбогдохоор цагдаад өгөхгүй юу гэх болсон...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 243-244-р тал/,

            Хохирогч Х. хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, итгэмжлэл, фэйсбүүкээр харилцсан чат, зурвасууд /II дугаар хх-ийн 06-43-р тал/,

“Хаан” банкны 5770/24/20 дугаартай албан бичиг, *******гийн эзэмшлийн “Хаан” банкны дугаартай дансны хуулга /II дугаар хх-ийн 44-50-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 11.000.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /II хх-н 205-206-р тал/

Хохирогч Х. хохиролд 1.227.200 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /II хх-ийн 71-р тал/,

Утсаар ярьсан “...хохирогч Э. шүүх хуралдааны тов мэдэгдэхэд Надад гомдол санал байхгүй хохирлоо 3 удаа хувааж бүрэн барагдуулсан...” гэсэн тэмдэглэл /II хх-н 174-р тал/

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай тогтоолоор 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн..” гэсэн хуудас /II хх-ийн 79-р тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2141 дугаартай “...******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн хяналтад 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1 сар 11 хоногийн ялыг биеэр эдэлж, ялын үлдэгдэл хугацаа 6 сар 22 хоног байна...” гэсэн албан бичиг /II хх-ийн 176-р тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоосон “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Халиуны сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлийг тогтоов...”  гэсэн баримт /I хх-ийн 43-47-р тал/,

Гэрч Д.Цэцэгийн эмнэлгийн хяналт болон байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /II хх-ийн 184-195-р тал/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /II хх-ийн 53/, төрөл садангийн лавлагаа /II хх-ийн 54/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /I хх-ийн 205/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /I хх-ийн 211/, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /II хх-ийн 56/, эмнэлгийн магадалгаа , сургалтын төлбөр төлөлтийн талаарх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /II хх-ийн 196-204/, Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт /II хх-ийн 74/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь хохирогч А. 11.000.000 төгрөгийг, хохирогч Э. 9.085.000 төгрөгийг, хохирогч Х.Номинзаяад 1.136.000 төгрөгийг төлсөн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д хохирлын үлдэгдэл 16.829.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно…” гэсэн дүгнэлт,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн “...Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээр маргахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлын жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг тогтооно гэж заасан байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хохирлын 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон. Энэ зэрэглэлээр тооцож сэтгэцийн хохирол гаргуулах саналтай байна. Солонгос явж ажилладаг байсан ч энэ нөхцөл байдлаас болоод Солонгос явж ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан. Гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. Сэтгэцийн хохирлыг 4.99 дахин нэмэгдүүлснээр тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ганболд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Баримтаар тооцсон хохирлоо гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн өмгөөлөгч нар сэтгэцэд учирсан хохирлыг төлүүлнэ гэж байна. Нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан. Шүүхэд шинжлэн судалсан хавтаст хэрэгт  авагдсан аргачлал байгаа, нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан аргачлалыг хэлж байгаа байх. Үүнд сэтгэцэд учирсан хор уршиг гэдгийг гэмт  хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт шаналал, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгэмд эзлэх байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тооцох аргачлалын 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хор уршгийг арилгах үндэслэл болно гэж байгаа. Дээрх аргачлалын 3.2 дугаар зүйлд заасны дагуу “Сэтгэцийн эмгэгийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан  байгаа, үүнийг мөрдөгч тогтоохгүй. Тийм учраас энэ хүний сэтгэцэд эмгэг учирсан гэж үзэхгүй байгаа учраас 3.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2 хохирогчид хохирлыг бүрэн төлсөн....” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч *******гоос “...Миний буруутай үйлдлээс гэм хорын хохирол учирсан тул  хохирогч учирсан хохирол хор уршигт гарсан төлбөрийг бүрэн нөхөн төлнө...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

          Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч А.Халиунаас Хаан банкны  өөрийн эзэмшлийн тоот дансыг ашиглан түүнээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 947.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 17 дугаар хороонд байрлах Модны-2 орчим байхад нь 12.879.000 төгрөгийг буюу нийт 27.826.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Анарчимэгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "Марлаа *******" гэх нэртэй фейсбүүк хаягнаас холбогдож "Америкийн нэгдсэн улс явах гэж байна мөнгө зээлээч мөн гар утас авах гэж байна мөнгө дутчихлаа, хоёулаа хамтран гар утас зарж байя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 5 удаагийн үйлдлээр 9.085.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансыг ашиглан шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Х.Номинзаяаг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 18 тоот гэртээ байх үед нь утсаар холбогдож "...эмээгийн бие өвдөөд эм тариа авах эмний мөнгөний хэрэг гараад байна, танд мөнгөний боломж байна уу, гар утас лизингээр аваад буцаад зараад мөнгийг нь өгье...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1.136.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансыг ашиглан шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

              Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө”,    Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

              Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

              Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.. гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтэй, хүсэж үйлдсэн болох нь “...хохирогч А.Халиунаас 27.826.000 төгрөгийг залилж авсан, хохирогч Э. 9.085.000 төгрөгийг залилж авсан, хохирогч Х.Номинзаяагаас 1.136.000 төгрөгийг залилж авсан...” үйлдлүүдээр тус тус тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогч нарын анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн хүний итгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн санаа сэдэл, түүний хувийн байдал” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчид учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

              Иймд шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч А. 27.826.000 төгрөгийн хохирол,

              2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Анарчимэгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж Э. 9.085.000 төгрөгийн хохирол,

              2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Х.Номинзаяаг  хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж Х.Номинзаяад 1.136.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ.

              Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

 Хохирол хор уршгийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Иймд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч А. 27.826.000 төгрөгийн хохирол, хохирогч Э. 9.085.000 төгрөгийг хохирол, хохирогч Х.Номинзаяад 1.136.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирол, төлбөрт хохирогч А. 11.000.000 төгрөг, хохирогч Э. 9.085.000 төгрөг, хохирогч Х.Номинзаяад 1.136.000 төгрөг нийт 21.221.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь /II хх-н 71, 174, 205-206-р тал дахь/ бичгийн баримтуудаар  тогтоогдож байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоосон баримтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Халиуны сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлийг тогтоов...”  гэжээ /I хх-ийн 43-47-р тал/,

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршигт 3.293.400 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч *******гоос “...Миний буруутай үйлдлээс гэм хорын хохирол учирсан тул хохирогч учирсан хохирол хор уршигт гарсан төлбөрийг бүрэн нөхөн төлнө...” гэжээ.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “...Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл’’-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ...” гэж заажээ.

Иймд шүүгдэгч *******гоос насанд хүрээгүй хохирогч А. төлөх хохирлын үлдэгдэл 16.826.000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.293.400 төгрөгийг гаргуулж хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...Шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ганболдоос “...Улсын ялагчийн зүгээс 1 жил зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс ял хөнгөдөж байна гэж ойлгож байна. Гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр удаан хугацаанд үргэлжилсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго хангагдахгүй гэж харж байна. Гэмт хэрэгтнийг цээрлэх таслан зогсооход оногдох ялын хувьд хорих ял тохиромжтой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн: “...Ялыг хүндрүүлж хорих ял оногдуулж өгөөч. Ганболд өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс хорих ял оногдуулах байр суурьтай байна гэж үзэж байна. Ял оногдуулах маань өөр зорилготой. Өмнө нь ял авснаасаа хойш гэмт үйлдэл гаргаагүй. ...Аав нь хэвтэрт, ээж нь хавдартай байнгын хяналтад байдаг айл. Хохирогч, шүүгдэгч хоёр хоёулаа охин хүүхдүүд, хохироосон нь үнэн, үүндээ уучлалт гуйж байгаа. Уг нь шүүгдэгчийн ээж нь утсаар холбогдоод жаахан хүлээгээч гэж гуйсан. Хохирогчийн өмгөөлөгч нарын хэлж байгаагаар шүүгдэгчийг хорилоо гэхэд хохирол төлбөрийг хэн яаж барагдуулах вэ үүнийг бодоод үзээч. Аль аль талаа бодсон ч харамсалтай зүйл болсон. Яагаад дахиад гэмт хэрэг үйлдэнэ гэж үзээд байгаа юм бэ. Эмээ нь хавдар судлалд ойр, өөрийнх нь сургууль тэр хавьд байдаг учраас ирж очиход ойр юм уу гээд тэр хавьд байр түрээсэлсэн асуудал байгаа. Хувийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялыг хөнгөрүүлж өгөөч, тэр байтугай ялаас чөлөөлөх үндэслэл нөхцөл байдаг. Ял авснаас хойш дахиж гэмт хэрэг үйлдээгүй, 38.000.000 төгрөгийн хохирлоос төлж барагдуулаад 16.000.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн хувьд би буруутгаагүй, шүүгдэгч маань сургалтынхаа төлбөрийг төлж чадахгүй байгаа учраас сургуулиасаа нэг жилийн чөлөө авсан. Хохирол төлбөрөө барагдуулах гээд 2 ажил хийж байгаа, төлбөрөө барагдуулахын төлөө хичээж байгаа. Одоогийн байдлаар аав нь хэвтэрт байгаа. Энэ охинд хорих ял өгвөл асаргаанд байдаг эмээ нь яах вэ. Дандаа гэмт хэрэг үйлдээд яваагүй шүү дээ, эдгээр байдлыг шүүх харгалзан үзээч. Улсын яллагчийн хэлснээр зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгөөч. Дүүрэгтээ ялаа эдлээд байж байгаа учраас цааш үргэлжлүүлэн ялаа эдлэх боломж олгооч. Хувийн байдлыг харгалзаж үзээд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөөч..” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчээс: “...Цаашдаа хохирлоо барагдуулна, дахиж ийм үйлдэл гаргахгүй, үнэхээр их харамсаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол, төлбөрт хохирогч Э. 9.085.000 төгрөг, хохирогч Х.Номинзаяад 1.136.000 төгрөгийн хохирол бүрэн төлсөн, хохирогч А. 11.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл хохирлын үлдэгдэл 16.826.000 төгрөгийг, сэтгэл санааны хор уршигт 3.293.400 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Түүний хувийн байдлыг тогтоосон баримтаар 20 настай, оюутан, ам бүл 3, өвөө болон байнгын асаргаатай эмээгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 42б байрны 602 тоотод амьдардаг зэрэг хувийн байдал баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай тогтоолоор 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн...” гэсэн баримт /II хх-ийн 79-р тал/,

2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоол /II хх-ийн 177-179-р тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2141 дугаартай албан тоотод “... ******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн хяналтад 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1 сар 11 хоногийн ялыг биеэр эдэлж, ялын үлдэгдэл хугацаа 6 сар 22 хоног байна...” гэсэн /II хх-ийн 176-р тал/ албан бичиг зэргээр өнөөдрийн байдлаар ******* нь найман /8/ сар гурав /3/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас зургаан /6/ сар хорин хоёр /22/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлээгүй үлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж,

мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт ”...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж тус тус заажээ.

              Иймд улсын яллагч, оролцогч нарын шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналуудыг хянаад, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жил хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор найман /8/ сар гурав /3/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас, эдлээгүй үлдсэн зургаан /6/ сар хорин хоёр /22/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нэг /1/ жил найман /8/ сар хорин хоёр /22/ хоногийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

              Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг /1/ хорих ялын нэг /1/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д нэг /1/ жил хоёр /2/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д энэ тогтоолоор оногдуулсан нэг /1/ жил хоёр /2/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор найман /8/ сар гурав /3/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зургаан /6/ сар хорин хоёр /22/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нэг /1/ жил найман /8/ сар хорин хоёр /22/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
  4. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дүгээр зүйлийн 510.1  дэх хэсэг 511 дүгээр зүйлийн 511.3  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 11.000.000 төгрөг, хохирогч Э. 9.085.000 төгрөг, хохирогч Х.Номинзаяад 1.136.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******гоос хохирлын үлдэгдэл 16.826.000 төгрөг, сэтгэцийн хор уршигт 3.293.400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ