| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2021/00373/И |
| Дугаар | 143/ШШ2022/00048 |
| Огноо | 2022-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 143/ШШ2022/00048
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: О.Б
350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, /цахимаар/, хариуцагч О.*******, нарийн бичгийн дарга Э.Баярмагнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь О.*******т холбогдуулан 350 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.******* миний бие О.*******тэй тоот орон сууцыг хөлслүүлэх гэрээ байгуулж өөрийн орон сууцыг хөлслүүлсэн. Ингэхдээ 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хариуцагч О.******* нь хөргөгч тавьж өг гэсний дагуу өөрийнхөө гэрт хэрэглэж байсан хөргөгчийг цэвэрлээд тавьсан боловч байр түрээслэн амьдарч байх хугацаандаа байранд байсан эд хөрөнгө болох FRESTECH маркийн хөргөгчийг эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Хариуцагч нь зуучлалын компанид ч хандаагүй хүлээлгэж өгөөгүй хаяад явсан байсан. Би 2020 оны 12 сарын 28-нд байрны түлхүүрээ хүлээж авсан. Тухайн үед О.*******т хэлэхэд төлж өгнө санаа зоволтгүй гэсэн боловч одоог хүртэл төлж өгөлгүй алга болон өдийг хүрч байна. Иймд О.*******ээс хөргөгчийн үнэ болох 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******: Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 10 сарын 08-ны өдөр иргэн О.*******тэй байраа хөлслүүлэх гэрээ хийсэн байна. Энэ Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслүүлэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Гэрээг жилийн хугацаатай байгуулсан хэдий ч 4 сарын дараа гарсан, сулласан байсныг мэдсэн гэж нэхэмжлэгч хэлдэг. Эд хөрөнгөө тухайн гэрээнд хавсаргасан жагсаалтаар бичиж шилжүүлсэн байдаг. Үүнд FRESTECH маркийн хөргөгчийг хөлслөгчийн мэдэлд шилжүүлсэн тухай тэмдэглэсэн байгаа. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо хэмжээ чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заалтад хамаарч байгаа. Тухайн үед О.*******ийн зүгээс ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Байр хүлээж авах үед хөргөгч эвдэрсэн байсан. Үүнийг засварчин авчраад оношлуулахад дахин хэрэглэх боломжгүй гэсэн. Хөлслүүлэгчийн зүгээс шаардах эрхийн хүрээнд шаардаж байна. Үүнд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Хөлслөгч нь тухайн үед хүлээж авсан эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй энэ нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан. Нэхэмжлэгч хохирлын 350 000 төгрөгийг нэхэмжилсэн энэ шаардлага нь үндэслэлтэй худалдаж авсан баримт зэргээр нотлогдож байгаа.
Хариуцагч хөргөгчийг эрхийн доголдолгүй байсан, жилийн дараа нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Тухайн үед ковидын нөхцөл байдалд байсны улмаас гомдол нэхэмжлэл гаргах бодит нөхцөл байдал хязгаарлагдмал байсан. Ийм учраас хөл хорио тавьсан чөлөөтэй байгаа үед энэ гомдлыг гаргах эрхээ хэрэгжүүлэх болсон. Энэ 11 сард нэхэмжлэлээ гаргасан, 7 сараас хойших хугацаанд хүмүүсийн хөл хорио тавигдсан гэж үзэж байгаа. Хариуцагч нь миний үйлдлээс болоогүй гэсэн тайлбар гаргасан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагч О.******* хариу тайлбартаа: ...Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******ын эзэмшлийн байранд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 сар 2 400 000 төгрөгөөр хөлслөн суухаар тохиролцсон боловч ар гэрт ажил явдал гарсан учир яаралтай Өмнөговь аймаг руу буцах болоод 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буцсан болно. Буцах үедээ байрны түлхүүрийг хүлээлгэж өгөх гээд залгасан боловч утсаа аваагүй. Б.******* нь хаалга тайлаагүй учир дэлгүүрийн хүнд түлхүүрээ өгөөд явсан. Маргааш нь түлхүүр үлдээсэн гэдгийг утсаар ярьж хэлж мэдэгдсэн. Надад хөрөгчийн талаар урьд нь огт ярьж байгаагүй.
Уг байранд байх хугацаанд бараг тавилгагүй шахуу байснаас дээр үеийн сараалжин төмөр тавиуртай жижиг хөргөгч байсан. Уг хөргөгч нь эвгүй үнэртэй байсан учир хөлсөлж байх хугацаанд ашиглаж байгаагүй. Анх хүлээж авахад ******* нь хөргөгчийн хаалгаа онгорхой байдалтай байлгахаар нь асуухад бага зэрэг үнэр байгаа үнэрийг нь гаргаж байгаа гэж байсан. Байр хөлсөж байх хугацаандаа уг хөргөгчийг тогноос салгаагүй, оролдоогүй, эвдлээгүй, анх ямар байсан яг тэр хэвээр үлдээсэн. Мөн Б.*******ын нэхэмжлэлдээ дурдсан шиг тухайн үед над руу хөргөгчийн талаар ярьж хэлж мөнгө нэхэмжилж төлүүлнэ гэж байгаагүй мөн би төлж өгнө гэсэн яриа хэзээ ч болж байгаагүй болно. Гэнэт 1 жилийн дараа нэхэмжлэл аваад гайхаж цочирдов. Уг баримт нотолгоо нь хуурамч, хэзээ авсан нь мэдэгдэхгүй зураг сэлтээр нотолгоо хийж шууд гүтгэж байгааг үнэхээр их гайхаж байна.
Б.******* нь өөрөө байр хөлслүүлж амьдардаг гэж байсан, хөргөгчийг нь эвдэлсэн хүнээ (хөлслөгчөө) андуурч эндүүрсэн байх. Хэрвээ андуураагүй гэвэл, намайг гүтгэж байгаад нь гомдолтой байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 085F2020 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, 2011 оны 04 сарын 26-ны өдрийн хөргөгч худалдан авсан кассын орлогын баримт, баталгаат засварын хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хөргөгчийн гэрэл зураг; хариуцагчаас хариу тайлбар, хөргөгчийн гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч О.*******тэй тоот орон сууцыг хөлслөх, хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж өөрийн орон сууцыг хөлслүүлсэн. Хариуцагч О.******* байр түрээслэн амьдарч байх хугацаандаа байранд байсан эд хөрөнгө болох FRESTECH маркийн хөргөгчийг эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Хариуцагч нь зуучлалын компанид ч хандаагүй хүлээлгэж өгөөгүй хаяад явсан байсан. Би 2020 оны 12 сарын 28-нд байрны түлхүүрээ хүлээж авсан. Тухайн үед Ковидын нөхцөл байдалд байсны улмаас нэхэмжлэл гаргах бодит нөхцөл байдал хязгаарлагдмал байсан учраас 2021 оны 11 сард нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.*******ын эзэмшлийн байранд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 сар 2 400 000 төгрөгөөр хөлсөлж суусан. Жилийн гэрээ байгуулж, 2 сар сууна гэж анхнаасаа ярьсан, хоёр сараа хүргэж амжаагүй. 11 дүгээр сарын 24-ний өдөр буцах үедээ байрны түлхүүрийг хүлээлгэж өгөх гээд залгасан боловч утсаа аваагүй. Зуучилсан хүн рүү залгахад утсаа аваагүй. Маргааш нь түлхүүр үлдээсэн гэдгийг утсаар ярьж хэлж мэдэгдсэн. Зуучлалын компанийн хүнд хэлэхэд би одоо хэлье гэсэн эргээд ярихад ямар ч хөргөгчийн талаар надтай урьд нь ярьж байгаагүй. Би тухайн үед төлж өгнө гэсэн юм огт ярьж байгаагүй. Би эвдсэн бол төлж өгөх байсан. Хариуцагч нь 1 жилийн дараа гэнэт хөргөгчийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 085F2020 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ зэрэг нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 085F2020 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Талууд 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан байх боловч, 2 сарын хугацаатай хөлсөлж суухаар тохиролцсон, улмаар хөлслөгч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байрыг хүлээлгэж өгөлгүй гарсан, уг байранд амьдрахгүй болсон, хөлслүүлэгч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний зүйлийг хүлээж авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь орон сууцыг хөлслөн амьдарч байх хугацаанд эд хөрөнгө буюу хөргөгчийг эвдсэн эсэх, хохирлыг хэн хариуцах талаар байна. Хариуцагч нь уг орон сууцанд 2020 оны 10 сарын 08-ны өдрөөс мөн оны 11 сарын 24-ний өдрийн хооронд амьдарсан хугацааны төлбөрийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар зохицуулсан байх ба Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5, 288.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, харин хөлслүүлэгч нь дээрх үүргээ хөлслөгч биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.
Мөн орон сууц хөлслөх гэрээний 2.3, 3.7-д тусгагдсан хөлслөгч гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх, хөлслөгч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хөлслүүлэгч шаардах эрхтэй тухай тохиролцоо нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцжээ.
Хариуцагч О.******* нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.
Гэвч нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 12 сарын 28-нд байрны түлхүүрээ хүлээж авсан, улмаар хөргөгч эвдэрснийг мэдсэн гэх атлаа тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирол нэхэмжилсэн байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх зургаан сарын хугацаа дууссан байна.
Энэ талаар хариуцагч нь 1 жилийн дараа гэнэт хөргөгчийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухайн үед Ковидын нөхцөл байдалд байсны улмаас нэхэмжлэл гаргах бодит нөхцөл байдал хязгаарлагдмал байсан гэж мэтгэлцдэг ба шүүх Монгол шуудангаар дамжуулан нэхэмжлэлийг хүлээн авч байснаас гадна нэхэмжлэгч тал дээрх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******т холбогдох 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН