Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

2024        09          10                                        2024/ШЦТ/115

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000000132 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                          Б.Батцэцэг

Шүүгдэгч                                                                     ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, СӨБ-ын багш мэргэжилтэй, ******* дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 37 тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн ******* ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн ******* БРА улсын дугаартай цагаан өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үедээ гээгдүүлсэн хохирогч С.******* LG doul sсгееп v50 загварын гар утсыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

           Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны 16 цагийн  үед ******* дүүргийн 1 дүгээр хороо “Хэрлэн” худалдааны төвийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* БРА улсын дугаартай цагаан өнгийн “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явах гээд зогсож байхад миний зүс таних С. нь ирээд такси авъя, ******* дүүргийн 4 дүгээр хороо орногээд зогсож байсан. Тэгээд миний машины арын суудал дээр суугаад “Хэрлэн” худалдааны төвөөс төв замаараа “Соронз” хүнсний дэлгүүрийн уулзвараар 4 дүгээр хороо ороод 2000 төгрөг өгөөд буусан. Тэгээд би буцаад 4 дүгээр хорооны уулзварт ирэхэд нэг хүүхэн залуу хоёр гэрлэн дохионы хажуу талаас такси бариад Эрүүл мэндийн төв хүртэл яваад эмнэлгийн “хүлээн авах-2” тасгийн хойд талын авто зогсоол дээр ирээд буухад нь голын толинд харсан чинь эрэгтэй нь гартаа давхар утас бариад буух гэж байсан. Тэгэхээр нь би нөгөө залуугаас та юун утас барьсан байна бэ гэхэд таны арын суудал дээр утас орхисон байна гэж хэлээд надад өгсөн. Тэгээд би тухайн утсыг өөрөө аваад тэндээс хөдлөөд Хэрлэн худалдааны төв рүү явсан. Тэнд зогсож байхдаа ард талын тээшийг онгойлгоод дотор нь байсан ягаан өнгийн цамц, хар өнгийн өмд байсан уут руу хийгээд амыг нь уяад цааш нь тавьсан. Дараа нь зогсоол дээр зогсож байхад 1 эрэгтэй хүн суугаад Төмөр зам, Талын толгой хэсэг рүү явсан. Очсон газрыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн эрэгтэй хүнийг буулгаад Хэрлэн худалдааны төвийн зогсоол дээр ирээд зогсож байхад С. цагдаагийн машинтай ирээд “чи миний утсыг авсан, цагдаагаар шалгуулна” гэж хэлсэн. Тэгээд С. өөрөө миний машины ур талын эд зүйл хадгалах савыг үзсэн. Би уурлаад цагдаа дээр очиж үзүүлнэ гээд цагдаагийн газарт хэлсэн, тухайн үед С. бид хоёр хоорондоо үл ойлголцол болсон. Тэгээд С.д утас чинь байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 03-ны 15:00 цагийн үед Хэрлэнгийн зогсоол дээрээс ******* БРА улсын дугаартай цагаан өнгийн “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй зүс таних ******* гэх хүний жолоочийн ар талын суудал дээр суугаад ******* дүүргийн 4 дүгээр хорооны зүүн талын зогсоол дээр буусан. Тэгээд таксины төлбөрт 1500 төгрөг өгөхөд надад 500 төгрөг дутуу байна гэхээр нь ажил руугаа ороод 500 төгрөг аваад нэмж өгсөн. Тэгээд ажилдаа ороод удаагүй утсаар ярих гэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд би ажлаас гарч ирээд танихгүй хүүхдэд утасны дугаараа хэлээд залгаад байгаарай гэж хэлээд утас руугаа залгуулсан. Тэгээд нөгөө хүүхэд дуудаж байна гээд хэлж байсан. Би такси бариад таксины жолоочийн утсаар залгасан. Тэгээд би Ирвэсийн зогсоол дээр ирээд тэнд байсан таксины жолооч нараас ******* БРА дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг мэдэх үү гэхэд надад “Хэрлэн худалдааны төв дээр ихэвчлэн зогсдог гэж хэлсэн. Тэгээд би “Хэрлэн худалдааны төв ортол нийт 5 хүний утсаар өөрийнхөө утас руу 10 удаа залгасан. Залгах болгонд миний утас дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

         Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 319 дугаартай дүгнэлтэд  “...LG doul sсгееп V50 маркийн гар утас 1.560.000 төгрөг...” гэжээ /хх-н 35-р хуудас/,

           *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 48-р тал/,

  *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, /хх-н 40-47-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болно.

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

  Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...Өнөөдөр ингээд зогсож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Ийм зүйлд холбогдоно гэж бодож явсангүй. Ямар ч хэрэг хийгээгүй байж, хувийн таарамжгүй харьцаанаас болоод намайг ийм байдалд орчихлоо гэж бодож байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоож байна.      Хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутын үед ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн ******* БРА улсын дугаартай цагаан өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үедээ гээгдүүлсэн хохирогч С.******* LG doul sсгееп v50 загварын гар утсыг хохирогчид өгөлгүй автомашины тээшний хэсэгт байх тортой хувцсанд боож хийн хохирогчийн өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар авч завшиж, 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

******* нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй санаатай хандсан болох нь олсон гар утсыг бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, завшсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хууль зүйн болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар зохих мэдлэггүй, иргэний үүргээ ухамсарлаагүй, үнэгүй эд хөрөнгөтэй болох санаатай, хувь хүний хэнэггүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж, эзэмшигчийг мэдэж байсан боловч өгөөгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн.

Гээгдэл эд зүйлс болох гар утас нь нийт 1.560,000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 1.560.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С. нь “...Миний хувьд гар утсаа хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

       Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нэг /1/ сар арав /10/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ял эдлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг учраас Улаанбаатар руу байнга сургалтад явдаг. Ийм учраас уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тэр утсыг авах ямар нэгэн ашиг сонирхол надад байгаагүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дээд боловсролтой, ам бүл 3, цэцэрлэгт багш ажилтай, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно...” гэж заажээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн

1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ