Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2022/00021/И |
Дугаар | 152/ШШ2022/00076 |
Огноо | 2022-02-09 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2022/00076
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И овогт Н-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Б/-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехник, селесариар 7 дахь жилдээ аиллаж байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргасан боловч ажиллуулахгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд авсан. Энэ тушаалаа надад мэдэгдэж, өгөхгүйгээр үл барам 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалыг надад огт өгөхгүй байсныг 2021 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөний дараа дам хүнээр нэхүүлж авсан. Би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр сургуулийн нарийн бичигтэй утсаар холбогдоход Захирал амралтаа аваад явсан. Таныг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан байгаа, харин гарын үсгээ зураагүй гэж хэлсэн. Надад цалин орсныг би 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр сумын төв орж ирэхдээ мэдсэн. Би 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад амьдралын шаардлагаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд миний 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны сарын цалин болох 3.360.000 төгрөг, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сургуулийн сантехникийн селесариар ажиллаж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлын байран дээр удаа дараа архидан согтуурсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны 214 тоот шийдвэр гарсны дагуу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажилд нь эгүүлэн авсан. 6, 7 дугаар сард амралтын мөнгийг нь бодож олгосон. Нэхэмжлэгч Т нь гэрээт ажилчин бөгөөд түүний 6, 7, 8, 9 дүгээр саруудын цалинг нь олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлсөн. Ажилд томилсон тушаал гарсныг мэдэж байсан, өөрөө авалгүй хөдөө нүүгээд явчихсан юм. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу халаалтын хугацаа дуусах өдөр хүртэл уг гэрээг байгуулсан. Ийм учраас 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Уг мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т нь ажилгүй байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж 02 дугаар сард 163,438 төгрөг, 03 дугаар сард 326,876 төгрөг, 04 дүгээр сард 326,876 төгрөг, 05 дугаар сард 312,018 төгрөг буюу нийт 1,129,208 төгрөг авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийг нийтэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Гэтэл Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 214 тоот шийдвэрээр Т-г Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоожээ. Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар түүнийг тус сургуулийн сантехник слесарийн үүрэгт ажилд томилжээ.
Харин Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Т-г 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өөрийнх нь хүсэлтийн дагуу сантехник, слесарийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, тушаалуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйли йн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР