Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 152/ШШ2022/00096

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Г овогт Ю-ийн С-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Х ТӨХК /гүйцэтгэх захирал А/-д холбогдох,

     15,460,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

      Нэхэмжлэгч С-д шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Ю овогтой С би шүүх хуралд оролцож амжихгүй байгаа тул өмгөөлөгч оролцоно. Биеэр оролцох боломжгүй хүсэлтийг минь хүлээн авч намайг эзгүйд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, мөн хариуцагч А-д шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ирцийн асуудлаар гаргах саналгүй, хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЮ-ийн С миний бие 2016 оны 08 дугаар сард /одоогийн нэр/ Увс аймгийн Х ТӨХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар Шийтгэх тогтоол-ын 9 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримталсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25,460,700 төгрөгөөс С-с 15,460,700 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Шийтгэх тогтоол"-ын 9 дэх заалтад надаас 15,460,700 төгрөгийг хурааж орлого болгохоор заасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 635 дугаар Тогтоол-ын 3 дахь заалтаар дээрх анхан шатны шүүхийн 97 дугаар Шийтгэх тогтоолын ... тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ... улсын орлого болгосугай гэснийг... Х ТӨХК-д олгосугай гэж өөрчилсөн. Миний бие анхан шатны шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дээрх төлбөрийг Х ТӨХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь х тоот дансанд 3 хувааж буюу 2,400,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 60,700 төгрөг, нийт 15,460,700 төгрөгийг шилжүүлж баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл миний бие хорих ангиас суллагдах үед Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолд заасан төлбөр төлөхийг шаардсаны дагуу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15,460,700 төгрөгийг бүрэн төлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 37.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х ТӨХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь х тоот дансанд шилжүүлсэн 15,460,700 төгрөгийг Х ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Төрийн өмчит компани нь шүүхийн шийдвэргүйгээр мөнгө гаргах боломж байхгүй, шүүх шийдвэрээ гаргасан тохиолдолд манай зүгээс татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбар гаргасан байсан. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнөх өдөр Х ТӨХК-ийн дансанд 15,460,700 төгрөг хийсэн мөнгө байгаа юм. С ялаа эдэлж дуусаад гарах үед нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар давхардуулж авсан асуудал гараад энэ тухай хариуцагч хариу тайлбартаа мөн дурдсан байсан. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 15,460,700 төгрөгийг буцаан гаргуулах боломжтой болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. С-д холбогдох эрүүгийн хурал нь 2 үе шаттай болсон ба гэм буруугийн шүүх хурал болоод 5 хоногийн завсарлага авсан. Дараагийн хуралдаанд орохдоо бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан байхын тулд дээрх мөнгийг Х ТӨХК-ийн дансанд хийсэн. Хохирлоо барагдуулсан байх нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болдог учраас урьдчилж хийсэн. Нэг удаагийн хохирлыг давхардуулан авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд давхардуулан төлсөн төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлтэй болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Х ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ю овогтой С-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. С нь 2016 онд Увс аймгийн Х ТӨХК-д гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаар тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд олсон орлого болох төгрөгөөс С нь 15,460,700 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоос шийдвэрлэсэн. Шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө 15,460,700 төгрөгийг манай компаний Хаан банк дахь х тоот дансанд 3 хувааж төлж баримтыг шүүхэд өгсөн гэж байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад дээрх мөнгийг ямар үндэслэл зорилгоор манай компаний дансанд хийсэн нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх эцсийн шийдвэр гаргадаг ба 25,460,700 төгрөгийг улсын орлого болгосугай гэснийг Х ТӨХК-д олгосугай гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 15,460,700 төгрөгийг С-с гаргуулж манай компанид олгосон. Иймд С-ын нэхэмжилсэн 15,460,700 төгрөгийг олгох эх үүсвэр байхгүй тул буцаан олгох боломжгүй байна. Шүүхээс гарах шийдвэрийг үндэслэн хамтран ажиллахад бэлэн байнаа гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч С нь хариуцагч Х ТӨХК-нд холбогдуулан үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн 15,460,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Нэхэмжлэгч С нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25,460,700 төгрөгөөс шүүгдэгч С-ын хувьд ногдох хөрөнгөөс 15,460,700 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор заасан ба энэ заалтад Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 635 тоот тогтоолын 3 дахь заалтаар Мөн тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ...улсын орлого болгосугай гэснийг ...Х төрийн өмчит хувьцаат компанид олгосугай гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтын хэвээр үлдээж, шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 тоот шийтгэх тогтоолоор Вейбен трак загварын хххх УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлд хэвээр үлдээж, хохирлын зөрүү болох 25,460,700 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч С-с 15,460,700 төгрөгийг...тус тус гаргуулж Х төрийн өмчит хувьцаат компанид олгохоор шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч С... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн дүгнэжээ.

     Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар заасан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж, 3-д Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан тул 15,460,700 төгрөгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 635 тоот тогтоолын 3 дахь заалтаар Мөн тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ...улсын орлого болгосугай гэснийг ...Х , төрийн өмчит хувьцаат компанид олгосугай гэж өөрчлөн шийдвэрлэжээ.

     Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч С-ын ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 37.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х ТӨХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь х тоот дансанд шилжүүлсэн 15,460,700 төгрөгийг Х ТӨХК-иас гаргуулах-аар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.

     Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Х ТӨХК-нд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,460,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Х ТӨХК-нд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,460,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    П.БОЛОР