| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
2024 09 10 2024/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000840137 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, яс үндэс казах, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ногооны дэлгүүрт туслах ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт түр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 28 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух хаягтай, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 25 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 10 хоногийн ялаар шийтгүүлж, уг ялын тогтоолыг биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овгийн ******* ******* *******
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 45 минутын орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 16 дугаар гудамжны 05 тоотод хохирогч Б.******* нүүр хэсэг, зүүн нүд, баруун гарын шуу хэсэгт тодорхой шалтгаангүйгээр олон удаагийн үйлчлэлээр өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цаг өнгөрч байхад манай эхнэр Баттогтох ажлаасаа ирээд “манай ажлынхан нэгнийдээ очиж жаахан сууя гэнэ” гэхээр нь би эхэндээ дургүйцэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд 20:00 цагийн үед ажлынх нь газрын хүний гэрт очсон. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад сүүлдээ пиво уугаад байгаад нэлээд халцгаасан. Манай эхнэр намайг жаахан үгээр идээд “муу санаалаад” гэх зэргээр хэлж байгаад гайгүй болсон. Тэгээд 04:00 цагийн үед би эхнэр Баттогтоход “гэртээ харья” гэж хэлсэн чинь Баттогтох “явахгүй би явмааргүй байна” гээд байхаар нь би хувцсаа өмсөөд сууж байсан. Тэгсэн чинь ******* ажлын газрынх нь Саруул гэх залуу “эндээ сууж байгаад хоноод яв” гэхээр нь би тоогоогүй сууж байсан. Тэгээд удаагүй эхнэрийнхээ куртикийг өмсүүлэх гэтэл намайг түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхсэн чинь газар унаад намайг хөлөөрөө жийгээд байхаар нь би зөрүүлээд жийсэн чинь зүүн нүдний хажуу тал руу нь өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн оройн 20 цагийн үед манай ажлын газрын хүмүүс гэрээс ирээд нөхөр бид 2-ыг аваад бид нар манай ажлын газрын хүний гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 16 дугаар гудамжны 05 тоотод ажлынхантайгаа хамт 2 ширхэг 2,5 литрийн пиво дөрвүүлээ хувааж уугаад дуу тавиад бид нар бүжиглэж байхад манай нөхөр ******* нь “явъя” гээд байхаар нь би “түр байж байгаарай, жаахан хамт байж байгаад явъя” гэсэн чинь намайг янхан гичийгээр нь дуудаад үсдэж газар унагаагаад нүүр лүү маань өшиглөж дэвсээд миний баруун гар хэсэг рүү дэвсээд манай ажлын газрын хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-14-р тал),
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 3 дугаар сарын 14-ний орой 20:00 цагийн үед Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна хамт ажилладаг Баттогтох, түүний нөхөр ******* нартай уулзсан. Тэгээд бид 3 ганц нэг пиво ууя гээд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 16 дугаар гудамжны 05 тоотод байрлах манай гэр рүү явсан юм. Бид 3 замаараа 2.5 литрийн савлагаатай пиво дөрвийг аваад манай гэрт хувааж уугаад байж байхад манай ажлын газрын Оюунсаруул утсаар яриад 21:00 цаг өнгөрч байхад манайд ирсэн юм. Тэгээд бид 4 пиво уугаад орой 23:00 цагийн үед дахиад нэмж 2.5 литрийн савлагаатай пиво хоёрыг авсан. Үргэлжлүүлж ууж байгаад шөнийн 04:00 цагийн үед ******* нь эхнэрээ “гичий банзал, янхан, нохой” гэх мэтээр дуудаад агсраад эхэлсэн. ******* гараараа Б.******* нүүр рүү 1 удаа алгадаж, толгой хэсэг рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж, үснээс нь чирээд байшингийн амбаар руу гарсан. Тэгээд чирч гарсныхаа дараа баруун хөлөөрөө ******* нүд рүү нь 2-3 удаа өшиглөсөн, дараа нь амбаарт байсан тоосго аваад цохих гэж байхад би ******* хамтаар салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 3 дугаар сарын 14-ний орой ажлын газрын Намсрай “манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 16 дугаар гудамжны 05 тоот Намсрайгийн гэрт очсон. Тэгээд Б.Баттогтох, *******, Б.Намсрай бид 4 хамт 2.5 литрийн пиво 5-6 савыг уугаад сууж байтал ******* ямар ч шалтгаангүй эхнэр Б.******* толгой руу гараараа цохиод үснээс нь зулгааж татаад байшингийн амбаар руу гарсан. Б.Намсрай бид хоёр араас нь гарахад ******* Б.******* нүүр зүүн нүд хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. ******* амбаараас гарч гүйгээд буцаж орж ирэхдээ тоосго авч орж ирэхээр нь Б.Намсрай бид хоёр болиулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Шаарийбуугийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаар шинжээчийн “..Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, хамар, уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, битүү хавдсан. Баруун гарын бугалгын гадна дээд хэсэгт 8х5 см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаан учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “...аюулын зэргийн үнэлгээ 1 буюу бага...” гэсэн үнэлгээ /хх-ийн 35-36-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.******* “...Иргэн Б.Баттогтох (РД:УЮ84082801)-нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Багануур ЭМТ-ийн яаралтай тусламж 94.500 төгрөг, амбулаторийн үзлэг 89.250 төгрөг, нийт 183.750 төгрөг /нэг зуун наян гурван мянга долоон зуун тавин төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Хохирогчийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37, 40-р тал/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Нарантуяагийн ******* /РД:УЮ97123119/- нь Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 109 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн...” гэжээ /хх-ийн 62-р тал/,
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын мэдээлэл, лавлагаа /хх-ийн 47-49, 53-56-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. хохирогч Баттогтох гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын байгууллагад 183.750 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 45 минутын орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 16 дугаар гудамжны 05 тоот хашаанд байх гэрт хохирогч Б.******* нүүр хэсэг, зүүн нүд, баруун гарын шуу хэсэгт тодорхой шалтгаангүйгээр олон удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч ******* нүүр, зүүн нүд, баруун гарын шуу хэсэгт тодорхой шалтгаангүйгээр олон удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б.******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 118 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогч Б.******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур, бухимдлаа барьж чадахгүй зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогчоос шүүхэд “...надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 183.750 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”... Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна..” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг зургаан зуун тавин /650/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган /650.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хохирогч Б.Баттогтох нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 183.750 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ