Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00606

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-14-42 тоотод оршин суух, ... овогт Т.О -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-41 тоотод оршин суух, ...овгийн  ...холбогдох,

 

Хүүхдийн сургалтын төлбөр 2.475.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Б.Стэй гэр бүл болж, бидний дундаас 2012 оны 11 сарын 19-ний өдөр охин С.Б, 2014 оны 10 сарын 21-ний өдөр хүү С.Ш нар төрж эцэг эх нь болцгоосон. Одоо охин 8 настай, хүү 6 настай тус тус сургуульд сурч байна. Бидний гэр бүл таарч тохирохгүй улмаас гэрлэлтээ 2017 онд цуцлуулахаар шүүхэд хандсан байх ба одоо Улсын дээд шүүхэд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. 2017 оны намраас хойш охин, хүү 2 маань эх миний асрамжинд байгаа. Хүү хятад хэлний сургалттай Цайхун-Гэгээ хувийн сургуульд жилийн 2,450,000 төгрөгийг сургалтын төлбөр төлөн сурч байна. Охин С.Б Билэгт-Өргөө сургуулийн 3а ангид мөн жилийн 2.500.000 төгрөгийн төлбөр төлөн суралцдаг. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлд зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал буюу сургуульд орж, нэмэлт зардал гарсан тохиолдолд уг зардлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу С.Б, охин С.Ш нарын 2020-2021 онуудын хичээлийн сургалтын төлбөр нийт 4.950.000 төгрөгийн 50 хувь 2.475.000 төгрөгийг эцэг Б.Сгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Оын нэхэмжилсэн хүүхдийн сургалтын төлбөр 2.475.000 төгрөгийг өгөх боломжгүй. Би өөрөө 2.000.000 төгрөгийг цалинтай олон банкны зээлтэй, айлын карма өрөө хөлслөж амьдарч байгаа. Миний цалин өөрийн амьдралд хүрэлцэхгүй байгаа тул 2.475.000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Сд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 2.475.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Т.Оын нэхэмжлэлтэй Б.Сд холбогдох иргэний хэргийг 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад товлож шүүх хуралдааны товыг хариуцагчид 2021 оны 06 сарын 16-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг хариуцагч хүлээж авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 11 сарын 19-ний өдөр төрсөн Сэргэлэнгийн Биндэръяа нь Билэгт өргөө бүрэн дунд сургуульд, 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн С-гийн Ш.Б нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын Цайхун гэгээ дунд сургуульд суралцдаг, сургалтын төлбөрт 4950000 төгрөг төлсөн болох нь Билэгт өргөө бүрэн дунд сургууль, Орхон аймгийн Ерөнхий боловсролын Цайхун гэгээ дунд сургуулиудын тодорхойлолт, эцэг эх, сурагчтай байгуулах гэрээгээр тогтоогдож байна./хх-4-11-р тал/

 

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Т.О, Б.С нар нь гэрлэлтээ цуцлуулж, С.Б, С.Ш нар нь эхийнхээ асрамжид байдаг бөгөөд Т.О нь хүүхдүүдээ жилийн 4950000 төгрөгийн төлбөртэй дунд сургуульд сургадаг бөгөөд хүүхдийн сургалтын төлбөрийн зардлыг хариуцагчид хувааж хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Сгээс 2 хүүхдийн сургалтын төлбөрийн зардлын 50 хувь болох 2.475.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгээс улсын тэмдэгтийн хураамж 52550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сгээс 2.475.000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.От олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52550 /таван хоёр мянга таван зуун тавин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгээс 52550 /таван хоёр мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ