| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох 2423000000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн **************************** жижүүр ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн******* сумын баг хэсгийнтоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт /регистрийн дугаар: /
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/208 дугаартай шийтгэвэр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: *******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон гэрч Р “...Би тухайн өдөр цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд замын цагдаагийн оройн эргүүлээр 18:00 цагаас 02:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажилласан. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах тойргийн орчимд хяналт шалгалтаар гарч ажиллаж байхад улсын дугаартай, Toyota Kluger маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Тухайн жолоочийн жолоодож явсан улсын дугаартай, Toyota Kluger маркийн тээврийн хэрэгсэлийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-217/-д заасны дагуу түр саатуулж, жолоочийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэж шалгахад жолооч .******* нь 1,01% согтолттой гарсан...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 21-22-р хуудас/,
*******ыг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг нотолсон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 01:20 цагт ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг...Alcotest багаж ашиглан шалгахад 1,01 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн хэсгээр /хх-ийн 3-р хуудас/,
Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Энхбаярын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.” гэсэн мөрдөгчийн магадалгаагаар,
*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн******* сумын багт байрлах өөрийнхөө хашааны гадаа зогсож байгаад машин дотроо 2 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво ганцаараа уучхаад найзтайгаа уулзах санаатай төвийн 60 айлын хажууд явж байтал замын цагдаа зогсоож шалгасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/208 дугаартай шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн“ гэмт хэргийн шинж болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно “ гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эрхээ хасуулсан бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасагдсан гэдгээ мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн******* сумын багийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 240 цагийн хугацаагаад нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож эдлүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх******* даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******ад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ