| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
2024 09 11 2024/ШЦТ/188
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Бямбалхагва, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бямбалхагвад холбогдох эрүүгийн 2415000000170 дугаартай, 163/2024/0190/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Бямбалхагва, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарны 04-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ГН97021218.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Бямбалхагва нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багт оршин суух иргэн Д.Батбилэгийн гэрээс түүний эхнэр Б.Алтанцэцэгийн “Самсунг А15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсны улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бямбалхагва нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багт оршин суух иргэн Д.Батбилэгийн гэрээс түүний эхнэр Б.Алтанцэцэгийн “Самсунг А15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Б.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 84 дэх тал/, гэрч Б.Шинэтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч М.Хоролсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Д.Батбилэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.Саранзаяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/10364 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-65 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-53 дахь тал/, яллагдагч Б.Бямбалхагваын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бямбалхагва нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрсдөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Байгалмаагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Бямбалхагвын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/10364 дугаартай дүгнэлтээр Б.Бямбалхагвын авсан эд зүйл болох “Samsung А15” маркийн гар утасны үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Б.Бямбалхагвын иргэн Д.Батбилэгийн гэрээс түүний эхнэр Б.Алтанцэцэгийн “Самсунг А15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тус зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул түүнийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Бямбалхагва нь хохирогч Б.Алтанцэцэгт гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Алтанцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал
Улсын яллагч: “...Ц.Бямбалхагвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгөх, үүрэг хүлээлгэхгүйгээр албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ нь засах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт, тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна гэв.
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Бямбалхагва нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.Бямбалхагвын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагвад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Б.Бямбалхагва нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Бямбалхагва нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагвад хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагвад тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бямбалхагвад сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Бямбалхагва нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбалхагвад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ